Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


          Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

          Нэхэмжлэгч: “А с н” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Н.Бын нэхэмжлэлтэй

          Хариуцагч: Говь-Алтай аймгийн Улсын Бүртгэлийн Хэлтэст холбогдох “А с н” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэлийн 3 дугаарт “2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Ш-ы Б-ыг гүйцэтгэх удирдлагаар томилсон бүртгэл”, 6 дугаарт “2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хувь нийлүүлэгчдээс 2 нэмэгдэж, 2 хасагдаж үүсгэн байгуулагчдын тоо нийт 3 болж өөрчлөгдсөнийг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны  өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Анар, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч  З.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Золзаяа, Н.Энхтуяа, Ж.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ““А С Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О-д овогт Н-ийн Б миний бие нь анх 2011 оны 12-р сарын 12-ны өдөр тус компанийг үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж ирсэн юм. Үүсгэн байгуулах үед компани нь нэг гишүүнтэйгээр байгуулагдсан. Улмаар 2015 оны 07 сарын 10-ны өдөр дүрмээ баталж, шинэчилсэн бүртгэл хийлгэсэн билээ.

        Мөн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өөрийнхөө компаний хөрөнгийн үнэлгээг үнэлгээчин Р.Ц-гаар хийлгүүлж нийт 571,832,900 төгрөгөөр үнэлүүлж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан.

         Үйл ажиллагаагаа өргөжүүлж, тэлэх зорилгын улмаас ирээдүйд гадаадаас /БНХАУ/ хөрөнгө оруулалт татах боломж байна гэж иргэн Ш-ы Б надад санал тавьсанд итгэж түүнд өөрийнхөө компаний хувьцааны 51 хувийг 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар шилжүүлсэн. Гэвч түүний санал болгож харилцан тохиролцсон хөрөнгө оруулалт хийгдээгүй юм.

        Гэхдээ талууд Компаний тухай хуулийн 17-р зүйлд заасны дагуу дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчилсэн найруулгыг батлаагүй, үүнээс үүдэн дээрх хуулийн 17.3, 17.4-д заасан журмын дагуу нэмэлт өөрчлөлт оруулсан компаний дүрмээс улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Гэтэл Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Компаний тухай хуулийн 16, 17-р зүйлүүд, мөн 2003 онд батлагдаж хүчин төгөлдөр мөрдөж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16.1, 16.3, 22-р зүйлүүдэд заасныг зөрчиж, хууль бусаар Ш-ы Б-ыг хувьцаа эзэмшигчээр бүртгэж, бүртгэлд өөрчлөлт оруулсан байна.

        Өөрөөр хэлбэл Компаний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.1-д “... Компаний дүрэм нь түүнийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг мөн”, 16.2-т “Компаний дүрэмд дараах зүйлчийг заавал тусгана...”, 17 дугаар зүйлд “... нэмэлт өөрчлөлт оруулах болон компаний дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, ,,,батална”, 17.3-р зүйлд “дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, компаний шинэчилсэн найруулгыг бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ", 17.3.2 “орж байгаа нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг бүрэн эхийн хамтаар”, 17.3.3 “хуулийн этгээдийн дүрэм” гэж тус тус хуульчилсан байхад зөвхөн “хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол” гэгчийг үндэслэн бүртгэлд өөрчлөлт оруулжээ.

        “А С Н ХХК” ХХК-ийн шинэчилсэн, өөрчлөлт оруулсан дүрэм улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлд байхгүй болохыг албан ёсоор гаргуулж авсан лавлагаа баримт бичгийн хуулбараас харагддаг билээ.

        Нэхэмжлэгч иргэн Н.Б миний зүгээс дээрх хууль зөрчиж хийгдсэн улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар тус бүртгэлийн хэлтэст бичгээр хүсэлт гаргасан.

         Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 302 тоот албан тоот бичигт “... тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгэл хийсэн байх тул уг бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй байна” гэжээ. Гэтэл мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт “үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл гаргах, түүнд холбогдох баримт бичгийг бүртгэх байгууллагад ирүүлэхэд энэ хуулийн 15-р зүйл болон 16.3 дахь хэсгийг баримтлана” гэж хуульчилсан.

        Харамсалтай нь бүртгэлийн байгууллагын зүгээс хуулийг буруу ташаа ойлгосон, хуулийн дагуу тавигдах шаардлагуудыг бүрэн биелүүлээгүйгээс үүдэн иргэн миний өмчлөх эрхэд ноцтой хохирол учирч, эрх ашиг хөндөгдөж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Анар шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн бүртгэлийн тасагт 2020 оны 03 дугаар сард “А с н” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэл хэсгийн 3 дугаарт болон 6 дугаарт оруулсан бүртгэлүүдийг тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль тогтоомжид нийцэхгүй мөн компаний тухай хуульд нийцэхгүй байна гэсэн утга агуулгатай гомдлыг анх гаргасан. Тухайн гомдол дээр журмын зохицуулалтууд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлд холбогдох захиргааны хэм хэмжээний акт, хуулийн зохицуулалт зөрчигдсөн байна. Мөн бүртгэх үндэслэл нь тодорхойгүй байх үед бүртгэл нь хийгдсэн байна гэсэн үндэслэлээр анх гомдол гаргасан. Тухайн бүртгэлд хариу ирүүлэхдээ 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 702 дугаартай албан бичгээр Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс бол тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгэл хийгдсэн тул бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй гэсэн хариуг өгсөн. Уг бүртгэл нь энэ утгаараа бол хүчинтэй гэсэн хариуг хариуцагч талаас өгөөд байгаа. Гэтэл тухайн үед мөрдөгдөж байсан 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хурлаас баталсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын холбогдох хэсэгт хариуцагч байгууллагын өгч байгаагаас арай өөр утга агуулгатай хариуг өгөөд байгаа. Тухайн хуулийн 6 дугаар бүлгийн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх бүлгийн 23 дугаар зүйлд хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх бүлгийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэр өөрчлөх тохиолдолд шинээр олгосон нэрийн баталгаажуулалт, өдөр тутмын сонинд зарлуулсан зар,

2.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

3.үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл

4.үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт;

5.шаардлагатай тохиолдолд итгэмжлэл,

6.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ гэж заасан. Үүнд: 1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

2.эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл;

3.дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт;

4.Иргэний хуульд заасан холбогдох гэрээ эсхүл өв залгамжлах эрхийн гэрчилгээ,

5.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

6.улсын бүртгэлийн гэрчилгээ, 23 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргана гэсэн хуулийн зохицуулалт байсан. Уг зохицуулалтаар “А С Н ХХК” ХХК-ийн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэлийн 6 дугаарт оруулсан хувь нийлүүлэгчдээс 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр оруулсан хувь нийлүүлэгчдээс 2 нэмэгдэж, 2 хасагдаж, үүсгэн байгуулагчдын тоо нийт 3 болж өөрчлөгдсөнийг бүртгэсэн бүртгэл бол өөрөө хууль бус бүртгэл гэдэг нь харагдаж байна гэж үзэж байгаа. Тухайн хуулийн этгээдийн хувийн хэргийн шүүхийн журмаар хэрэгт татан авч үзэхэд Ш.Бд компаны хувьцааны эрх шилжүүлэхтэй холбоотой хуульд заасан заавал бүрдүүлбэл зохих зүйлс авагдаагүй байхад бүртгэлийг хийсэн байдаг. Мөн хувь нийлүүлэгчдээс 2 нэмэгдэж 2 хасагдаж гэж хийсэн бүртгэл нь өөрөө утга агуулгийн илэрхий алдаатай байгаа. Энэ нь бичвэрээс харахад энгийн ухамсартай хүнд харагдаж байгаа. Мөн хариуцагч байгууллагаас дотоод системийн бүртгэл дээр хийгдсэн алдаа мөн гэсэн тайлбарыг хавтаст хэргийн материалын 41 дүгээр талд ирүүлсэн байна. Эндээс харахад Ш.Бд холбогдох хэсгээр буюу 6 дугаарт бүртгэсэн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хувь нийлүүлэгчдээс нэмэгдэж хасагдсан, үүсгэн байгуулагчдын тоо 3 болж өөрчлөгдсөн гэх бүртгэлийн зөвхөн Ш.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Үндэслэл нь бол хүсэл зоригоо илэрхийлсэн өргөдлийг нэхэмжлэгч өөрөө ирж байсан учраас хүсэл зоригийг тайлбарлах үүднээс энэ бүртгэл хийгдсэн гэдэг тайлбар ирүүлж байгаа. Нэхэмжлэгч талаас үзэж байгаагаар энэ тайлбар бол улсын бүртгэлийн захиргааны байгууллагын зүгээс бол хууль бус актыг ямар нэгэн байдлаар зөвтгөх үндэслэл болохгүй гэж үзэж байгаа. Хүсэл зоригтой холбоотой Н.Б болон Ш.Б нартай холбоотой хоорондын тохиролцоо, тохиролцооны үр дагавар нь иргэний шүүхийн харьяалан шийдвэрлэх маргааны утга агуулгатай харилцаа байгаа. Улсын бүртгэлийн байгууллагаас өөрөө ирж өргөдөл өгсөн бол хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзнэ. Хүсэл зоригоо илэрхийлсэн учраас бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй гэсэн хэлбэрээр тайлбарлаж байгаа нь захиргааны ерөнхий хууль болон захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй тайлбар гэж үзэж байгаа. Компаний тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эрх сэргэхээр байгаа. Энэ эрх нь эдийн болон эдийн бус эрх гэж үздэг. Мөн захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох оролцогчийн эх байгаа. 15 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт захиргааны байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийг шаардах эрх эдэлж байгаа. Хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг 2020 онд шаардаж байгаа нь оролцогчдын хувьд хууль ёсны эрхээ хэрэгжүүлэхийг шаардах эрх болж байгаа гэв.

Энэ дээр маш тодорхой хуулийн зохицуулалт байгаа гэж бид үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 48.1 дэх хэсэгт сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно заасан. Бид энэ үндэслэлээр улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргахад захиргааны байгууллагын хувьд тэр хүсэлтийг хянаад сонгох боломжийнхоо хүрээнд энэ бүртгэлийн хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ гэсэн хариуг өгсөн. Тэр хариунаас эхлээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээгдсэн гэж үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудын утга агуулгаар бол сөрөг нөлөөлөх бүхий актыг хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас үл хамаараад захиргааны байгууллага нь өөрөө хүчингүй болгох үүрэг нь байгаа гэж хандахад татгалзсан хариу өгсөн дээр бид нар гомдол гаргах эрхтэй байгаа. Захиргааны ерөнхий хуулийн тайлбар дээр бол энэ талаар маш тодорхой дурдсан байдаг гэж үзэж байгаа. Үүнээс авч үзэхэд хууль зөрчсөн захиргааны актыг хэвээр үлдээх нь шударга ёсны зарчмыг ноцтой зөрчиж байвал түүнийг заавал хүчингүй болгох үүрэг хүлээнэ гэсэн заалт 223 дугаар талд байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдэг үндэслэлээр татгалзах боломж нь хариуцагч талд байсан. Хариуцагч талаа тэр үндэслэлээр өнөөдрийг хүртэл нэг ч маргаагүй. Хэвээр үлдээснээ зөв гэж хариун дээрээ маргаж байгаа. Тэгэхээр сөрөг нөлөөлөх бүхий захиргааны акт гэж манай зүгээс үзэж байгаа. Нөгөө талаас эерэг нөлөөлөл бүхий акт болдог. 48.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр бол тухайн бүртгэлийг гаргаснаас хойш 5 жилийн дотор хүчингүй болгох бололцоо захиргааны ерөнхий хуульд байгаа гэж үзэж байгаа. Хариуцагч тал хөөн хэлэлцэх хугацааны тал дээр маргаагүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү? гэв.

 

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн бүртгэлийн тухайд: “А С Н ХХК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Н.Б, Ш.Б нар нь 2020 оны 03 сарын 17-ны өдрийн 01 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор компаний хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 571,832,900 төгрөг болгон нэмэгдүүлж, гүйцэтгэх захирлаар 51 хувийн хувьцаа эзэмшигч Ш-ы Б-ыг 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн томилохоор тогтоолд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан байсан. Мөн Улсын бүртгэлийн УБ-05 маягтыг хувьцаа эзэмшигч үүсгэн байгуулагч Н.Б бөглөж гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулан хүсэлтээ бодитоор илэрхийлсэн. Үүний дагуу миний бие хуулийн этгээдийн улсын бүртгэлийн туха йхуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу дээрх нэмэлт өөрчлөлтийг улсын бүртгэлийн гэрчилгээнд бичиж баталгаажуулан буцаан олгосон.

        Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар хүсэл зорилгоо бодитоор илэрхийлж гарын үсгээ зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан материалын дагуу улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан бүртгэгчийн үйлдлийг өөрчлөлтийн бүрдүүлбэр материал дутуу байсан гэх үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна.

         Тухайн өдөр Н.Б нь бусад бүх материалаа эх хувиар өгч дүрмээ флашн дээр аваад явж байсан эндээс хэвлээд авчих гэхээр нь өөрийн ашиглаж байгаа компьютер флаш хийх боломжгүй хэвлүүлээд ир гэхэд буцаан хэвлээд ирье, өөрчлөлтийн бүртгэлийг бичилт хийгээд өгөөч гэсний дагуу тухайн хүнд найдаж гэрчилгээг бүртгэж өгч явуулсан. Миний бие Н.Быг дүрмээ яаралтай авч ирж өгөхийг шаардсан боловч ямар нэгэн юм хэлж хойшлуулсаар 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дахин шинэ нэмэлт өөрчлөлт бүртгүүлэхээр шинэчилсэн дүрэм хийж ирсэн учраас шинэчилсэн дүрмийг баталгаажуулж өөрчлөлтийг хуулийн дагуу хийсэн.

         Н.Б нь 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дээрх өөрчлөлтийг бүртгүүлсэний дараа 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дахин нэмэлт өөрчлөлт бүртгүүлэх хүсэлт гаргаж нотариатчаар гэрчлүүлсэн хувьцаа бэлэглэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүргүүлсэн байдаг. Үүний дагуу дахин нэмэлт өөрчлөлтийг бүртгэж үүсгэн байгуулагчийн тоо 3 болж өөрчлөгдсөн бүртгэлийг хийсэн. Үүний дагуу дүрмийг шинэчилэн баталж Н.Б, Ш.Б, А С Ф ХХК Н.Э нар гарын үсэг зурж, бүртгэгч миний бие тамга тэмдэг дарж гарын үсгээр баталгаажуулсан. Дээрх үйлдлээр Н.Б нь 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн бүртгэлийг хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо бодитоор илэрхийлж байсан болох нь тодорхой харагдаж байна. 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн бүртгэлээр Н-ийн Б-ыг захиралаар буцаан томилсон тогтоол бүртгэгдсэн байдаг. Н.Б нь өөрийн хүсэл зоригийн дагуу компаний дүрмийн санг нэмэгдүүлсэн, захиралаар Ш-ы Б-ыг томилсон болох нь харагдаж байна. Учир нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар компаний гүйцэтгэх удирдлагыг томилсон тогтоолыг бүртгэхэд тухайн компаний дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэн батлах шаардлагагүй байдаг бөгөөд гүйцэтгэх захиралаар томилсон тогтоолыг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгч бичилт хйиснээр хүчин төгөлдөр байдаг.

        2016 оны 03 сарын 17-ны өдөр, 2016 оны 09 сарын 20-ны өдөр тус тус нотариатын байгууллага болон бүртгэлийн байгууллагад тус тус өөрийн хүсэл зоригоо бодитоор илэрхийлэн ирж гэрээ хийж, маягтыг өөрийн биеэр бөглөн гарын үсэг зурж, 2 удаагийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож хурлын тогтоолд гарын үсэг зурж тамга даран баталгаажуулсан бодит үйлдлээрээ өөрийн хүсэл зоригийг хангалттай илэрхийлсэн тул бүртгэгчийн үйлдлийг хүчингүй болгох ямар нэгэн үндэслэлгүй” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “А С Н ХХК ХХК-ийн анхны үүсгэн байгуулагчаар Н.Б бүртгэлтэй бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хувь нийлүүлэгчдийн тоонд өөрчлөлт орж, иргэн Ш.Б, А С Ф ХХК нэмэгдэж үүсгэн байгуулагчдын тоо 3 болж өөрчлөгдсөн болно. Тухайн үед гэрчилгээний арын хэсгийн 6 дугаарт бичигдсэн үүсгэн байгуулагчийн тоо 2 хасагдаж гэсэн бичвэр нь хуулийн этгээдийн мэдээллийн сангийн LES мэдээллийн сангийн хөрвүүлэлтийн алдаанаас шалтгаалж бичигдсэн юм. Үүнийг тухайн үед мэдээллийн санг хариуцан ажиллаж байсан инженер Ш.Д-аар ийм алдаа гарч байгаа талаар хэлж засуулж ажилласан.  Энэ 2 бүртгэл нь нэг өдөр хийгдсэн. Хэрвээ энэ бүртгэлийг хүчингүй болгох шаардлагатай гэж үзэж байгаа бол “А С Н ХХК” ХХК-ны дүрмийн санг нэмэгдүүлсэн бүртгэл мөн адил хүчингүй болох үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч зөвхөн өөрт ашигтай үйлдлийг хэвээр үлдээж өөрт ашиггүй бүртгэлийг хүчин төгөлдөр бус болгохоор шаардлага гаргаж байгаа нь буруу гэж үзэж байна. Нэхэмжлэгч эрх шилжүүлэх бэлэглэлийн гэрээгээр хувьцаагаа шилжүүлэх, мөн бүртгэлд өөрөө бүртгүүлэх хүсэлт гаргасан байдаг. Энэ бол “А С Н ХХК” ХХК-ны хувьцаа эзэмшигч ганцаараа байж байгаад 2 хувьцаа эзэмшигч нэмэгдэж нийт 3 болсон механик алдаанаас болж 2 хасагдсан гэж бичигдсэн нь буруу боловч энэ 2 хасагдаж гэж бичигдсэн механик алдаанаас үүдэн гарсан ямар нэгэн үр дагавар байхгүй гэж үзэж байна. Энэ алдаанаас болж бүртгэлийг хүчингүйд тооцох үндэслэлгүй юмаа.

 

         Гуравдагч этгээд Ш.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Н.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд эрх ашиг нь яаж зөрчигдөж байгаа нь тодорхойгүй байна.

         Захиргааны ерөнхий хуулийн 92.1 “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй” гэж заасан. Н.Бын гаргасан нэхэмжлэлд түүний ямар эрх ашиг яаж зөрчигдөөд байгаа нь тодорхойгүй баримтаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа түүний өмчлөх эрх ноцтой зөрчигдөж, хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байна гэж байгаа боловч ямар эрх ашиг нь яаж хөндөгдсөн, тухайн бүртгэлийг хүчингүй болгуулснаар түүний ямар эрх сэргэх талаар дурдаагүй байна. Хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн тайлбараас харахад нэхэмжлэгч Н.Бын өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл болон хүсэлтийн дагуу тус бүртгэлийг хийсэн гэдэг нь 2016 оны 03 сарын 17-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн тогтоол, 2016 оны 03 сарын 15-ны өдрийн шийдвэр зэргээр тогтоогдож байна. Захиргааны ерөнхий хуульд заахдаа иргэн, хуулийн этгээдээс түүний хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн байхыг шаарддаг бөгөөд, захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэхийг хянуулахаар гомдол гаргах эрхтэй гэж заасан байна. Тухайн улсын бүртгэгчийн ямар үйлдэл эс үйлдэхүй эсхүл түүний бичгээр гаргасан ямар акт нь иргэн Батболдын хууль ёсны ямар эрх ашгийг зөрчсөн ямар хуулийг зөрчиж байгаа нь тогтоогдохгүй байна. Мөн тус бүртгэлүүдийг хүчингүй болгосноор ямар үр дагаврыг шаардаж байгаа, ямар эрх сэргээгдэх талаар нэхэмжлэлийн шаардлагадаа тусгаагүй байна.

        Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14.4-т “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох браимтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримт дутуу байна гэж бүртгэлийг хүчингүйд тооцуулах үндэслэл харагдахгүй байна харин үүнээс шалтгаалж хохирол гарсан учирсан тохиолдолд нэхэмжлэгч өөрөө хариуцахаар харагдаж байна.

        Мөн 2016 онд гүйцэтгэх захирал Ш.Быг томилсныг өөрчилж Н.Быг болгож байгаа, хувьцаа эзэмшигчид  өөрчлөгдсөн хүсэлт, дүрэм, шийдвэрийг Н.Б бүртгүүлж байгаа нь тухайн үйл баримтуудад бүртгэл хийгдсэнийг тухайн цаг хугацаанд мэдсэн ба бүртгэгдсэн үйлдлүүдийг одоо мэдэж байгаа мэт бүртгэлийн байгууллагад бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаж байнаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шийдвэрийн талаар мэдсэний дараа 30 хоногийн хугацаанд гомдол гаргах заалтыг зөрчсөн байна.

         Мөн Иргэний хуулийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан байдаг ба Ш.Б миний хувьд өнөөдрийн байдлаар “А С Н ХХК” ХХК-ийн улсын бүртгэлд бүртгүүлсэн зүйлс бүгд үнэн зөв гэж үзэж байна.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу тухайн Улсын бүртгэгчийн гаргасан акт нь илт хууль бус учраас хүчингүй болгуулахаар шаардаж байгаа юм уу эсхүл, тухайн бүртгэгчийн үйлдэл эс үйлдэхүй хууль зөрчсөн учраас зөрчлийг арилгуулахаар шаардаад байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. Шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ захиргааны акт нь хууль тогтоомж болон зорилгодоо нийцсэн эсэхийг шалгах, захиргааны байгууллага сонгох боломжоо хэрэглэсэн байдлыг шалгах, гомдол гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шаардлагатай бол эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн эсэхийг нягтлан шалгадаг. Иймд тухайн Улсын бүртгэгчийн үйлдэл, болон бүртгэл нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

       Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Энхтуяа шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч талаас Ш.Бтай холбогдох хэсгийг хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Энд зөвхөн улсын бүртгэгчийн алдаатай “2 үүсгэн байгуулагч хасагдсан” гэсэн үйлдлээс болоод бүхэлд нь хүчингүй болгох юм бол гуравдагч этгээд Ш.Бын эрх ашиг ноцтой зөрчигдөхөөр байна. Учир нь Ш.Б нь “А С Н ХХК” ХХК-ны 37 хувийн хувьцаа эзэмшигч, энэ нь дүрэмдээ тусгагдан байдаг. Мөн хувьцаа эзэмшигчдийн хурлаараа шийдвэрлээд тэмдэглэл дээрээ дурдаад хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр дүрэмдээ өөрчлөлт оруулаад Н.Бын өөрийнх нь хүсэл зоригийн үндсэн дээр өргөдөл, дүрэм зэрэг бичиг баримтыг бүрдүүлж өөрийн хүсэл зоригийг бодитой илэрхийлж улсын бүртгэлд бүртгүүлсэн харагдаад байдаг.

       Нэхэмжлэгч талын ямар хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөөд байгаа нь тодорхойгүй. Өөрийн эрх ашиг нь зөрчигдөөгүй байхад зөвхөн Ш.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гээд нэхэмжлэл гаргаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14.4 дэх хэсэгт зааснаар “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан.

       Улсын бүртгэгч дутуу материал бүртгэж авсан байлаа гэж бодоход энэ нь тусдаа зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээхээр байгаа. Ш.Бын эрх ашгийг зөрчиж зөвхөн Ш.Бтай холбоотой хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нь үндэслэлгүй юм.

       Мөн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зүйл яригдах ёстой. Иргэний шүүх дээр маргаан үүсээд улсын бүртгэлээс лавлагаа авсан чинь улсын бүртгэл буруу бүртгэснийг мэдлээ гэж байгаа юм. Гэтэл улсын бүртгэлийн гэрчилгээн дээр 2016 оны 09 дүгээр сарын 20, 2016 оны 03 дугаар сарын 20 гээд улсын бүртгэлийн гэрчилгээний хойд талд нь тэмдэглэгээ байдаг. Энэ дээр нь гүйцэтгэх захирал Ш.Быг томиллоо, 2 нэмэгдэж, 2 хасагдлаа гэсэн тэмдэглэгээ байгаа нь тухайн цаг хугацаанд мэдсэн болох нь харагдаж байна. Үүнээс харахад хөөн хэлэлцэх хугацаа бол 30 хоног нь дууссан байна.

       Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч Ш.Бын хувьд “А С Н ХХК” ХХК-ийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байдлыг үнэн зөв гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч Н.Бын нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

        Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Золзаяа шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 43.1 дүгээр зүйлд захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж заасан.Энэ тохиолдолд мэдэгдээд тухайн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан нь компаний гэрчилгээний хойно тэмдэглэгдээд Н.Б өөрөө хүлээж авсан байдаг. Энэ мэдэгдсэн хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой. Ямар эрх ашиг нь зөрчигдөөд байгааг тодорхойлж чадсангүй гэж үзэж байна. Хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

         Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг харахаар улсын бүртгэлд бичигдсэн нэмэлт өөрчлөлтүүд болох 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Ш.Быг гүйцэтгэх удирдлагаар бүртгэсэн бүртгэл, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хувь нийлүүлэгчдээс 2 нэмэгдэж, 2 хасагдаж үүсгэн байгуулагчдын тоо нийт 3 болсныг бүртгэсэн бүртгэлийг хүчингүйд тооцож өгнө үү? гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байдаг.

       Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан. Тухайн улсын бүртгэлийн гэрчилгээ бол захиргааны акт. Энэ захиргааны актыг нэхэмжлэгчийн зүгээс 48.1 дэх хэсэгт заасан захиргааны акт гэж байна. Сөрөг нөлөөлөл гэдгийг захиргааны ерөнхий хуулийн 37.5 дугаар зүйлд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно гэж заасан. Энэ хүнд ямар үүрэг бий болгосон, ямар эрх ашгийг нь хязгаарлаад байгаа нь ойлгомжгүй.

       Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа. Тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болохоор заасан. Гэтэл хариуцагч 2016 оны 03 дугаар сараас хойш манайд ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй гэсэн. Нэхэмжлэгч өөрөө 2016 оны 03 дугаар сарын 17-нд өөрийн хүсэл зоригоо илэрхийлээд өргөдөл хүсэлтээ гаргаад улсын бүртгэлээ хийлгэсэн байдаг. Өөрийнх нь хүсэлтийн дагуу хариуцагч талаас нэмэлт өөрчлөлтийг хийгээд улсын бүртгэлийн гэрчилгээг тухайн хүнд хүлээлгэж өгсөн байдаг. Энэ өдрөө хойш ямар ч гомдол гаргаагүй. 2018 онд хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан үүссэнтэй холбоотой шүүхэд хандсан асуудал яригдаж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж заасан. 94.2 дахь хэсэгт энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гээд зааж өгсөн. Гэтэл энэ хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн зүйл байхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд А С Ф ХХК-иас шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан тайлбар, нотлох баримт зэргийг үндэслэн “А С Н ХХК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Н.Бын нэхэмжлэлтэй Говь-Алтай аймгийн Улсын Бүртгэлийн Хэлтэст холбогдох “А С Н ХХК” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэлийн 3 дугаарт “2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Шы Б-ыг гүйцэтгэх удирдлагаар томилсон бүртгэл”, 6 дугаарт “2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хувь нийлүүлэгчдээс 2 нэмэгдэж, 2 хасагдаж үүсгэн байгуулагчдын тоо нийт 3 болж өөрчлөгдсөнийг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. “А С Н ХХК” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэлийн 3 дугаарт “2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Ш-ы Б-ыг гүйцэтгэх удирдлагаар томилсон бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            Иргэн Н.Б нь “А С Н ХХК” ХХК-ийг үүсгэн байгуулж тус компаний захирлаар ажиллаж байсан бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 16/09 тоот албан бичгээр Говь-Алтай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт хандаж “...Тус компаний хувьцаа эзэмшигчдийн хурлаар компаний хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөн, энгийн хувьцааны тоог өсгөсөн ба гүйцэтгэх захирлаар Ш-ы Б-ыг томилсон, үйл ажиллагааны чиглэлд хүнсний үйлдвэрлэл гэсэн чиглэл нэмэх болсон тул холбогдох өөрчлөлтийг хийж улсын бүртгэлийн гэрчилгээг шинэчилж өгнө үү” гэсэн албан хүсэлтийг гаргасан байна. 

Ингэхдээ 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл”-ийг  үүсгэн байгуулагчийн хувьд гаргаж, түүндээ “А С Н ХХК” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг  хавсарган хүргүүлжээ.

Үүнийг үндэслэн хариуцагч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Ш.Быг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэв.”, “Өөрийн хөрөнгийн хэмжээ 572852 мян.төг-р нэмэгдэж, нийт 572852 мян.төг болсон өөрчлөлтийг бүртгэв.” гэсэн 2 бүртгэлийг хийжээ.

 “А С Н ХХК” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоол, “А С Н ХХК” ХХК-ийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 16/09 тоот албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 334 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл” УБ-05 маягтыг үндэслэн Ш.Быг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн байна.

Нэхэмжлэгч компанийн дүрэмд орсон өөрчлөлтийг хавсаргаагүй, гэрээ байгуулаагүй байхад бүртгэсэн гэж маргаж байгаа боловч 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр бүртгүүлсэн “А С Н ХХК” хязгаармагдмал хариуцлагатай компанийн дүрмийн 7.3-т “Компанийн хувьцаа эзэмшигч нь гүйцэтгэх захирал байж болно. Энэ тохиолдолд үүсгэн байгуулагч буюу хувьцаа эзэмшигчийн шийдвэрт тусгах бөгөөд гэрээ байгуулахгүй” гэж тусгасан байгааг дурдах нь зүйтэй. Мөн хэргийн оролцогчид компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчилсөн талаар маргаагүй болно.

Ш-ы Б-ыг “А С Н ХХК” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн бүртгэлийн байгууллагын бүртгэл хуулийн дээрх шаардлагад нийцсэн баримт бичигт үндэслэсэн байх бөгөөд түүнийг бүртгэхээс татгалзах үндэслэл тухай үед байгаагүй байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.2-т улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 23.1-д зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй гэж заасан байна.

Түүнчлэн маргаан бүхий бүртгэл Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2009 он)-ийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:”, 3.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;” гэсэн үндсэн зарчимтай нийцэж байх бөгөөд уг бүртгэлийг хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.

Нөгөө талаар “А С Н ХХК” ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг үндэслэн бүртгэсэн энэхүү бүртгэлийг 6 сарын дараа буюу 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өөрчлөн Н-ийн Б-ыг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэл гаргагчийн эрх зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тухай маргааны хянан шийдвэрлэдэг.

Иймээс энэхүү бүртгэлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хоёр. “А С Н ХХК” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэлийн 6 дугаарт 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Хувь нийлүүлэгчдээс 2 нэмэгдэж, 2 хасагдаж үүсгэн байгуулагчдын тоо нийт 3 болж өөрчлөгдсөнийг бүртгэв.” гэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Н.Б, түүний өмгөөлөгч Ч.Анар нар шүүх хуралдаанд “А С Н ХХК” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэлийн 6 дугаарт 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хувь нийлүүлэгчдээс 2 нэмэгдэж, 2 хасагдаж үүсгэн байгуулагчдын тоо нийт 3 болж өөрчлөгдсөнийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа “Зөвхөн Ш.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан болно.

“А С Н ХХК” ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Б  2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “А С Н ХХК” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн гүйцэтгэх захирлыг өөрчлөх шийдвэр, Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, “А С Н ХХК” хязгаармагдмал хариуцлагатай компанийн дүрэм /шинэчилсэн найруулга/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 334 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл” УБ-05 маягтыг бөглөн “Хувь нийлүүлэгчийн тоо 3 болж өөрчлөгдсөнийг бүртгэв”, “Н овогтой Б-ыг захирлаар томилсныг бүртгэв.” гэсэн бүртгэл хийлгэх хүсэлт гаргасан байна.

Гэтэл улсын бүртгэгчээс Ш.Быг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэхдээ дүрмийн өөрчлөлтийг харж байж бүртгэсэн гэх боловч уг дүрмийн өөрчлөлтийн бүртгэлийг албажуулж баталгаажуулсанаа шүүхэд нотлоогүй, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний 6 дугаарт “2 хасагдаж” гэсэн үг нэмж бичсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009/-ийн 3-р зүйлийн 3.1.4-т “үнэн зөв, бодитой байх....”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлий н тухай хууль /2015/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.8-д “хуулийн этгээдийн ... мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн тухай мэдээлэл түүнийг бүртгэсэн он сар өдөр”, 11 дүгээр зүйлийн 11.2-т “хуулийн этгээдийн хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах тохиолдолд баримт бичгийн эх хувь болон өмнө нь орсон өөрчлөлтийн талаарх мэдээллийг хэвээр хадгална” гэж заасантай тус тус нийцээгүй байна.

Гэвч хариуцагч хувь нийлүүлэгчдийн тоог бүртгэхдээ техникийн алдааны улмаас “А С Н ХХК” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “Хувь нийлүүлэгчдээс 2 нэмэгдэж, 2 хасагдаж нийт 3 болж өөрчлөгдсөнийг бүртгэв.” гэж бичсэн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын дарга Ж.А-ийн 2020 оны 07 дугаар сарын 2-ны өдрийн 6/6269 тоот албан бичгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар гуравдагч этгээд Ш.Бтай гэрээ байгуулаагүй тул бүртгэл хууль бус гэж маргаж байгаа боловч Компаний тухай хуулийн 16-р зүйлийн 16.1-т “компанийн дүрэм нь түүнийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг мөн”, 17-р зүйлийн 17.9-д “компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно” гэж заасан хүрээнд компаний дүрэмд тусган  баталсан компанийн хувьцаа эзэмшигчдийн хувьцааны тоо, хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувийг улсын бүртгэлийн байгууллага өөрчлөн бүртгэх үндэслэлгүй байна.

Тодруулбал уг компаний хувьцаа эзэмшигчдийн хамтран баталсан дүрмийн 3, 8.4-т заасан хувьцаа эзэмшигчдийн тоог бүртгэлийн ажиллагаагаар өөрчлөн тогтоох боломжгүйгээс гадна дүрмийн зохицуулалт нь тухайн компаний дотоод асуудал юм.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс захиргааны акт буюу бүртгэлийн үйл ажиллагааг сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байсан тул захиргааны байгууллага хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөний дараа ч захиргааны байгууллага хүчингүй болгож болно гэж тайлбарласан. Гэвч нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон бүртгэлүүдийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д зааснаар нэхэмжлэгчид үүрэг болгосон, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан шинжтэй актууд гэж дүгнэх үндэслэлгүй. Учир нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн ажиллагаатай холбогдох эдгээр актыг захиргааны байгууллага дангаараа санаачлан гаргаагүй онцлогтой байна.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч нараас “А С Н ХХК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Н.Б нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн өөрчлөлтүүдийг өөрөө хүсэл зоригоо илэрхийлэн өргөдөл гаргаж бүртгүүлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар бид хариуцагчид 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 20/67 тоот албан бичгээр хандаж 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 305 дугаар албан бичгээр хариу авсан. Энэ албан бичгийг авсны дараа хуульд заасан 30 хоногийн хугацаанд шүүхэд хандсан гэж мэтгэлцлээ.

Гэвч маргаан бүхий бүртгэлүүдийг 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тус тус нэхэмжлэгч Н.Б өөрөө хүсэл зоригоо илэрхийлэн өргөдөл бичиж бүртгүүлсэн байх тул дээрх бүртгэлийг мэдээгүй гэх үндэслэлгүй байна. Учир нь улсын бүртгэлийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичилт хийж, бүртгэл баталгаажсанаар захиргааны байгууллагаас мэдэгдсэн, өргөдөл гаргасан этгээд гэрчилгээгээ хүлээн авснаар мэдсэнд тооцох юм.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 11-нд захиргааны байгууллагад гомдол гаргаж, шүүхэд 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан “...30 хоног” дотор нэхэмжлэлээ гаргахаар заасныг зөрчжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар  зүйлийн 22.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн  тухай хуулийн 22 дугаар  зүйлийн 22.1, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалтыг тус тус баримтлан “А С Н ХХК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О овогт Н-ийн Б-ын нэхэмжлэлтэй Говь-Алтай аймгийн Улсын Бүртгэлийн Хэлтэст холбогдох “А С Н ХХК” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэлийн 3 дугаарт “2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Ш-ы Б-ыг гүйцэтгэх удирдлагаар томилсон бүртгэл”, 6 дугаарт “2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хувь нийлүүлэгчдээс 2 нэмэгдэж, 2 хасагдаж үүсгэн байгуулагчдын тоо нийт 3 болж өөрчлөгдсөнийг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах /“Ш.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан/” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээж, хариуцагч  улсын тэмдэгтийн  хураамж   төлөхгүйг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ОЮУНСҮРЭН