| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0105/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/104 |
| Огноо | 2020-03-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШЦТ/104
2020 03 30 2020/ШЦТ/104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунтуяа,
улсын яллагч М.Гансувд,
шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Б.Сувдмаа,
хохирогч Б.Түмэнжаргал, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т Г.Сд холбогдох эрүүгийн 1934011640062 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Булган аймгийн Бүрэгхангай суманд 1985 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой арьс гоо засалч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр 4 хүүхдүүдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Т Г.С
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.С нь согтуугаар, Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багт 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б.Түмэнжаргалыг нөхөртэйгөө хардсаны улмаас маргалдаж, улмаар Б.Түмэнжаргалыг зодож хутгаар хатган эрүүл мэндэд нь “дух, хамар, баруун ташаа, зүүн гуя, зүүн өвдөгөнд үүссэн нөсөөжилт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С:
...2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Б.Түмэнжаргал руу би ярьсан. 17 цагийн үед байх хүүхэд халуураад байна сувилалаар эм байна уу гээд ярьсан. Тэгтэл байгаа ш дээ эгчээ гэсэн. Тэгэхэд манай нөхөр байхгүй Булган манай ахынх руу явсан байсан. 19 цагийн үед Б.Түмэнжаргал 2 эм бариад ирсэн. Урьд нь асуудалтай байсан болохор хоол унд өгчихөөд хоёулаа пиво уух уу гэсэн чинь тэгий л даа гэхээр нь би дэлгүүр явж пиво авч ирсэн. Тэгээд хоёулаа уугаад нэлээд согтсон. Б.Түмэнжаргал согтсон. Би хүүхдүүдтэй юм болохоор арай гайгүй байсан. Б.Түмэнжаргал буйдан дээр хэвтээд өгсөн. Б.Түмэнжаргал жоохон хэвтэж байгаад явдаг юм уу гэхээр нь тэг тэг гээд юм дэвсэж өгөөд хөнжил тавьж өгсөн. Тэгсэн чинь утас нь дуугараад л байхад салгаад хөнжил дотроо хийгээд байсан. Би тухайн үед анзаараагүй. Тэгсэнээ бөөлжлөө гээд гараад гүйгээд явсан. Утас нь орны хөнжилийн тэнд унагаагаад үлдээсэн. Утас нь дуугараад байхаар нь би очоод нөхөр нь юм байх гээд авсан чинь танихгүй дугаар нөхөр гэж бичсэн зүйл байхгүй байсан. Утас нь дуугарахаа больсон чинь дэлгэц дээр нь манай ах Сайнхүү гээд төрсөн ахын 80609090 гэсэн тийм дугаараас мессэж ирээд дугаар нь гараад ирсэн. Би ямар сонин юм гээд үзсэн чинь “юу хийж байна. Хайртай шүү ч гэл үү хайраа ч гэл үү тэгж байгаад өөрийнхөө утаснаас мессэж бичий гээд биччихсэн байсан. Би тэр мессэжийг хараад орж ирэхэд нь яагаад манай утаснаас чамд мессэж ирдэг юм гэсэн чинь юу яриад байгаа юм бэ тийм мессэж ирэх ёсгүй гэсэн. Тэгэхээр нь би энэ Түвшээ байна гээд хэлсэн чинь юу яриад байгаа юм гээд нэг мэдэхэд уурласандаа ч тэгсэн юм уу уусан юмандаа ч тэгсэн юм уу хоёулаа баахан зодолдсон байсан. Тэгэхдээ хутга аваад яацан байсан. Өөрөө сүүлдээ эгчээ миний бөөрнөөс цус гараад байна ш дээ гэхэд би сэргэсэн. Эмч дуудъя гэсэн чинь үгүй үгүй би тэгж нүдний булай болмооргүй байна, зүгээр гээд миний нүүр хөвөнг аваад дарсан. Тэгээд одоо гайгүй байх та хэрвээ эмч дуудвал хотоос ирдэг асрамжийн эмч байдаг тэрийг л дууд бусдын бол дуудаж болохгүй шүү гэсэн. Тэгэхээр нь би дарга нарын байранд байдаг болохоор нь тийш нь гүйж очоод дуудсан чинь тэр эмч байхгүй байсан. Хаалга үүдийг нь онгойлгохгүй байсан. Асрамж руу гүйгээд очсон хаалга нь цоожтой байсан. Нүдээд жижүүр нь байхгүй байсан. Бондоо гээд эгж жижүүрээр гарч байсныг мэдсэн байсан. 3 давхар луу нь Бондоо эгч гээд дуудсан чинь тагтан дээр нь гараад ирсэн. Манайд хүн гэмтчихлээ та очоод боогоод өгөөч гэсэн чинь за за эгч нь тэгвэл тусламжийнхаа хайрцагийг аваадий чи явж бай араас чинь очъё гэсэн. Тэгээд ирээд Бондоо эгчийг дуудчихлаа гэсэн чинь юу яриад байгаа юм бэ би тэрэнд чинь үзүүлэхгүй, тэгж Баянголынхоны нүдний булай болмооргүй байна явуулаач та ямар муухай юм гээд байсан. Тэгэхээр нь зүгээр биз чи дараа нь намайг яачив гэсэн чинь зүгээр зүгээр одоо ингээд цус нь тогтчихлоо гэсэн. Тэгэхээр нь би гүйж гараад харсан чинь Бондоо эгч асрагч Оюун-Эрдэнэ гээд эгчтэй тусламжийн хайрцагаа бариад манайх руу ирж байхаар нь урдаас нь гүйж очоод нөгөө хүн маань зүгээр гэнээ гайгүй болчлоо гэж байна гэсэн чинь тэгвэл ашгүй гээд цаашаа яваад өгсөн. Тэгээд хоёулаа эвлэрсэн. Ямар ч ухаан алдаж унасан юм байхгүй. Маргааш нь 9 цаг өнгөрч байхад очиход усанд ороод зүгээр болчихсон боолт хийлгэсэн байсан. Зүгээр зүгээр гээд инээгээд зогсож байсан. Аягүй худлаа хэлж байна энэ хүн. Маргааш нь 3 удаа очсон. Дарамталсан юм байхгүй. Ажлаасаа гарна гэж хэлсэн. Энэ хүн худлаа хэлж байна. Тийм л юм болсон... гэж,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Түмэнжаргал:
...2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажил тарах гээд 18 цагийн орчим Г.С залгаад миний дүү хүүхэд өвдөөд байна эм байна уу гэсэн. Тэгэхээр нь байгаа эгчээ гээд аваад очсон. Тэгсэн гэртээ хүүхдүүдийн хамт байсан. Хүүхдийн гадна талаас нь ажсан чинь хацар нь улайгаад ерөнхийдөө гайгүй байхаар нь эмийг нь та өгөөрэй гээд суусан чинь миний дүү цай уу гэсэн. Тэгээд суугаад цай уусан. Дараа нь миний дүү пиво уу гэсэн. Би 2,5 литр пиво уусан гэж үзэхгүй байгаа. Би манараад тэгээд нэг мэдэхэд тэдний буйдан дээр миний утас дуугараад сэрсэн. Сэрсэн чинь манай нөхөр залгаад чи хаана байгаа юм бэ гэхээр нь би айлд байна гээд тэгээд гарчаад буцаад орж ирсэн чинь манай нөхрөөс чамд мессэж ирлээ гэхээр нь ямар мессэж ирсэн юм бэ би харъя гэсэн чинь миний утсыг эвдчихсэн. Би нүдээрээ харах гээд утсаа засуулах гээд зөндөө явсан. Гэвч утас бол засрахгүй, засрахгүйгээр эвдэрсэн байна гэдэг юм ярьсан. Хоёрдугаарт нэг мэдэхэд над руу ална гээд дайрахаар нь энэ хүнээс зугатахгүй бол болохгүй байна гээд зугатах гээд явж байсан чинь хананад шахаад зогссон. Би аягүй их айсан, шоконд орсон. Цаашаа юу болсныг мэдэхгүй байгаа. Тэгээд унтаж байгаад өглөө нь би гэнэт сэрээд тэр үед үүр цайж байсан байх. Би ерөөсөө явахгүй бол болохгүй юм байна гээд энэ хүнийг дуудахад энэ хүн сэрээгүй, тасарсан согтуу байдалтай байсан. Сая миний өөдөөс хараад худлаа мэдүүлэг өгч байна. Байрандаа очоод нөгөө эмчээсээ яаралтай тусламж аваад тэр хооронд аягүй их цус алдаад байсан болохоор ухаан алдаад уначихсан. Архаг ангинтай болохоор тодорхой хэмжээнд шоконд орсон байх гэж бодсон. Энэ хүнийг надаас уучлалт гуйгаад ирэх болов уу хүн амьтанд янз бүрийн юм яриад яахав дээ Баянголын хүн бүхэн дэл сул яриа ихтэй байдаг болохоор огт хүмүүст юм яриагүй. Шархаа ийм байдалтай эдгэнэ гэж бодоогүй. Тэгээд бас хүний нутагт ахаа эгчээ гээд явж байсан хүмүүстэйгээ муухай юм даа шарх эдгэсний дараа хэл амаа олох болов уу гэсэн чинь энэ хүн намайг дарамталсан мессэж бичсэн. Хүмүүст хэлдэг юм шиг байгаа юм. Танай эмч чинь манай нөхөртөө явалдаад манай нөхөр ажлаасаа гарсан гэж ярьдаг юм шиг байгаа юм. Би тэр хүнийг ажлаас нь гаргаагүй ш дээ. Яагаад надад ингээд байгаа юм бэ. Би тэр хүний нэр хүндийг бодоод юу ч яриагүй. Түцэндээ орж ирсэн хүнд хэлдэг гэсэн. Сувилалын эмч Б.Түмэнжаргал манай нөхөртэй явалдаад манай нөхөр байхгүй гэж яриад удаа дараа миний нэр хүндэд халдсан зүйл гаргаж байгаа. Дарханаас өдрийн амрагчаар ирсэн хүн байсан. Рактай, хорт хавдартай элэгний цирозтой хүн байгаад цус алдаад эмчээ хүргээд өгөөч гэхээр нь хүргэж өгсөн. Тэр нутгийнханы хувьд би гаднаас ирж ажиллаж байгаа тэнд байгаа хүмүүс дандаа ах дүү хамаатан садан хүмүүс байдаг. Миний гараад явсан гэдгийг хүртэл мэдчихсэн байгаа байхгүй юу. Би чинь тэнд жолоочтой явж байхад чи Түвшинжаргалтай уулзсан байна би чамайг ална чи дөрвөн хүүхдийн тэтгэмж өг гэсэн. Би хэлсэн эгчээ би утсаа шүүлгэхээс огт айхгүй байгаа надад асуудал байхгүй учраас би айхгүй байна миний мессэнжирийг шалгуулна гэсэн болноо би тэр асуудал дээр ач холбогдол өгөхгүй байгаа гэсэн. Тэгээд яасан бэ гэхээр би дуудлаганд явсан чинь манай нөхөртэй уулзсан чамайг ална 4 хүүхдийн тэтгэмж өг цалин мөнгийг чинь өгүүлэхгүй гэдэг асуудал ярьсан. Та үнэн мөнийг тодруулчихаад надтай харьц гэдэг зүйлийг би хэлсэн. Би хүн ёсны үүднээс уучлалт гуйх болов уу гээд хүлээсэн. Манай гэрийнхэн сүүлд очиж уулзсан тэгэхэд Мөнхзул миний нүүрийг маажсан. Шарх нь дээр миний шарх бол нэг ёсондоо гипирторофик шарх хутганаас үүссэн. Энэ шарханд эмчилгээ хийлгэхээр шарх хуучраад тухайн хэрэг болсноос хойш 1-6 сарын дараа эмчилнэ. Эмчилдэг эмнэлэг нь Перпект эмнэлэг. 12 дугаар сарын 02-ны өдөр Мөнхзулыг ажлын байр нь дээр байлгаж байгаад нүүрээ маажуулсан. Тэр шарх нь овоосон хатуу шарх болохоос биш ховхроод унадаг шарх биш. Прокурорт өгсөн зураг нь дээр байгаа энэ шархны доод хэсэгт цус хурсан болохоос биш тэр хүн миний шархыг нэлэнхүйд нь хуулаагүй юм. Гипирторофик шарх хумсанд хуулардаггүй юм. Та хутгаар гэмтээсэн ш дээ. Одоо миний бие нь дээр тэр хар хөх толбонууд бүгдээрээ байгаа. Гуя нь дээр 4, 5 байгаа. 12 сард хотод эмчилгээнд орох гэсэн чинь очир байхгүй танил талгүй гээд хотод эмнэлэгт хэвтэж чадаагүй. Тэгээд Увс аймагт очиж эмчилгээ хийлгэсэн. Нэг хэсэг бараг нойрны эмтэй унтаж байсан. Юм бүхнээс айдаг болсон. Одоо хүртэл ажлаа хийх чадваргүй болсон. Мартамхай болсон. Намайг ийм л болгосон. Монгол хүн, эмэгтэй хүн байж хутгаар хүний биед хүрэхээр шашин төр, ёс заншилтай хүмүүс байж хүрэхээр яаж хямрах уу та бодоод үзээрэй. Би урьдных шигээ сэргэлэн цовоо сэтгэж чадахаа больсон. Би байнгын айдастай нэг бол ууртай, шөнө унтаж чадахгүй. Тэнгэр муухай болохоор шархнууд таталдаж өвдөнө, загатана. Духны шарх одоо хүртэл эдгээгүй. Би Солонгос улс руу зөндөө материал явуулсан. Тэндээс эмчлэхгүй манайх гоо сайханы хагалгаа хийдэг болохоос нөхөн сэргээх хагалгаа хийхгүй гэсэн хариу өгсөн. Би арьс судлалын эмнэлэг гээд зөндөө эмнэлэгээр явсан. Өөрөө эмч хүн учраас судалж байгаад Перпект эмнэлэг орсон. Хамрын шархыг та одоо хар одоохондоо хүн амьтанаас нуугаад л кремдсэн байгаа одооо хүртэл энэ сорви байгаа духных бас байгаа одоо дахиад 3 сарын эмчилгээ хийлгэнэ шархыг шинэ үед нь оролдож болохгүй оролдох юм бол хэд дахин овоосон шарх үүснэ. Би энийг хүлээхээс өөр арга надад үлдээгүй. Тэр үед яасан бэ гэхээр тэр хавийн хүмүүст дандаа худлаа мэдээлэл өгсөн. Тэгсэн тэр хавийн хүмүүс нь ирээд танай эмч ажиллаж байгаа юм уу, Түвшээг салгаад аваад явсан гэж Түвшээгийн эхнэр хэлсэн ш дээ гэсэн байдаг. Тэр чинь надад ирдэг ш дээ. Би таньд анх итгэсэн ёс зүйтэй хүлээсэн. Эмнэлгээр явж байгаад одоо дахиад намар 3 удаагийн эмчилгээ дутуу байгаа . Бас хөл гарын шарх аягүй их өвдөлттэй байгаа. Сая манайхыг тусгаарлаад миний картыг гаргахгүй болсон. Миний баруун бөөрөнд киста үүссэн байгаа. Баруун бөөрөнд иртэй зүйлээр хүрсэн учраас ялангуяа туранхай бие жижигтэй эмэгтэй хүнд гадна бөөрний өөх байхгүй учраас явцдаа чиний гадна талын хальсанд нь усжилт үүссэн байна гэсэн. Та намайг ийм л болгосон. 800000 төгрөг өгөөд тохиролцъё гэсэн би тэр мөнгийг авахгүй гэсэн. Надад 800000 төгрөг өгөөд нэг юм нь дээр бичилт хийлгэчихээд дараа нь би хохирлоо нэхэмжлэх боломжгүй болвол яах бэ гэж бодсон. Сүүлд 1000000 төгрөг өгье чи авчих гэсэн. Манай гэрийнхэн хүртэл яагаад хүн доромжилоод байгаа юм бэ хүнийг ийм болгочихоод гэсэн. Эндээс болоод манай нөхрийн ажил хүртэл хэцүүдэж байгаа. Ээж байнга айдастай амиа хорлочих вий дээ миний хүү харахаас өөр арга байхгүй гэдэг. Та намайг ийм л байдалд оруулсан ш дээ. Би хүн чанарын хувьд хүний нутагт явж байгаа нэг нутгийн хүн гээд хүн чанартай хандсан шүү. Ингэсэн тэгсэн гээд ярьж яваагүй. Таныг уучлалт гуйх байх гэсэн улам дарамталсан. Өнөөдөр ажлаас чөлөө авсан. Манайх тусгаарлах байр болсон. Манайх миний цалингаар амьдардаг. Би зээлтэй бас давхар эмчилгээ хийлгэж байна. Ээжээсээ ээжийнхээ хамаатан саднаас зээлж байгаа. Хөдөө ээж аавдаа үр хүүхдээ харуулж байгаа. Таны хийсэн үйлдлээс ийм болж байгаа... гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн 1934011640062 дугаартай хэрэгт зөрчлийн хэргийн хохирогчоор Б.Түмэнжаргал /хх-ийн 16 дугаар хуудас/, зөрчлийн хэргийн холбогдогч Г.С /хх-ийн 17-18 дугаар хуудас/, хохирогч Б.Түмэнжаргал /хх-ийн 27-29 дүгээр хуудас/, гэрч Б.Түмэнжаргал /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, шинжээч И.Ганболор /хх-ийн 41-42 дугаар хуудас/, яллагдагч Г.С /хх-ийн 47-49 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №10 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 07/56 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн Батсүмбэр сумын цагдаагийн хэсэгт гаргасан гомдол /хх-ийн 2-4 дүгээр хуудас/, хохирлын баримтууд, гэрэл зургууд /хх-ийн 6-13 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/, цагдаагийн ерөнхий газрын асап сангийн лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/, Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 54 дүгээр хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 55-62 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Г.С нь согтуугаар, Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багт 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б.Түмэнжаргалыг нөхөртэйгөө хардсаны улмаас маргалдаж, улмаар Б.Түмэнжаргалыг зодож хутгаар хатган эрүүл мэндэд нь “дух, хамар, баруун ташаа, зүүн гуя, зүүн өвдөгөнд үүссэн нөсөөжилт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах хохирогч Б.Түмэнжаргалын ...Би 2019 оны 10 дугаар сарын 16-ны орой ажил тараад байж байхад С нь миний гар утас руу залгаад манай хүүхэд өвдөөд байна, халууны эм байна уу гэхээр нь байгаа гэж хэлтэл аваад хүрээд ирээч гэсэн. Тэгэхээр нь би тэдний гэрт 19 цагийн орчим Сын гэрт очсон. Тэгэхэд С хүүхдийнхээ хамт байсан. Тэгээд тэнд цай унд уугаад байж байтал С нь эгчийн дүү пиво уу гээд өгсөн. Тэгэхээр нь би уусан. Бид хоёр хамт 2,5 литрийн савтай пиво оруулж ирсэн. Тэгээд би тэдний буйдан дээр хэвтэж байсан. Тэгтэл миний гар утас дуугарахаар нь утсаа аваад нөхөртэйгөө ярьчихаад тэгээд гарч бие засчихаад орж ирсэн. Тэгтэл С нь чиний утсанд манай нөхрөөс чамд мессэж ирлээ гэсэн. Тэгэхээр нь би юу гэж тийм юм байхав дээ миний гар утсанд мессэж ирэх ёсгүй гэж хэлтэл миний гар утсыг С шидэж эвдсэн байгаа. Тэгтэл С нь гартаа хутга бариад чамайг ална гээд надруу дайрсан. Тэгээд би юу болсныг нь санахгүй байна. Маргааш өглөө нь 04-05 цагийн орчим би сэрээд хартал миний хөлнөөс цус гарсан байсан. Тэгэхээр нь би тэдний гэрээс гарч яваад өөрийн амьдардаг гэртээ ирээд байж байтал толгой эргээд байсан. Тэгээд удалгүй ухаан алдаж унасан. Тэгээд гэнэт манай байгууллагын хонх дуугарахаар нь би ухаан орсон. Тэгээд манай байгууллагад хамт ажилладаг эмчийг дуудаад эмчилгээ хийлгэсэн байгаа. Тэр өдөр С нь өдөр нь ирээд ахин надруу уурлаж чамайг ажилгүй болгоно манай ээж энэ байгууллагад ажилладаг гэж уурлаж байгаад гараад явсан. Тэгээд тэр өдөр нь ээж нь мөн ирээд над руу уурлаж бос чи яагаад хэвтээд байгаа юм бэ гэж уурлаж загнасан... ...Сын аавынх нь гэрт болсон тэнд С хүүхдийнхээ хамт байсан. Өөр хүн байгаагүй... ...С нь тухайн үед согтуу байсан... ...Миний хамар, гуя, дух, баруун бөөр хэсэгт хутгаар хэд хэдэн удаа зүссэн байсан. Бас миний зүүн хөлийн гуя хэсэгт нь өшиглөж гэмтээсэн байсан. Би маш их гомдолтой байна. Намайг утсаар загнаж дарамталдаг бас ээж нь хүртэл намайг айлгаж дарамталдаг. Би өөрт учирсан хохирлоо баримтаар нэхэмжилнэ... ...Би эмчилгээний зардалд нийт 1.300.000 төгрөг орчим зардал гаргасан байгаа. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа... /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,
гэрчээр Б.Түмэнжаргалын ...2019 оны 10 дугаар сарын 16-нд Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багт байрлах сувилалд ажиллаж байхал 18 цагийн үед манай сувилалд ажиллаж байсан С утсаар залгаад манай хүүхэд халуураад эм байна уу ажил чинь тарж байгаа юм чинь хоёулаа жоол юм ярьж сууя гэхээр нь зөвшөөрч 19 цаг болж байхад гэрт нь очсон... ...хэдэн цаг болж байсныг мэдэхгүй 22 цагийн үед байх бие засчихаад эргээд ороод ирсэн чинь С эгч миний утас руу захиа манай нөхрөөс ирсэн байна энэ ямар учиртай юм бэ гэсэн. Би тийм зүйл байх ёсгүй алив утсаа харъя гэтэл миний утсыг шидээд над руу дайрч хананд намайг шахаад зогсож байсныг санаад байна. Тухайн үед юу болоод байгааг санахгүй ухаан балартсан. Нэг мэдсэн өглөө 5 цаг болж байхад буйдан дээр нь сэрээд явахгүй бол болохгүй юм байна гэж бодоод утсаа хайсаар байгаад олж аваад гэртээ ирсэн ... ...Тэгээд толинд харсан чинь миний хамрын үзүүр, дух, зүүн гуянд 3 газар, өвдөгөнд 2, баруун бөөрний хэсэгт мэсний шарх болсон байсан... ...гомдолтой байна. Эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон... /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
шинжээч И.Ганболорын ...Дух, хамар, баруун ташаа, зүүн гуя, зүүн өвдөгөнд үүссэн нөсөөжилт нь хуучин гэмтэл байсан... ...хуучин гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... ...хөнгөн гэмтэлд хамаарна... /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
яллагдагч Г.Сын ...Би 2019 оны 10 дугаар сард гэртээ байж байтал манай сумын асрамжийн сувилалд ажилладаг Отгонбаяр гэж хүн ирээд надад хэлэхдээ танай нөхөр Түвшинжаргал чинь асрамжийн газрын эмч Түмэнжаргалтай явалддаг юм байна лээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүнд хандаж та худлаа битгий хэлээрэй манай нөхөр үгүй гэж хэлсэн байгаа хэлсэн. Тэгтэл нээрээ чи нөхрийнхөө утсыг шалгаад үзээрэй гэж надад хэлсэн. Тэрнээс хойш 10 орчим хоногийн дараа 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би Түмэнжаргал руу утсаар яриад орой 19 цаг өнгөрч байхад Түмэнжаргал нь манай гэрт ирсэн. Манай гэрт бид хоёр цай хоол идэж ууж байгаад Түмэнжаргалыг хамт пиво уухуу гэж хэлтэл тэгье гэхээр нь би дэлгүүр яваад Нийслэл нэртэй 2,5 литрийн пиво 2 ширхэгийг авчраад уусан. Бид хоёр уугаад нилээн согтсон байсан. Тэгээд Түмэнжаргал танайд жаахан хэвтэж байгаад явдаг юм уу гэхээр нь би ор засч өгөөд хэвтүүлсэн. Тэгтэл Түмэнжаргалын гар утас дугарсан. Тэгтэл надаас утсаа нуугаад гараараа хаагаад байсан. Тэгсэн Түмэнжаргал бөөлжиж байгаад гар утсаа орхиод гараад явсан. Түмэнжаргалыг гараад явсных нь хойгуур утас дугарахаар нь хартал утсанд нь манай ах Сайнхүүгийн гар утасны дугаараас сайн уу хайраа би удахгүй өөрийнхөө утаснаас мессэж бичнээ гэсэн мессэж ирсэн. Тэгэхээр нь би Түмэнжаргалыг гаднаас орж ирэхээр нь уурлаж хэрэлдэж муудалцсан. Бид хоёр муудалцаад байж байтал Түмэнжаргал нь бөөрнөөс цус гараад байна гэж хэлэхэд л би ухаан ороод юу болсон бэ эмч дуудаж үзүүлье гэхэд Түмэнжаргал нь эмч хэрэггүй ээ та Оюунтуяа эмчийг дуудчих өөр хүн хэрэггүй шүү гэсэн. Тэгэхээр нь би Оюунтуяаг дуудахаар очтол байхгүй байсан. Тэгэхээр нь эргэж асрамжийн газар очоод Бондоон гэж сувилагч эгчийг дуудаад манайд нэг хүн гэмтчихлээ та очоод боогоод өгөөч гэж хэлтэл тэгье гэсэн. Тэгэхээр нь би эргэж очоод Түмэнжаргалд хандан Оюунтуяа эмч байхгүй байна тэгэхээр нь Бондоон сувилагчийг дуудчихлаа гэтэл Түмэнжаргал надад уурлаж та тэр хүмүүсээ буцаагаач та яах гэж дуудаж байгаа юм бэ би тэр хүмүүст чинь үзүүлэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би ахин гэрээс гарта Бондоон гэдэг сувилагч ирж байхаар нь уулзаад за зүгээр болчихлоо одоо зүгээр гэнээ гэтэл тэр хүмүүс за тэгвэл ашгүй дээ гээд тэгээд салаад явсан. Тэгээд би эргэж гэртээ ороод Түмэнжаргалтай ярилцаад эвлэрээд жаахан юм яриад манай нөхөртэй яах гэж явалдаж байгаа юм бэ манай нөхөр надаас салаад чамтай суухгүй шүү дээ гэхэд Түмэнжаргал нь юу гэж танай нөхөртэй явах юм бэ манай хуучин үерхэж байсан залуу юм байх гэж бодсон гэж хэлсэн. Тэгээд Түмэнжаргал нь манайд хоноод өглөө 05 цаг өнгөрч байхад гэр лүүгээ явахаар манай гэрээс гарч явсан байгаа... ...Би тухайн үед уурлаад утсаар нь нүүр лүү нь цохисон байсан. Тэгээд бас манай гэрийн гал тогооны шүүгээн дээр байсан жижиг хутгаар хэд хэдэн удаа хөлийнх нь гуя хэсэгт мөн баруун бөөрний хэсэгт нь бас нэг удаа зүссэн байсан... /хх-ийн 47-49 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №10 дугаартай ...Б.Түмэнжаргалын биед дух, баруун нүдний доод зовхи, хамар баруун хацар, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, эрүү, хүзүү, зүүн гарын сарвууны салаа, баруун өвдөгөнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт, дух, хамар, баруун ташаа, зүүн гуя, өвдөгөнд нөсөөжилт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 07/56 дугаартай дүгнэлт /хх-ийн 65-75 дугаар хуудас/ болон хохирогчийн Батсүмбэр сумын цагдаагийн хэсэгт гаргасан гомдол /хх-ийн 2-4 дүгээр хуудас/, хохирлын баримтууд, гэрэл зургууд /хх-ийн 6-13 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/, цагдаагийн ерөнхий газрын асап сангийн лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/, Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 54 дүгээр хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 55-62 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх үйл баримтад хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Г.Сын Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багт 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б.Түмэнжаргалыг нөхөртэйгөө хардсаны улмаас маргалдаж, улмаар Б.Түмэнжаргалыг зодож хутгаар хатган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнийг хутгаар зүсэх, хатгах нь хууль бус шинжтэйг мэдсээр байж бусдыг хутгаар зүсэх, хатгах үйлдлээ өөрөө хүсч үйлдсэн, дээрх хөнгөн хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд шүүгдэгчийн зодож цохисон хууль бус шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Сын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Түмэнжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Түмэнжаргал болон түүний өмгөөлөгч Л.Жавзмаа нар хавтас хэрэгт авагдсан болон шинээр гаргаж өгсөн баримтуудаар шүүгдэгч Г.Саас шатахууны зардал, эмчилгээ, оншилгооны зардал, өмгөөллийн хөлс болон олох ёстой байсан орлого, бусад зардалд нийт 3.484.950 /гурван сая дөрвөн зуун наян дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг нэхэмжилсэн.
Гэвч хавтас хэргийн 6-11 дүгээр хуудсанд 1.882.600 /нэг сая найман зуун наян хоёр мянга зургаан зуу/ төгрөгийн баримт,
шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 2.270.950 /хоёр сая хоёр зуун далан мянга есөн зуун тавь/ төгрөгийн баримт тус тус байх ба бүгд 4.153.550 /дөрвөн сая нэг зуун тавин гурван мянга таван зуун тавь/ төгрөгийн болж байна.
Хэдийгээр хохирогч болон түүний өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс 3.484.950 /гурван сая дөрвөн зуун наян дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг нэхэмжилж байгаа боловч шүүх хавтас хэрэгт авагдсан эмчилгээ, оношлогоо, бензин шатахуун болон бусад зардалд гаргаж өгсөн баримтууд дээр тулгуурлаж тухайн хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтуудыг үнэлэх, хангах эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Үүнд: Хавтас хэргийн 6-11 дүгээр хуудсанд авагдсан хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон бусад зардлын баримтуудаас нотлох баримтын шаардлага хангаагүй, давхардсан, хангах ёсгүй баримтууд болох хавтас хэргийн 6 дугаар хуудасны 125.000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөг, хавтас хэргийн 7 дугаар хуудасны 71.000 /далан нэгэн мянга/ төгрөг, хавтас хэргийн 9 дүгээр хуудасны 20.000 /хорин мянга/ төгрөг, хавтас хэргийн 10 дугаар хуудасны баталгааны хуудас 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, хавтас хэргийн 11 дүгээр хуудасны 170.000 /нэг зуун далан мянга/ төгрөг, нийт 686.000 /зурган зуун наян зургаан мянга/ төгрөгийг,
шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтуудаас өмгөөлөгчийн хөлс 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, бусад зардалд 526.450 /таван зуун хорин зургаан мянга дөрвөн зуун тавь/ төгрөг тус тус нэхэмжилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй” гэж зааснаар хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримт буюу өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийх зэрэг сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа тул хохирогч Б.Түмэнжаргалын өмгөөлөгчид төлсөн гэх 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, бусад зардал 526.450 /таван зуун хорин зургаан мянга дөрвөн зуун тавь/ төгрөг, нийт 1.512.450 /нэг сая таван зуун арван хоёр мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин нотлох баримтын шаардлага хангасан хавтас хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан 20.000 /хорин мянга/ төгрөг, хавтас хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан 327.000 /гурван зуун хорин долоон мянга/ төгрөг, хавтас хэргийн 9 дүгээр хуудсанд авагдсан 189.500 /нэг зуун наян есөн мянга таван зуу/ төгрөг, хавтас хэргийн 10 дугаар хуудсанд авагдсан 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөг, нийт 866.600 /найман зуун жаран зургаан мянга зургаан зуу/ төгрөг,
үүн дээр хавтас хэргийнг 65-75 дугаар хуудсанд авагдсан “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн үнэлгээчин Г.Амбасэлмаагийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 07/56 дугаартай дүгнэлтээр үнэлэгдсэн “I Phone 6 Plus” маркийн гар утасны үнэлгээ 294.000 /хоёр зуун ерэн дөрвөн мянга/ төгрөг, хөрөнгийн үнэлгээний гэрээний хөлс 15.000 /арван таван мянга/ төгрөг, нийт 309.000 /гурван зуун есөн мянга/ төгрөгийг нэмж, бүгд 1.175.600 /нэг сая нэг зуун далан таван мянга зургаан зуу/ төгрөг,
мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж баримтуудаас 90.000 /ерэн мянга/ төгрөгийн 3 ширхэг давхардсан баримтуудыг нэг баримт гэж үзэн 90.000 /ерэн мянга/ төгрөгөөр тооцож, өмгөөлөгчид төлсөн 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг, бусад зардалд 526.450 /таван зуун хорин зургаан мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг тус тус хасаж, мөн ажилгүй байсан 5 хоногийн хугацааны цалин 226.450 /хоёр зуун хорин зургаан мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг, цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилснийг тус тус хэлэлцэхгүй орхиж, үлдэх 1.651.500 /нэг сая зургаан зуун тавин нэгэн мянга таван зуу/ төгрөг дээр дээрх 1.175.600 /нэг сая нэг зуун далан таван мянга зургаан зуу/ төгрөгийг нэмж 2.827.000 /хоёр сая найман зуун хорин долоон мянга/ төгрөгийг хангаж шийдвэрлэхээр байгаа боловч шүүх хуралдааны шатанд шүүгдэгч Г.С нь хохирогч Б.Түмэнжаргалд эмчилгээний зардал гэж 500.000 /таван зуун мянга/ төгрөг төлсөн болох нь хохирлын мөнгө хүлээлцсэн тухай баримтаар тогтоогдож байх тул үлдэх 2.327.000 /хоёр сая гурван зуун хорин долоон мянга/ төгрөгийг шүүгдэгч Г.Саас гаргуулж, хохирогч Б.Түмэнжаргалд олгохоор шийдвэрлэлээ.
Түүнчлэн хохирогч Б.Түмэнжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж нэхэмжилсэн ажилгүй байсан 5 хоногийн хугацааны цалин болох 226.450 /хоёр зуун хорин зургаан мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг нотлох баримт дутуу байх тул мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Г.Саас жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Г.Сд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болох 1-8 насны 4 хүүхэдтэй зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлагуудаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хоёр зуун дөчин цагаар тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Сд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
мөн шүүхээс түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн 1934011640062 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.С нь хохирогч Б.Түмэнжаргалд 500.000 /таван зуун мянга/ төгрөг төлснийг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6.,
36.7., 36.8., 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т Г.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т Г.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т Г.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т Г.С нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.
5. Эрүүгийн 1934011640062 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогч Б.Түмэнжаргалд 500.000 /таван зуун мянга/ төгрөг төлснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан эрүүгийн 1934011640062 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 23 см урттай, ягаан, цагаан өнгийн иш бариултай, 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т Г.Саас 2.327.000 /хоёр сая гурван зуун хорин долоон мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч ОС93072007 дугаарын регистртэй, Илжигэн овгийн Баатарсүрэнгийн Түмэнжаргалд олгосугай.
8. Хохирогч ОС93072007 дугаарын регистртэй, Элжигин овгийн Баатарсүрэнгийн Түмэнжаргалын хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлээс 1.512.450 /нэг сая таван зуун арван хоёр мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
9. Хохирогч ОС93072007 дугаарын регистртэй, Элжигин овгийн Баатарсүрэнгийн Түмэнжаргал нь ажилгүй байсан 5 хоногийн хугацааны цалин 226.450 /хоёр зуун хорин зургаан мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийн баримтаа, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлж, шүүгдэгч Т Г.Саас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
10. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т Г.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
11. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
13. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т Г.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН