Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2014/0013

 

2014 оны 01 сарын 02 өдөр                    Дугаар 13                       Улаанбаатар хот

 

С.Т-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.О нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 408 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.Т-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний хүүхэд болох Ц.Х нь А.Ц-тай 2007 онд нэг гэрт орж амьдарсан, ингэхдээ албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй юм. Ц.Х нь 2011 оны эхээр Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд өргөдөл өгч Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хангайн ** дугаар гудамжны ** тоотод байрлах газрыг эзэмшихээр болж улмаар 2012 оны 4 дүгээр сарын 20-нд гэрчилгээ гарсан. Гэтэл хүү Ц.Х нь 2012 оны 02 дугаар сарын 27-нд нас барсан юм. А.Ц нь энэ хугацаанд бараг хамт амьдраагүй юм. Энэ газар дээр манай охин Ц.М болон миний зүгээс хөрөнгө мөнгө гарган 48 м.кв болон 64 м.кв талбай бүхий 2 хувийн сууц бариулсан юм. Гэтэл А.Ц нь 2013 оны 5 дугаар сарын 10-нд уг газрын өмчлөх эрхийн гэрчилгээ болон 2 хувийн сууцны гэрчилгээг авсан байна. А.Ц нь хууль ёсны өвлөгч биш байхад газар өмчлүүлэх шийдвэр гарсан байна. С.Т миний бие Иргэний хуулийн 520.1.1-д зааснаар хууль ёсны өвлөгч мөн байсаар байхад хууль зөрчин гэрчилгээ авсан байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 0035158 дугаартай газар өмчлүүлэх шийдвэр болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газраас олгосон 000244385 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 86 тоот шийдвэрийг үндэслэн иргэн Ц.Х-д тус дүүргийн ** дугаар хороо, Хангайн **-* тоотод амины хашааны зориулалтаар 531 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна. Уг газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээ нь 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гарсан байх бөгөөд энэ хооронд иргэн Ц.Х нас барсан байна.

2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 650 тоот шийдвэрийг үндэслэн иргэн А.Ц-д 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус газрыг эзэмших эрхийг шилжүүлэн эзэмшүүлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/15 тоот захирамжаар өмчлүүлсэн байна.

Иргэн А.Ц-д тухайн газрыг өмчлүүлсэн нь иргэн С.Т-ын эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хангайн ** дугаар гудамжны ** тоот хаягтай 48 м.кв талбайтай 100 хувийн гүйцэтгэлтэй, 64 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй 2 ширхэг хувийн сууц нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2201032366 дугаарт бүртгэлтэй байх бөгөөд анхны өмчлөгчөөр иргэн А.Ц /М389111882/, Ц.А /М308210301/, Ц.Х /М310252217/ нар бүртгэлтэй байна. Уг хувийн сууцыг бүртгэхдээ Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/15 тоот захирамжаар олгогдсон 531 м.кв газар өмчлүүлэх шийдвэр, газрын кадастрын зураг, газрын төлөв байдлын хянан баталгааны дүгнэлт, иргэн А.Ц-ийн бүртгүүлэхийг хүссэн хүсэлт, байшингийн фото зураг, палан зураг зэрэг нотлох баримтыг үндэслэн бүртгэсэн байх бөгөөд иргэн А.Ц, Ц.А, Ц.Х нарт олгогдсон 000244385 тоот гэрчилгээ, Ү-2201032366 тоот бүртгэлийг хүчингүй болгох хууль, эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд С.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд А.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: "... Нэхэмжлэгч С.Т-ын хүү Ц.Х-тай 2007 оны эхээр танилцаад тэр оныхоо 6 дугаар сард Сонгинохайрхан дүүрэг ** дугаар хороо, Хангайн ** дугаар гудамжны * тоотын 48 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй 4:6 хэмжээтэй өвлийн байшинтай хашааг бид 2 худалдаж аваад нэг гэрт орж хамт амьдарсан. Охиноо төрсний дараа 4:6 хэмжээтэй байшингаа томсгоод 4:12 болгосон. 2009 оноос хашаагаа томсгож аваад, 2011 онд 8:8 хэмжээтэй мансардтай байшин барьж эхлээд 70 хувийг гүйцэтгээд дутуу орхисон. Миний бие Ц.Х-тай 2007 онд хамт амьдарснаас хойш 2008 онд охин Ц.А, 2010 онд хүү Ц.Х нар төрсөн.

Би Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хандан 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 650 тоот шийдвэрээр хамтын амьдралтай байснаа тогтоолгосон. Бид 2 хамт амьдарч байхдаа хашааныхаа бичиг баримтыг авахаар дүүрэгт хандсан байсан бөгөөд Засаг даргын захирамж гарахдаа манай нөхрийн нэрээр гарсан байсан. Үүнийг хэрхэх тухай газрын албанд хандсан чинь хамтын амьдралтай байснаа тогтоолгоод өгвөл өөрийн чинь нэр дээр гаргаад өгий гэснээр Иргэний хуулийн 520.1.1-д зааснаар нас барагчийн эхнэр, төрүүлсэн хүүхэд нь тэргүүн элжинд өв залгамжлах эрхтэй гэж заасны дагуу хашааны бичиг баримтыг өөрийнхөө нэр дээр гаргуулж авсан болно.

Иймд нэхэмжлэгч С.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүйд тооцсон шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 408 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.2, 60 дугаар зүйлийн 60.1.4, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн А/15 дугаар захирамжийн иргэн А.Ц-д холбогдох хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2201032366 дугаар улсын бүртгэл, 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 000244385 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий иргэн С.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч С.Т-ын өмгөөлөгч Б.Э миний бие нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 408 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

  1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 520.1.1 дэх заалт болон Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийг огт хэрэглээгүй буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иргэн А.Ц-г Ц.Х-тай хамт амьдардаг байсныг тогтоосон Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийдвэрийг үндэслэсэн Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Тус шүүхийн шийдвэр нь А.Ц-г албан ёсны эхнэр, гэрлэлт гэж тогтоосон зүйл биш юм. Энэ нь Гэр бүлийн тухай хууль, Иргэний хуультай зөрчилдсөн дүгнэлт болсон байна.
  2. Талийгаач Ц.Х-ийн төрүүлсэн эх болох С.Т нь Иргэний хуулийн 520.1.1-д зааснаар өвлөх эрхтэй байсаар байхад Нийслэлийн Засаг даргын газар өмчлүүлэх шийдвэр гарснаар нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж зөрчсөн, цаашид нотариатад хандах боломжгүй болгож буй юм.

Дээрх үндэслэлүүд нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд 408 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд маргаан бүхий захиргааны актууд нь хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Гуравдагч этгээд А.Ц-ийн нөхөр Ц.Х-д Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 86 дугаар захирамжаар, тус дүүргийн ** дугаар хороо, Хангайн **-*тоотын 531 м.кв газрыг амины хашааны зориулалтаар эзэмшүүлсэн байна. Тэрээр газар эзэмших эрхийн гэрчилгээ авахаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад 2011 онд өргөдөл гаргасан боловч тухайн өргөдлийг шийдвэрлэж, гэрчилгээ олгохоос өмнө буюу 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нас баржээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар иргэн А.Ц-ийн гаргасан өргөдөл, түүнд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, нэгж талбарын 18636310797587 дугаар бүхий 531 м.кв газрыг эзэмшүүлсэн шийдвэр, гэрчилгээ, Ц.Х-тай хамтын амьдралтай байсныг тогтоосон Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 880 дугаар шийдвэр болон түүний хоёр хүүхдийг Ц.Х-ийн асрамжид байсныг тогтоосон тус дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 650 дугаар шийдвэр зэргийг үндэслэн А.Ц-д дээрх 531 м.кв газрыг өмчлүүлсэн нь нэхэмжлэгч С.Т-ын хууль ёсны эрх, ашгийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх энэ талаар "... нэхэмжлэгч С.Т нь уг газрыг эзэмших талаар эрх бүхий байгууллагын шийдвэргүй, Ц.Х-тай маргаан бүхий хашаанд болон нэг ам бүлд амьдарч байгаагүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж гэж үзэхгүй” гэж зөв дүгнэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар нь хуульд заасан баримтуудыг үндэслэн, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/15 тоот захирамжаар А.Ц-д өмчлүүлсэн газар болох Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хангайн ** дугаар гудамжны ** тоотод байрлах 48 м.кв талбай бүхий хувийн сууц, 64 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг улсын бүртгэлийн Ү-2201032366 дугаарт бүртгэж, 000244385 дугаар бүхий гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу явагдсан ажиллагаа байх тул энэхүү бүртгэлийг хууль бус гэж үзэх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн "... Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д болон Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийг огт хэрэглээгүй, хэргийг буруу шийдвэрлэсэн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь, Захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар захиргааны байгууллагаас гаргасан захиргааны акт хууль зөрчсөн эсэх, тухайн актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг шалгаж тогтоох үүрэгтэй, харин энэ тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон гомдолд дурдсан өв залгамжлалтай холбоотой, хууль ёсны өвлөгч мөн эсэх асуудлыг шийдвэрлэхгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргасан байх боловч шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг шалгаагүй, нотлох баримтыг дутуу цуглуулсан байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1,

87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 408 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.