| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2019/0072/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/74 |
| Огноо | 2019-07-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2019/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга ******* овогт *******ын Эрдэнэжаргал Улсын яллагч ******* овогт *******ын ******* Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.*******д холбогдох 1923000000069 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн ******* сумд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ХХК-д нягтлан бодогч ажилтай. Ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг Нүхтийн тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ийн ******* Регистрийн дугаар: // Шүүгдэгч О.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
О.******* нь 2019 оны 06 дугаар 30-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн хэсэг хаус хорооллын тоотод найз залуу Б.тэй хэрүүл маргаан үүсгэж, түүнийг хутгалсан хэргийн үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогч Б.ийн “...Би О.ын хамт гал тогооны өрөөнд унтаж амрах гээд ороо засацгааж амрахаар хэвтсэн. Тэгтэл ******* намайг хэл амаар доромжилсон. Тэгээд би нэг их юм бодоогүй буруу хараад хэвтэж байтал найз охин намайг наашаа хардаа гэж хэлэхээр нь би түүн рүү хартал салаавч гаргасан...би салаавч гаргасан хурууг нь хазчихсан. Тэгээд тэр даруйд нэг их юм болоогүй би найз охиноо тэврээд хэвтэж байтал миний баруун суганы орчим махнаас хазаад авсан. Би нилээд эсэргүүцэл үзүүлж байж хазалтыг нь тавиулсан....гадагш гарч тамхи татчихаад буцаж орж ирээд найз охиндоо унтаж амаръя гэж хэлээд тэврэх гээд түүн рүү ойртон очих үед гэнэт намайг хэвлий хэсэг рүү хутгалчихсан юм...” гэсэн мэдүүлэг Гэрч Ч.ийн “...Тэгээд удалгүй гар утас дуугарч Б. “та хүрирээч” гэхээр нь очоод хартал О.******* манай дүүг хутгалчихаад гараад явчихсан байсан...гадаа гараад О.ын гартаа барьсан хутгыг нь булааж авчихаад эхнэрээ дуудсан юм...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч О.ын хэргээ хүлээн мэдүүлсэн “... намайг маргааш Улаанбаатар хот руу явуулахгүй гэсэн асуудлаас болж хэрүүл маргаан үүсч ийн хутганы шүүгээнээс авч ирсэн бор иштэй бариулнаасаа урагш 7-8 см урттай хутгыг нь булааж аваад хэрэлдэж муудалцаж байхдаа хэвлий тус газар нь дүрчихсэн юм....” гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч О.ын үйлдлийн улмаас хохирогч Б.ийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 00000128 дугаартай “Б.ийн биед хэвлийн хэсэгт шарх, зүүн суганы урд хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хэвлийн хэсгийн шарх нь хурц иртэй зүйлийн, зүүн суганы урд хэсгийн зулгаралт нь хатуу мохоо буюу хазагдах үед үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд О.ын үйлдэл, хэргийн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч О.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй, хохирогч шүүгдэгч О.*******ас хохирол, төлбөр нэхэмжлээгүй болно. Шүүгдэгч О.******* нь иргэн Б.ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан “хүний халдашгүй дархан байх эрх”, “хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг зөрчиж түүнийг хутгалсан үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч О.ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч О.ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзахгүйгээр улсын яллагчийн саналын хүрээнд түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8-д заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ийн ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.*******д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/ дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5.Шүүгдэгч О.*******д 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6.Шүүгдэгч О.ын хувьд ногдох хөрөнгөнөөс эд зүйл битүүмжлээгүй болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 24 см урттай, ажлын хэсэг нь 14бариул хэсэг нь 10см урттай төмөр хийц бүхий бор иштэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8.Шүүгдэгч О.******* нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, зүйлгүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА