Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2017/ШЦТ/153

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

 

нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

 

улсын яллагч Д.Ганчимэг,

 

хохирогч С.О,

 

шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн У овогт Ц.От холбогдох эрүүгийн 2017 2501 0365 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр У аймгийн У суманд төрсөн, 00 настай, эмэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, “Н” олон улсын худалдааны төв дээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0, хоёр хүүхдийн хамт Б дүүргийн 00 дугаар хороо, 0 дугаар байрны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар 0000000000, хэрэг хариуцах чадвартай, У овогт Ц.О.

 

/Холбогдсон хэргийн талаар яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/

 

Ц.О нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвд 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.Отгонбямбыг зодож хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О мэдүүлэхдээ: “Хэрэг бүртгэлтийн шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.О мэдүүлэхдээ: “Би шүүгдэгч Ц.От ямар нэгэн гомдол санал байхгүй. Надаас уучлал гуйж бид эвлэрсэн” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад хавтаст хэргээс хохирогч С.Отгонбямбын мэдүүлэг /хх-10-12/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-14/, 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн ¹1471 тоот шинжээчийн дүгнэлт /хх-19/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-34/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.О нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвд 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас С.Отгонбямбыг зодож хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

Хэрэг бүртгэлтэд хохирогч С.Отгонбямбын өгсөн: “2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 12 цагийн орчимд би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвийн лангуун дээрээ зогсож байтал хажуу лангууны хүн болох Ц.О нь хүнд бараа цамц үзүүлж зарахаар зогсож байсан. Ингээд бараа зарахаар зогсож байтал худалдан авагч нь над руу хараад “энэ надад зохихгүй байна уу” гэхээр нь “надад өнгө байгаа, ягаан, шаргал нь байна” гэж хэлэхэд Ц.О над руу уурлаж “чи одоо хүн бараа зарахаар үзүүлж байтал миний хүнийг дуудлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хариуд нь “худалдан авагч хүн надаас ч бараа авсангүй, чамаас ч бараа авсангүй хүмүүс үзэж байгаад л явчихдаг биздээ” гэтэл “чи надаас бараа авах гэж байсан хүнийг дуудлаа” гээд бид хоорондоо маргалдсан. Тэгтэл Ц.О нь “чи муу одоо хүний бараа заруулахгүй… Энэ тэр гээд олон зүйл яриад өлгүүртэй пальтогоор толгой хэсэгт нэг удаа цохиж түлхэхээр нь би зөрүүлэн гараараа нэг удаа түлхтэл гараараа яах ийхийн зуургүй халуу оргитол уруул хэсэг рүү цохичихсон. Ингээд уруулаас цус гоожиж халуу дүүгэн өвдсөн ба би хажууд зогсож байсан лангууны хүн Бэрээ гэгчээр дамжуулан цагдаа дуудуулсан” /хх-10-12/ гэх мэдүүлэг,

 

Шүүх эмнэлгийн шинжээчийн ¹1471 тоот:

 

“1. С.Отгонбямбын биед уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын доор зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 

  1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

  1. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-19/ гэх дүгнэлт,

 

-Шүүгдэгч Ц.Оийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-34/ гэх зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Оийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвд 2017 оны 1 дүгээр сарын 11-ний

 

өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас С.Отгонбямбыг зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан нь түүнийг энэ зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болж байна.

 

Энэ хэргийн хохирогч С.О нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт түүний мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг бүртгэлт болон шүүх хуралдаанд бичгээр гаргасан “Би шүүгдэгч Ц.От ямар нэгэн гомдол санал байхгүй. Надаас уучлал гуйж бид эвлэрсэн” гэсэн хүсэлт зэргээр батлагдаж байна.

 

Шүүгдэгч Ц.О нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо бүрэн төлж, гэм хорыг арилгасан бөгөөд хохирогч С.О нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн нь дээр дурьдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Уг хэрэг хэрэгсэхгүй болж байгаатай холбогдуулан шүүгдэгч Ц.Оийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй. .

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч У овогт Ц.Оийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

  1. Ц.От прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Ц.Оийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

  1. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

  1. Шүүгдэгч Ц.От урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн
 

давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.От урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 

ШҮҮГЧ                       Э.ЧИНГИС