Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1565

 

2018.11.19

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Г.Ш даргалж,

нарийн бичгийн дарга Д.Отгонмаа, 

улсын яллагч Б.Алтанцэцэг,

шүүгдэгч Г.Ш /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Ганболдын Г.Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806056151785 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Боржигон овогт Ганболдын Г.Ш, 1994 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, ааю, ээж, 2 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтай 23 дугаар гудамжны 83 тоотод оршин суух иргэний үнэмлэхний хаягтай, одоо Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Голден ресидэнс хотхоны 76 тоотод түр оршин суух, урьд нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 516 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, торгох ялын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр биелүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Ганболдын Г.Ш, /РД:********************/.

 

Шүүгдэгч Г.Ш нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Номин” худалдааны төвийн орчим иргэн М.Гын самсунг жи-7 маркийн гар утсыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Отгонжаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр ах болон найзуудын хамт уулзсан. Гадуур салхинд гарах  төлөвлөгөөтэй байсан. Бид хоол идчихээр бөөндөө ариун цэврийн өрөө рүү орохоор болсон. Хамгийн сүүлд нь Түвшинбаяр бид хоёр явсан. Түвшинбаяр бид хоёр тамхи татчихаад цааш явахад зам гарах гэж байсан хохирогч эмэгтэйн баруун талын дээд халааснаас утас харагдсан. Замын гарц дээр очиж утсыг нь аваад Түвшинбаярт өгчхөөд хохирогчийг хаашаа явж байгааг нь харсан. Хохирогчийг цаашаа явахаар нь машин дээрээ ирсэн. Гэтэл машин дээр ирээд баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв. 

Хохирогч М.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Номин” худалдааны төвөөс гараад явж байгаад гарцаар зам гараад Арена төвийн зүүн талаас такси бариад явсан. Тэгтэл халаасанд байсан гар утас алга болсон байна” /хх-н 11/

Гэрч Л.Түвшинбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Шинээ надад самсунг жи-7 маркийн гар утас халааснаасаа гаргаж өгөөд энэ утсыг аваад машинд сууж бай гэсэн” /хх-н 12/ гэх мэдүүлэг,

Яллагдагч Г.Шын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би автобусны буудал дээр нэг эмэгтэйн халаасанд гар утас нь харагдаад байхаар нь Баярмагнай, Даваадаш 2-ыг түрүүлээд явж бай араас чинь очьё гэж хэлээд явуулсан ба охин зам гарах гээд гарц руу гарч байх үед нь  хойноос нь дагаж очоод баруун талын дээд халааснаас нь гар утсыг суйлж аваад буцаад эргээд явсан ба хохирогч мэдээгүй юм шиг байхаар нь буцаад эргэж хараад явахад Түвшинбаяр өөдөөс гараад ирсэн. Тэгээд Түвшинбаярт хулгайлж авсан гэр утсаа өгөөд энийг аваад цаашаа очоод байж бай гэж хэлээд явуулсан...” гэх мэдүүлэг. /хх35-36/, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Ш нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Номин” худалдааны төвийн орчим иргэн М.Гын самсунг жи-7 маркийн гар утсыг хулгайлсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Шыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан үзэж шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овгийн Г.Шыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Г.Шыг 350 /гурван зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар  Г.Ш нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар  нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрөвөөс дээшгүй цагаар тогтоохыг дурьдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Шт хувийн баталгаанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.Г.Ш