Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1711

 

 

 

 

 

 

 

                                                                                               

 

Д.Жамбалын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01316 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Жамбалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдох

 

Тэтгэмжийн зөрүү 14 750 298 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Төрбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Даваажав нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Д.Жамбал нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазад 2002 оны 08 дугаар сарын 07-ны өдөр  ажилд орж, захирлын 2017 оны 01 дүгээр сарын 10-нд Б/17 тоот тушаалаар халагдаж, өндөр насны тэтгэвэрт гарсан. 14 жил ажиллаад гарахад Д.Жамбал нь 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 8.5-д заасны дагуу 12 сарын тэтгэмж авах байтал 2 838 498 төгрөг авсан. Сүүлийн 3 сарын дундаж цалинг бодохоор сарын цалин 1 465 733 төгрөг, үүнийг 12 сард үржүүлээд 17 588 796 төгрөг авах ёстой. Гэтэл байгууллагаас 2 838 498 төгрөг олгосон тул үлдэгдэл 14 750 298 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Автобус нэгдүгээр бааз татан буугдсан гэж байна. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн 132 тоот тогтоолоор нэгтгэн нийлүүлсэн. Хамтын гэрээг хүчингүй гэж байна. Мөн хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн ерөнхий зүйлд дараагийн хамтын гэрээг байгуулах хүртэл мөрдөж ажиллана гэсэн учраас энэ хамтын гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Дундаж цалин хөлс тооцох журмын 7-д зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т тэтгэвэр, тэтгэмж олгохдоо сүүлийн 3 сарын цалин хөлсний дунджаар тодорхойлно гэсэн байгаа...” гэжээ.

Хариуцагчаас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.Жамбал нь хамтын гэрээний дагуу тэтгэмж олгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн аваал бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Д.Жамбал нь тус үйлдвэрт 2002 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 58 тоот тушаалаар жолоочоор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тул 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/17 тоот тушаалааар ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч Д.Жамбалд байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарахад нь 3 сарын дундаж цалинтай тэнцэх 2 838 489 төгрөгийн тэтгэмж олгосон. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон энэ хамтын гэрээ нь “Автобус нэг” ОНӨААТҮГ болон ҮЭХ-ны хооронд байгуулагдсан. Уг гэрээ 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэг жилийн хугацаатайгаар байгуулагдаж 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон хамтын гэрээ юм. Энэ хамтын гэрээг бид дотоод үйл ажиллагаандаа мөрдлөг болгохгүй талаар 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3156 тоот албан бичгийг 1 дүгээр баазын ҮЭХ-нд мэдэгдсэн. Учир нь “Автобус нэг” ОНӨААТҮГ нь НИТТ-ийн 2014 оны 132 тогтоол, Нийслэлийн засаг даргын А/778 дугаар захирамжаар татан буугдаад 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ байгуулагдсан. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт “хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуй нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээ татан буугдах хугацааны туршид мөрдөгдөнө” гэсэн заалтыг баримтлан ажилласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Аж ахуй нэгж, байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна” гэж заасны дагуу хуулиа мөрдөж ажиллаж байна. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь Нэгтгэлийн ҮЭХ, “Автобус нэг” ОНӨААТҮГ-ын ҮЭХ, “Автобус хоёр” ОНӨААТҮГ-ын ҮЭХ, “Автобус гурав” ОНӨААТҮГ-ын ҮЭХ гэсэн 4 хороотой ажиллаж байгаа учраас тус тусын хамтын гэрээг мөрдөж ажиллах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон энэ хамтын гэрээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/778 захирамжийг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан. Мөн Хөдөлмөрийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “аж ахуйн нэгж, байгууллагыг өөрчлөн байуулах, өмчлөгч нь өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, эсхүл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээр хийж шийдвэрлэнэ” гэж заасан нь Нийслэлийн Иргэдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 132 дугаар тогтоолоор  “Автобус нэг”, “Автобус гурав” “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэхь хэсэгт зааснаар Зорчигч тээврийн нэгтгэл болон өөрчлөн байгуулагдсан нь дээрхи хуулийн заалт буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг заасантай нийцэж байгаа юм. 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/677 тоот албан бичгээр ҮЭХороонд хамтын гэрээ байгуулах хэлэлцээрт суух хамтын гэрээний төсөл санхүүгийн тооцооллын хамт хүргүүлсэн боловч өнөөдрийн хүртэл ҮЭХ хамтын гэрээ байгуулахгүй энэ асуудлыг гацаанд оруулж байна. Цаашлаад ажил  олгогчоос 2016 оны 03 дугаар сарын 01-нд МҮЭ-ийн холбоонд хамтын гэрээ байгуулдахгүй байгаа талаар албан бичиг хүргүүлсэн. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийг тэтгэвэрт гарахад нь байгууллагаас 3 сарын дундаж цалин хөлс олгосон цалин хөлсний дэлгэрэнгүйгээс харахад 10 дугаар сард Д.Жамбалд хоол 72 000 төгрөг, унааны зардал 19 200 төгрөг, нийт 91 200 төгрөг, 11 дүгээр сард хоол 78 000 төгрөг, унаанд 20 800 төгрөг, нийт 98 800 төгрөг, 12 дугаар сард хоол 75 000 төгрөг, унаа 20 000 төгрөг, нийт 95 000 төгрөг олгосон байгаа. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны сайдын 2005 оны дундаж цалин хөлс тодорхойлох журмын 4 дэх хэсэгт ажилтанд олгох тэтгэмжид хоол унааны зардлыг оруулж тооцохгүй гэсний дагуу уг мөнгийг хасаж тооцох нь зүйтэй. Мөн Д.Жамбалын амралтын цалин олгогдсон. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар тооцож үзэхээр 946 166 төгрөг болоод үүнийг 12 сард хувиргахаар 11 353 992 төгрөг болсоноос 2 838 489 төгрөгийг хариуцагчаас өгсөн, үлдэгдэл 8 515 503 төгрөг болж байна...” гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийн зөрүүд 9 655 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Жамбалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 094 797 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 169 438 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй, холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй болох нь дараах үндэслэлээс харагдана.

Анхан шатны шүүх хамтын гэрээг хуульд нийцүүлж дүгнээгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт “хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээ татан буугдах хугацааны туршид мөрдөнө” гэсэн заалтыг баримтлан Хамтын гэрээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/778/ захирамжийг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Автобус нэг”, “Автобус гурав”, “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-уудыг татан буулгаж тэдгээрийн үйл ажиллагаа, хөрөнгийн эх үүсвэрийн хамтаар шинээр байгуулагдсан Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийлүүлж улсын бүртгэлд 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бүртгүүлсэн байна гэж дүгнэсэн хэрнээ Хамтын гэрээг 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр гэрээний аль нэг тал санаачлан хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэж талууд тохиролцсон байна хэмээн тодорхойлсон нь хууль хэрэглээний хувьд хуулийн зүйл заалтыг дэндүү явцуу хүрээнд харж байгаа нь тодорхой байна.

Угтаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт зааснаар Аж ахуйн нэгж байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, эсвэл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ гэж заасны дагуу 2013 онд мөрдөж байсан Хамтын гэрээг хэвээр мөрдөх, нэмэлт өөрчлөлт оруулах талаар захиргаа болон ҮЭ-ийн төлөөлөл хэлэлцээ хийгдээгүй болохыг тайлбарласан бөгөөд харин шинээр хамтын гэрээ байгуулах талаар хэлэлцээ хийгдэж талууд Хамтын гэрээнд оролцох төлөөллийг томилон гэрээний төсөл солилцсон баримтыг шүүхэд гарган өгснийг анхааралгүй хэт нэг талыг барьж тодорхойлсонд гомдолтой байна.

Цаашлаад Нийслэлийн Иргэдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 132 дугаар тогтоолоор “Автобус нэг”, “Автобус гурав”, “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ууд нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар “Зорчигч тээврийн нэгтгэл” болон өөрчлөн байгуулагдсан нь дээрх хуулийн  заалт буюу хөдөлмөрийн харилцааг нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг нийцэж байгаа юм. Иймд тус хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Жамбал нь хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдуулан дутуу олгосон тэтгэмжид 11 925 426 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 14 750 298 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь 2002 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т жолоочоор ажиллаж байсан ба хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/17 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө нэхэмжлэгчийн 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу 2 838 497 төгрөгийн тэтгэмж олгосон үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй. /хх 3, 4-6/

“Автобус нэг” ОНӨААТҮГ болон тус байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хороо 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1 жилийн хугацаатай хамтын гэрээ байгуулж, 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр уг гэрээний 8.5-д “өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан ажлаас гарахад байгууллагад тасралтгүй 11-15 жил ажилласан бол 12 сарын тэтгэмж олгох...”-оор  нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Мөн нэмэлт өөрчлөлтийн ерөнхий зүйлд “...хамтын гэрээнд өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэж заасан байх ба хамтын гэрээг шинээр батлаагүй болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хүчин төгөлдөр хамтын гэрээний 8.5-д зааснаар дутуу олгосон тэтгэмжийн зөрүүг шаардах эрхтэй.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч Д.Жамбалд дутуу олгосон тэтгэмжийн зөрүү болох 12 сарын хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжид 9 655 500 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Хамтын гэрээний 8.5-д заасантай нийцсэн байна.

Хариуцагчийн “хамтын гэрээ шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дагаж мөрдөнө” гэх гомдол үндэслэлгүй байна. 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Автобус нэг” ОНӨААТҮГ-ыг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т нэгтгэсэн байх ба Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт 2 буюу хэд хэдэн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг хариуцлагыг шинээр бий болсон хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нийлүүлэх гэж үзэх талаар заасан тул хариуцагч нь хамтын гэрээнд заасан тэтгэмжийг олгох үүрэгтэй. Анхан шатны шүүхээс хуулийн этгээдийг нэгтгэснээс үүсэх эрх зүйн үр дагавар, нэхэмжлэгчид олгох тэтгэмжийн хэмжээний талаар хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01316 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169 438 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                               

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Ч.ЦЭНД

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН