Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2521

 

 

 

 

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2017/02521

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

     Нэхэмжлэгч: Ф    ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

     Хариуцагч: Н  //-д холбогдох,

 

     2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Орон сууц захиалагчтай хийх FI/15D-T гэрээ", түүний хавсралт Гараж захиалагчтай хийх гэрээ болон 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн F1/15F-T Нэмэлт гэрээнүүдийг тус тус цуцлаж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учруулсан хохирол болох гэрээний 2.6-д заасан орон сууц ашигласны төлбөр 117,868,544 төгрөг, мөн гэрээний 5.2-т заасан торгууль 41,015,780 төгрөг, гараж ашигласны төлбөр 9,390,000 төгрөг, гэрээ цуцалсны торгууль 3,000,000 төгрөг, нийт 171,274,324 төгрөгийг гаргуулах, хариуцагчийн ашиглаж байгаа Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 73 дугаар байр, 15 давхарын 95 тоот хаягт байрлах 157,09 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон тус байрны зоорийн давхарт байрлах 16 тоот авто зогсоолыг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ф ХХК  -тай байгуулсан Орон сууц захиалагчтай хийх гэрээний төлбөрт төлсөн 80,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гансүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Хариуцагч О.Н   нь урьдчилгаа 50,000,000 төгрөгийг төлж, тус компанитай 2014 оны 11 сарын 05-ны өдөр "Орон сууцны захиалагчтай хийх №FI/15D гэрээ", түүний хавсралт "Гараж захиалагчтай хийх гэрээ”-г байгуулан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол Токиогийн гудамж 73 байр, 15 давхарын 95 тоот хаягт байрлах 157,09 м.кв дөрвөн өрөө орон сууцыг, мөн дээрхи байрны зоорийн давхарт байрлах 30,000,000 төгрөгийн үнэ бүхий 16 тоот авто зогсоолын хамт үлдэгдэл төлбөр болох 360,157,800 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сард багтаан графикийн дагуу төлөхөөр тус тус тохиролцон зээлээр худалдан авч, уг орон сууц, авто зогсоолыг ашиглан амьдарч байгаа бөгөөд 2015 оны 05 сарын 29-ний өдөр 30,000,000 төгрөгийг төлснөөс өөр төлбөрийг хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Гэтэл хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь огт биелүүлээгүй ба төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр шаардсан боловч эс биелүүлж ирсэн. Мөн 2016 оны 01 сарын 29-ний өдрөөс 2016 оны 09 сарын 21-ний өдрийн дотор төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан протокол үйлдэн Нэмэлт гэрээг байгуулан боломжит хугацаа олгосон боловч үлдэгдэл төлбөрөө төлөлгүй өнөөдрийг хүрч биднийг хохироож байна. Иймд талуудын хооронд байгуулсан "Орон сууцны захиалагчтай хийх №FI/15D гэрээ", түүний хавсралт "Гараж захиалагчтай хийх гэрээ”-г болон Нэмэлт гэрээг тус тус цуцлаж, гэрээний 2.6-д зааснаар орон сууц ашигласны төлбөр болох 117,868,544 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс мөн гэрээний 5.2-т заасан торгууль 41,015,780 төгрөг, гараж ашигласны төлбөр 9,390,000 төгрөг ба гэрээ цуцалсны торгууль 3,000,000 төгрөг, нийт 171,274,324 төгрөгийг гаргуулан, хариуцагчийн ашиглаж байгаа Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол Токиогийн гудамж 73 байр, 15 давхарын 95 тоот хаягт байрлах 157,09 м.кв дөрвөн өрөө орон сууц болон дээрхи байрны зоорийн давхарт байрлах 16 тоот авто зогсоолыг чөлөөлүүлэхээр нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.                       

 

            Хариуцагч О.Н   шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

            “О.Н   миний бие 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ф ХХК  -тай харилцан тохиролцож “Орон сууц захиалагчтай хийх гэрээ”-г түүний хавсралт “Гараж захиалагчтай хийх гэрээ”-г тус тус байгуулсан. Энэхүү гэрээгээр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /13380/ Токиогийн гудамж 73 дугаар байр, 15 давхар, 95 тоот хаягт байрлах 157,09 м.кв талбай орон сууц, 15 м.кв талбай бүхий авто зогсоолын хамт нийт 410,157,800 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ф ХХК  -д 50,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг төлж, үлдэгдэл төлбөрийг дараах графикийн дагуу төлөх гэрээ байгуулсан. Үүнд: 2014.12.31-ний өдөр 50,000,000 төгрөг, 2015.01.31-ний 50,000,000 төгрөг, 2015.02.28-ны өдөр 50,000,000 төгрөг, 2015.03.31-ний өдөр 105,078,900 төгрөг, 2015.04.30-ны өдөр 105,078,900 төгрөгийг төлж барагдуулахаар болсон. Үүнээс хойш 2015 оны 05 сарын 29-ний өдөр 30,000,000 төгрөгийг төлсөн. Улмаар санхүүгийн хүндрэлтэй байдал үүсэж, мөн банкууд зээл олгохгүй, барилгын салбар хямралд орсон ба миний бие бусдаас өр авлагаа авч чадахгүй байдал үүссэний улмаас Ф ХХК  -ийн удирдлагуудад үүссэн нөхцөл байдлын талаар ярилцаж 2016 оны 01 сарын 29-ний өдөр төлбөр төлөх нөхцөлийн талаар Нэмэлт гэрээ байгуулсан боловч эдийн засгийн хямрал, бусдаас авах авлагаа авч чадаагүйн улмаас гэрээний үүргээ биелүүлээгүй болно. Энэхүү нөхцөл байдлаа тухай бүр ньФ ХХК  -ийн удирдлагуудад мэдэгдэж байсан боловч тус компани нь 2017 оны 01 сарын 24-ний өдөр  Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /13380/ Токиогийн гудамж 73 дугаар байрны зоорийн давхарт байрлах 16 тоот автомашины зогсоолыг буцаан авсан. Мөн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалагчтай хийх гэрээ”, түүний хавсралт “Гараж захиалагчтай хийх гэрээ”-үүдийг цуцлах тухай мэдэгдлийг 2017 оны 04 сарын 21-ний өдөр ирүүлсэн болно. Тиймээс Монгол Улсын Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ф ХХК  -тай байгуулсан Орон сууц захиалагчтай хийх гэрээний төлбөрт төлсөн 80,000,000 төгрөгийг Ф ХХК  -иас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гансүх сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Авто зогсоолыг буцаан авсан тул 73 дугаар байрны зоорийн давхарт байрлах 16 тоот авто зогсоолыг чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагч нь орон сууцыг өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа. Энэ хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр харилцан уулзаж нэмэлт гэрээ байгуулан боломжит хугацаа олгосон боловч мөн гэрээ хэрэгжээгүй. Гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөх юм бол алдангийн 50 хувийг хөнгөлье гэсэн боловч төлбөрөө төлөөгүй. Хариуцагч чанарын асуудал ярьж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээнд энэ асуудлыг зохицуулсан. Үндсэн байрны оршин суугчид нөлөөлсөн зүйл байхгүй байгаа. Тагтны асуудлыг хариуцагч тодорхой хэмжээний төлбөр төлөх юм бол цас тогтоод байгаа асуудлыг янзлаад өгье гэж байсан. Гэтэл төлбөр төлөөгүй. Хаалганы асуудал түлхүүр хүлээж авснаас хойш гэмтэл гарвал захиалагч өөрөө хариуцна гэж гэрээнд заасан байгаа. Нэхэмжлэгчээс энэ байдлуудтай танилцах гэхээр хариуцагч тал танилцуулдаггүй, хаалгаа тайлж өгдөггүй. Тийм учраас чанарын асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийг үндэслэл болгож байна. Хариуцагчид энэ шаардах эрх гаргах хууль зүйн үндэслэл байхгүй. Хэрэв гэрээнээс татгалзаж байгаа бол урьдчилж мэдэгдсэн байх гэх мэт заалтууд байдаг учраас шаардах эрхээ алдсан гэж үзэж байна.  Албан бичгүүдийг тус компаниас өгч байсан. Мөн албан мэдэгдэл хүргүүлсэн. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.1, 225.6 дахь хэсгийг үндэслэж орон сууцны захиалагчтай хийсэн гэрээ болон нэмэлт гэрээнүүдийг цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4, 222.7 дахь хэсгийг үндэслэж 117,868,544 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсгийг үндэслэн гэрээ цуцалсны торгууль 41,015,780 төгрөг нэхэмжилж байгаа. Талууд анх гэрээ байгуулж харилцан үүрэг хүлээхдээ үүргийн гүйцэтгэлийг буюу төлбөрийг банкны зээл болон гуравдагч этгээдээс авах өр авлагаас барагдуулах тухай огт тохиролцоогүй. Тайлбараас хариуцагч үүргээ биелүүлээгүйгээ хүлээн зөвшөөрсөн ч дээрхи шалтгааны улмаас төлбөрөө барагдуулаагүй гэх тайлбар үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6-д “Гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелүүлээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ” гэж заасан тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм. Орон сууцны төлбөрт төлсөн 80,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь хариуцагч нэхэмжлэгчийн орон сууцанд өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар ч төлбөргүйгээр амьдран сууж, гаражийг ашиглаж, түүнд орох байсан орлогыг хаан хохирол учруулсан тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна”, мөн гэрээний 2.6, 5.2 болон хуульд заасныг үндэслэн Ф ХХК   нь хариуцагчаас гаргуулах 171,274,324 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс суутган тооцох ёстой. Иймээс иргэн О.Н  оос гаргасан сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу. Үндсэн нэхэмжлэлийн  шаардлагаа дэмжиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Орон сууц захиалагчтай хийх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т “Гүйцэтгэгч нь орон сууцны чанарт 36 сарын баталгаа өгөх бөгөөд энэ хугацаанд барилгын үндсэн хийц, гадна дотор өрлөг, цонх, хаалга, дотоод засал, цахилгаан, сантехникийн төхөөрөмж, шугам тоноглолд илэрсэн согог гэмтэл ашиглалтын гарсан аливаа эвдрэлийг өөрийн зардлаар засварлах үүрэгтэй” гэж заасан. Тус байрыг авах үед ашиглалтад ороод 1 жил болсон байсан. Тус компани нь албан ёсоор энэхүү байрыг хүлээлгэж өгөөгүй, миний бие барилга хариуцсан инженер н.Мөнхөө, борлуулалт хариуцсан менежер н.Түвшин нараас байрны түлхүүрийг л авсан. Гэрээгээр орон сууцны чанар байдал, тоноглол, хаалга, цонх, шал, цахилгаан, сантехникийн хэрэгслүүдийг, мөн дээврийг хүлээлцэх гэсэн боловч тус компанийн ажилтнууд албан ёсоор нэг бүрчлэн хүлээлгэн өгөхөөс зайлсхийж бид барилгын ашиглалтын явцад гарах гомдлоор засч өгдөг, та санаа зоволтгүй гэж хэлэн надад түлхүүрийг хүлээлгэн өгсөн. Тус орон сууцны гадна талын бүргэд хаалга маш их сэвтэй, гацдаг гэмтэлтэй байгааг мэдэж сольж өгөхийг шаардсан боловч үүнээс сайн хаалга гадуур зөндөө зарж байгаа, та нар өөрсдөө сольчих гэсэн хариу өгсөн. Мөн ариун цэврийн өрөөний агааржуулалтын хоолойноос өмхий үнэр орж ирээд байна, хүйтэн салхи үлээгээд ариун цэврийн өрөө өвөлдөө маш хүйтэн болоод хүүхэд өвчин тусчих гээд байгааг анхааруулж агааржуулалтын хоолойг засварлаж өгөх талаар удаа дараа шаардлага тавьж байсан боловч өнөөдрийг хүртэл засварлаж өгөөгүй. Энэ орон сууцны барилгын бохирын үнэр нь манай гэрт шууд орж ирдэг технологийн алдаатай баригдсан, манай том өрөөний дээд талд ашиглалттай дээвэр задгайгаар байдаг. Өвөл нь маш их цас, зун нь маш их борооны ус тогтож дээврийн байдал хүндрэлтэй болдог. Өрөөний цонхыг арчиж угаагаад ч өнгө ордоггүй, дотор шил нь халтартаж бохирдсон гэх мэт орон сууцны доголдлыг удаа дараа хэлж байсан боловч нэг ч удаа засвар үйлчилгээ хийж байгаагүй гэрээний үүргээ биелүүлээгүй болно. Нэхэмжлэгч нь "Орон сууцны захиалагчтай хийх FI/15D гэрээ", түүний хавсралт "Гараж захиалагчтай хийх гэрээ”-г болон Нэмэлт гэрээг цуцлаж, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 73 дугаар байрны зоорийн давхарт байрлах 16 тоот авто зогсоолыг 2017 оны 01 сарын 24-ний өдөр буцаан авсан тул гараж ашигласны төлбөр 9,390,000 төгрөг, гэрээ цуцалсны торгууль 3,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй болно. Орон сууц захиалагчтай хийх гэрээний төлбөрт төлсөн 80,000,000 төгрөгийг иргэн О.Н   надад буцаан өгсөн тохиолдолд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 73 дугаар байр, 15 давхарын 95 тоот хаягт байрлах 157,09 м.кв талбай бүхий орон сууцыг  чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй болно” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ф ХХК   нь хариуцагч О.Н  од холбогдуулан  2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Орон сууц захиалагчтай хийх FI/15D-T гэрээ, түүний хавсралт Гараж захиалагчтай хийх гэрээ болон 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн F1/15F-T Нэмэлт гэрээнүүдийг тус тус цуцлаж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учруулсан хохирол болох гэрээний 2.6-д заасан орон сууц ашигласны төлбөр 117,868,544 төгрөг, мөн гэрээний 5.2-т заасан торгууль 41,015,780 төгрөг, гараж ашигласны төлбөр 9,390,000 төгрөг, гэрээ цуцалсны торгууль 3,000,000 төгрөг, нийт 171,274,324 төгрөгийг гаргуулах, хариуцагчийн ашиглаж байгаа Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 73 дугаар байр, 15 давхарын 95 тоот хаягт байрлах 157,09 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон тус байрны зоорийн давхарт байрлах 16 тоот авто зогсоолыг чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг,

            хариуцагч О.Н   нь нэхэмжлэгч Ф ХХК  -д холбогдуулан 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ф ХХК  -тай байгуулсан Орон сууц захиалагчтай хийх гэрээний төлбөрт төлсөн 80,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг шүүхэд тус тус гаргажээ.

 

    Нэг. 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Орон сууц захиалагчтай хийх FI/15D-T гэрээ, түүний хавсралт Гараж захиалагчтай хийх гэрээ болон 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн F1/15F-T Нэмэлт гэрээнүүдийг тус тус цуцлаж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учруулсан хохирол болох гэрээний 2.6-д заасан орон сууц ашигласны төлбөр 117,868,544 төгрөг, мөн гэрээний 5.2-т заасан торгууль 41,015,780 төгрөг, гараж ашигласны төлбөр 9,390,000 төгрөг, гэрээ цуцалсны торгууль 3,000,000 төгрөг, нийт 171,274,324 төгрөгийг гаргуулах, хариуцагчийн ашиглаж байгаа Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 73 дугаар байр, 15 давхарын 95 тоот хаягт байрлах 157,09 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон тус байрны зоорийн давхарт байрлах 16 тоот авто зогсоолыг чөлөөлүүлэхийг хүссэн үндсэн нэхэмжлэлийн талаар

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 73 дугаар байрны зоорийн давхарт байрлах 16 тоот авто зогсоолыг буцаан авсан тул автозогсоолыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг дэмжиж байгаа гэх тайлбарыг гаргасан.

 

Хариуцагч нь Орон сууц захиалагчтай хийх гэрээний төлбөрт төлсөн 80,000,000 төгрөгийг буцаан өгсөн тохиолдолд орон сууцыг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй, ашигласан төлбөр болон торгуулийг төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Нэхэмжлэгч Ф ХХК   болон хариуцагч О.Н   нь 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр FI/15D-T дугаартай “Орон сууц захиалагчтай хийх гэрээ”, уг гэрээний хавсралт “Гараж захиалагчтай хийх гэрээ”-г тус тус байгуулж, Ф ХХК   нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /13380/, Токиогийн гудамж, 73 дугаар байр, 15 давхарын 95 тоот хаягт байрлах 157,09 м.кв талбай бүхий орон сууцыг 380,157,800 төгрөгөөр, 73 дугаар байрны зоорийн давхарт байрлах 15 м.кв талбай бүхий авто зогсоолыг 30,000,000 төгрөгөөр буюу нийт 410,157,800 төгрөгөөр худалдах, О.Н   нь 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 50,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг төлж, үлдэгдэл төлбөрийг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 50,000,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 50,000,000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 50,000,000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 105,078,900 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 105,078,900 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулагдсан гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-8-11/ Зохигчид энэ талаар маргаагүй.

 

Ф ХХК   нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Ф ХХК  -ийн захиалгатай, 32 автогаражтай, үйлчилгээтэй, 96 айлын орон сууцны барилгыг 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ашиглалтад оруулсан болох нь 2014/258 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар тогтоогдож байна. /хх-44-45/

 

Нэхэмжлэгч нь ашиглалтад орсон орон сууцны барилгыг хариуцагчид худалдахаар гэрээ байгуулсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Зохигчдын хооронд хийгдсэн дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, 193 дугаар зүйлийн 193.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг ... шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэнэ” гэсэн заалтын аль алинд нь нийцжээ.

 

Хариуцагч О.Н   нь уг гэрээний дагуу 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 50,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг, 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 30,000,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар маргаагүй.

 

Ф ХХК   болон О.Н   нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр FI/15D-T Нэмэлт гэсэн дугаартай “Нэмэлт гэрээ”-г байгуулж, FI/15D-T дугаартай гэрээний төлбөр төлөх үүргийг захиалагч биелүүлж чадахгүй байгаатай холбогдуулан үлдэгдэл төлбөр 330,157,800, алданги 49,205,550 төгрөг, нийт 379,363,350 төгрөгийг төлөх нөхцөлийг тохиролцжээ. Уг гэрээгээр үлдэгдэл төлбөр 330,157,800 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дотор төлбөл 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд үүссэн алдангийн 50 хувь буюу 24,502,775 төгрөгийг төлөх үүргээс чөлөөлөх, хэрэв тогтоосон хугацаанд төлбөрийг төлөхгүй бол алдангиас чөлөөлөх нөхцөл хүчингүй болсонд тооцож, алдангийг 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн үргэлжлүүлэн, нэмж тооцох, дээр дурдсан нөхцөлүүд биелээгүй тохиолдолд 95 тоот орон сууцыг FI/15D-T дугаартай үндсэн гэрээний дууссан хугацаанаас эхлэн түрээсийн нөхцөлд хамруулан гэрээний төлбөр төлөгдөж дуустал түрээсийн нөхцөл хэвээр хадгалагдах, түрээсийн нөхцөл хэрэгжиж эхэлсэн үеэс нийт бодогдсон алдангийг хүчингүйд тооцох, түрээсийн төлбөрийг нэг сарын 1,500,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон байна. /хх-12-14/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “...нэмэлт гэрээгээр түрээсийн төлбөрт шилжүүлнэ гэсэн байгаа. Өмнө оршин сууснаа түрээсийн төлбөрт төлье гэсэн байдлаар хандаж байсан. Тухайн үед 1,500,000 төгрөг гэсэн өндөр төлбөрөөр тохиролцсон байсан. Үүнийгээ харилцан тохиролцоод түрээсийн төлбөрийг төлье гэж ярилцаж байсан...” гэх тайлбарыг гаргасан боловч баримтаар нотлоогүй болно.

 

2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан FI/15D-T Нэмэлт гэсэн дугаартай “Нэмэлт гэрээ”-нд заасан нөхцөл биелэгдээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Хариуцагч О.Н   нь FI/15D-T дугаартай “Орон сууц захиалагчтай хийх гэрээ”, уг гэрээний хавсралт “Гараж захиалагчтай хийх гэрээ”-ний төлбөрийн үлдэгдэл 330,157,800 төгрөгийг төлөөгүй байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч нь 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай хийх FI/15D-T гэрээ", түүний хавсралт Гараж захиалагчтай хийх гэрээ, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн F1/15F-T Нэмэлт гэрээнүүдийг тус тус цуцлаж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учруулсан хохирол болох гэрээний 2.6-д заасан орон сууц ашигласны төлбөр 117,868,544 төгрөг, мөн гэрээний 5.2-т заасан торгууль 41,015,780 төгрөг, гараж ашигласны төлбөр 9,390,000 төгрөг, гэрээ цуцалсны торгууль 3,000,000 төгрөг, нийт 171,274,324 төгрөгийг гаргуулах, хариуцагчийн ашиглаж байгаа Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 хороолол, Токиогийн гудамж, 73 дугаар байр, 15 давхарын 95 тоот хаягт байрлах 157,09 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон дээрхи байрны зоорийн давхарт байрлах 16 тоот авто зогсоолыг чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

 

            Нэхэмжлэгч Ф ХХК  -аас  хариуцагч О.Н  од 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мэдэгдэл хүргүүлж, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 16 тоот авто зогсоол /гараж/-ыг буцаан авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар  хороолол, Токиогийн гудамж, 73 дугаар байрны зоорийн давхарт байрлах 16 тоот авто зогсоолыг чөлөөлүүлэх шаардлагаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт гэрээний үүргийг зөрчсөн нь гэрээг цуцлах үндэслэл болж байвал гэрээг цуцалж болно гэж заасан бөгөөд хариуцагч О.Н   нь FI/15D-T дугаартай “Орон сууц захиалагчтай хийх гэрээ, уг гэрээний хавсралт “Гараж захиалагчтай хийх гэрээ”-ний төлбөрийн үлдэгдэл 330,157,800 төгрөгийг төлөөгүй байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай хийх FI/15D-T гэрээ, түүний хавсралт Гараж захиалагчтай хийх гэрээ, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн F1/15F-T Нэмэлт гэрээнүүдийг тус тус цуцлах үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5 дахь хэсэгт “гэрээ цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцална. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасны дагуу гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцаан өгөх үүрэгтэй тул Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 73 дугаар байр, 15 давхарын 95 тоот хаягт байрлах 157,09 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг чөлөөлж нэхэмжлэгч Ф ХХК  -д өгөхийг хариуцагч О.Н  од даалгах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учруулсан хохирол болох гэрээний 2.6-д заасан орон сууц ашигласны төлбөр 117,868,544 төгрөг, мөн гэрээний 5.2-т заасан торгууль 41,015,780 төгрөг, гараж ашигласны төлбөр 9,390,000 төгрөг, гэрээ цуцалсны торгууль 3,000,000 төгрөг, нийт 171,274,324 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай хийх FI/15D-T гэрээний 2.6-д “захиалагч талын буруутай үйл ажиллагаанаас буюу өөрийн санаачлагаар энэхүү орон сууц захиалагчтай хийх гэрээг цуцлах тохиолдолд гэрээ хийж батлагдсан өдрөөс эхлэн гэрээ цуцлагдах өдөр хүртэл хугацааны орон сууцыг ашигласан төлбөр болгож гэрээний нийт дүнгээс хоног тутамд 0,05 хувиар тооцож гүйцэтгэгч талд төлнө”, мөн гэрээний 5.2-т “Захиалагч тал уг гэрээний 2.1-д заасан төлбөрийг заасан хугацаанд төлөлгүй 30-аас дээш хоногийн хугацаагаар хожимдуулсан тохиолдолд гүйцэтгэгч тал энэхүү гэрээг цуцлах эрхтэй бөгөөд тус гэрээний 2.6-д заасан орон сууц ашигласны төлбөр болон нийт төлбөрийн 10 хувьтай тэнцэх гэрээ цуцалсны торгуулийг гүйцэтгэгч талаас гаргуулж авах эрхтэй” гэж тус тус заажээ.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”, 219.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн зүгээс FI/15D-T дугаартай “Орон сууц захиалагчтай хийх гэрээ”, уг гэрээний хавсралт “Гараж захиалагчтай хийх гэрээ”-ний хугацаа өнгөрсний дараа хариуцагч О.Н  од үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон болох нь төлбөр төлөх хугацаа олгон байгуулсан Нэмэлт гэрээ, уулзалтын тэмдэглэл, хариуцагчид удаа дараа хүргүүлсэн мэдэгдэл зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-5-7, 12-14, 15/

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт “хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна...”, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хохирлоо нэхэмжлэх эрхтэй.

 

Хариуцагч О.Н   нь 2014 оны 11 дүгээр сараас 05-ны өдрөөс нэхэмжлэлд дурдсан орон сууцанд амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь орон сууц ашигласны төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай хийх FI/15D-T гэрээний 2.6-д орон сууцыг ашигласан төлбөрийг гэрээний нийт дүнгээс хоног тутамд 0,05 хувиар тооцохоор талууд тохиролцсон байх боловч нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 330,157,800 төгрөгөөс тооцож орон сууц ашигласан төлбөрт 117,868,544 төгрөг нэхэмжилсэн нь хуульд нийцэж байна. Хариуцагч О.Н  ын орон сууцийг ашигласан хоногийг тооцоход 846 хоног байгааг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувиар тооцоход 139,656,749 төгрөг болж байх бөгөөд нэхэмжлэгч нь орон сууц ашигласан төлбөрт 117,868,544 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэгчийн шаардсан хэмжээ болох 117,868,544 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай хийх FI/15D-T гэрээний 5.2-т зааснаар гэрээ цуцалсны торгуульд 41,015,780 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн ба уг дүнг гэрээний нийт дүнгээс тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт  заасантай нийцэхгүй байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 330,157,800 төгрөгөөс гэрээнд заасан хэмжээгээр тооцож 33,015,780 төгрөгийг хариуцагч О.Н  оос гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай хийх FI/15D-T гэрээнд орон сууц 380,157,800 төгрөг, авто зогсоол 30,000,000 төгрөг, нийт 410,157,800 төгрөг гэж гэрээний үнийн дүнг тодорхойлсон байхад уг гэрээний хавсралт “Гараж захиалагчтай хийх гэрээ”-ний дагуу гараж ашигласны төлбөр 9,390,000 төгрөг, гэрээ цуцалсны торгууль 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул уг шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

            Иймд 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай хийх FI/15D-T гэрээ, түүний хавсралт Гараж захиалагчтай хийх гэрээ, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн F1/15F-T Нэмэлт гэрээнүүдийг тус тус цуцлаж, орон сууц ашигласны төлбөр 117,868,544 төгрөг, торгууль 33,015,780 төгрөг, нийт 150,884,324 төгрөгийг хариуцагч О.Н  оос гаргуулж нэхэмжлэгч Ф ХХК  -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,390,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 73 дугаар байр, 15 давхарын 95 тоот хаягт байрлах 157,09 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг чөлөөлж нэхэмжлэгч Ф ХХК  -д хүлээлгэн өгөхийг хариуцагч О.Н  од даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Хоёр. 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ф ХХК  -тай байгуулсан Орон сууц захиалагчтай хийх гэрээний төлбөрт төлсөн 80,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн талаар

 

Хариуцагч О.Н   нь нэхэмжлэгч Ф ХХК   талуудын хооронд байгуулсан гэрээнээс татгалзаж байгаа тул гэрээний төлбөрт төлсөн төлбөрийг буцаан гаргуулах эрхтэй гэх үндэслэл заан 80,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ф ХХК  -аас гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Нэхэмжлэгч Ф ХХК   нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууцанд өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар ч төлбөр төлөлгүйгээр амьдран сууж, гаражийг ашиглаж, түүнд орох байсан орлогыг хаан хохирол учруулсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай хийх FI/15D-T гэрээ, түүний хавсралт Гараж захиалагчтай хийх гэрээ, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн F1/15F-T Нэмэлт гэрээнүүдийг тус тус цуцлаж, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 73 дугаар байр, 15 давхарын 95 тоот хаягт байрлах 157,09 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг чөлөөлж нэхэмжлэгч Ф ХХК  -д хүлээлгэн өгөхийг хариуцагч О.Н  од даалгаж шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гэрээний төлбөрт төлсөн 80,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ф ХХК  -аас гаргуулж хариуцагч О.Н  од олгох үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүх 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай хийх FI/15D-T гэрээ, түүний хавсралт Гараж захиалагчтай хийх гэрээ, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн F1/15F-T Нэмэлт гэрээнүүдийг тус тус цуцлаж, орон сууц ашигласны төлбөр 117,868,544 төгрөг, торгууль 33,015,780 төгрөг, нийт 150,884,324 төгрөгийг хариуцагч О.Н  оос гаргуулж нэхэмжлэгч Ф ХХК  -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,390,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 73 дугаар байр, 15 давхарын 95 тоот хаягт байрлах 157,09 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг чөлөөлж нэхэмжлэгч Ф ХХК  -д хүлээлгэн өгөхийг хариуцагч О.Н  од даалгаж, нэхэмжлэгчФ ХХК  -аас гэрээний төлбөрт төлсөн  80,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч О.Н  од олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 73 дугаар байр болон 95 тоот орон сууцны чанар, доголдлын талаар нэхэмжлэгчид хандаж байсан боловч зөрчил дутагдлыг арилгаж засвар үйлчилгээ хийх гэрээний үүргээ биелүүлээгүй гэх тайлбарыг гаргасан боловч орон сууцны доголдолтой холбоотой хохирол нэхэмжлэх тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаагүй болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай хийх FI/15D-T гэрээ, түүний хавсралт Гараж захиалагчтай хийх гэрээ, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн F1/15F-T Нэмэлт гэрээнүүдийг тус тус цуцлаж, орон сууц ашигласны төлбөр 117,868,544 /нэг зуун арван долоон сая найман зуун жаран найман мянга таван зуун дөчин дөрвөн/ төгрөг, торгууль 33,015,780 /гучин гурван сая арван таван мянга долоон зуун наян/ төгрөг, нийт 150,884,324 /нэг зуун тавин сая найман зуун наян дөрвөн мянга гурван зуун хорин дөрвөн/ төгрөгийг хариуцагч О.Н  оос гаргуулж нэхэмжлэгч Ф ХХК  -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,390,000 /хорин сая гурван зуун ерэн мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 73 дугаар байр, 15 давхарын 95 тоот хаягт байрлах 157,09 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг чөлөөлж нэхэмжлэгч Ф ХХК  -д хүлээлгэн өгөхийг хариуцагч О.Н  од даалгасугай.

 

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ф ХХК  -аас гэрээний төлбөрт төлсөн  80,000,000 /наян сая/ төгрөгийг гаргуулж хариуцагч О.Н  од олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,014,321 төгрөг, 70,200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж,  хариуцагч О.Н  оос нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 912,372 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ф ХХК  -д олгож, нэхэмжлэгч Ф ХХК  -аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 557,950 төгрөгийг гаргуулж хариуцагч О.Н  од олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   Д.ЦЭРЭНДОЛГОР