Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 17

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                        Хэргийн индекс: 114/2020/0014/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөрийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Сүхбаатарын талбай 8/1, Сити Тауэр бизнес төвйн байранд байрлах “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох

Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 16/07 тоот “Шарын гол сумын унд, ахуйн цэвэр усны эх үүсвэр, усны нөөц газрын зориулалтаар орон нутгийн хамгаалалтад авах тухай” тогтоолын “*******” ХХК-д холбогдох Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багийн нутаг болох Бууртын хөндий буюу Зоолуу харын хөндийд байрлалтай МV-012415 тоот ашигт малтмалын Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 81,6 га газартай хэсэгчлэн давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” тухай  шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                         П.Энхбаяр,

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                                    В.Энхтамир                                           

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч            Л.Алтанчимэг, Отгончимэд, Б.Лхамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ХХК Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг Бууртын хөндий буюу Зоолуу харын хөндийд анх 2004 оноос өөрийн хөрөнгөөр хайгуулын ажлыг эхлүүлж, улмаар 2007 оны 04 дүгээр сарын 18-нд ашигт малтмалын Ашиглалтын МУ-012415 тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас холбогдох хууль, дүрэм журмын дагуу авч, өөрийн тусгай зөвшөөрөлтэй, эзэмшлийн газарт хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн.

Гэтэл Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №16/07 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Бууртын хөндийн 274.3 га газрыг Шарын гол сумын унд ахуйн цэвэр усны эх үүсвэр, усны нөөц газрын зориулалтаар орон нутгийн хамгаалалтад авахаар болжээ. Тус газар нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөц нь батлагдсан, уулын ажил нэгэнт хийгдсэн, нөөцийн блокын 40 орчим хувьтай тэнцэх манай МУ-012415 тоот Ашигт малгтмалын тусгай зөвшөөрөлтэй 81,6 га газартай давхацсан байна. Энэ нь бидний хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж байгаа тул дараах үндэслэлээр уг тогтоол нь хууль бус болохыг тогтоолгож, хэсэгчлэн давхцаж буй холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Үүнд: Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын №16/07 тоот тогтоолыг Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Тусгай хамгаалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 22.7 дахь заалтыг үндэслэн шийдвэр гаргах Захиргааны ерөнхий хуулийг орхигдуулж тогтоол гаргасан байна. Энэ нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх ажлууд хийгдээгүй, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй, сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй зэрэг Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 зүйлийг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл лиценз эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбогдох хууль, дагалдах журмуудыг судалж, харгалзан үзэлгүй, төрийн болон мэргэжлийн байгууллагаас асуудалтай холбоотой өмнө нь гаргаж байсан дүгнэлт, тооцоолол, судалгаа, шүүхийн байгууллагын тогтоол, бусад мэдээллүүдтэй танилцалгүй зөвхөн нэг талыг баримталж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна. Дээрх Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын хавсралт №1, 2 хэсгүүдэд тусгасан солбицлоор усны нөөц орд газрын хамгаалалтын бүсийг 500 метрээр тодорхойлсон байгаа нь үндэслэлгүй байна. Энэ нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “ Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно, мөн 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно гэсэн заалтыг хэтрүүлэн тогтоосон байна.

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“…Дулаан Шарын гол ТӨХК нь Буянтын голыг дагуулж байгуулсан № 3, 4, 5, 6, 7. 8, 11, 12 дугаартай ус татах 8 худагтай бөгөөд үүнээс зөвхөн 1-2 цооногийг нь ажиллуулж, сумын усны хэрэгцээг бүрэн хангаж ирсэн.Үлдсэн бусад худгуудыг ашиглах шаардлага байдаггүйн улмаас одоог хүртэл ажилд оруулалгүй, насос, хөдөлгүүр, сэлбэг материал, эд зүйлсийг нь тоносон байдалтай байсаар байна. Шарын гол сумын усан хангамжийн нөөц хангалттай болох нь дараах хоёр мэргэжлийн байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр томилж ажиллуулсан шинжээчийн багийн дүгнэлтээр тус сумын одоогийн эх үүсвэрийг 7-10 жил үргэлжүүлэн ашиглах нь зүйтэй. 2008 онд гүний усны түвшин их хэмжээгээр буусан гэдэг нотлогдохгүй харин эсрэгээрээ 30 метрээр өргөгдсөн. Буянтын хөндийн гүний ордын нийт тэжээгдэл нь 1582.55 мЗ/хоног, гүний усны хэрэглээ нь 1200.0 м3/хоног байгаа нь гүний усны баланс хадгалдаж байгааг тогтоосон тухай дүгнэлт гарсан байна.

Мөн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Усны нөөцийн зөвлөлийн хурлаар "Шарын гол” сумын Буянтын хөндийн газрын доорх усны ордын нөөцийн ашиглалтын хайгуулын ажлыг Улсын хөрөнгөөр хийх шийдвэр гарч, улмаар 2019 оны 5 дугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хайгуулын тендер зарлагдаж "Танан Импекс" ХХК шалгаран мөн оны 6-8 саруудад хайгуул судалгааны ажлыг явуулж, 2019 оны 10 дугаар сард Усны нөөцийн зөвлөлийн хурлаар батлуулсан. Тус хайгуулын ажлын дүгнэлтэд Буянтын эх үүсвэрийн газрын доорх усны тэжээгдэл нь 16.2 л/сек, одоогийн хэрэглээ нь 13.8 л/сек байгаа бөгөөд энэхүү орд нь Шарын гол сумын цэвэр усны хэрэглээг 25-аас доошгүй жил хангах боломжтой тухай дүгнэлт гарсан. Үүгээр Шарын гол сумын одоогийн эх үүсвэрийн байгалийн нөөц шавхагдах болоогүй цаашид олон арван жил сумын хэрэглээг хангах боломжтой болох нь удаа дараагийн мэргэжлийн байгууллага, шинжээчдийн судалгаа дүгнэлтээр нотлогдож байна.

Манай газартай давхцаж байгаа газар нь ирээдүйд ашиглах эсэх нь тодорхойгүй усны орд газар юм. Төвлөрсөн усан хангамж биш юм шүү. Хариуцагч талаас худаг, худаг л гэж яриад байдаг гэтэл газар дээр нь очоод үзлэг хийхэд цооног байсан. Бид худаг гэж юуг хэлдэг юм бэ? гэдгийг судалсны эцэст Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа MNS6697-2017 стандартад “... худаг гэдэг нь газрын хэвлийн усыг ашиглах зорилгоор уурхайлан ухаж ханыг нуралтаас хамгаалах хашлага болон шүүрээр тоноглосон усыг газрын гадаргад хүргэх ховоо, насос бүхий усны менежментийн байгууламжийг хэлнэ” гэж заасан байдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэе. Хоёр сайдын хамтарсан тушаал нь хот суурин газрын ариутгах, татуургын тухай хуулийг баримталж гаргасан тушаал юм. Өнөөдрийн бидний тохиолдолд буюу идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа усан хангамж биш юм. Буянт болон яах аргагүй төвлөрсөн усан хангамж мөн юм.

Иймд Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №16/07 тоот “Шарын гол сумын унд, ахуйн цэвэр усны эх үүсвэр, усны нөөц газрын зориулалтаар орон нутгийн хамгаалалтад авах тухай” тогтоолын манай ашигт малтмалын лицензтэй холбогдох хэсэгчлэн давхцаж буй хэсгийг хүчингүй болгож, компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 16/07 тогтоолоор хамгаалалтад авсан газар нь хожим ашиглах цэнгэг усны орд газар юм. Энэ төвлөрсөн усан хангамж биш тогтоолоор эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг тогтоохдоо Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн холбогдох зохицуулалтад заагдснаар 500 метрээр эрүүл ахуйн хамгаалалтын бүс гэж тогтоосон. Бидний зүгээс Барилга, хот байгуулалтын яамнаас лавлагаа авсан бөгөөд тэр лавлагаагаар усны хайгуулын цооногоос эрүүл ахуйн бүс тогтоох асуудлыг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн заалтаар зохицуулдаггүй Усны тухай хуулиар зохицуулдаг гэж тусгасан байдаг. Усны тухай хуулиар шаардлагатай бол 200 метрээр тогтоож болно гэж тус хуулийн 22.3 гэсэн заалт байгаа. Хамгаалалтын бүсийг тогтоохдоо Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг барьж хамгаалалтад авсан холбогдох хууль тогтоомжтой нийцэхгүй байна.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.1-т “төвлөрсөн ус хангамж” гэж ус олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх зориулалт бүхий шугам сүлжээ, барилга байгууламжийг ашиглан хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах үйл ажиллагааг ойлгоно гэж байна. Өөрөөр хэлбэл Буянтын хөндийд байгаа төвлөрсөн ус хангамжаар Шарын голын усны хэрэгцээ хангагдаж байгаа талаар бид маргахгүй. Бууртын хөндийд төлөвлөж байгаа цэнгэг усны орд байгаа хайгуулийн 5-6 цооног ухсан байгаа. Бид маргаан бүхий газарт үзлэгээр очиход 5, 6 цооног байсан. Мөн хожим ундны ус авах болвол яг энэ 5, 6 цооногоос ус авна гэсэн үг бол биш юм. Ахиад хэлэхэд мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд 6 цооногийн 3 нь усгүй талаар дурдсан байдаг. Иймээс хожим 20 жилийн дараа ус татахаар бол дахин мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт гаргаж байж усан хангамжийн төвлөрсөн цэг болгох эсэх талаар яригдана.

Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Шарын гол сумын иргэдийг төвлөрсөн ус хангамжаар хангана гэж үзэж байгаа бол энэ нь тусдаа Усны тухай хуулиар зохицуулагдах ёстой. Тиймээс шүүхээс дүгнэлт хийхдээ 500 метр үү? 200 метр үү? гэдгийг анхаарч үзэхийг хүсэе. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаас өгсөн албан бичгийн биелэлтийг Хараа, Ерөө голын сав газрын захиргааны дарга н.Ариунбаатараас 2020 оны 05 дугаар сарын 13-ны 52 тоот албан бичгээр ажлын товч тайлангаа хүргүүлсэн байдаг. Үүнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2016 оны 02/35 тоот албан бичигт дурдсан асуудлаар ус ашиглах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж зөрчил гаргаагүй гэж мэргэжлийн байгууллага дүгнэсэн байгаа юм.

“Очир ундраа” ХХК-ийн В13 блок нь талбайтай давхцаж байгаа учир ашиглах боломжгүй талаар дурдаад манай зүгээс дээрх блокыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн нөөцийг хүлээн авч бүртгэх тухай тушаалаар өөрийн талбайгаас хасуулсан.Хэргийн газрын үзлэгийг шүүхээс хийсэн бөгөөд уг үзлэгээр хайгуулын 2 цооног байгааг харсан байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хайгуулын цооногийг худаг гэж ярьдаг боловч газар дээр нь очиж үзэхээр хайгуулын цооног байсан. Өнөөдрийн байдлаар цооног гэсэн тодорхойлолт Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрхзүйн актуудад байдаггүй юм байна. Харин худаг гэдэг тодорхойлолт нь Монгол Улсын дээр дурдсан стандартад дурдсан байдаг юм байна лээ тэр стандартыг хурал эхлэхээс өмнө шинжлэн судлуулахаар гаргаж өгсөн.

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийсэн Мегас консалтинг компанийн Бууртын хөндийн ус хуримтлах талбайг хаашаа хаашаагаа 8 км радиус байна гэдэг Монгол улсын хууль тогтоомжид үл нийцэх дүгнэлт гаргасан. Шарын гол сумаас “Очир ундраа” ХХК-ийн талбай хүртэл 6,3 км уурхайн кемпээс Дархан хайрхан уулын хөтөл дээр гарахад 3,7 км хүрэхгүй байдаг. Өөрөөр хэлбэл Дархан хайрхан уул тэр хавийн ус хагалбар цэг юм. Тухайлбал Шарын гол ХК-ийн уурхайн нүүрс олборлолтын бүс ч гэсэн энэ 8 км-т хамаарч байгаа ийм мэргэжлийн бус дүгнэлт гаргасан байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв”.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлд “...Засаг дарга асуудал санаачлан хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй...” гэж заасны хүрээнд сонсох ажиллагааг зохион байгуулсан нь Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №3-10/526 албан бичгээр батлагдаж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Усны тухай хуулиудыг баримталсан.

Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 зүйлийн 28.1.3-т заасны дагуу нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх, иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа бол сонсох ажиллагаа хийхгүй байх хуулийн заалтыг баримталсан. Энэ нь Ч.Оюунчулууны албан бичиг, Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн албан бичгээр нотлогдоно. Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 3.14-д “төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрт хөрсний ус нэвтрэх болон урсгал уснаас шууд тэжээгдэх уст үеэс ус авч ашиглавал эх үүсвэрээс 500 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн хязгаарлалтын бүс тогтооно”.

Мөн газар доорх ус нь байгалиас өөрөө хамгаалагдаагүй онцлог нөхцөлтэй /...Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ус хангамжийн эх үүсвэрийн шинэчлэлийн төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн 44 дүгээр хуудас...ан цавын тархалтын гүн нь 100.0м хүрнэ. Уг тайлангийн 47 дугаар хуудас ...Газар доорхи ус тэжээлээ агаарын хур тунадасны чөлөөт нэвчилтээр авахаас гадна хүрээлэн буй уулсын мужид тархсан ан цавын усажсан бүсийн газар доорх алсын урсацаар авна.

Мөн газар доорх ус нь байгалиас өөрөө хамгаалагдаагүй онцлог нөхцөлтэй. Тайлангийн 51 дүгээр хуудас ...энэ эрүүл ахуйн хамгаалалтын хязгаарлалтын 2-р бүс дотор байшин барилга шинээр барьж тохижуулах, аялал жуулчлалын бааз, амралт сувиллын бэсрэг суурин, зуслангийн цогцолборыг байгуулж хүн амыг төвлөрүүлэн суурьшуулах, газрын хөрсийг ухаж сэндийчлэх, ургамлын нөмрөгийг бохирдуулж гэмтээх, устгах зэрэг аж ахуйн болон инженерийн шийдэлтэй техноген үйл ажиллагаа явуулахыг хориглож байна. Энэхүү 8 ш радиустай бүсэд /Монрок ХХК, Газар хэвлий ХХК, Моручи ХХК, Цагаанхаш ХХК/ эдгээр компаниуд хайгуулын болон ашиглалтын лецинзтэй байгаа тул үйл ажиллагаа явуулахгүй байхыг хатуу сануулж байна. Мөн энэ бүс дотор өөр зорилгоор ус татах байгууламж шинээр байгуулахгүй байх шаардлагатай. Учир нь Шарын гол сумын төвлөрсөн усан хангамжид зориулан Бууртын хөндийн хэсэгт илрүүлсэн газар доорхи усны нөөц баялагт болон горимд сөргөөр нөлөөлж, баталсан нөөцөөс гажих, хэмжээнд хүрэхгүй байх асуудал гарч сумын төвийн усан хангамжид доголдол үүсгэнэ.

Иймд байгаль орчны нарийвчилсан үнэлгээний компанийн зүгээс өгч буй дээрх, зааварчилгааг нарийн чанд сахиж ажиллахыг төслийг хэрэгжүүлэгч байгууллагад хатуу анхааруулж байна. Нэхэмжлэлд дурдсан Усны тухай хуулийн 22.2-т ... 50м-ээс доошгүй, 22.3-т ... 200м-ээс зайд энгийн хамгаалалтын бус, ус хангамжийн эх үүсвэрээс 100м-ээс доошгүй” гэж заасан тул хамгаалалтын бүсийг 500м-ээр авсан нь хууль зөрчөөгүй.

Шарын гол сумын ус хангамжийн өнөөгийн бодит нөхцөл байдал 2019 онд буюу одоо ашиглаж буй хүн амын унд ахуйн усан хангамжийн Буянтын эх талбайд газрын доорх усны ордын ашиглалтын хайгуулын ажлыг Байгаль орчин, жуучлалын яамны санхүүжилтээр хийлгэсэн тайланд Буянтын усны эх үүсвэрийн доорх усны ордны нөөцийг А зэргээр 5 л/сек буюу 432м3/хоног, В зэргээр 10л/сек буюу г, нийт А+В зэргээр 10л/сек буюу 1296м3/хоногоор баталсан. Хайгуулын ажлын дүгнэлтэд ашиглалтын нөөцийн тооцоог одоогийн ус олборлож байгаа ус авах байгууламжийн дээр гидравликийн аргаар тооцож 25 жил ашиглах боломжтой гэж тооцсон боловч байдлаар сумын усны хэрэглээ 1500-2000м3/хоног байгаа нь ашиглалтын хугацааг магадлалтай байна. Одоогийн унд ахуйн цэвэр усны нөөц багасах эрсдэлтэй тул сумын ирээдүйн цэвэр усны нөөцийг хамгаалалтад авах шаардлагатай байна. Тус компани нь Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №02/3540 агбан бичгийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүйн улмаас лицензийн талбайтай газрыг аймгийн тусгай хамгаалалтад авсан.

Хилийн заагийг тогтоохдоо Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралт болох Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 3 дугаар зүйлийн 3.14-т заасныг баримтлсан болно. Иймд “*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч нь Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Шарын гол сумын унд, ахуйн цэвэр усны эх үүсвэр, усны нөөц газрын зориулалтаар орон нутгийн хамгаалалтанд авах тухай” 16/07 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Бууртын хөндийн 274,3 га газрыг Шарын гол сумын унд, ахуйн цэвэр усны эх үүсвэр, усны нөөц газрын зориулалтаар орон нутгийн хамгаалалтанд авахдаа Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3 дугаар зүйлийн 3.5, 3.5.1, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 “Нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох”, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 “Засаг даргын саналыг үндэслэн усны эх үүсвэрийг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргах, хамгаалалтын бүсийн заагийг тогтоох, хамгаалах”, 22 дугаар зүйлийн 22.7 “Гол, мөрөн, нуур, усны эх үүсвэр болон газрын доорх цэнгэг усны орд газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авна” гэсэн хуулийн заалтуудыг тус тус үндэслэжээ.

Нэхэмжлэгч “*******”ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 багийн нутаг Бууртын хөндий буюу Зоолуу харын хөндийд анх 2004 оноос хайгуулын ажил эхлүүлж улмаар 2007 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ашигт малтмал ашиглалтын тусгай 12415/А дугаар зөвшөөрөл авснаар Хонгор сумын Зоолуу хар нэртэй газарт орших 190 гектар талбай бүхий уурхайн талбайд үйл ажиллагаа явуулж байсан болох нь “*******”ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ашигт малтмал ашиглалтын 12415/А дугаар тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1, 2 дугаар хавсралт, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл болон  хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байна.

        Хариуцагчийн “... цэвэр усны нөөц багасах эрсдэлтэй тул сумын усны нөөцийг хамгаалалтад авах шаардлагатай болсон “Очир ундраа”ХХК-нь Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №02/3540 албан бичгийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүйн улмаас лицензийн  81.6 га   газрыг оролцуулан орон нутгийн хамгаалалтад авсан”, хилийн цэсийг тогтоохдоо “...Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 3.14-ийг баримталсан гэх тайлбарын тухайд:

 Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор сумдын нутагт орших Буянтын голын хөндий, Бууртын хөндийд ажилласан мэргэжлийн шинжээчдийн багийн 2016 оны дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 02/3540 дугаартай албан бичгүүдэд “Очир ундраа”ХХК-ийн B-13 дугаар блок нь усны нөөц тогтоогдсон ордын дотоод хуримтлалын талбайтай давхцалтай байгаа нь ордны усны нөөцөд шууд сөрөг нөлөө үзүүлнэ. Харин B-2, B-3, B-4, B-5, B-6, B-7, B-8, B-9, B-10, B-11 блокууд нь Бууртын хөндийн газрын доорх усны хуримтлалын талбайтай давхцалгүй гэхдээ тус компани ашиглалтын нийт хугацаанд өөрийн зардлаар Бууртын хөндийн газрын доорх усны ордын хэмжээнд мониторингийн судалгаа хийж хяналт тавьж байх гэж дурдсан, улмаар Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн  “Нөөц хүлээн авч бүртгэх тухай” тушаалаар B-13 дугаар блок хасагдсан байна.

Гэтэл хариуцагч нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 “Нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох”, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 “Засаг даргын саналыг үндэслэн усны эх үүсвэрийг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргах, хамгаалалтын бүсийн заагийг тогтоох, хамгаалах” гэж хуулинд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 ”Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” 25 дугаар зүйлийн 25.1-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргаааны байгууллага дараах байдлаар цуглуулна” 25.1.1 ”ач холбогдол бүхий мэдээлэлийг цуглуулах” 25.1.2 “оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах” ажиллагааг хуулийн дагуу хийгээгүйн улмаас “*******” ХХК-ийн эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөц нь батлагдаж, уулын ажил хийгдсэн тусгай зөвшөөрөлтэй 81,6 га газрыг давхцуулан орон нутгийн хамгаалтанд авч хилийн заагийг тогтоохдоо Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 3.14-т “төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрт хөрсний ус нэвтрэх болон урсгал уснаас шууд тэжээгдэх уст үеэс ус авч ашиглавал эх үүсвэрээс 500 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн хязгаарлалтын бүс тогтооно гэх заалтыг баримталсан нь үндэслэлгүй байна.

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно, 22.3 “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэсэн заалт нь маргаан бүхий актанд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал Т.Гантөмөрийг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 16 дугаар хуралдаан 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагт эхлэх өмнөх өдөр буюу 19-ны өдрийн 11 цагт сонсох ажиллагаанд оролцохыг мэдэгдсэн гэх боловч, захирал Т.Гантөмөр нь 05 дугаар сарын 18-ны  өдөр ирээд сонсох ажиллагаа бол оролцохгүй гэснээс үзэхэд сонсох ажиллагааны мэдэгдлийг “*******” ХХК-д хэзээ мэдэгдсэн нь тодорхойгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж заасны дагуу  сонсох ажиллагаа явуулсан гэж үзэхгүй,  Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 “Иргэн, хуулийн этгээдийн өргөдөл,гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд” сонсох ажиллагаа хийх шаардлагүй гэх хуулийн заалт нь хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд байхгүй тохиолдолд хэрэглэх боломжтой юм.

     Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.1-д заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай  нотлох баримтыг “ач холбогдол бүхий мэдээллийг” цуглуулах атал Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 16/07 дугаар тогтоолыг гаргахдаа  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч Ч.Оюунчулууны 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 01 тоот албан бичиг, Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Дэмжлэг хүсэх тухай” 27 тоот албан бичиг, Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн болон Засаг даргын “Хариу хүргүүлэх тухай”  47, 1/335, Хонгор сумын Засаг даргын “Хариу хүргүүлэх тухай”  1/335,  Хараа Ерөө голын сав газрын захиргааны “Санал хүргүүлэх тухай” 51,52  Байгаль орчин, аялал жуучлалын газрын “ Санал хүргүүлэх тухай” 128, Байгаль орчин, аялал жуучлалын яамны 2016 оны 02/3540,  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Асуудал хэлэлцүүлэх тухай” 1-10/275 тоот албан бичгүүд, Байгаль орчин, аялал жуучлалын яамны 2019 оны А/489 дугаар тушаал зэргийг тус тус үндэслэл болгосон байгаа нь дээрх хуулинд нийцүүлсэн гэж үзэхээргүй байна.

       Иймд хариуцагч  Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 16/07 тоот “Шарын гол сумын унд, ахуйн цэвэр усны эх үүсвэр, усны нөөц газрын зориулалтаар орон нутгийн хамгаалалтад авах тухай” тогтоолын улмаас нэхэмжлэгч  “*******” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй 81,6 га газрын ашиглах эрх зөрчигдөж байх тул  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т заасныг баримтлан “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 16/07 дугаар “Шарын гол сумын унд, ахуйн цэвэр усны эх үүсвэр, усны нөөц газрын зориулалтаар орон нутгийн хамгаалалтад авах тухай” тогтоолын “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргагч, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                 

 

ШҮҮГЧ                                Ж.ОЮУНЧИМЭГ