Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/88

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                               С.Төртулах

             Улсын яллагч                                             О.Нандинцэцэг

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                             Ч.Мөнгөнцэцэг

                         Шүүгдэгч                                          Д.Булган нарыг оролцуулан оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Булганд холбогдох 2132000000084 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1955 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 66 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн ерөнхий командлагч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, .................. тоотод оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд 1986 оны 05 дугаар сарын 01-ны өдөр Хэнтий аймгийн шүүхийн 6/59 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн 169в-д зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1989 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 09-ний дөрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Хотгойд овогт Дуламсүрэнгийн Булган /РД:УЖ55051019/

 

Холбогдсон хэргийн талаар: Дуламсүрэнгийн Булган нь 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр эхнэр О.Цэрэннадмидын эрх, эрх чөлөөнд нь халдаж, “эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Булган нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:... 2021 оны 08 сарын 01-ний өдөр эхнэр бид хоёрыг гэртээ байхад Гантулга, Бадамцэцэг хоёр хаалга цохиод байхаар нь гараад уулзтал “Надмид эгч байна уу уулзъя” гэхээр нь Надмид орон дээр хэвтэж байхаар нь “оруулах уу” гэхэд “оруулаад ир” гээд гэрт оруулаад тэр хоёр уулзаад ярьж байгаад “Надмид эгчээ 800000 төгрөг байна уу зээлээч” гэхэд нь Цэрэннадмид “найдвартай бол, хэрэгцээтэй бол өгье” гээд гар утсаар шилжүүлээд өгсөн юм. Тэгээд Цэрэннадмид “хоёр дүүтэй уугаагүй удлаа. Ганц юм байгаа” гээд өөрийнхөө өрөөнд байсан том виски гаргаад тэр гурав суугаад “Булгаа ах чинь спираль тавиулсан уухгүй байгаа гурвуулаа уучихъя” гээд уусан. Би тэр гуравт хоол хийж өгчхөөд би архи уугаагүй. Архи дуусаад байж байтал Гантулга “эгчдээ нэг юм авч өгнө” гээд 0,75 литрийн архи надтай хамт дэлгүүр яваад буцаж орж ирсэн. Бадамцэцэг “машин барьж байгаа” гээд авгай Гантулга хоёр уугаад нэлээн муудсан. Тэгээд авгай согтчихоор нь би “гурвуулаа орон дээр нь аваачаад хэвтүүлье уначих байх” гээд өргөж аваачаад оронд нь хэвтүүлээд тэгээд л Надмид нэлээн халчихсан байсан. Тэрний өмнө тос өгсөн байсан. Тэр тосыг аваад ширээн дээр тавьсан байсан. Тэгээд би “миний хоёр дүү эртхэн харь” гээд гаргаж өгөх гээд авгайн шээлтүүр савыг хамт авч гараад жорлонд тавьчхаад хашааны үүдээ онгойлгоод 5-10 минут жаахан ярьж байгаад тэр хоёр “явлаа” гээд би буцаж ороод шээлтүүр савыг асгачхаад аваад орж ирээд гал зуух руу ортол Надмид орноосоо уначихсан нил цус болчихсон толгойгоо дарчихсан хэвтэж байсан. “Чи яачихаа вэ” гэхэд “чи надыг заазуурдсан” гээд байсан. Би эрүүл байсан. Би гайхаад Гантулга, Бадамцэцэг хоёрыг “та хоёр хүрээд ир эгч чинь унаад цус болчхож” гээд салфеткаар арчиж өгөөд гайгүй байх гээд тэр хоёртой хамт гараад явсан. Тэгээд буцаж орж ирээд эмнэлэг дуудаад маргааш нь ирсэн гэж байна лээ. Би янз бүрийн юманд орчих вий гээд гараад явчихсан. Тэгээд маргааш нь явж байтал цагдаа барьж аваад 100 грамм татсан явж байхад эрүүлжүүлэх рүү авч явсан. Тэгээд том охин ирчихсэн байсан. Охин л цагдаа дуудсан юм шиг байна лээ. Тэгээд “Надмидаа чи яасан бэ” гэхэд “чи надыг түлхээд духаа гэмтээсэн” гээд байсан. Тэр үед маргалдаа ч үгүй. Юун заазуур би олимп үзээд л суугаад байсан. Орж гараад л байж байсан. Хааяа дуудаад “хөгшөөн хүрээд ир хажууд суучих” гээд ийм л юм болсон. Яах вэ 20 жил амьдарсан хүний хувьд надад согтуу байхдаа янз бүр болдог юм байсан тэрийгээ хүлээлгүй яах вэ. Энэ удаагийн юманд эрүүл саруул байхад тиймэрхүү болсонд надад хэцүү л байна... гэжээ.

 

  Эрүүгийн  2132000000084 тоот хавтаст хэргээс:

Хохирогч О.Цэрэннадмид мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:“...2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр намайг гэртээ байж байхад гаднаас Гантулга, эхнэр Батцэцэгийн хамт ирсэн. ...Авч ирсэн архийг бид нар хувааж уусан. Тэгсэн чинь Булган “би одоо болсон, чи одоо өрөө рүү яв” гэж хэлсэн. Тэгээд Гантулга, Бадамцэцэг хоёрыг гаргаж өгөх гээд Булган гараад явсан. Би өрөөндөө орж орондоо хэвтсэн. Намайг орондоо ороод унтаж байхад тас гээд явсан. Би юу болсон бэ гээд 2 нүдээ нээх гэтэл миний хоёр нүд рүү бүлээн юм ороод юм харагдахгүй байхаар нь би юу болов, яав гээд босож чадахгүй байсан. Тэгээд эмэгтэй хүн миний нүүрний цусыг арчиж өгсөн. Тэгээд одоо гайгүй байх гээд Гантулга, Бадамцэцэг нар гарч явсан. Булган буцаж орж ирээд “чиний хүүхдүүдэд миний дүү мөнгө өгдөг хэдэн он бэ” гэхээр нь “чи яагаад намайг ийм болгож байгаа юм бэ” гэж Булганаас асуухад “чи намайг хэрэгт оруулна гэж байхгүй шүү, чи өөрийгөө ийм болгосон биз дээ” гэж хэлээд гараад явсан. ...Намайг унтаж байхад Булган заазуураар цохиж гэмтэл учруулсан. Модон иштэй заазуур миний орон дээр байсан. ...Би унаж гэмтсэн зүйл байхгүй, Булган намайг заазуурдсан....

...2002 оны 03 дугаар сарын 08-ны өдөр эмэгтэйчүүдийн баяраар Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 27 дугаар байр 27 тоот хаягт баяраа тэмдэглээд орой унтсан хойгуур Д.Булган нь миний баруун гуянд хутгалаад намайг гэртээ цоожлоод гараад явсан байсан. 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Булган архи

уусан ... Булган байшингийн цонх хагалаад орж ирээд хаалганы хажууд байх шалны модыг аваад Булган намайг цохих гэж далайхаар нь би баруун гараараа хаахад шалны модоор миний баруун гарын шууг хуга цохисон. 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр мөн унтаж байхад халуун савтай сүүтэй цай дээрээс асгаж баруун талын хүзүү, суга, хөх зэргийг түлсэн. Би өндөр настай гар хөл муутай, очих газар байхгүй, тэтгээд байх хүнгүй болохоороо би Булганы өрөвдөөд цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-26, 31-34 дүгээр хуудас/,

           Гэрч Ж.Гантулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:“...2021 оны 07 дугаар сарын 31-ний орой мөнгө зээлэх гээд Булган ахын гэрт эхнэр Бадамцэцэгийн хамт гэрт нь орсон. ...Миний авчирсан архийг Цэрэннадмид эгч бид хоёр хувааж ууж дуусгасан. Би тэр хоёрыг “сайхан амраарай” гэж хэлээд Булган ахын гэрээс гарч явсан. Тэгээд “Цэрэннадмид эгчийн тосыг мартсан байна” гээд Бадамцэцэг, Булган ахын гар утас руу залгаад “Цэрэннадмид эгчийн шархны тосыг мартсан байна, та гаргаад өгөөч” гэж хэлээд Булган ахын гэрт очиход Булган ах “та хоёр гэрт ороод гараадхаач, эгч чинь юм мөргөчихсөн, намайг цохичихлоо” гээд байна гэхээр нь би Бадамцэцэгтэй хамт ороход Цэрэннадмид эгч гал тогооны өрөөний хажууд байрлах жижиг өрөөнд сууж байсан. Цэрэннадмид эгчийн баруун хөмсөг орчмоос нь цус гарсан байхаар нь Бадамцэцэг цусыг нь арчиж өгсөн. ...Бадамцэцэг бид хоёр Булган ахын гэрээс гарч яваад тос авах гэж буцаж 10 минут орчмын дараа ороход Цэрэннадмид эгчийн хөмсөгнөөс цус гарсан байсан. Цэрэннадмид эгч “Булган ах чинь түлхчихлээ” гэж хэлэхэд Булган ах “өөрөө унаад ийм болсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-37 дугаар хуудас/,

Гэрч Б.Бадамцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Цэрэннадмид эгчийн баруун хөмсөгний орчмоос цус гараад нүүр, гар хөл нь нэлээн цус болчихсон байсан. Би Булган ахаас “нойтон салфетка байна уу” гэхэд гаргаж өгөхөөр нь би цусыг нь арчиж цагаан шкафын хажууд нойтон салфеткаа овоолж хаясан. ...Цэрэннадмид эгч “чи намайг түлхчихлээ” гэж хэлэхэд Булган ах “би угаадас асгаад буцаж гэртээ орж ирэхэд уначихсан байсан биз дээ гэж хэлсэн,” гэх мэдүүлэг /ХХ-ийн 39-40 дүгээр хуудас/,

 Гэрч Ц.Чулуунбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:“...2014 оны 03 дугаар сарын 19-ний орой би Булган ахын гэрт Цэрэннадмид эгч , Булган ах, Ганхуяг нартай архи уусан. Булган ах, Цэрэннадмид эгч хоёр хоорондоо маргалдаад байхаар нь Ганхуяг гараад явсан. Тэгээд удалгүй Булган ах гэрээс гараад явсан. Жижиг өрөөнд хэвтэж байхад булган ах цонх хагалж орж ирээд “цаана чинь хэн байгаа юм бэ” гэхээр нь “Цэвээнээ байна аа” гэж хэлээд очсон. Цэрэннадмид эгч “яахаараа цонх хагалдаг юм бэ” гэхэд Булган шалны мод аваад Цэрэннадмид эгчийн гар луу цохисон. Тэгээд Цэрэннадмид эгч нь гар нь унжаад дээшээ болж болохгүй байхаар нь би гарыг нь боогоод сойж өгсөн.” гэх мэдүүлэг /ХХ-ийн 42 дугаар хуудас/,

Гэрч Г.Мөнгөншагай мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2010 оны 02 дугаар сард би орой гэртээ зурагт үзээд сууж байхад эмээ 2 найзтайгаа гаднаас орж ирсэн. Хэсэг 2 найзтайгаа юм яриад сууж байхад удалгүй найзуудынх нь ар гэрээс нь хүн ирж аваад явсан. Хүмүүс явсны дараа өвөө согтуу гэртээ орж ирээд эмээ тэр 2 хоорондоо маргалдсан. Эмээ орилохоор нь харахад амнаас нь цус гарсан байсан. Би тэгээд сав авч өгсөн. Өвөө тэгээд гараад явсан.” гэх мэдүүлэг /ХХ-ийн 47 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 9-16, 19-21 дүгээр хуудас/,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 169 дугаартай “...О.Цэрэннадмидын биед баруун хөмсөгний дээд хэсэгт шарх, баруун нүдний доод зовхи, баруун гарын бугалгад цус хуралт, хамрын нурууны баруун талд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл тогтогдсон. Дээрх шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /ХХ-ийн 54-55 дугаар хуудас/,

          Шинжээч эмч Г.Ган-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:“... Хурц ир, үзүүртэй хүчин зүйл гэдэг нь хутга, заазуур, шил мэтийн хурц ир үзүүртэй зүйл хамаарна.” гэх мэдүүлэг /ХХ-ийн 50 дугаар хуудас/ болон Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 190 дугаартай “...О.Цэрэннадмидын биед баруун гуянд сорви гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь хурц болон мохоо хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хэзээ үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээд баруун 1 дүгээр шүд, зүүн 1,2 дугаар шүд хуучин үгүй, буйл мөлгөр байна. Гэмтлийн шалтгаант болон бусад шалтгаан эсэхийг тогтоох боломжгүй. Хэзээ үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. О.Цэрэннадмидын биед зүүн гарын шуу ясны хуучин хугарал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хэзээ үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. Баруун суга, хүзүү, хөх зэрэгт гэмтлийн өөрчлөлт илрээгүй болно.” гэх дүгнэлт  /ХХ-ийн 60-61 дүгээр хуудас/  зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг, Хэрх, Сүүл толгойн 2 гудамж 3 тоотод оршин суугаа хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 90 дүгээр хуудас/, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /ХХ-ийн 91 дүгээр хуудас/, Шүүгдэгч Д.Булганы ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-ийн 103-109 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч Д.Булганыг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч Д.Булган нь 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр эхнэр О.Цэрэннадмидын эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Хохирогч О.Цэрэннадмид мөрдөн байцаалтад өгсөн “Би өрөөндөө орж орондоо хэвтсэн. Намайг орондоо ороод унтаж байхад тас гээд явсан. Би юу болсон бэ гээд 2 нүдээ нээх гэтэл миний хоёр нүд рүү бүлээн юм ороод юм харагдахгүй байхаар нь би юу болов, яав гээд босож чадахгүй байсан. Тэгээд эмэгтэй хүн миний нүүрний цусыг арчиж өгсөн. Тэгээд одоо гайгүй байх гээд Гантулга, Бадамцэцэг нар гарч явсан. Булган буцаж орж ирээд “чиний хүүхдүүдэд миний дүү мөнгө өгдөг хэдэн он бэ” гэхээр нь “чи яагаад намайг ийм болгож байгаа юм бэ” гэж Булганаас асуухад “чи намайг хэрэгт оруулна гэж байхгүй шүү, чи өөрийгөө ийм болгосон биз дээ” гэж хэлээд гараад явсан. ...Намайг унтаж байхад Булган заазуураар цохиж гэмтэл учруулсан. Модон иштэй заазуур миний орон дээр байсан. ...Би унаж гэмтсэн зүйл байхгүй, Булган намайг заазуурдсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-26, 31-34 дугаар хуудас/, Гэрч Ж.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн “...Булган ахын гэрт очиход Булган ах “та хоёр гэрт ороод гараадхаач, эгч чинь юм мөргөчихсөн, намайг цохичихлоо” гээд байна гэхээр нь би Бадамцэцэгтэй хамт ороход Цэрэннадмид эгч гал тогооны өрөөний хажууд байрлах жижиг өрөөнд сууж байсан. Цэрэннадмид эгчийн баруун хөмсөг орчмоос нь цус гарсан байхаар нь Бадамцэцэг цусыг нь арчиж өгсөн. ...Бадамцэцэг бид хоёр Булган ахын гэрээс гарч яваад тос авах гэж буцаж 10 минут орчмын дараа ороход Цэрэннадмид эгчийн хөмсөгнөөс цус гарсан байсан. Цэрэннадмид эгч “Булган ах чинь түлхчихлээ” гэж хэлэхэд Булган ах “өөрөө унаад ийм болсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-37 дугаар хуудас/,Б.Бадамцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Цэрэннадмид эгчийн баруун хөмсөгний орчмоос цус гараад нүүр, гар хөл нь нэлээн цус болчихсон байсан. Би Булган ахаас “нойтон салфетка байна уу” гэхэд гаргаж өгөхөөр нь би цусыг нь арчиж цагаан шкафын хажууд нойтон салфеткаа овоолж хаясан. ...Цэрэннадмид эгч “чи намайг түлхчихлээ” гэж хэлэхэд Булган ах “би угаадас асгаад буцаж гэртээ орж ирэхэд уначихсан байсан биз дээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 39-40 дүгээр хуудас/, Гэрч Ц.Чулуунбаатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 42 дугаар хуудас/, гэрч Г.Мөнгөншагайн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 47 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №169 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 54-55 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №190 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 60-61 дүгээр хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Булган нь “би гэрийн гадаа угаадас асгаад буцаж гэртээ орж ирэхэд хохирогч О.Цэрэннадмид уначихсан байсан, би энэ гэмт хэргийг үйлдээгүй” гэж мэдүүлсэн боловч түүний энэ мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан хохирогч О.Цэрэннадмидын “...Намайг унтаж байхад Булган заазуураар цохиж гэмтэл учруулсан. Модон иштэй заазуур миний орон дээр байсан. ...Би унаж гэмтсэн зүйл байхгүй, Булган намайг заазуурдсан...” гэсэн мэдүүлэг болон шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 169 дугаартай дүгнэлтэд: Хэсэг газрын үзлэгт “...баруун хөмсөгний дотор дээд хэсгээс дээш чиглэлтэй хагас ташуу байрлалтай 4 х 0.7 см хэмжээтэй зах ирмэг тэгш зүсэгдсэн шархтай, хаван хавдартай...”, дүгнэлт хэсэгт “...О.Цэрэннадмидын биед баруун хөмсөгний дээд хэсэгт шарх, баруун нүдний доод зовхи, баруун гарын бугалгад цус хуралт, хамрын нурууны баруун талд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл тогтогдсон. Дээрх шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт зэргээр үгүйсгэгдэж, няцаагдаж байна.  

           

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Булганд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзлээ.

  Иймд шүүгдэгч Д.Булганыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн эхнэр О.Цэрэннадмидын эрх, эрх чөлөөнд нь халдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар: Хохирогч О.Цэрэннадмид нь шүүгдэгч Д.Булганаас хохирол, хор уршиг, эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

  Гурав. Шүүгдэгч Д.Булганд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Д.Булган нь 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр эхнэр О.Цэрэннадмидын эрх, эрх чөлөөнд нь халдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

  Шүүгдэгч Д.Булган нь Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

            Иймд шүүгдэгч Д.Булганд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 600 нэгж буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 06 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 24 см урттай модон иштэй заазуур 1 ширхэг, цус мэд хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон сальфетка 6 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгаж, уг хэргийн улмаас шүүгдэгч Д.Булган нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Хотгойд овогт Дуламсүрэнгийн Булганыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Булганыг 600 /зургаан зуу/ нэгж буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Д.Булган нь торгох ялыг 06 /зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ гэмт хэргийн улмаас Д.Булган нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 24 см урттай модон иштэй заазуур 1 ширхэг, цус мэд хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон сальфетка 6 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Булганд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ