| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/01959/и |
| Дугаар | 2531 |
| Огноо | 2017-08-14 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2531
| 2017 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 101/ШШ2017/02531 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Р.О -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б төв -д холбогдох,
Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүрбадам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие нь тус төвд 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хүний нөөцийн менежерээр ажилд орж ажиллаж байгаад Эрүүл мэндийн төвийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/216 тоот тушаалаар Захиргаа бодлого зохицуулалт хэрэгжилтийн албаны даргаар томилогдон ажилласан. Ажиллах хугацаандаа ёс зүйн болон ажлын алдаа зөрчил гаргаагүй. Тус байгууллагад 2 жил, улсад 22 жил ажилласан. Ажиллах хугацаандаа Тэргүүний залуу алтан медаль, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн тэргүүний ажилтан тэмдэг, Эрүүл мэндийн яамны жуух бичиг, Эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн Хүндэт тэмдэг, 2015 оны 08 дугаар сарын 05-нд Эрүүлийг хамгаалахын Тэргүүний ажилтан хүндэт тэмдэгээр шагнагдаж, улмаар улирал бүр ажлын үр дүнгээ А үнэлгээтэй үнэлүүлж, цалингийн хувиар шагнагдаж байсан. 2015 оны 11 дүгээр сарын 23-нд гэмтэж зүүн хөлийн шилбэ ясаа хугалж ГССҮТөвд хагалгаанд орж төмөр хийлгэж хадуулсан. Жилийн дараа буюу 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хагалгаанд дахин орж, хадуулсан төмөр хадаасаа авахуулах мэс засалд орсон. Үндсэндээ 2017 оны 02 дугаар сарын 13-наас 03 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хөдөлмөрийн чадвар алдсан эмнэлгийн магадлагаатай байсан. 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа ороход Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/46 тоот тушаал өгч ажлаас чөлөөлсөн. Би энэхүү тушаалыг хууль бус, үндэслэлгүйгээр ажлаас халсан байна гэж үзэж шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэхээр хандаж байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Б төв нь эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангах эрхэм үүрэг хүлээн ажилладаг байгууллага юм. Б төв ийн даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/10 дугаар тушаалаар Эрүүл мэндийн төвийн бүтэц өөрчлөгдөн Захиргаа, бодлого зохицуулалтын алба нь Захиргаа, хяналт, мэдээлэл технологийн алба болж илүү өргөн цар хүрээтэй хариуцлагатай алба болж өөрчлөгдсөн. Иймд тус албаны даргын ажлын байрны тодорхойлолтод заагдсан боловсрол нь Бизнесийн удирдлагаар магистр буюу түүнээс дээш зэрэгтэй байх шаардлагыг тавьсан. Дээрх ажлын байрны шаардлагад Р.О нь нийцэхгүй байх тул Захиргаа, хяналт, мэдээлэл технологийн албаны даргаар авч ажиллуулах боломжгүй байна. Р.О нь ажиллаж байх хугацаандаа Ажлын байрны тодорхойлолтгүй ажиллаж байсан бөгөөд тухайн үед Хүний нөөцийн менежер Х.Цацалмааг ажлын байрны тодорхойлолтыг танилцуулан хөдөлмөрийн гэрээ хийх гэхэд “Би энэ ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлуудыг хийх ёсгүй. Хүний нөөцийн менежерийн хийх ажлууд энэ ажлын байрны тодорхойлолтод заагдсан байна” гэж хэлээд ажлын байрны тодорхойлолт дээр гарын үсэг зураагүй, ажлын байрны тодорхойлолтгүйгээр хөдөлмөрийн гэрээг өмнөх даргатай байгуулан ажиллаж байсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт болон мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн тул Р.Отэй байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Иймд шаардлагатай тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.6-д заасны дагуу иргэн Р.Оийн ажиллаж байсан гэх хугацааны цалин олговрыг иргэний шүүхэд нэхэмжлэх болно. Б төв ийн даргын 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тушаал 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тушаалаар хүчингүй болж, Эрүүл мэндийн төвийн бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой алба өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл гурван алба татан буугдаж, нэг бүтэц бий болж Захиргаа, хяналт, мэдээлэл технологийн алба болсон. Үүний дагуу Р.Оийг ажлаас хуулийн дагуу халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэж ажлаас халсан. Р.О ажлын байрны тодорхойлолтгүй ажиллаж байсан, хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг бүрэн тохиролцоогүй, ажлын байрны тодорхойлолтгүй ажиллаж байсан нь ноцтой зөрчил тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.О нь Б төв д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай гомдлын шаардлага гаргажээ.
Хариуцагч Б төв нь “...тус төвийн даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/10 дугаар тушаалаар Эрүүл мэндийн төвийн бүтэц өөрчлөгдөн Захиргаа, бодлого зохицуулалтын алба нь Захиргаа, хяналт, мэдээлэл технологийн алба болсон, тус албаны даргын ажлын байрны тодорхойлолтод заагдсан боловсрол нь Бизнесийн удирдлагаар магистр буюу түүнээс дээш зэрэгтэй байх шаардлагыг Р.О хангахгүй байсан тул Захиргаа, хяналт, мэдээлэл технологийн албаны даргаар авч ажиллуулах боломжгүй болсон, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэж ажлаас халсан. Р.О ажлын байрны тодорхойлолтгүй ажиллаж байсан, хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг бүрэн тохиролцоогүй, ажлын байрны тодорхойлолтгүй ажиллаж байсан нь ноцтой зөрчил тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэх тайлбарыг гаргаж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч Р.О нь Б төв ийн даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/46 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах” тухай тушаалд хуульд заасан хугацааны дотор буюу 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.
Б төв ийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/68 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар Р.Оийг Хүний нөөцийн менежерээр томилон, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/216 дугаартай “Ажилд шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалаар 2015 оны 09 дүгээр 14-ний өдрөөс Захиргаа, бодлого зохицуулалтын албаны даргаар шилжүүлэн ажиллуулж, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/46 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах” тухай тушаалаар Захиргаа, бодлого зохицуулалтын албаны даргын ажлаас чөлөөлсөн болох нь Р.Оийг ажилд томилсон, чөлөөлсөн тушаал, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр, зохигчдын тайлбар зэрэг баримтаар нотлогдож байх ба энэ талаар зохигчид маргаагүй. /хх-5, 6-9, 76, 77, 78/
Б төв ийн даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/46 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах” тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 02 сарын 24-ний өдрийн “Эрүүл мэндийн төвийн бүтэц батлах тухай” А/10 тоот тушаалыг тус тус үндэслэн “...Эрүүл мэндийн төвийн бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан..” гэж үндэслэл заан Р.Оийг Захиргаа, бодлого зохицуулалтын албаны даргын үүрэгт ажлаас 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх-5/
Хариуцагч нь нэхэмжлэгч Р.Оийг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь Б төв ийн даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Эрүүл мэндийн төвийн бүтэц батлах тухай” А/10 тоот тушаалаар эрүүл мэндийн төвийн бүтэц өөрчлөгдсөн ба уг өөрчлөлтөөр Р.Оийн ажиллаж байсан Захиргаа, бодлого зохицуулалтын алба нь Захиргаа, хяналт, мэдээлэл технологийн алба болсон, тус албаны даргын ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлагыг Р.О хангахгүй байсан тул түүнийг ажлаас чөлөөлсөн гэх тайлбарыг гаргасан.
Б төв ийн даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Эрүүл мэндийн төвийн бүтэц батлах тухай” А/10 дугаартай тушаалаар Б төв нь Захиргаа, хяналт, мэдээлэл, технологийн алба, Чанарын алба, Эмнэлгийн тусламж үйлчилгээний алба, Нийгмийн эрүүл мэндийн алба, Сувилахуйн алба гэсэн 5 албатай байхаар бүтцийг баталжээ. Уг тушаалд төвийн болон албадын орон тоог тогтоогоогүй байна. /хх-158-159/
Хариуцагч нь Б төв нь тус төвийн даргын 2017 оны А/10 дугаартай тушаал батлагдахаас өмнө Б төв ийн даргын 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/92 дугаартай тушаалаар батлагдсан Дүүргийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулж ажиллаж байсан гэх тайлбарыг гаргасан бөгөөд уг тушаалаар Дүүргийн эрүүл мэндийн төв нь Урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээний алба, Төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийг зохицуулах алба, Эрүүл мэндийг дэмжих алба, Халдварт өвчний тандалт сэргийлэлт, эрүүл ахуйн алба, Эмнэлгийн тусламж үйлчилгээний алба, Чанарын алба, Сувилахуйн алба гэсэн 7 албатай байх бүтэц батлагдсан байна. /хх-80/ Б төв ийн даргын 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/92 дугаартай тушаалыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Харъяа эрүүл мэндийн байгууллагуудын нэршил, бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн батлах тухай” А/97 дугаартай тушаалыг үндэслэн гаргасан байх бөгөөд уг тушаалын хавсралтаар Дүүргийн Эрүүл мэндийн төвийн бүтцийг Төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийг зохицуулах алба, Эрүүл мэндийг дэмжих алба, Халдварт өвчний тандалт, сэргийлэлт, эрүүл ахуйн алба, Урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээний алба гэсэн 4 албатай байхаар баталжээ. Мөн уг тушаалд албадын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон байх бөгөөд Төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийг зохицуулах алба нь Захиргааны баг, Санхүү эдийн засаг, ханган нийлүүлэлтийн баг, Мэдээлэл, хяналт, шинжилгээ, үнэлгээний багтай байхаар заажээ. /хх-119/
Б төв ийн даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Эрүүл мэндийн төвийн бүтэц батлах тухай” А/10 дугаартай тушаалд албадын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлон заагаагүй, Захиргаа, бодлого зохицуулалтын алба нь Захиргаа, хяналт, мэдээлэл технологийн алба болж өөрчлөгдсөнөөр үйл ажиллагааны чиглэлд хэрхэн өөрчлөлт орсон болох нь тодорхойгүй байх бөгөөд хариуцагч нь Захиргаа, бодлого зохицуулалтын алба нь Захиргаа, хяналт, мэдээлэл технологийн алба болж илүү өргөн цар хүрээтэй хариуцлагатай алба болж өөрчлөгдсөн гэх тайлбарыг гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй болно.
Хариуцагч нь 2017 оны А/10 дугаартай тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримталсан байх боловч уг заалтын аль үндэслэлийг баримталсан нь тодорхойгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэлүүдийг зааж өгсөн бөгөөд 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” байх үндэслэлийг заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан” гэдэгт Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан 5 үндэслэл хамаарна.
Б төв нь Урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээний алба, Төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийг зохицуулах алба, Эрүүл мэндийг дэмжих алба, Халдварт өвчний тандалт сэргийлэлт, эрүүл ахуйн алба, Эмнэлгийн тусламж үйлчилгээний алба, Чанарын алба, Сувилахуйн алба гэсэн 7 албатай ажиллаж байгаад Захиргаа, хяналт, мэдээлэл, технологийн алба, Чанарын алба, Эмнэлгийн тусламж үйлчилгээний алба, Нийгмийн эрүүл мэндийн алба, Сувилахуйн алба гэсэн 5 албатай болгон бүтцийн өөрчлөлт хийсэн байна. Б төв ийн даргын 2017 оны 02 сарын 24-ний өдрийн “Эрүүл мэндийн төвийн төвийн бүтэц батлах тухай” А/10 дугаартай тушаалын дагуу тус төвийн бүтэцийг өөрчилсөн асуудалд Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасан хуулийн этгээдийг татан буулгах үндэслэлүүд тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан ажил, албан тушаалын байр нь өөр албатай нэгтгэгдэж, өөр нэршилтэй болсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Аж ахуйн нэгж байгууллагын харъяалал ...өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй” гэж заасны дагуу ажилтан Р.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэл болохгүй юм.
Захиргаа, бодлого зохицуулалтын алба нь Захиргаа, хяналт, мэдээлэл технологийн алба болж өөрчлөгдсөнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан гэж үзэх үндэслэлгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо цөөрүүлэх” гэдгийг хуулийн этгээд, байгууллагын бүтцийн адил ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасгах, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо хасагдах” гэдгийг тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр байхгүй болохыг” ойлгоно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус төвийн албадын бүтцийг батлахдаа орон тоог баталдаггүй, батлагдсан төсвийн хүрээнд ажилтнуудыг авч ажиллуулдаг гэх тайлбарыг гаргасан бөгөөд хариуцагч нь Б төв хэдэн хүний орон тоотой ажиллаж байгаад хэд болж өөрчлөгдсөн талаар нотлох баримтаар нотлоогүй.
Хариуцагч нь Захиргаа, бодлого зохицуулалтын алба нь Захиргаа, хяналт, мэдээлэл технологийн алба болсон, тус албаны даргын ажлын байрны тодорхойлолтод заагдсан боловсрол нь Бизнесийн удирдлагаар магистр буюу түүнээс дээш зэрэгтэй байх шаардлагыг Р.О хангахгүй байсан тул Захиргаа, хяналт, мэдээлэл технологийн албаны даргаар авч ажиллуулах боломжгүй болсон гэх тайлбарыг гаргасан бөгөөд энэ үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлд хамааралгүй болно.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “...Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/97 дугаартай тушаалаар батлагдсан Дүүргийн эрүүл мэндийн төвийн бүтцээр Төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийг зохицуулах алба байхаар батлагдсан байхад Р.Оийг Захиргаа, бодлого зохицуулалтын албаны дарга гэх батлагдаагүй орон тоон дээр томилсон нь хууль бус болсон. Р.О ажлын байрны тодорхойлолтгүй ажиллаж байсан, хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг бүрэн тохиролцоогүй, ажлын байрны тодорхойлолтгүй ажиллаж байсан нь ноцтой зөрчил болно...” гэх тайлбарыг гаргасан нь Р.Оийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд хамааралгүй, уг нөхцөл байдал нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/46 дугаартай тушаалд дурдагдаагүй, Р.Оийг ажлаас чөлөөлөх үндэслэл болоогүй байна.
Р.О нь Захиргаа, бодлого зохицуулалтын албаны даргаар ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтгүй ажиллаж байсан нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд эрүүл мэндийн төвийн бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Захиргаа, хяналт, мэдээлэл технологийн албаны даргын ажлын байрны тодорхойлолт батлагдсаныг үндэслэн албаны даргын ажлын байрны үндсэн зорилго, гүйцэтгэх үүрэг, ажилтанд тавих шаардлага нь өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Б төв нь Р.Оийг Захиргаа, бодлого зохицуулалтын албаны даргаар томилон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж, ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн хөлс төлж байсан байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд 24.1 дэх хэсэгт “Ажил олгогч ...иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг гэх мэт гол нөхцөлийг тохирохоор заасан. Б төв ийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.1-т эрүүл мэндийн төвийн захиргаа нь ажлын байрны тодорхойлолтод заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах үүргийг хүлээхээр заасан байх бөгөөд ажил олгогч ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж, ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгүүлэхээр тусгах үүрэгтэй байхад ажилтныг ажлын байрны тодорхойлолтгүй ажиллаж байсан гэдгээр буруутгах боломжгүй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажил олгогч энэ хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэхээр заасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид хуульд заасны дагуу мэдэгдэл хүргүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Р.О нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил үүргээ гүйцэтгээгүй болох нь 0779092 дугаартай эмнэлгийн хуудас, тэтгэмж олголтын баримтаар тогтоогдож байна. /хх-160-163/
Дээр дурьдсан нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд Р.Оийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Р.Оийг Б төв ийн Захиргаа, бодлого зохицуулалтын албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу хариуцагч Б төв ийн цалингийн тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэгч Р.Оийн сарын дундаж цалин хөлсийг 866,968.3 төгрөгөөр тооцон тодорхойлж, ажилгүй байсан 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 101 хоногийн цалинтай тэнцэх олговорт 3,980,172.65 төгрөгийг хариуцагч Б төв өөс гаргуулж нэхэмжлэгч Р.От олгох үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасан тул нэхэмжлэгч Р.Оийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтэрт бичилт хийх үүргийг хариуцагч Б төв д даалган шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б төв өөс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 78,632.75 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Хариуцагч нь “...Р.О ажлын байрны тодорхойлолтгүйгээр хөдөлмөрийн гэрээг өмнөх даргатай байгуулан ажиллаж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт болон мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн тул Р.Отэй байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Иймд шаардлагатай тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.6-д заасны дагуу иргэн Р.Оийн ажиллаж байсан гэх хугацааны цалин олговрыг иргэний шүүхэд нэхэмжлэх болно...” гэх тайлбарыг гаргасан боловч нэхэмжлэгчээс ажиллаж байсан гэх хугацааны цалин олговор нэхэмжлэх тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.О /Регистрийн дугаар ШГ73071363/-ийг Б төв ийн Захиргаа, бодлого зохицуулалтын албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Б төв өөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3,980,172.65 /гурван сая есөн зуун наян мянга нэг зуун далан хоёр төгрөг жаран таван мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.От олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Оийн ажилгүй байсан бүх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, Р.Оийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын давтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Б төв д даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Б төв өөс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 78,632.75 /далан найман мянга зургаан зуун гучин хоёр төгрөг далан таван мөнгө/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР