Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1712

 

 

 

 

 

 

                                                                                   

 

 

Л.Тунгалагын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/01382 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Тунгалагын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Англофрейт” ХХК-д холбогдох

 

Ятга хөгжмийн үнэд 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Буянжаргал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ганзориг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Даваажав нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...“Англофрейт” ХХК-ийн илгээмжийн үйлчилгээгээр миний бие 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр АНУ-ын Чикаго хотод оршин суух өөрийн төрсөн дүү Л.Ариунтунгалаг руу ятга хөгжим явуулахаар харилцан тохиролцож, хүлээлгэн өгсөн юм. Гэтэл уг илгээмж эзэндээ хүрэлгүй, АНУ-ын хил, гааль дээр хураагдсан тул тус байгууллагад хандан ачаагаа эзэнд нь хүргүүлэх, боломжгүй бол буцаан ирүүлэх талаар удаа дараа хүсэлт гаргаж, өнгөрсөн оны 4 дүгээр сараас хойш одоог хүртэл хөөцөлдсөн боловч асуудлыг шийдэж өгөлгүй ихээхэн чирэгдүүлсэн. Иймд миний бие өмгөөлөгчид хандан хууль зүйн туслалцаа хүсч, хоёр удаа өмгөөлөгчөөрөө дамжуулан албан бичиг явуулсан, мөн өөрийн биеэр өмгөөлөгчийн хамт захирал эмэгтэйтэй нь очиж уулзсан. Албан бичгээр хандахад уг илгээмж гааль дээр саатуулагдаж, одоог хүртэл шалгагдаж байгаа гэсэн хариу өгсөн. Уг илгээмжийг хүлээж авсан манай байгууллагын ажилтан гаалийн мэдүүлгийг 250 ам.доллар гэж бөглөсний улмаас саатуулагдан шалгагдаж байгаа, манай компанийн зүгээс АНУ дахь гаалийн зуучлагч буюу гаалийн брокертоо хандаж, гаалийн шалгалтын ажиллагаа хэзээ дуусах талаар тодруулж, илгээмжийг эзэнд нь хүргэх арга хэмжээг даруй авч өгөхөөр ажиллаж байгаа, манайд өгсөн албан бичгээ англи хэл дээр орчуулаад өгчихвөл албан бичгийг чинь хавсаргаад АНУ дахь оффис руу явуулаад нөхцөл байдлыг тайлбарлаад хариу өгье гэхээр нь албан бичгийг орчуулуулж, тус компанид өгч, өнөөдрийг хүртэл асуудал нааштай шийдэгдэх байх гэж найдаж хүлээсэн.

Гэтэл асуудал одоог хүртэл шийдвэрлэгдээгүй, тус илгээмжийн үйлчилгээ эрхэлдэг компанийн зүгээс арга хэмжээ авч өгөхгүй байгаа тул асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иргэний хуулийн 408 дугаар зүйлийн 408.1 дэх хэсэгт “илгээгч нь илгээмжийн гэрээнд заасан нөхцөл, шаардлагыг хангахуйц байдлаар ачаа, илгээмжийг тээвэрлэх, тээвэрлэлтэд оролцох этгээдийг сонгох, захиалагчийн ашиг сонирхлын дагуу түүний өгсөн даалгаврыг биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байдаг. Захиалгын хуудас бөглүүлж, илгээмжийг хүлээн авсан тул тус илгээмжийн бүрэн бүтэн байдлыг илгээгч хариуцаж, захиалагчийн даалгаврыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд илгээгч ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас захиалагчид учруулсан хохирлыг илгээгч байгууллага бүрэн хариуцах хууль зүйн үндэслэлтэй тул уг ятганы зах зээлийн ханш болох 1 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү. Уг ятга нь миний ээж дүүд минь бэлэглэх гэж гадаадаас захиулж авчруулж байсан, миний хувьд юугаар ч сольшгүй нандин бэлэг байсан бөгөөд тухайн үедээ Монгол мөнгөөр тооцоход 1 500 000 төгрөгийн үнэ бүхий хөгжим байсан тул хариуцагч “Англофрейт” ХХК-иас 1 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Тунгалаг нь 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манай компанид ятга хөгжим 1 ширхэг, еэвэн, зураг, ааруул, далбаа зэргийг Чикаго хот руу илгээхээр илгээмж өгсөн. Илгээгч Л.Тунгалагийн илгээмжийн нийт тээврийн зардал болох 466 ам.долларын төлбөр нь энд хийгдээгүй бөгөөд уг төлбөрийг Чикаго хотод хүлээн авагч Л.Ариунтунгалаг нь төлбөр төлөн хүлээн авах ёстой байсан ба уг илгээмж нь гаалийн хяналт шалгалтаар орон ятга хөгжим нь саатуулагдсан. Гаалийн байгууллагаас шаардсан бичиг баримтыг илгээмжийг хүлээн авагч Л.Ариунтунгалаг нь гаргаж өгч чадахгүй байгаагийн улмаас уг ачаа АНУ-ын гаалийн агуулахад одоо хүртэл байгаа бөгөөд нэмэлт хадгаламжийн зардал гарсаар байгаа. Уг ачаа нь алга болж үрэгдээгүй, гаалийн бүрүдүүлэлтээ хийж чадаагүйн улмаас гаалийн хяналтын талбайд хадгалагдаж байгаа бөгөөд тухайн хүлээн авагч шаардсан бичиг баримтыг гарган өгч гаалийн татвар болон агуулахын хөлсөө төлсөн тохиолдолд уг ачааг хүлээн авах боломжтой байгаа. Манай байгууллагын зүгээс 2015 оны 12 дугаар сард тухайн хүлээн авагчид АНУ-ын гаалийн байгууллагын тавьсан нөхцөл шаардлагыг хүлээлгэн өгч, гаалийн байгууллагын шаардсан бичиг баримтыг гаалийн татвар хураамж, хадгаламжийн төлбөрийн хамт төлөөд уг ачааг авахыг санал болгосон боловч авах боломжгүй гэж хариулсан тул манай зүгээс ямар нэгэн алхам хийх боломжгүй болсон. Л.Ариунтунгалаг нь уг ачаатай хамт илгээсэн ачааныхаа тээврийн хөлсийг төлөөгүй байгаа ба манай байгууллагаас зээлээр авсан унтлагын тавилганы төлбөр болох 350 ам.долларыг төлөх үлдэгдэлтэй гээд манай байгууллагад нийт 438 ам.долларын өглөг үүссэн байгаа боловч одоо болтол уг төлбөрийг төлөөгүй байна. Бидний зүгээс үйлчлүүлэгч АНУ-ын гаалийн байгууллагын шаардсан материалыг төлбөрийн хамт төлсөн тохиолдолд уг ачааг гаалийн хяналтаас авч олгох бүрэн боломжтой байгаа болно...” гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 408 дугаар зүйлийн 408.1, 408.9 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Англофрейт” ХХК-иас 1 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Тунгалагт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 38 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг давж заалдах гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь “Англофрейт” ХХК-ийн үйлчилгээний ажилтан илгээмжийн илгээлтийн маягтанд тухайн эд зүйлсийн үнийг бичихийг зөвлөхөд захиалагч Л.Тунгалаг нь бэлгийн зүйл учраас үнэлэх боломжгүй хэмээн хэлж бөглөөгүй байгаа нь тухайн маягтанд үнээ бичээгүй байгаагаар бүрэн нотлогдоно. Захиалагч маягтанд бичигдсэн асууслын дагуу үнийг бөглөөгүй нь тухайн этгээдийн буруутай үйлдэл болохоос үйлчилгээний ажилтны буруутай үйлдэл биш юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт Иргэний хуулийн 408 дугаар зүйлийн 408.1 “Илгээгч нь илгээмжийн гэрээнд заасан нөхцөл, шаардлагыг хангахуйц байдлаар ачаа, илгээмжийг тээвэрлэх, тээвэрлэлтэнд оролцох этгээдийг сонгох захиалагчийн ашиг сонирхлын дагуу түүний өгсөн даалгаврыг биелүүлэх үүрэгтэй” гэж заажээ. Дээрх заалтын дагуу илгээгч нь ачаа илгээмжийг тээвэрлэх, өгсөн даалгаврыг бүрэн биелүүлсэн ба гаалийн төлбөр төлөх бусад үүрэг хүлээхгүйгээр тусгасан байгааг шүүх буруу ойлгон тайлбарласан байна. Энэ нь мөн Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1 дэх хэсэгт Илгээмжийн гэрээгээр илгээгч өөрийн нэрийн өмнөөс захиалагчийн зардлаар ачаа, илгээмжийг тээвэрлэхтэй холбоотой үйлдэл хийж, захиалагч гэрээнд заасан хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан нь илгээгчийн буруутай үйлдэл болохгүй болохыг давхар нотлож байна.

Мөн “Англофрейт” ХХК-ийн үйлчилгээний ерөнхий журмын 2.11 дэх хэсэгт зааснаар “шуудангийн үйлчилгээ үзүүлэхээр тогтоосон хугацаа, журмын тухай мэдээллийг үйлчлүүлэгчид гаргаж өгөх буюу мэдээлэх” үүргээ тус компаний үйлчилгээний ажилтан биелүүлээгүйн улмаас гаалийн  мэдүүлгийн маягт дутуу мэдээлэл бичигдсэн байна хэмээгээд иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 408 дугаар зүйлийн 408.9-д заасан “илгээгч өөрөө, эсхүл түүний ажилтан гэм буруутай бол гэрээнээс үүсэх хариуцлагыг хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь “Англофрейт” ХХК-ийн Үйлчилгээ ерөнхий журмын 2.11 дэх хэсэгт зааснаар илгээгч байгууллагын шуудангийн үйлчилгээ үзүүлэхээр тогтоосон хугацаа, журмын тухай мэдээллийг үйлчлүүлэгчид гаргаж өгөх буюу мэдээллэх үүрэгтэй ба тэрхүү хугацаа, журмыг мэдээллийн самбарт олон нийтэд нээлттэй байрлуулсан байдаг.

Иргэний хуулийн 388 дугаар зүйлийн 388.7 дахь хэсэгт “Ачааг илгээгч нь зохих газарт хүргэхэд шаардагдах гаалийн болон бусад бүх баримт бичгийг дагалдах бичигт хавсаргах буюу тээвэрлэгчид өгч, тээвэрлэгчийг зохих мэдээллээр бүрэн хангах үүрэгтэй.” Иргэний хуулийн 388 дугаар зүйлийн 388.8 дахь хэсэгт “тээвэрлэгч энэ хуули йн 388.7-д заасан баримт бичиг, мэдээллийг үнэн зөв болон хангалттай эсэхийг шалгах үүрэггүй” хэмээн заасан байна. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/01382 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

       Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

       Нэхэмжлэгч Л.Тунгалаг нь хариуцагч “Англофрейт” ХХК-д холбогдуулан ятга хөгжмийн үнэ 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

       2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Л.Тунгалаг нь хариуцгач “Англофрейт” ХХК-ийн илгээмжийн үйлчилгээгээр АНУ-ын Чикаго хотод оршин суух дүү Л.Ариунтунгалаг руу ятга хөгжим болон ааруул, зураг, еэвэн, далбаа зэргийг агуулсан ачааны хамт явуулахаар болж, ятга хөгжмийг 378 ам.доллараар, бусад зүйлийг 88 ам.доллараар илгээх тарифт үнэ буюу хөлсийг илгээмж хүлээн авагч төлөхөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан “илгээмжийн маягт” болон зохигчдын тайлбараар тогтоогдсон, шүүх талуудын хоорондын эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1 дэх хэсэгт заасан илгээмжийн гэрээний талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна. /хх 89/

 

Дээрх гэрээний дагуу хүргэвэл зохих эд зүйлс АНУ-ын Чикаго хотод хүрч хүлээн авагч Л.Ариунтунгалаг зарим барааг авсан боловч 378 ам.долларын тээвэрлэлтийн зардал бүхий ятга хөгжмийг гаалийн мэдүүлэгт барааны үнэ бичээгүй гэх үндэслэлээр АНУ-ын гаалийн газар шалгасны улмаас хүлээн авагчид уг бараа олгогдоогүй байна.

 

Анхан шатны шатны шүүх талуудын хооронд илгээмжийн гэрээний үүргээ хариуцагч байгууллага зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж, гэм хорын хохирол буюу 1 500 000 төгрөгийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас 750 000 төгрөгийг хасч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

       Учир нь 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн маргаан бүхийн илгээлтийн мягтад захиалагч нь илгээж буй барааны нэрийг “ятга” гэж, барааны тоо ширхэгийг “1” гэж бөглөн, “үйлдвэрлэсэн улсын нэр”, жин хэмжээ, үнэ зэрэг зарим мэдээллийг бөглөлгүйгээр, нийт жин, тарифт үнэ зэрэг мэдээллүүдийг бөглөсөн байна.

 

       Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “захиалагч нь илгээмжийн зүйлийн талаар бүрэн мэдээллийг илгээгчид өгөх үүргээ биелүүлээгүй, илгээгч байгууллагын ажилтан анхааруулсан боловч “бэлэг” гэдэг үндэслэлээр үнийг тавихаас татгалзсан бөгөөд маягтын тайлбарыг сайн уншиж, бүрэн бөглөх үүргээ биелүүлээгүй” гэж тайлбарлажээ.

 

       Иргэний хуулийн 408 дугаар зүйлийн 408.5 дахь хэсэгт илгээмж хүлээн авагч илгээмжийг хүлээн аваагүй, хүлээн авах боломжгүй болсон бол илгээгчийн эрх, үүргийг тээвэрлэлтийн дүрмээр тодорхойлно гэж заасан байх тул Иргэний хуулийн 388 дугаар зүйлийн 388.7 дахь хэсэгт “Ачаа илгээгч нь ачааг зохих газарт хүргэхэд шаардагдах гаалийн болон бусад бүх баримт бичгийг дагалдах бичигт хавсаргах буюу тээвэрлэгчид өгч, тээвэрлэгчийг зохих мэдээллээр бүрэн хангах үүрэгтэй”, мөн хуулийн 408 дугаар зүйлийн 408.9 дэх хэсэгт “Илгээгч өөрөө, эсхүл түүний ажилтан гэм буруутай бол гэрээнээс үүсэх хариуцлагыг хүлээнэ” гэж тус тус заасан нь нэхэмжлэгч Л.Тунгалаг нь мэдээллийг илгээгч байгууллагын ажилтанд бүртгүүлж өгөхдөө захиалагчийн хувьд хариуцлагатай хандах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын 50 хувь буюу 750 000 төгрөгийн хэмжээнд хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.  

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/01382 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...1 500 000 төгрөг...” гэснийг “...750 000 төгрөг...” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...38 950 төгрөг...” гэснийг “...22 550 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.        

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Англофрейт” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

                                           ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН