Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2526

 

 

 

 

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2017/02526

Улаанбаатар хот

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г ХХК  -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О ХХК    -д холбогдох,

Барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 49,658,731 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О ХХК    нь 3 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2008 оны 04 сарын 21-ний өдөр Г ХХК    -тай байгуулсан билээ. Гэрээнд заасны дагуу хариуцагч нь 21 дүгээр зуун хотхон орон сууц үйлчилгээний цогцолбор 9 давхар А,Б корпус, 12 давхар орон сууц, авто гараж барилгын ажлыг гүйцэтгэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэтэл хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэд биелүүлээгүй бөгөөд 1 дүгээр блокын барилгын 3, 4, 5 дугаар давхрын 2, 3, 4, 5 тэнхлэгээс C, D тэнхлэгийн хооронд  баганыг тойруулан фибро туузан материалаар наах ажлыг чанарын шаардлага хангахгүйгээр хийж гүйцэтгэсэн. Үүнээс үүдэн дээрх ажлыг дахин хийлгэх шаардлагатай болсон бөгөөд Г ХХК  нь А-01 тоот Ажил гүйцэтгэх гэрээг 2013 оны 07 сарын 29-ний өдөр Ор ХХК    -тай байгуулсан. Энэхүү гэрээний дагуу ажил гүйцэтгэхэд шаардлагатай материалыг 143,000 юаниар 2013 оны 06 сарын 27-ны өдөр худалдан авсан. Мөн ажил гүйцэтгэсний төлбөрт 7,064,500 төгрөгийг Ор ХХК    -д шилжүүлсэн. Эдгээр нь хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэд биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан бодит зардал юм. Хариуцагч нь 2014 оны 09 сарын 25-ны өдөр дээрх зардлууд болох ажил гүйцэтгэлийн хөлс 7,064,500 төгрөг болон ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал худалдаж авсан 143,000 юанийг тухайн үеийн ханшаар тооцон нийт 41,500,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч бичгээр баталгаа гаргаж өгсөн. Уг бичгээр хийсэн баталгаанд хариуцагч О ХХК    -ийн захирал Д.Н   21,500,000 төгрөгт тооцон өөрийн эзэмшлийн Ланд круйзер 100 маркийн автомашин өгч, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 04-нд багтаан төлөх тухай хүсэлт гаргасан. Гэтэл хариуцагч 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл дээрх өөрийн хүлээн зөвшөөрсөн төлбөрийг барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Иймд хариуцагч нь гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн гүйцэд, чанарын шаардлагад нийцүүлсэн байдлаар хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан бодит хохирол болон түүнийг хугацаандаа гүйцэтгээгүйн хохирлыг тус тус шаардах эрх үүсээд байна. Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүйгээс үүссэн зардал 143,000 юанийг нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2017 оны 04 сарын 02-ны өдрийн Монгол банкнаас албан ёсоор зарласан хаалтын ханш 355.15 төгрөгөөр тооцон 50,786,450 төгрөг, тухайн ажлыг Ор ХХК    -аар гүйцэтгүүлсний төлбөрт төлсөн баримтаар баталгаажсан 7,000,000 төгрөг, нийт 57,768,450 төгрөгөөс хариуцагчийн төлсөн төлбөр болох 21,500,000 төгрөгийг хасч 36,286,450 төгрөг. Дээрх төлбөрийг тохирсон хугацаандаа төлөөгүй хохиролд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт “Мөнгөн төлбөрийн үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй бол гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу арилжааны банкуудын төгрөгийн хугацаатай хадгаламжийн жилийн дундаж хүү буюу жилийн 14,8 хувийн хүүгээр тооцож төлбөр төлөхөөр тохирсон өдөр 2014 оны 10 сарын 04-нөөс хойш шүүхэд хандан нэхэмжлэл гаргах өдөр 2017 оны 04 сарын 03-ыг хүртэлх 912 хоног буюу 2,49 жилийн хугацааны хүүнд 13,372,281 төгрөг, нийт 49,658,731 төгрөгийг О ХХК    -аас гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч О ХХК    -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани нэхэмжлэгчтэй 9 жилийн өмнө буюу 2008 оны 04 сарын 21-нд Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажилласан нь үнэн. Бид гүйцэтгэгчийн хувьд захиалагчаас өгсөн санхүүжилтийн хэмжээнд зохих ажлуудаа хийж гүйцэтгэсээр байсан ч захиалагч санхүүжилтээ бүрэн хийгээгүйн улмаас барилгын ажил зогссон. Гэрээний хугацаа 2008 оны 12 сарын 15-ны өдөр боловч захиалагчаас шалтгаалж барилгын ажил хугацаандаа дуусаагүй болно. Мөн урьдчилан төлөвлөөгүй асуудал тухайн барилгын хөрсний уснаас суурийг хамгаалах, усыг шавхах зэрэг хүндрэл гарч манай компаниас их хэмжээний зардал хохирол гарч байсан. Талууд удаа дараа энэ талаар ярилцаж шийдвэрлэх арга замыг эрж байсан ч үр дүн гараагүй. Тухайлбал 2008 оны 10 сарын 30-нд санхүүжилтийн асуудал барилгын суурь хамгаалах асуудлаар, 2009 оны 07 сарын 15-нд мөн хөрөнгө оруулалт байхгүй байгаа талаар удаа дараа хуралдаж байсан ч тодорхой үр дүнд хүрээгүй барилгын ажлыг зогсоохоос өөр аргагүй болсон. Ажил гүйцэтгэгчээс үл хамаарах нөхцөл байдал өөрөөр хэлбэл захиалагч санхүүжилтээ бүрэн хийгээгүйн улмаас манай компанид бодит хохирол учирсан болно” гэжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г ХХК  нь хариуцагч О ХХК    -д холбогдуулан гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүйгээс үүссэн материалын болон ажил гүйцэтгүүлсэн зардал 36,286,450 төгрөг, мөнгөн төлбөрийг тохирсон хугацаандаа төлөөгүй хохиролд 13,372,281 төгрөг, нийт 49,658,731 төгрөгийг гаргуулах  шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

Г ХХК  болон О ХХК    нь 2008 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 03 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, О ХХК    нь “XXI зуун хотхон” орон сууц үйлчилгээний цогцолбор /9 давхар, А, Б корпус, 12 давхар орон сууц, авто гараж/ барилгын ажлыг 2008 оны 05 дугаар сарын 01-ээс 2008 оны 12 дугаар сарын 15 хүртэлх хугацаанд гүйцэтгэх, Г ХХК  нь хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-26-28/ Зохигчид энэ талаар маргаагүй.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан  ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч Г ХХК  нь хариуцагч О ХХК    -ийг гэрээгээр хүлээсэн үүрэг болох 1 дүгээр блокын барилгын 3, 4, 5 дугаар давхрын 2, 3, 4, 5 тэнхлэгээс C, D тэнхлэгийн хооронд  баганыг тойруулан фибро туузан материалаар наах ажлыг чанарын шаардлага хангахгүйгээр хийж гүйцэтгэснээс тухайн ажлыг дахин хийлгэх шаардлагатай болсон бөгөөд уг ажлыг Ор ХХК    -тай гэрээ байгуулан хийж гүйцэтгүүлсэн, Ажлыг дахин хийж гүйцэтгэхэд шаардлагатай материалыг 143,000 юаниар 2013 оны 06 сарын 27-ны өдөр худалдан авсан, ажил гүйцэтгэсний төлбөрт 7,064,500 төгрөгийг Ор ХХК    -д шилжүүлсэн гэх тайлбарыг гаргасан.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлд ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлөх талаар зохицуулсан бөгөөд 352.2.2-т зааснаар доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй.

2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр барилгын ажлын гүйцэтгэлийн чанартай холбоотой гарсан дээрх зардлууд болох ажил гүйцэтгэлийн хөлс 7,064,500 төгрөг болон ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал худалдаж авсан 143,000 юанийг тухайн үеийн ханшаар тооцон нийт 41,500,000 төгрөгийг төлөхөөр хариуцагч хүлээн зөвшөөрч, О ХХК    -ийн захирал Д.Н   21,500,000 төгрөгт тооцон өөрийн эзэмшлийн Ланд круйзер 100 маркийн автомашиныг нэхэмжлэгч Г ХХК    -д өгч, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 04-нд багтаан төлөхөөр тохиролцсон болох нь хариуцагч О ХХК    -ийн захирал Д.Н гийн 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр бичсэн “Төлбөр төлөх тухай” бичгээр тогтоогдож байна. /хх-25/

 

Нэхэмжлэгч Г ХХК  нь О ХХК    -ийн захирал Д.Н гээс Ланд круйзер 100 маркийн автомашиныг 21,500,000 төгрөгт тооцон хүлээн авснаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд энэ талаар маргаагүй.

Талуудын хооронд байгуулагдсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч О ХХК    -ийн ажлын доголдолтой холбоотой асуудлаар талууд 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр харилцан тохиролцсон болох нь дээрх баримтаар тогтоогдож байх бөгөөд чанаргүй гүйцэтгэсэн ажлыг дахин гүйцэтгэсэн ажил гүйцэтгэлийн хөлс 7,064,500 төгрөг болон ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал худалдаж авсан 143,000 юанийг тухайн үеийн ханшаар тооцон нийт 41,500,000 төгрөгийг төлөхөөр хариуцагч хүлээн зөвшөөрч, 21,500,000 төгрөгт өөрийн өмчлөлийн автомашинаа шилжүүлэн тооцоо хийж гүйцэтгэсэн байхад нэхэмжлэгч нь материалын зардал 143,000 юанийг нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2017 оны 04 сарын 02-ны өдрийн Монгол банкнаас албан ёсоор зарласан хаалтын ханш 355.15 төгрөгөөр тооцон 50,786,450 төгрөг, тухайн ажлыг Ор ХХК    -аар гүйцэтгүүлсний төлбөрт төлсөн баримтаар баталгаажсан 7,000,000 төгрөг, нийт 57,768,450 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзэн хариуцагчийн төлсөн төлбөр болох 21,500,000 төгрөгийг хасч 36,286,450 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч О ХХК    -ийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотой материалын зардалд 143,000 юань гарсныг талууд 2014 онд тухайн үеийн юанийн ханшаар тооцон төлөх төлбөрийг харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгч Г ХХК    -ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов.

            Иймд хариуцагч О ХХК    нь нэхэмжлэгч Г ХХК    -тай хийж гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотой 41,500,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсоноос 21,500,000 төгрөгийн тооцоог хийсэн нь нотлогдож байх бөгөөд хариуцагч нь төлбөрийн үлдэгдэл 20,000,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул 20,000,000 төгрөгийг хариуцагч О ХХК    -аас гаргуулж нэхэмжлэгч Г ХХК    -д олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг төлбөрийг тохирсон хугацаандаа төлөөгүй хохиролд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт “Мөнгөн төлбөрийн үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй бол гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу арилжааны банкуудын төгрөгийн хугацаатай хадгаламжийн жилийн дундаж хүү буюу жилийн 14,8 хувийн хүүгээр тооцож төлбөр төлөхөөр тохирсон өдөр 2014 оны 10 сарын 04-нөөс хойш шүүхэд хандан нэхэмжлэл гаргах өдөр 2017 оны 04 сарын 03-ыг хүртэлх 912 хоног буюу 2,49 жилийн хугацааны хүүнд 13,372,281 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Нэхэмжлэгч Г ХХК  нь хариуцагч О ХХК    -ийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотой төлбөрийн үлдэгдлийг 36,286,450 төгрөг гэж тооцоолон гаргаж, уг мөнгөн дүнгээс хүү тооцон 13,372,281 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасны дагуу ажил гүйцэтгэгч нь доголдлыг арилгах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч өөрөө доголдлыг арилгаж, зардлыг нь нөхөн төлөхийг шаардах эрхтэй. Энэхүү шаардах эрх нь бодитоор шаардлагатай байсан зардлыг хамаарна. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7-д зааснаар ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардалд ажлын хөлс, материалын зардал, замын хураамж болон тээврийн хөлс гэх мэт бодит зардал хамаарахаар заасан бөгөөд нэхэмжлэгч Г ХХК  нь ажлын доголдолтой холбоотой материалын зардал, ажлын хөлсийг хариуцагч О ХХК    -аас шаардаж, хариуцагч бодитоор гарсан зардлыг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хариуцагчийн төлбөр төлөх тухай баримтаар тогтоогдсон.

Барилгын ажлын гүйцэтгэлийн чанартай холбоотой гарсан бодит зардлыг хариуцагч төлөх үүргийг хүлээсэн байхад нэхэмжлэгч нь уг үүрэгт Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар хүү тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Г ХХК    -ийн хариуцагч О ХХК    -аас хүүнд 13,372,281 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй, уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч О ХХК    нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, ажил гүйцэтгэгчээс үл хамаарах нөхцөл байдал өөрөөр хэлбэл захиалагч санхүүжилтээ бүрэн хийгээгүйн улмаас манай компанид бодит хохирол учирсан гэх тайлбарыг гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт  зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хохирол нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргаагүй болно.

Шүүх дээр дурьдсан үндэслэлүүдээр хариуцагч О ХХК    -аас 20,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК    -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29,658,731 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хариуцагч О ХХК    -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонсүрэн хариуцагчийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэв. Нэхэмжлэгч нь хариуцагч О ХХК    -ийн хаягийг “Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 101-502 тоот” гэж тодорхойлон шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчийг уг хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудсаны дагуу хариуцагч нь шүүхэд ирж нэхэмжлэлийг гардан авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсыг нэхэмжлэлд дурдсан хаягаар хүргүүлэхэд “Уг хороонд “*******” ХХК үйл ажиллагаа явуулдаггүй” гэсэн хариу өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй...” гэж заасан бөгөөд хариуцагч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

         ТОГТООХ нь:                                                                                           

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг баримтлан, хариуцагч О ХХК    -аас 20,000,000 /хорин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК    -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29,658,731 /хорин есөн сая зургаан зуун тавин найман мянга долоон зуун гучин нэгэн/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 406,540 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээж, хариуцагч О ХХК    -иас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК    -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР