Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2017/ШЦТ/361

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа, 

улсын яллагч Б.Байгалмаа,

шүүгдэгч Х.П ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржин овгийн Хишигтогтохын П од холбогдох эрүүгийн 1711000000001 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Боржин овгийн Хишигтогтохын П , 1981 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 4 дүгээр гудамж 61г тоотод оршин суух,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 474 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 01 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 361 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн ялыг өршөөн хэлтрүүлсэн,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Х.П  нь 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Доод салхитын 4 дүгээр гудамжны 40 тоотод оршин суух Н.Баттүшигийн гэрийн хаяагаар нэвтрэн алтан ээмэг, монетон бөгж, ногоон чулуун хөөрөг, гаанс зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Х.П  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 7 дугаар сарын 4-ний орой 20 цагийн үед энэ айлд орсон. Гаанс, хөөрөг зэргийг би аваагүй бөгөөд миний биеэс эд зүйл гараагүй. Харанхуй гэрт Баттүшиг намайг цохиж, хүргэн гэх хүн нь бас намайг цохисон. Би ээмэг, бөгж зэргийг аваагүй бөгөөд маргааш нь Баттүшигийн эхнэр алдсан гэх ээмгийг зүүгээд явж байхад нь би алга болоогүй байна гэхэд Баттүшиг цагдаад очиж алга болоогүй талаар хэлсэн байсан…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Хохирогч Н.Баттүшиг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 18 цагт ажлаасаа тараад гэртээ харимаар санагдаад 22 цаг өнгөрч байхад гэртээ очсон. Тэгээд хашааны гадаа очиход юм дуугарах чимээ гарахаар нь эхлээд байшингаа тойрч үзэхэд зүгээр байсан. Тэгээд байшиндаа орж үзэхэд мөн зүгээр байсан. Тэндээс гараад гэрээ онгойлгоод ороход өөдөөс хүн гарч ирсэн. Тэгэхээр нь шууд барьж аваад доош нь дарж унагаад дараад авсан. Тэгээд утсаа аваад баз хүргэн рүүгээ залгаад дараа нь цагдаа дуудсан. Тэгээд манай баз хүргэн ирээд, би цагдаа нарыг тосч авсан. Хулгай хийсэн хүнийг цагдаа нарт хүлээлгэж өгсөн. Уг монгол гэрт би эхнэртэйгээ амьдарч байгаа, манай гэрээс эхнэрийн хос алтан ээмэг, 1 ширхэг монетон бөгж, хаш соруултай орчин үеийн гаанс, ногоон өнгийн чулуун хөөрөг /толгой нь хиймэл чулуу юм/ алдагдсан...” гэжээ /хх-21-22/.

              ...Энэ хэрэг гарсны маргааш Монгол гэртээ байдаг эд зүйлийг сайтар шалгаж үзэхэд гэрийн зүүн талд байдаг орны араар унагаасан байсныг 2-ууланг нь олсон. Би болон эхнэр Ундармаа бид хоёр уг орны араар тухайн ээмэг, бөгжнүүдийг огт хийгээгүй. Хулгай хийсэн П  гэдэг залуу тухайн үед манай гэрийн хаяагаар буюу гэрийн ханыг хугалж орж эд зүйл хулгайлж байхдаа дээрх алтан ээмэг, монетон бөгж зэргийг хулгайлж авчихаад намайг хаалгыг гадна талаас нь нээх үед тэрээр айсандаа орны араар ээмэг, бөгжийг шидсэн байна. Ингээд би түүнийг гаргахгүй гэж барьж авсан, энэ үед түүний өмдний ар хэсэгт буюу бүсэндээ хавчуулсан байсан миний хэрэглэдэг гаанс төмөр соруултай хаш гаанс газар унасан. Мөн гарч зугтаах гэж тэмүүлж байхдаа нэг гараараа миний хэрэглэдэг ногоон номин чулуун хөөргийг ор руу шидсэн, П  нь зугтаах гээд байсан. Манай гэрээс хулгайлах гэж байгаад баригдсан гаанс, хөөрөг зэргийг П оос хурааж авсан. П  нь дунд зэргийн согтолттой байсан, өөрийнхөө үйлдэл холбогдлыг тухайн үед бүрэн ойлгож байсан. Ирсэн цагдаа нарт П  нь би айлаас юу ч хулгайлаагүй гэж худлаа хэлж байсан. П ын гэр рүү орж ирсэн байдлыг харахад гэрийн зүүн хойд талын ханыг доод хэсгээр нь хугалж, өөрөө багтах зай гаргаад тухайн хэсгээрээ гэр рүү нэвтэрч орсон байсан. Гэрийн ханаа нэхэмжилж байна. Шинэ гэрийн хана авахуулах хүсэлтэй байна...” гэжээ /хх-24-25/.  

              Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44-45/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-6/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-18/, эд зүйлийн үнэлгээ /хх-19/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Хавтаст хэргийн 79 дүгээр талд авагдсан яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолын тогтоох хэсэгт яллагдагч Х.П од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай гэж өөрчлөлт оруулсан нь техникийн шинжтэй алдаа гэж үзэхээр байх тул шүүхийн шатанд зөвтгөх боломжтой гэж үзэв. Учир нь уг прокурорын тогтоолын олсон нь хэсэгт Х.П од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэлт хийн түүнийг гэмт хэргийг санаатай хийж байхад түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй, баригдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан талаар тодорхой үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлажээ. Иймд уг тогтоолыг хууль ёсны гэж тооцов.

Шүүгдэгч Х.П  нь 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Доод салхитын 4 дүгээр гудамжны 40 тоотод оршин суух Н.Баттүшигийн гэрийн хаяагаар нэвтрэн алтан ээмэг, монетон бөгж, ногоон чулуун хөөрөг, гаанс зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Х.П ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав.

Шүүгдэгч Х.П  нь урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд шинээр дээрх гэмт хэргийг үйлдсэн байх тул энэ гэмт хэрэгт оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэж үзвэл тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Х.П ын урьд 4 удаа хулгайлах болон дээрмийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, хууль бусаар амьдрах сэтгэлгээ, ухамсрын төлөвшил зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Хохирогч Н.Баттүшиг нь гэрийн ханын үнэ болох 150.000 төгрөг нэхэмжилж байх тул шүүгдэгч Х.П оос гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв. 

Шүүгдэгч Х.П ын 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 6 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржин овгийн Хишигтогтохын П ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.П од 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.П од оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялд урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 4/дөрөв/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.П ын цагдан хоригдсон 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 6 хоногийг эдлэх ялд оруулсан тооцсугай. 

5. Шүүгдэгч Х.П од оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Шүүгдэгч Х.П оос 150.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Баттүшигт олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.П од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН