| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0187/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/195 |
| Огноо | 2019-12-03 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2019/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
Шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Гад холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц.Г
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ хохирогч Г.Сийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн 2019 оны 06 дугаар сарын 10- ны үдээс өмнө сум орж адуугаа хашчихаад А гэх найзындаа шар тайлаад өг гэсэн болохоор нь гэрт нь нэг шил архи авж очиж уучихаад гарч айлын хашаанд очиж морио хүнээр унуулчихаад буцаад очиход бас 0.75 граммын архи ууж байсан, тэрнээс нь уучихаад явах гэтэл эхнэр нь нэг пиво ууя гэхээр нь бас уучихаад гэрлүүгээ явцгаасан. Очиход хар цай ууж байхаар манайх руу очиж үхэр сааж сүү ав гэж хэлсэн. Орой нь манайх руу архи, ундаатай ирцгээсэн. Сүү авчихаад дараа нь авчирсан зүйлээ ууцгаасан. Би тэр архинаас 2-3 удаа татаад гарч бөөлжөөд орон дээрээ хэвтсэн. 21 цаг 30 минут гээд сэрэхэд хохирогчийн хамраас нь цус гойжсон хэвтэж байхаар нь яагаад хамраас чинь цус гарчихсан юм бэ, би 4 хүүхэдтэй хүн шүү хэрэгт битгий хийчхээрэй гэж хэлчихээд эхнэр, эгч нар луугаа залгасан. Явхад хамраас нь гарсан цус хатсан байсан учраас нүүрийг нь угаалгаад аваад явсан. Суман дээр ахиад цус гойжсон гэж байсан. Манайхаас 22 цагийн үед явсан.” гэв.
Хохирогч Г.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр.,.Г намайг зодсон...Г бид хоёр л байсан өөр хүн байгаагүй. Г намайг орон дээр доош харуулаад энд тэнд цохиж өшиглөөд зодсон. ...Намайг үг хэлэх завдалгүй л зодсон....яагаад намайг зодсоныг ойлгоогүй бодвол намайг гэрт нь согтуу унтаж байсан болохоор л зодсон байх... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 127-дугаар тал/
... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “..Г.Сийн биед баруун сарвууны 3 дугаар хурууны 3 дугаар шивнүүрийн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, зүүн нүд, зүүн хацар, эрүү, баруун өгзөгний цус хуралт, баруун чамархайн зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хүндэвтэр зэрэгт ...хамаарна ... гэсэн дүгнэлт. / хх-ийн 37-38-дугаар тал /
Гэрч О.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “..2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Гын гэрт очиход...18-19 цагийн үед очсон...үхрээ сааж дуусахад харанхуй болсон...бид нар 0,75 граммын архи хувааж уусан. Н.Т манай нөхөрА бид гурав явах гээд Сийг дуудахад тасарчихсан бололтой сэрэхгүй байхаар нь бид нар орхичихоод сумын төврүү гэртээ алхаад ирсэн...Ц.Гын гэрт нь С нь бид гуравыг явахад зүүн орон дээр нь хэвтээд унтаад үлдсэн. Харин Г...унтаагүй үлдсэн...С зүв зүгээр зүүн орон дээр нь унтаад үлдсэн...” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 20-22 дугаар тал/
Гэрч Т.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”...бид нар авч очсон 0,75 граммын архиа хувааж уусан тэр архинаас С бол огт уугаагүй Гын зүүн талынх нь орон дээр унтаад босохгүй байсан...бид гурвыг явахад нүүр амандаа ямар нэгэн шарх сорвигүй, хамар амнаас нь цус гоожоогүй зүв зүгээр зүүн орон дээр нь унтаад үлдсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-25 дугаар тал /
Гэрч О.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”...С гэх хүнд анхан шатны эмнэлэгийн тусламж үзүүлсэн. Тухайн үед нүүр ам бие нь нэлэнхүүдээ хавдсан бие нь хөх няц зодсон байсан...” гэсэн мэдүүлэг./хх-ийн 90-91 дүгээр тал /
Гэрч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”...2019 оны 06 сарын 10- ны орой 23 цаг 58 минутанд...Ц гэх хүүхэн С эгч цусандаа холилдоод хүрээд ирсэн байна та ороод ир гэж хэлэхээр нь яваад ороход эмч ирчихсэн манай дүү Сийг үзээд яаралтай авч явна гээд аваад явсан...А, Т, Г бид нар нийлээд Ц.Гын гэрт нь очиж үхэр саасан О.Т, Т хоёр үхэр хамт саасан...С эгч Ц.Гын гэрт зүгээр унтаад үлдсэн гэж хариулсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 7-8 дугаар тал /
Гэрч Б.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”...2019 оны 06 дугаар сарын 10-ны шөнө 23 цагийн орчимд байхаа намайг гэртээ амрах гээд байж байтал...С эгч...цусандаа холилдчихсон.. .хэвтэж байсан...асуухад...намайг ингээд үх чи гээд зодоод байсан...гэж хариулаад...би цусыг нь цэвэрлэлгүй шууд эмнэлэг гүйж орж эмч дуудаад эмнэлэг аваад явсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-11дүгээр тал /
Гэрч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : ”...манай төрсөн дүү болон С хоёр л байсан өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-14 дүгээр тал /
Гэрч Н.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...намайг харахад тэр эмэгтэйн нүд хөхөрсөн хамраас нь цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26-28 дугаар тал / Гэрч Г.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”...С гэх хүн нь зодуулсан байдалтай байсан ба биеийн хэсгүүдэд хөхрөл ихтэй хувцас нь тоос шороо ихтэй...байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 63 дугаар тал /
Гутланд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 122-124-дүгээр тал/
Шинжээч эмч Э.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Г.Сийн биед учирсан... баруун сарвууны 3 дугаар хурууны 3 дугаар шивнүүрийн хугарал гэмтэл нь ихэвчлэн гар дээр дэвсэх, гар дээр юм унагаах зэрэг тохиолдолд үүсдэг...Нэг удаад газар юмуу аливаа хатуу мохоо зүйл дээр унах үед дээр дурдсан гэмтлүүд үүсэх боломжгүй...гэсэн мэдүүлэг./хх-ийн 105-106 дугаар тал /
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-р тал / зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ хохирогч Г.Сийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Г.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”...2019 оны 06 дугаар сарын 10-ны шөнө Г намайг зодсон...Намайг үг хэлэх завдалгүй л зодсон....яагаад намайг зодсоныг ойлгоогүй бодвол намайг гэрт нь согтуу унтаж байсан болохоор л зодсон байх... гэсэн мэдүүлэг, гэрч О.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..2019 оны 06 дугаар сарын 10- ны өдөр Гын гэрт очиход...18-19 цагийн үед очсон...үхрээ сааж дуусахад харанхуй болсон...бид нар 0,75 граммын архи хувааж уусан....Ц.Гын гэрт нь С нь бид гурвыг явахад зүүн орон дээр нь хэвтээд унтаад үлдсэн. Харин Г...унтаагүй үлдсэн...С зүв зүгээр зүүн орон дээр нь унтаад үлдсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : ”...бид нар авч очсон 0,75 граммын архиа хувааж уусан тэр архинаас С бол огт уугаагүй Гын зүүн талынх нь орон дээр унтаад босохгүй байсан...бид гурвыг явахад нүүр амандаа ямар нэгэн шарх сорвигүй, хамар амнаас нь цус гоожоогүй зүв зүгээр зүүн орон дээр нь унтаад үлдсэн...” гэсэн мэдүүлэг, шинжээч эмч Э.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : ”...Г.Сийн биед учирсан ... баруун сарвууны 3 дугаар хурууны 3 дугаар шивнүүрийн хугарал гэмтэл нь ихэвчлэн гар дээр дэвсэх, гар дээр юм унагаах зэрэг тохиолдолд үүсдэг...Нэг удаад газар юмуу аливаа хатуу мохоо зүйл дээр унах үед дээр дурдсан гэмтлүүд үүсэх боломжгүй...гэсэн мэдүүлэг, гэрч Г.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : ”...2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр намайг ээлжтэй байхад... С гэх хүн зодуулсан байдалтай байсан ба биеийн хэсгүүдэд хөхрөл ихтэй хувцас хунар нь тоос шороо ихтэй...байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч О.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”...С гэх хүнд анхан шатны эмнэлэгийн тусламж үзүүлсэн. Тухайн үед нүүр ам бие нь нэлэнхүүдээ хавдсан бие нь хөх няц зодсон байсан...” гэсэн мэдүүлэг, ... дугаартай шинжээчийн дүгнэлт, гутланд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учирсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Гын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ц.Гад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.Г нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх,хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учруулсан мөнгөн хохирлыг төлсөн,хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Хохирогч Г.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр төлөгдсөн болохоо мэдүүлсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Г нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 51/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцэж байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Ц.Г нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН