Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 48

 

                                                       

 

 

 

 

 

 

 

 

    Л.А-, П.Н-, Б.А-, Р.Ж-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор П.Даваасүрэн,

хохирогч З.Б-, түүний өмгөөлөгч Ж.Оюунболд,

шүүгдэгч Л.А-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Т.Баярцэнгэл,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1537 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.А-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Л.А-, П.Н-, Б.А-, Р.Ж- нарт  холбогдох эрүүгийн 201509000295 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч П.Н-, Л.А-, Б.А-, Р.Ж- нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “М-” ХХК-ийн захирал П.Б-аас “компанийг нь Д.Т.Ү-тэй гэрээ байгуулахад туслалцаа үзүүлнэ” гэж 2014 оны 3 дугаар сарын 20, 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдрүүдэд нийтдээ 20.000.000 төгрөгийг авч, 2014 оны 9 дүгээр сард “М-” ХХК-ийн Д.Т.Ү-ээс гэрээ ёсоор авах ёстой байсан 25.164.608 төгрөгийн үнэтэй 22.256 тонн төмөрийг өөрсдийн ажлын хөлсөнд авах мөнгөө авч байгаа гэх шалтгаанаар “М-" ХХК-нд мэдэгдэлгүй авч, улмаар худалдаж, нийтдээ 45.164.608 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Л.А- нь үргэлжилсэн үйлдлээр, 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Да Хүрээ” зах дээр хохирогч З.Б-ыг залилан түүний худалдаж байсан “Honda insight” маркийн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, 12.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Л.А- нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “М-” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2013 оны 6 дугаар сарын 20, 2013 оны 8 дугаар сарын 5-ны өдрүүдэд нийтдээ 11.768.600 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.Н-, Б.А-, Р.Ж- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Л.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.А-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Л.А-ыг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, П.Н-, Б.А-, Р.Ж- нарыг бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Л.А-ыг 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Н-, Б.А-, Р.Ж- нарыг тус бүр 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Л.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн Л.А-ын өмчлөлд байгаа Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хожуулын амны 4 дүгээр гудамжны 85 тоот хаягт байршилтай 500м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хохирол төлбөрт тооцуулахаар зохих журмын дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, Л.А-, П.Н-, Б.А-, Р.Ж- нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Л.А-аас нийт 23.919.208 төгрөгийг гаргуулж, үүнээс 12.000.000 төгрөгийг хохирогч З.Б-ад, 11.919.208 төгрөгийг “М-” ХХК-д, Р.Ж-аас нийт 700.000 төгрөгийг гаргуулж “М-” ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.А-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1537 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

Л.А- нь “М-” ХХК-нд хохирол учруулсан үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт ногдох 9.0 сая төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан үйлдлийг хүлээн зөвшөөрч хохирол төлөхөө илэрхийлснийг Өршөөлийн хуульд хамруулан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолын энэ хэсэгт гаргах гомдол саналгүй.

Харин энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллагдагчаар татсан үндэслэл буюу иргэн З.Б-аас 12 сая төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг залилан мэхэлж авсан гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа прокурорын яллах дүгнэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтаар Л.А-д хамааралгүй бөгөөд өөр этгээд болох Д.Э-ыг өмнө нь яллагдагчаар татаж шалгаад иргэд хоорондын зээлээр худалдах, худалдан авах хэлцэл буюу иргэний эрх зүйн харилцаа гэж үзэж, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа Л.А-ын үйлдэлд хамааруулан үргэлжилсэн үйлдэлд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй тул энэ үйлдэлд гэм буруутай эсэх нь эргэлзээтэй гэж үзэж байна.

Учир нь, хохирогч З.Б-аас Л.А- нь машин шууд аваагүй. Харин түүний нөхөр Д.Э- иргэн 3. Бүдхандтай гэрээ хийж, машин зээлээр авсан нь үнэн боловч энэ хэлцэлд Л.А-ын оролцоо байхгүй, авсан өгсөн эзэн нь тодорхой байхад Л.А-ыг хамаатуулан үргэлжилсэн үйлдэл гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлаагүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзнэ. Угтаа энэ хэлцэл бол зээлээр худалдах, худалдан авах гэрээний маргаан болохоос биш эрүүгийн гэмт хэрэг эсэх нь эргэлзээтэй ба гэмт хэрэг мөн гэж үзвэл яллагдагчаар татагдвал зохих этгээд нь Л.А- биш байна. Харин Д.Э-ыг хувь хүнийх нь хувьд хариуцлагад татаад эсвэл иргэний журмаар маргааныг шийдвэрлэсэн бол тэр хүн зээлээ төлөх, хариуцлага хүлээх эсэх асуудал нь машин авсан Д.Э-ын өөрийнх нь хариуцлага болно гэж өмгөөлөгчийн зүгээс гомдлын үндэслэлээ гаргаж байна.

Дээрх үйлдэлд яллагдагч Л.А-ын гэм бурууг нотлох баримт гэж тооцсон хохирогч З.Б-ын мэдүүлэг /2хх 25/-ээс өөр ямар ч нотлох баримт байхгүй байхад гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн бөгөөд уг эх сурвалж буюу 2 дугаар хавтас хэргийн 7 дугаар талд авагдсан шийтгэх тогтоолд Л.А-ын гэм бурууг нотолж байгаа баримт гэж заасан гэрээ нь иргэн Д.Э- иргэн З.Б-аас 12.000.000 төгрөг зээлсэн “Зээлийн гэрээ” байхад уг гэрээ нь яаж, ямар байдлаар Л.А-ын гэм бурууг нотлоод байгаа, хохирогч З.Б-ын мэдүүлгийн эх сурвалж ямар учраас болж байгаа нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй байхад анхан шатны шүүх харьцуулалгүйгээр, шууд гэм бурууг нотлох баримт болгож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь заалтыг шууд зөрчсөн болохыг тодорхой харуулж байна. Тогтоолын 9 дүгээр талд хохирогч З.Б-ын мэдүүлэг, зээлийн гэрээ зэргээр нотлогдож байна гэсэн нотлох баримтаасаа зөрсөн. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээгээр нотолж байхад зээлийн гэрээг өөр хүний нэрээр хийсэн байдаг.

Иймд дээрх байдлыг магадлан хянаж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийн маргаантай байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг баримтлан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Л.А-ыг иргэн З.Б-аас 12.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг залилан мэхэлж авсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож, энэ үйлдлийг мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтаар “Гэмт хэргийн шинжгүй” гэж үзэн хэрэгсэхгүй болгож, Л.А-ын хэргийн зүйлчлэлийг зөвтгөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг журамлан гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Л.А-ын өмгөөлөгч Т.Баярцэнгэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн 1537 дугаартай шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт 23.919.208 төгрөгийн хохирол төлөхөөр тогтоосон. Тухайн үед Л.А- компанидаа ажиллаж байхдаа өөрийн ажил үүргийн дутагдлаас үүдэж 11.919.209 төгрөгийн хохирол учруулсан гэж аудитын дүгнэлтээр тогтоогдож, гэм буруутай болсон боловч шийтгэх тогтоолд нийт хохиролд оруулан тооцсон нь буруу гэж үзэж байна. Хохиролд 9.000.000 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогдсон. Гэтэл 11.919.209 төгрөгийг хохиролд оруулан тооцсон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

Хохирогч З.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Л.А-ын нөхөр Д.Э- гэдэг хүнийг танихгүй. Би Л.А-тай 2010 оноос хойш 4, 5 жилийн хугацаанд нэг газар хамт ажилласан байдаг. Ажиллах хугацаандаа би Л.А-д 5.000.000 төгрөгийн зээл авч өгч, Л.А- төлж барагдуулсан байдаг. Өмнө нь Л.А-д зээл авч өгөөд төлсөнд нь итгэсэн учраас 12.000.000 төгрөгийн үнэтэй автомашиныг өгсөн. Л.А- машиныг авахдаа өөрийн нөхөр болох Д.Э-тай хамт ирж үзээд “би ажил руугаа явахгүй бол болохгүй байна, манай нөхөртэй худалдах, худалдан авах гэрээ хийгээрэй” гэж хэлээд нөхрөө үлдээгээд явсан. Энэ үед л би Д.Э- гэдэг хүнийг анх удаа харсан. Машин аваад явахдаа ямар ч мөнгө өгөөгүй. 7 дугаар сарын 9-ний өдөр гэрээ хийгээд, 7 дугаар сарын 15-ны өдөр урьдчилгаа мөнгө болох 4.000.000-5.000.000 төгрөг өгье, 9 дүгээр сарын 10-ны өдөр гэхэд үлдэгдэл мөнгийг хувааж төлнө гэж тохиролцоод Л.А- явсан. Одоо болтол ямар ч мөнгө аваагүй. Мөнгөө нэхэхээр машин зарна, мал, мах зарна гэдэг байсан. Би Д.Э-ыг танихгүй, Л.А-ыг танидаг учраас  машинаа өгч, нөхөртэй нь худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Би өөрийн машины үнэ 12.000.000 төгрөгөө авмаар байна” гэв.

 

 Хохирогч З.Б-ын өмгөөлөгч Ж.Оюунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдолтой танилцсан. Д.Э- энэ хэрэгт хамтран оролцогч мөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Харамсалтай нь хуулийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан энэ хэрэгт Д.Э- хамааралгүй гэж үзсэн. Хэргээс үзэхэд, Д.Э-, Л.А- нар гэр бүлийн харилцаатай байсан тул энэ хэргийг Л.А- үйлдсэн гээд үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, Л.А- гэрээгээр халхавчилж Д.Э-ын нэр дээр гэрээ байгуулж, уг машиныг авсан. Энэ үйлдэлд З.Б-ын мэдүүлэг, мөн зээлийн гэрээгээр Л.А-ыг буруутгасан гэж хэлж байна. Өнөөдрийг хүртэл машины мөнгийг өгөөгүй. Шүүгдэгчийн тал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан нотолбол зохих асуудлыг нотлоогүй, эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэж байна. Энэ хэрэгт ямар нэгэн эргэлзээ байхгүй. Уг машиныг битүүмжлүүлэх хүсэлтийг мөрдөн байцаалтын шатанд гаргасан боловч ломбарданд тавигдсан гэдэг.  Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

 

Прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа учир хэвээр үлдээх саналтай байна. Л.А-ын З.Б-ыг залилсан үйлдэл нь хангалттай тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Энхбаатарын өгсөн мэдүүлгээр Л.А- өөрөө дагуулж ирээд гэрээ хийсэн гэдэг асуудлыг нотолсон. Тэгэхээр өмгөөлөгчийн хэлснээр өөр ямар нотлох баримтууд цуглуулах, ямар нотлох баримтаар нотлох гэж байгааг би ойлгохгүй байна. Энэ гэрээний тухайд юуг нотлох гэж байна вэ гэхээр Л.А-ын танилцуулсны дагуу нөхөр Энхбаатар нь Бүдхандтай гэрээ хийж авсан буюу автомашиныг авсан гэдгийг нотолж байгаа болохоос биш заавал Л.А-ыг авсан, аваагүй гэдгийг нотлох баримт биш юм. Автомашины тухайд, би энэ хэрэгт дундаас нь хяналт тавьсан учир яагаад автомашиныг битүүмжлээгүй гэдэгт тайлбар хэлж чадахгүй. Гэхдээ сүүлд мөрдөн байцаалтын явцад мөрдөгчөөр шалгуулахад тухайн автомашиныг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан, тухайн банк бус санхүүгийн байгууллагад төлбөрөө төлж чадахгүй байсан учраас цааш нь зарчихсан байсан. Тийм учраас автомашиныг битүүмжлэх боломжгүй гэж мөрдөгч тайлбарлаж байсан. Бусад хэргийн хувьд ч нотлогдсон. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

1. Шүүгдэгч П.Н-, Л.А-, Б.А-, Р.Ж- нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “М-” ХХК-ийн захирал П.Б-аас “компанийг нь Д.Т.Ү-тэй гэрээ байгуулахад туслалцаа үзүүлнэ” гэж 2014 оны 3 дугаар сарын 20, 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдрүүдэд нийтдээ 20.000.000 төгрөгийг авч, 2014 оны 9 дүгээр сард “М-” ХХК-ийн Д.Т.Ү-ээс гэрээ ёсоор авах ёстой байсан 25.164.608 төгрөгийн үнэтэй 22.256 тонн төмөрийг өөрсдийн ажлын хөлсөнд авах мөнгөө авч байгаа гэх шалтгаанаар “М-" ХХК-нд мэдэгдэлгүй авч, улмаар худалдаж, нийтдээ 45.164.608 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Д.Б-ын: “2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Д.Т.Ү-” ТӨХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 403001064 тоот дансанд нийт 660.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Үүнээс 584.51 тонн арматур захиалж, ... 631.314.140 төгрөгийн 563.22 тонн арматур төмөрийг  хүлээн авсан. ... Манай ажилтнууд 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Д.Т.Ү-тэй тооцоо нийлэн үлдэгдэл арматураа авахаар очиж холбогдох хүмүүстэй уулзахад “2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр танайх үлдэгдэл арматураа авсан байна” гэсэн хариу өгсөн. Манай байгууллага үлдэгдэл 20.060.160 төгрөгийн ямар ч арматур төмөрийг  хүлээн аваагүй. ... П.Н- надтай нэг, хоёр удаа уулзахдаа Д.Т.Ү-т хаягдал төмөр нийлүүлдэг агентуудтайгаа гэрээ хийж арматур төмрөө нийлүүлдэг байсан. ... Нарантуяа манай байгууллагатай гэрээ хийгээд “туслалцаа үзүүлнэ” гэсний дагуу Нарантуяад 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 15.000.000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 20.000.000 төгрөгийг олгосон. Ингэснээр Нарантуяа өөрийн хийсэн ажлын хөлсөө бүрэн бүтнээр авсан. Бидний ярьсан ажил дуусгавар болсон. Анх Нарантуяатай 20.000.000 төгрөгөөр тохирсон ёсоор 20.000.000 төгрөг өгсөн. ... Д.Т.Ү-тэй яаж харилцах талаар мэдээлэл дутмаг байсан. Л.А- Д.Т.Ү-тэй харилцах судалгаа явуулаад “заавал хаягдал төмөр тушаадаг юм байна, тэгснээр Д.Т.Ү-тэй гэрээ хийх нөхцөл бүрддэг юм байна” гэсэн ойлголтыг өгсөн. Тэгээд Нарантуяа гэх хүнийг “Д.Т.Ү-т хаягдал төмөр тушаадаг хүн, энэ хүн манай компаний нэрийн өмнөөс хаягдал төмөр тушааснаар манай компанид хямдралтай, давуу эрхтэйгээр арматур төмөр худалдан авах нөхцөл бүрдэх юм” гэж итгүүлсэн. Би Л.А-д итгэсэн. Нарантуяатай уулзсаны дараа би тодорхой хугацаагаар БНСУ-д эмчилгээ хийлгэж байхад “яаралтай гэрээ хийж мөнгө төгрөгөө тушаах хэрэгтэй байна, Дарханы арматур төмрийн үнэ нэмэгдэх гээд байна” гэхээр нь Одбаяр инженерт Л.А-тай хамт гэрээ хийгээрэй” гэж үүрэг өгсөн. Гэтэл Л.А- нь Одбаярыг гэрээ хийх ажиллагаанд оролцуулахгүйгээр Нарантуяагийн хамт орж, манай компанийг төлөөлж гэрээ байгуулан будлиан, луйврыг үүсгэсэн. ... би Нарантуяад хаягдал төмөр худалдан авах, ачилт тээврийн зардал, өөрийнх нь болоод ажилчдын хөлс зэргийг тооцож, 20.000.000 төгрөг өгсөн. ... үлдэгдэл арматурын үнэ 23.885.860 төгрөг, тээврийн хөлс болох 1.174.300 төгрөг, нийт 25.060.160 төгрөгийг нэхэмжилж байна. /1хх 73-74, 75/,

гэрч Д.Аюушжавын: “... захирал Б- өөрөө Солонгос улсад байсан бөгөөд өөрийнхөө өмнөөс Л.А-ыг гэрээ хийлгэх итгэмжлэлээр төлөөлүүлж гэрээ байгуулсан. Ингээд гэрээ ёсоор цувилмал бүтээгдэхүүн болон тээврийн хөлсний үнэнд 660.000.000 төгрөгийг бэлнээр тушаасан. Нийт 585 тонн цувилмал бүтээгдэхүүн авах гэрээ байгуулж, гэрээний дагуу 521.73 тонн цувилмал бүтээгдэхүүн авсан. Үлдэгдэл 21.28 тонн цувилмал бүтээгдэхүүнийг авч чадаагүй. Манай захирал надад хэлэхдээ Нарантуяа гэх хүн Д.Т.Ү-т хаягдал төмөр өгдөг, Д.Т.Ү-тэй гэрээ байгуулахад туслана гэж ярьсан юм шиг байна лээ. Ингээд захирлын хэлсэн ёсоор Нарантуяа гэж хүнд гэрээ байгуулагдсаны дараа 15.000.000 төгрөгийг бэлнээр, дараа нь 4 дүгээр сарын эхээр 5.000.000 төгрөг, нийт 20.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. ...” /1хх 88-89, 3хх 76-77/,

гэрч Б.Цогтбаатарын: “...Гэрээ хийхэд бол хөндлөнгөөс нөлөөлсөн нөлөөлөл огт байхгүй. Ингэж нөлөөлөх боломжгүй. Гэрээний төсөл бичиж байгаа хүний хувьд өөрөө дур мэдэн гэрээний төсөл бичих ямар ч эрх байхгүй. … гэрээний төсөл бичих зөвшөөрлийг зөвхөн дарга өгдөг. Тэгэхээр “М-” ХХК-тай Д.Т.Ү- ТӨХК нь гэрээ байгуулахдаа иргэний хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрээг байгуулсан” /1хх 92-93/,

гэрч Р.Уламбадрахын: “... Гэрээ хийхэд хөндлөнгөөс нөлөөлсөн хүн байхгүй. Гэрээ хийх талаар захирлууд зөвшөөрөл өгсний дагуу гэрээг хянаж үзээд баталгаажуулж гарын үсэг зурсан. Тэгэхээр “М-” ХХК-тай байгуулсан гэрээ бол бэлэн мөнгөөр арматур зарах гэрээ байна. Хэрэв хаягдал төмөр авч, гэрээ байгуулсан бол гэрээнд энэ талаар тусгагддаг. Манай үйлдвэр ерөнхийдөө арматур хийх түүхий эд байхгүй болсон учраас хаягдал төмөр тушаасан хүмүүстэй гэрээ хийж байсан юм. Ямар ч байсан энэ гэрээн дээр хаягдал төмөр тушаах талаар тусгаагүй байна. Бэлэн мөнгөөр худалдаж авах гэрээ хийгдсэн байна” /1хх 94/,

гэрч Ц.Одбаярын: “... Л.А- “цаанаасаа дотоод журам нь нэг л хүн орох ёстой юм байна” гэж хэлсэн. Тэгээд Л.А- нэг эмэгтэйг дагаад үйлдвэр лүү орсон, Өсөхбаяр бид 2 гадаа үлдсэн. Хэсэг хагцааны дараа Л.А- гарч ирээд гэрээг хийсэн гэж хэлээд буцаад Улаанбаатар хот руу явсан. Би гэрээг хараагүй, Л.А- үзүүлээгүй, зүгээр л амаараа гэрээ хийгдсэн, тамга тэмдэг дарагдсан гэж хэлсэн” /2хх 29/,

гэрч А.Өсөхбаярын: “Д.Т.Ү-ийн гадаа ирээд Одбаяр, Л.А- нар буусан. Үйлдвэрээс нэг эмэгтэй хүн гарч ирээд Л.А-ыг аваад орсон. Одбаяр бид хоёрыг “та 2 байж бай” гэхээр нь би үлдэх хэрэгтэй юм байна гээд үлдсэн” /2хх 30-31/,

шүүгдэгч П.Н-гийн сэжигтэн, яллагдагчаар: “...Б- захирал бид нарт гэрээ хийж өгсөн хөлсөнд 38.637.645 төгрөг бэлнээр надад өгөхөөр тохиролцсон байсан. Ингээд Б- захиралтай би ярилцсан ёсоор Д.Т.Ү- ТӨХК-тай гэрээг байгуулж, Б- захирал  надад  эхний  ээлжинд 15.000.000  төгрөгийг урьдчилгаа гэж өгсөн. ... үлдэгдэл мөнгийг Аюушжав нягтлан надад 5.000.000 төгрөг өгсөн. ... Амарзаяа над руу залгаад “Д.Т.Ү- ТӨХК-иас над руу ярьлаа. Үнэ нэмэгдэх гээд байна, хурдан үлдэгдэл төмрөө ав” гэсэн. Тэгээд би “М- ХХК”-ийн захирал Б-тай дахин холбогдох гээд чадахгүй байсан учраас ... мессежийг явуулсан боловч Б- захирал утсаа авахгүй байсан. ... Амарзаяа “төмөрийг  гаргаж аваад зах зээлийн ханшаар зараад, авах ёстой мөнгөө аваад, үлдсэнийг нь шилжүүлье, наад “М-” ХХК-ийн захирал Б- чинь анх ярьсандаа байхгүй, худлаа яриад мөнгөө өгөхгүй хүн байна” гэж хэлсэн. ... Тэгээд Амарзаяа Д.Т.Ү-ээс төмөрийг  гаргаад зараад өөрийнхөө авах мөнгийг аваад, миний данс руу үлдэгдэл 18.339.600 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгөнөөс Л.А-д өгөөд, өөрийнхөө хувийг аваад, 8.134.000 төгрөг нь миний дансанд байж байгаад 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр “М-” ХХК-ийн данс руу хийсэн. “М-” ХХК-иас 38.637.645 төгрөгийг авах ёстой байсан. Л.А-аар дамжуулж гэрээ байгуулсан зүйл байхгүй. Миний үнийн саналыг Гангаа захирал гуйж байгаад 1.185.000 төгрөг болгож, 38.000.000 төгрөг болгосон. Энэ талаар зуучилж өгөх Амарзаяа, Л.А- нарт хэлсэн. Л.А- надад төмөр нийлүүлж чадах уу гэхээр нь би нийлүүлж чадна гэдгээ хэлээд үнийн саналыг Л.А- руу явуулсан. Тэгээд би олох ашгаас илүү авъя гэж бодоогүй, хуваагаад авъя гэж бодсон учраас л ямар ч оролцоо байхгүй ч Л.А-д мөнгийг нь өгнө гэж бодсон. “М-” ХХК нийт 655.200.000 төгрөгийн арматур төмөр авахаар гэрээ байгуулаад, үүнээс 631.314.140 төгрөгийн арматур төмөрийг авсан. Тэгээд үлдэгдэл 23.885.860 төгрөгийн арматур төмөр авах ёстой байсныг авсан. ... Бид нар “М-” ХХК-ийн авах ёстой байсан 23.885.860 төгрөгийн үнэтэй 22 тонн арматур төмөрийг нь Д.Т.Ү-ээс гаргуулан авсан нь бидний буруу. 23.885.860 төгрөгийн арматураас буцааж байгууллагад төлсөн 8.134.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 15.751.860 төгрөгийг бид нар хувааж буцаан төлье” /1хх 108, 202-204, 221, 2хх 54/,

шүүгдэгч Б.А-гийн сэжигтэн, яллагдагчаар: “... Нарантуяа анх “арматур төмөр авах гэрээ хийж чадах уу” гэхээр нь би “асууя” гэж хэлсэн. Тэгэхэд Нарантуяа “Дархан талын ажлыг чи хийчих, чамайг зүгээр байлгахгүй цалин өгнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь “цалин өгч байвал болж байна” гэж хэлсэн. 1 тонн тутамд 10.000 төгрөг байхаар тооцсон. Нарантуяа тухайн үед 585 тонн арматур төмрийн хөлсийг надад 585.000 төгрөгөөр тооцож өгнө гэсэн. Тэгээд 6.825.000 төгрөг болсон. Хамгийн сүүлийн 22 тонн төмөрийг Төмөрлөгийн үйлдвэрээс “төмрөө ав” гэж хэлэхэд нь би Нарантуяатай “22 тонн төмрөө ав гээд байна, чи ажлын хөлсөө хэзээ өгөх юм бэ, наад байгууллагын чинь ажил дууслаа ш дээ, мөнгөний хэрэг гараад байна” гэж хэлсэн. Нарантуяа намайг “Д.Т.Ү-ээс төмрөө гаргаж зараад өөрийнхөө авах ёстой мөнгийг ав” гэж хэлсэн учраас 22 тонн арматурыг гаргаж зарсан. ... Би ажлын хөлсөндөө 6.825.000 төгрөг авсан” /1хх 114-115, 217/,

шүүгдэгч Р.Ж-ы сэжигтэн, яллагдагчаар: “... Амарзаяа надад “Д.Т.Ү-тэй хаягдал төмөр тушаалгүй гэрээ хийгээд арматур төмөр аваад өгөөч, хөлсийг нь өгнө. Шууд бэлэн мөнгөөр авах учраас ямар нэгэн асуудал гарахгүй, гэрээг хийгээд өгөөч” гэсэн. Би гэрээний дагуу хаягдал төмрөө тушаасан, арматур төмрөө аваагүй байсан. Гэрээ хийсний дараа Амарзаяагаас надад 11.500.000 төгрөг шилжиж ирсэн. Энэ мөнгө хаягдал төмөртэй холбоотой биш, “М-” ХХК өөрөө л надад мөнгө өгье, гэрээ хийхэд туслаач гэсэн. ... Ажлынхаа хөлсөнд 11.500.000 төгрөгийг авсан. Би 20.000.000 төгрөг аваагүй” /3хх 183, 186, 4хх 26-27/,

шүүгдэгч Л.А-ын сэжигтэн, яллагдагчаар: “... “М-” ХХК-ийн зүгээс Д.Т.Ү- ТӨХК-тай гэрээ хийх талаар захирал Б- мэдэж байсан. Тэгээд өөрөө Солонгос улс руу томилолтоор явах юм болсон. Тэгээд манай байгууллагын ерөнхий нягтлан бодогч Аюушжав нь захирал Б-тай утсаар ярьж “би захиралтай утсаар ярьлаа, чамайг Одбаяр инженертэй хамт очиж Д.Т.Ү- ТӨХК-тай “М-” ХХК-ийг төлөөлж гэрээ хийж ир гэж хэллээ” гэсэн. Гэрээ 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хийгдэхээр болоод ...инженер Одбаяр, Өсөхбаяр нарыг дагуулж хамт явахаар болсон. Бид нар Д.Т.Ү- ТӨХК дээр ирэхэд Нарантуяа ирсэн байсан. ...Одбаяр, Өсөхбаяр нарт ажлын газрын бичиг баримтгүй байсан учраас Одбаяр инженер надад “чи ганцаараа ороод гэрээ хийчих ээ?, бид 2 гадаа хүлээж байя” гэж хэлсэн. ... 2014 он гарсны дараа Гангаа захирал Нарантуяатай өөрөө ярьсан. ... ерөнхий захирал “Д.Т.Ү- ТӨХК-тай гэрээ хийхээр боллоо, үнээ тохиролцсон” гээд Нарантуяад хандаад намайг хэлж “чи одоо арматур төмрийн захиалга, размерын манай ажилтан болох энэ хүнтэй холбогдож байгаарай” гэж хэлсэн. Харин Нарантуяатай 1 тонн арматур төмөрийг  1.185.000 төгрөгөөр тохиролцсон гэж байсан. Мөнгө өгөхөд нь татгалзаж чадаагүй. “М-” ХХК-нд нярав, нягтлангийн ажлыг хавсарч хийдэг байсан. Нарантуяа надад 5.000.000 төгрөг өгсөн. Би Нарантуяагаас мөнгө авъя гэж шаардаагүй. Нарантуяа “М-” ХХК-ийг Д.Т.Ү- ТӨХК-тай арматур төмөр авах гэрээ байгуулахад зуучилж өгсөн. ...” /1хх 198-200, 219/ гэх мэдүүлгүүд,

“Д.Т.Ү-” ТӨХК болон Р.Ж- нарын хооронд байгуулсан Хаягдал төмөр худалдах, худалдан авах гэрээний хуулбарууд /4хх 30-32, 33-35, 36-38, 39-41/, хохирлын тооцоо /4хх 129/ зэрэг цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Хэргийн үйл баримтыг тодруулан дүгнэвэл, Л.А- нь “М-” ХХК-ийн захирал Д.Б-т “Д.Т.Ү-т заавал хаягдал төмөр тушаадаг юм байна, тэгснээр Д.Т.Ү-тэй арматур худалдан авах гэрээ хийх, хямдралтай, давуу эрхтэйгээр авах нөхцөл бүрддэг юм байна” гэж ойлгуулж, улмаар П.Н-г “Д.Т.Ү-т хаягдал төмөр тушаадаг хүн, энэ хүн манай компанийн нэрийн өмнөөс хаягдал төмөр тушааснаар манай компанид хямдралтай, давуу эрхтэйгээр арматур төмөр худалдан авах нөхцөл бүрдэх юм” гэж итгүүлэн хаягдал төмөр худалдан авах, тээврийн зардал, ажилчдын хөлс зэрэгт 20.000.000 төгрөгийг П.Н-д өгүүлж, П.Н- нь өөрийн энэ үйлдэлдээ Б.А-, Р.Ж- нарыг оролцуулж, “М-” ХХК-ийн захирал Д.Б-аас авсан мөнгөө өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс болгон хуваан авсан байдал,

мөн “М-” ХХК, Д.Т.Ү- хоёрын хооронд байгуулагдсан 585 тонн арматур төмрийг худалдах, худалдан авах гэрээний /1хх-10-13/ дагуу нийлүүлээгүй үлдсэн 22,256 тонн 25.060.160 төгрөгийн үнэ бүхий арматур төмрийг “М-” ХХК-ийн удирдлагад мэдэгдэлгүй авч, Л.А-, Б.А-, П.Н-, Р.Ж- нар нь бусдад худалдан 20.000.000 төгрөгийг хуваан авсан байдал тус тус тогтоогдож байна.

 

Давж заалдах шатны шүүхээс ийнхүү хэргийн үйл баримтыг тодруулсан нь яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд хэргийн үйл баримтыг П.Н-, Л.А-, Б.А-, Р.Ж- нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “М-” ХХК-ийн захирал П.Б-аас “компанийг нь Д.Т.Ү-тэй гэрээ байгуулахад туслалцаа үзүүлнэ” гэж 2014 оны 3 дугаар сарын 20, 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдрүүдэд нийтдээ 20.000.000 төгрөгийг авч, 2014 оны 9 дүгээр сард “М-” ХХК-ийн Д.Т.Ү-ээс гэрээ ёсоор авах ёстой байсан 25.164.608 төгрөгийн үнэтэй 22.256 тонн төмрийг өөрсдийн ажлын хөлсөнд авах мөнгөө авч байгаа гэх шалтгаанаар “М-" ХХК-нд мэдэгдэлгүй авч, улмаар худалдаж, нийтдээ 45.164.608 төгрөгийн хохирол учруулсан гэж тогтоосон хүрээ хязгаараас гараагүй болно.

 

Анхан шатны шүүх, шүүгдэгч П.Н-, Б.А-, Р.Ж-, Л.А- нар бүлэглэн “М-” ХХК-ийн захирал Д.Б-ыг залилан мэхлэж “М-” ХХК-нд 45.164.608 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

П.Н-, Б.А-, Р.Ж- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч П.Н-, Б.А-, Р.Ж- нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

 

2. Шүүгдэгч Л.А- нь үргэлжилсэн үйлдлээр, 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Да Хүрээ” зах дээр хохирогч З.Б-ыг залилан түүний худалдаж байсан “Honda insight” маркийн автомашиныг өөрийн нөхөр Д.Э-ын нэр дээр шилжүүлэн авч, 12.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч З.Б-ын: “... Монголиан ресторанд ажиллаж байхдаа Л.А-тай танилцсан. 2015 оны 7 дугаар сарын эхээр Л.А- над руу яриад машин худалдаж авах гэж байгаа талаар ярьсан. 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр нөхөр Д.Э-ын хамт “Да хүрээ” зах дээр ирээд миний борлуулж байсан машинаас зээлээр өгөөч гэсэн. Танилууд учраас тодорхой хэмжээний урьдчилгаа өгөөд, үлдэгдэл мөнгийг хугацаа тохироод өгөхөөр болж “Honda insight” маркийн машиныг авахаар болсон. Тэр машин 12.000.000 төгрөгийн үнэтэй байсан. Наадмын дараа урьдчилгаа мөнгө өгөөд, үлдэгдэл мөнгийг 9 дүгээр сарын 15-ны дотор төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. ...машинаа шилжүүлж өгөхдөө Л.А-ын нөхөр Д.Э- гэх залуугийн нэр дээр шилжүүлж өгөөд, Энхбаатартай 12.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн. Л.А-аас мөнгөө нэхэхээр “хөдөө байна, 7 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хот ороод өгье, өөрийнхөө унаж байгаа машиныг хөдөөний хүнд зарсан, тэр хүн нь мал өгнө, малаа махлаад зараад өгье, одоохон, маргааш нөгөөдөр...” гэх мэтээр хүнийг хуурсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Би 12.000.000 төгрөгийг нэхэмжилнэ” /2хх 25/,

Д.Э-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “... Бүдханд гэх залууг би мэднэ. Манай эхнэртэй хамт “М-” ХХК-д ажилладаг байсан. 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр би Бүдхандтай яриад “хувь лизенгээр машин өгөх үү” гэж асуусан. Тэгэхэд Бүдханд “ирээд машинаа үзээрэй” гэж хэлсэн. “Honda insight” загварын машиныг 13.000.000 төгрөг гээд, тэгээд надад 12.000.000 төгрөгөөр өгөхөөр тохирсон. Урьдчилгаа гэлгүйгээр мөнгийг бөөнөөр авахаар тохирсон. Бүдханд “зээлийн гэрээ хийсэн нь дээр” гээд 12.000.000 төгрөгийг миний бие Бүдхандаас зээлсэн маягаар гэрээг хийж нотариатаар баталгаажуулсан. Надад Бүдхандыг залилан мэхлэх санаа зорилго байхгүй. Би Бүдхандаас машин авсан нь үнэн, мөнгийг нь өгөх үнэн. Мөнгөний яаралтай хэрэг гараад “Энх Санж” гэх нэртэй авто ломбардад тавьсан.” /2хх 45, 3хх 134, 3хх 159/,

шүүгдэгч Л.А-ын яллагдагчаар өгсөн: “...нөхөр маань З.Б-тай гэрээ хийгээд “Honda insight” загварын машин аваад өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн. Тэр 2 зээлийн гэрээ хийгээд, мөнгийг нь дараа өгөхөөр тохирсон байсан. Би тэр асуудалд оролцоогүй. Бүдханд, Энхбаатар нарын хооронд болсон асуудал. Машины 12.000.000 төгрөг нь надад огт хамааралгүй, уг машиныг би аваагүй. Энхбаатар, Бүдханд нарын хооронд хийгдсэн автомашин худалдсан асуудалд намайг хамааруулж байгаа нь буруу гэж үзэж байна. ... нөхөр орлогогүй болсон, би ажилгүй болсон, ... нөхцөл байдлуудаас үүдэлтэйгээр Бүдхандаас авсан машиныг мөнгийг одоо болтол өгч чадаагүй явж байгаа. З.Б-аас машин авсан нь үнэн учраас төлөх нь үнэн” /1хх 198-200, 219, 2хх 170, 3хх 149, 4хх 77, 5хх 28/ гэх мэдүүлгүүд, зээлийн гэрээ /2хх 17/, хохирлын тооцоо /4хх 129/ зэрэг цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.А-ыг П.Н-, Б.А-, Р.Ж- нартай бүлэглэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “М-” ХХК-иас 45.164.608 төгрөгийн хохирол учруулан залилсан, мөн үргэлжилсэн үйлдлээр З.Б-ыг залилан түүнд 12.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэж дүгнэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

3. Шүүгдэгч Л.А- нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “М-” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2013 оны 6 дугаар сарын 20,  2013 оны 8 дугаар сарын 5-ны өдрүүдэд нийт 11.768.600 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Б-ын: “... 8.000.000 төгрөгийг би тухайн үед манай компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан Л.А-д бэлнээр кассын орлогод авхуулаар өгсөн. Гэтэл кассын орлогод авалгүйгээр хувьдаа завшсан асуудал харагдаж байгаа” /2хх 22/,

гэрч Л.Аюушжавын: “Манай байгууллагад нягтлан бодогчоор ажиллаж байсан Л.А-ын хууль зөрчсөн үйл ажиллагаанаас болж 11 сая гаруй төгрөгийн хохирол учраад, ... бид Аудитын шалгалт оруулж хохирлын хэмжээг шалгах хүсэлтэй байгаа. Манай зүгээс “Тэд-Аудит” ХХК-ийг сонгон ажиллахаар болсон. Энэ хохирол Л.А-ын хууль зөрчсөн байдалтай шууд холбоотой хохирол” /2хх 26/,

гэрч А.Гангаагийн: “...захирал Б- бэлэн 8.000.000 төгрөгийг тухайн үеийн нягтлан бодогч Л.А-д өгөөд баримт үйлдээд, өөрөө 1 хувийг нь хадгалсан байсан. Гэтэл захирал Б-т байгаа бэлэн мөнгөний орлогын ордер дээр тусгагдсан 8.000.000 төгрөгийг компанийн орлогод аваагүй байгаа юм. Мөн “Монголианс паб”-ын орлогыг зарлагад авсан 1.884.300 төгрөг. Энэ нь орлогыг зарлага гэж бичихээр бэлэн мөнгө нь 2 дахин үржигдээд явах ёстой юм. Өөрөөр хэлбэл 1.884.300 төгрөгийн кассын бэлэн мөнгө дээр нэмэгдэх байтал кассын бэлэн мөнгөнөөс хасагдсан байгаа. Бодит хохирол нь 3.768.600 төгрөг. Б- захирал 8.000.000 төгрөгийг надад хэлээгүй. Би санхүүгийн хүн биш, мөнгөн дүнг нь хараад Л.А-д итгээд явдаг байсан. Гэтэл орлого дээр бичигдэх ёстой мөнгийг зарлага дээр бичээд авсан байсан” /2хх 27-28/,

шүүгдэгч Л.А-ын яллагдагчаар өгсөн: “М- ХХК-иас нийт 11.768.600 төгрөгийг хувьдаа завшсан гэх зүйлийг би хүлээн зөвшөөрч байна. ... Аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” /2хх 170, 3хх 85/ гэх мэдүүлгүүд,  

“ТЭД-АУДИТ” ХХК-ийн 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн А/ш/01 дугаартай: “1. “М-” ХХК-д 11.768.600 төгрөгийн хохирол учирсан байна. 2. “М-” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Л.А- нь 2013 оны 6 дугаар сарын 20-нд компанийн ерөнхий захирал Д.Б-аас компанийн кассанд бэлэн мөнгөний орлогын баримтаар хүлээлгэж өгсөн 8.000.000 төгрөгийн орлогыг кассын тайланд орлогоор бүртгэж тайлагнаагүй, мөн 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн кассын ордер №1625-р Оролмаагаас тушаасан Монголианс пабын орлого 1.884.300 төгрөгийг мөнгөний зарлагаар бүртгэснээс 3.768.600 төгрөг, нийт 11.768.600 төгрөгийн зөрчил дутагдал гаргасан байна” гэх дүгнэлт /2хх 34-38/, хохирлын тооцоо /4хх 129/ зэрэг цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ Л.А-ын 2013 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн үйлдлийг 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр үйлдэгдсэн гэж оны хувьд буруу дүгнэлт хийжээ.

 

Хэрэгт буй баримтаас үзэхэд 2013 оны 8 дугаар сарын 5-ны өдөр “М-” ХХК-ийн кассын орлогод С.Оролмаагаас 1.884.300 төгрөгийн орлого кассын орлогын ордероор орсон байх бөгөөд /1хх-190/ энэ нь мөн 2013 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн бэлэн мөнгөний баримтаар /1хх-189/ давхар нотлогдож байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Л.А- нь 2013 оны 6 дугаар сарын 20-нд 8.000.000,  2013  оны 8 дугаар сарын 5-ны өдөр 3.768.000 төгрөг давтан  үйлдлээр “М-” ХХК-иас завшсан үйлдлийг шүүх  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгчийн эрх зүйн байдалд ашигтайгаар Эрүүгийн хууль хэрэглэсэн бөгөөд дээрх хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөж,  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Л.А-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн “З.Б-тай иргэн Д.Э- нь гэрээ хийж машин зээлээр авсан нь тодорхой байхад уг үйлдэлд Л.А-ыг хамааруулж үргэлжилсэн үйлдэл гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг баримтлаагүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т заасныг зөрчсөн. Иймд Л.А-ыг иргэн З.Б-аас 12.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг залилан мэхэлж авсан гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг гэмт хэргийн шинжгүй гэж хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

 

Хохирогч З.Б- нь Л.А-тай хамт “М-” ХХК-нд ажиллаж байсан, түүнийг тус компанийн нягтлан бодогчоор ажилладаг болохыг мэддэг бөгөөд өмнө зүс үзээгүй Д.Э-т биш, хамт ажиллаж байсан өөрийн танил  Л.А-д итгэж  үнэ төлбөргүйгээр, дараа мөнгийг төлөх болзолтойгоор машиныг шилжүүлэн өгсөн болох нь хохирогч З.Б-ын мэдүүлэг, шүүгдэгч Д.Л.А-ын мэдүүлэг, энэ хэрэгт сэжигтнээр шалгагдаж байсан Д.Э-ын мэдүүлэг, хохирлын тооцоо зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэвч хавтас хэрэгт З.Б-, Д.Э- нарын хооронд байгуулагдсан  автомашин худалдах, худалдан авах зээлийн гэрээ /2хх-17/ байх боловч залилан мэхлэх гэмт хэргийн нэг шинж нь иргэний эрх зүйн харилцаа буюу гэрээгээр халхавчлан үйлдэгддэг ба уг автомашиныг худалдан авах санаачилгыг Л.А- гаргаж, эхнээсээ төлбөр төлөхгүйгээр машиныг шилжүүлж авах зорилгоор өөрийн нөхөр болох Д.Э-ын нэр дээр гэрээ байгуулсан байх тул уг зээлийн гэрээг иргэний эрх зүйн харилцаа гэж үзэх үндэслэлгүй.

 

Түүнчлэн Л.А- нь 2014 оны 3 дугаар сарын 20, 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдрүүдэд бусдыг залилан мэхлэж, мөн 2013 оны 6 дугаар сарын 20, 2013 оны 8 дугаар сарын 5-нд бусдын эд хөрөнгийг завшиж учруулсан гэмт хэргийн хохирол төлөөгүй, санхүүгийн хувьд төлбөрийн чадваргүй байхдаа урьдын харилцаан дээр үндэслэн З.Б-аас машин зээлээр худалдан авах нэрээр төлбөрийг төлөөгүй үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжтэй байна.

 

Шүүгдэгч Л.А- нь 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр өөрийн нөхөр болох Д.Э-ын нэр дээр зээлийн гэрээ байгуулан машиныг өөрийн эзэмшилд авч хэрэглэсэн, машины үнэ  12.000.000  төгрөгийн төлбөрийг төлөөгүй, төлөх талаар ямар нэгэн санаачилга гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

 

Мөн шүүгдэгч  Л.А- нь бусдад учруулсан хохирол болох 23.919.208 төгрөгийг төлөөгүй байх бөгөөд түүнд оногдуулсан 2 жилийн хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирчээ.

 

Иймд шүүгдэгч Л.А-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан “Л.А-ын З.Б-аас машин залилсан үйлдлийг хэрэгсэхгүй болгох, зүйлчлэлийг хөнгөрүүлэх, тэнсэж, үүрэг хүлээлгэх”-ийг хүсч гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1537 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.А-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

                           ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ

 

                           ШҮҮГЧ                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ