Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2023/0681

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн  

   Шүүх бүрэлдэхүүн:

   Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

   Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

   Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

   Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.О, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, өмгөөлөгч Т.Ц

   Хэргийн оролцогчид:

   Нэхэмжлэгч “М” ХХК

   Хариуцагч  Нийслэлийн Засаг дарга

   Хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газар

   Хариуцагч Улсын ахлах байцаагч Ц.Б, Г.Б, Б.Э, улсын байцаагч О.О, М.М

   Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 02-05-201/290 дугаартай актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6, 47.3-т зааснаар илтэд хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Байгаль орчны газрын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 дүгээр дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.5, 47.1.6, 47.3-т зааснаар илтэд хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар хүчингүй болгуулах тухай

   Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0342 дугаар шийдвэр

  Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

   Нэхэмжлэгч Э.О

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А,

   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц

  Хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.Б

  Хариуцагч Улсын ахлах байцаагч Б.Э, улсын байцаагч О.О, М.М

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

  Хэргийн индекс: 128/2022/0151/3

ТОДОРХОЙЛОХ нь: 

 1. “М” ХХК нь Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Байгаль орчны газар, Ц.Б, Г.Б, Б.Э, О.О, М.М нарт холбогдуулж “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 02-05-201/290 дугаартай актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6, 47.3-т зааснаар илтэд хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Байгаль орчны газрын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 дүгээр дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.5, 47.1.6, 47.3-т зааснаар илтэд хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  4 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0342 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.1.1, 47.1.3, 47.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн гаргасан “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02-05-201/290 дугаартай акт, Нийслэлийн байгаль орчны газрын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 дугаар дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй” болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.8 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжийн М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1 Нэхэмжлэгч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.О давж заалдах гомдолдоо:

...Нэхэмжлэгч, хариуцагч нарыг хяналт шалгалт хийх эрхгүй гэж маргаагүй, гагцхүү хяналт шалгалт хийгээд акт гаргахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж... “үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэр” гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан тул захиргааны акт илт хууль бус болно гэж маргасан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлийг үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэр гаргах эрхтэй эсэхэд дүгнэлт өгөхгүйгээр энэ байдлыг дүгнэхээс санаатай зайлсхийж, нэхэмжлэлийн үндэслэлийг илтэд гуйвуулан “хяналт шалгалт хийх эрхтэй” мэтээр шийдвэрээ гаргасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлэх цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх гэж тус тус заасан байдаг. Өөрөөр хэлбэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар албан шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд үйлдвэрлэл, үйл ажиллагааг зогсоох эрхтэй байсан хуулийн заалтыг УИХ нь 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, хүчингүй болгосон байдаг.

Тиймээс улсын байцаагч нар нь зөвхөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар олгогдсон эрхийг эдэлж, акт гаргах эрх зүйн үндсийг тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т “Улсын байцаагчийн тодорхой бүрэн эрхийг холбогдох хууль тогтоомжоор тогтооно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн үйлдвэрлэл үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэр буюу захиргааны акт гаргах эрх улсын байцаагчид хуулиар олгогдоогүй байна. Харин улсын байцаагч нар нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.3-т энэ хуулийн 10.9.7-д заасан шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол улсын байцаагчийн шийдвэрийг шүүхээр баталгаажуулан санал, дүгнэлтээ холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх гэж заасны дагуу холбогдох байгууллагад саналаа гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

Иймээс улсын байцаагч нь тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг бүрмөсөн зогсоох тухай санал, дүгнэлтээ холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй гэж заасны дагуу үйлдвэрлэл, үйл ажиллагааг зөвхөн зогсоох саналыг гаргах эрх хуулиар олгогдсон байхад хуулиар олгогдоогүй үйл ажиллагааг нь зогсоох тухай шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-т хамаарч байгааг шүүх илтэд гуйвуулан шийдвэрээ гаргасанд гомдолтой байна. Мөн нөгөө талаас улсын байцаагч буюу нэг субъект хэрэглэх эрхтэй захиргааны актын бланк дээр нэр бүхий улсын байцаагч нарын гарын үсэг зурснаараа Захиргааны актыг гаргасан субъект нь тодорхойгүй байгаа байдалд шүүх дүгнэлт хийгээгүйд гомдолтой.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй” бол захиргааны акт илт хууль бус гэж үзэхээр заасан байдаг. Өөрөөр хэлбэл маргаан бүхий актыг нэр бүхий улсын байцаагч нар хамтдаа гаргасан гэж ойлгогдохоор байна. Гэтэл хамтдаа шийдвэрийг гаргаж байгаа бол яагаад нэг субъектийн хэрэглэх эрхтэй бланк хэрэглээд шийдвэр гаргаад байгаа нь ойлгомжгүй, нөгөө талаас хамтдаа шийдвэр гаргасан гэж үзвэл нэр бүхий улсын байцаагч нар хяналтын улсын байцаагчийн эрхгүй байхад хяналтын улсын байцаагчийн эрхийг эдэлж, шийдвэр гаргах эрх хулиар олгогдоогүй байхад шийдвэр гаргах нь бас л ойлгомжгүй.

Иймээс захиргааны шийдвэр гаргасан этгээд нь нэр бүхий улсын байцаагчид хамтдаа эсэх, эсвэл дангаараа улсын байцаагч Ц.Б гаргасан эсэх нь тодорхойгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.2-т заасан захиргааны актыг гаргасан этгээд нь нэр бүхий улсын байцаагч нар гаргаад байна уу эсвэл Ц.Б нь дангаараа гаргаад байна уу гэдэг нь тодорхойгүй байгаа тул илт хууль бусад тооцох үндэслэлтэй байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус мэргэжлийн бусад байгууллага, шинжээч, шинжээчийн байгууллага, иргэнийг татан оролцуулж болно”, 5.16-д “Хяналт шалгалтын дүнгийн тухай танилцуулга, бусад баримт бичгийг зохих журмын дагуу үйлдэж хяналт шалгалт хийсэн албан тушаалтан гарын үсэг зурна” гэж тус тус зааснаас үзвэл эрхгүй улсын /ахлах/ байцаагч нар хяналт шалгалтын бүрэлдэхүүнд орж хяналт шалгалт хийх эрхтэй боловч шийдвэр гаргах эрхгүй байна. Гэтэл нэхэмжлэгч нь нэр бүхий улсын ахлах байцаагчийн эрхгүй өөрөөр хэлбэр мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчийн эрх олгох, сунгах, түдгэлзүүлэх, бууруулах, цуцлах журмын 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасныг зөрчсөн этгээдүүд эрхтэй мэтээр шийдвэр гаргах эрхгүй тул захиргааны ерөнхий хууль зөрчсөн гэж маргасан байхад шүүх зөвхөн гарын үсэг хамтран зурсан нь хууль зөрчөөгүй гэж өрөөсгөл дүгнэлт хийсэнд гомдолтой.

Тиймээс улсын байцаагч нарын хамтран гаргасан баримт бичиг болох маргаан бүхий актыг Ц.Б, Б.Бат, Г.Энхбат, О.О, М.М нар гаргах эрх Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар олгогдоогүй тул “захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар захиргааны акт гаргасан” гэж үзэж байгаа болно. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.13-т “Шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг нэн даруй арилгаж, тавьсан шаардлагыг бүрэн биелүүлсэн бол тухайн этгээдийн хүсэлт, давтан шалгалтын дүнг үндэслэн ногдуулсан торгуулийн хэмжээг багасгах, эсхүл тухайн арга хэмжээг хүчингүй болгож болох бөгөөд энэхүү шийдвэрийг дээд шатны улсын байцаагч гаргана гэж заасан байдаг. Тиймээс маргаан бүхий актыг дээд шатны улсын байцаагч гаргаад байна уу эсвэл шийдвэр гаргах эрхгүй нэр бүхий улсын /ахлах/ байцаагч  нар хамтран гаргаад байгаа эсэх нь тодорхойгүй байгаа тул маргаан бүхий актыг илт хууль бус акт болохыг тогтоож өгнө үү гэв.

3.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтантуяа давж заалдах гомдолдоо:

...Нэхэмжлэгч, хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын чиг үүрэг хэрэгжүүлэх эрхтэй эсэх талаар огт маргаагүй бөгөөд харин хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмуудыг зөрчсөн, улсын /ахлах/ байцаагчийн эрхгүй этгээдүүд уг хяналт шалгалтын ажлыг явуулсан, мөн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 25-ны өдрүүдэд хяналт шалгалтыг хийж 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 02-05-201/290 тоот үйл ажиллагааг түр зогсоох тухай улсын ахлах байцаагчийн акт үйлдсэн ба нэхэмжлэгч “М” ХХК-ийг буруутгасан, уг шалгалттай холбоотой ямар нэгэн баримт нотолгоо байхгүй байхад шүүхээс зөвхөн уг актыг үндэслэн....байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ зөрчсөн нь шалгалтаар илэрсэн, нотлох баримтуудаар тогтоогдож байна...гэж хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргаж байгаатай санал нийлэхгүй байна.

...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Мөнгөнчимэгийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн №Б200, Б-ыг 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №319 дүгээр тушаалуудын 2 дугаар хавсралтаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчаар тус тус томилж байсан ба дүүрэгт мэргэжлийн хяналтын чиг үүргийг хариуцуулах талаар ямар нэгэн тушаал шийдвэр буюу нотлох баримт байхгүй байхад шүүх зөвхөн хариуцагчийн аман тайлбараар ХУД дэх мэргэжлийн хяналтын байцаагч мөн гэж үзэн, “Нэхэмжлэгчээс удирдамж дахь ажлын хэсэгт Г.Б, М.М нар ороогүй байхад хяналт шалгалт явуулсан гэж маргасан нь үндэслэлгүй” гэж шийдвэрлэсэн нь буруу байна.

Хариуцагч О.О шүүхэд болон хуралдаан дээр ...улсын байцаагчаар томилогдоод 2 жил тутам байцаагчийн хугацаатай үнэмлэх олгодог... гэж тайлбарласнаас үзэхэд улсын /ахлах/ байцаагчийн эрхийг 2 жилээр сунгах үнэмлэх олгодог мөн хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын “мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчийн эрх олгох, түдгэлзүүлэх, цуцлах, сунгах журам”-ын үндэслэн гаргасан тушаалуудаас харахад тодорхой болох нь тогтоогдож байгаа бөгөөд шүүх ач холбогдол өгөөгүй. Өөрөөр хэлбэл “Мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчийн эрх олгох, түдгэлзүүлэх, цуцлах, сунгах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3-т заасан улсын байцаагчийн эрх нь 2 жил тутамд сунгагдаагүй нэг ёсондоо маргаан бүхий захиргааны актыг, ямар нэгэн шийдвэр гаргах эрхгүй этгээдүүд үйлдэж гарын үсэг зурсныг, “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь өөрийн томилсон Улсын байцаагч нараараа дамжуулан хяналт, шалгалтаа хэрэгжүүлдэг нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд улсын /ахлах/ байцаагч Ц.Б, Б.Э, О.О, М.М,  Г.Б нарыг улсын байцаагчийн эрхгүй гэж үзэх “эргэлзээ төрүүлэхүйц” нөхцөл байдал тогтоогдоогүй, ийн үзэх эрх зүйн үндэслэл шүүхэд байхгүй байсан гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дээрх хяналт шалгалт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу төлөвлөгөөт шалгалт уу эсхүл төлөвлөгөөт бус шалгалт уу, бүр гүйцэтгэлийн шалгалт эсэх нь тодорхойгүй байдаг. Учир нь байцаагч нарын тайлбараар бол арилгуулахаар өгсөн улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч компанийн үйл ажиллагааг түр зогсоосон нь хуульд заасан нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашигт халдах хууль зүйн үндэслэл байгаагүй гэдэгт хамаарч байгааг шүүх буруу дүгнэсэн.

...Холбогдох хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигч ашиглагч хувь хүн, аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаа явуулах эрхийг хангаагүй гэдэг үндэслэлээр цуцлах тухай дүгнэлт гаргах үндэслэлгүй юм. ..Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрыг нутгийн захиргааны байгууллага гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд томилж, чөлөөлнө. 10.3-т Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагын дарга нь Мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагч байна. Ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно. 10.4-т Мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллагад салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллах бөгөөд тэдгээрт болон хуулиар улсын байцаагчийн эрхтэй бусад этгээдэд улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч олгоно гэж заасан байна. Энэ утгаараа Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нь Засгийн газрын харьяаны байгууллагад хамаарагдахаар байна. Мөн хариуцагч нар нь Хан-Уул дүүргийн Засаг даргаас 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 07/176 дугаар албан бичгээр Нийслэлийн Байгаль орчны газарт хандаж санал хүргүүлсэн байдаг гэсэн мөртлөө энэ тухай нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй юм.

...Төлөвлөгөөт бус шаардлага юм бол Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуй нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдвар өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ”, 52.5-т энэ хуулийн 52.1-т зааснаас бусад үндэслэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахыг хориглоно гэж заасан хуулийн шаардлагуудын аль нь вэ гэдэг нь тодорхойгүй үйл баримтуудаас шүүх тодруулалгүйгээр илт хууль бусад тооцох боломжгүй гэж дүгнэн шийдвэрлэсэнд үнэхээр гомдолтой байна.

Нэхэмжлэгчийн гурав дахь шаардлага буюу дээрх илт хууль бус захиргааны актуудыг үндэслэж гарсан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 тоот захирамжийн холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгуулахаар Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудаар хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй байхад нэхэмжлэгчийн шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хүчингүй болгох үндэслэлгүй мэтээр тайлбарлаж дүгнэсэнд гомдолтой байна.

Иймд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Засаг дарга зэрэг байгууллагуудын хууль зөрчиж гаргасан захиргааны актуудыг хуулийн дагуу илт хууль бусад тооцуулах, хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

3.3 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц давж заалдах гомдолдоо:

...Нэхэмжлэгчийн зүгээс улсын байцаагчийн эрх нь сунгагдаагүй буюу эрх нь дуусгавар болсон мөн хүчингүй болсон хуулийн зохицуулалтыг баримталж, хуулиар өөрт нь олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн, удирдамжгүйгээр хяналт шалгалт явуулсан буюу эрх бүхий этгээдээр чиглэл заавар өгөөгүй байхад санаачилгаараа хяналт шалгалтыг явуулсан зэргээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон ба энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, утга агуулгын илэрхий алдаатай, хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардсан гэх зэрэг зохицуулалтад хамаарч байгаа талаар маргасан байхад шүүхээс хэт нэг талыг барьж эдгээр үндэслэлүүд нь илт хууль бус захиргааны актад хамаарах эсэх талаар огт дүгнэлт хийлгүй, шууд хууль бус захиргааны актын шинжид хамаарна гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй ба шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн маргаан бүхий захиргааны акт бус, мөн хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь хэт нэг талыг барьсан гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд тухайлбал Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын газрын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 02-04-201/1283 дугаартай албан шаардлагаар ... үүрэг болгожээ гээд улсын байцаагчийн уг шаардлагын хариуг 4 хоногийн дараа буюу 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 89 дугаартай албан бичгээр мэдэгдэхдээ... гэж бичсэн байх боловч ... энэ ажиллагааг явуулсан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул улсын байцаагчийн уг албан шаардлагыг бүрэн биелүүлсэн гэдэг нь нотлох баримтаар нотлогдоогүй талаар дүгнэсэн байгаа нь хуульд нийцэхгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг зөрчиж байна.

Учир нь нэхэмжлэгчийн зүгээс улсын байцаагчийн дээрх актад заасан ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн болохоо дээрх 89 дугаартай албан бичгээр мэдэгдсэнийг улсын байцаагчийн зүгээс хүлээн зөвшөөрч, 2017 оны 5 дугаар сар хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан үйл баримтыг хариуцагч нарын зүгээс үгүйсгэж, маргадаггүй бөгөөд хэрэв зөрчлийг арилгаагүй гэж үзсэн тохиолдолд уг албан шаардлагад дурдсаны дагуу хариуцлага тооцох байсан.

Мөн нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа хэрэгт авагдсан байгаа ба түүнээс үзэхэд н.Лхагва болон Н.Лхагвасүрэн гэх захирал огт байгаагүй болох нь нотлогдож байхад шүүхээс хэт нэг талыг барьж, ..түүнийг тус компанийн захирал мөн эсэхийг шалгаж тогтоох үүрэггүй гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-43.4, 43.8-т тус тус заасантай нийцэхгүй. Учир нь Захиргааны ерөнхий хууль нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдөж байгаа тул төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан хэн ч байсан биелүүлэх ёстой ба мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар нь компанийг төлөөлөх эрх бүхий этгээдэд албан ёсоор мэдэгдэх, гардуулах үүргийг хуулиар хүлээснийг шүүх буруу тайлбарлан хэрэглэж байна.

Түүнчлэн улсын байцаагч нарын эрхийн талаар нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхэд хүсэлтийг гаргаж, хаана ямар албан тушаал хашдаг, улсын байцаагчийн эрх олгогдсон эсэх, мөн сунгагдсан эсэх талаар холбогдох нотлох баримтуудыг цуглуулах хүсэлт гаргасныг шүүхээс тухай бүр нь хангаж шийдвэрлэж боломжтой бүхий л баримтуудыг цуглуулсан боловч шүүх хуралдаан дээр анх удаа сонсож байгаа мэтээр дүгнэж, мөн үүнтэй холбоотойгоор хариуцагч М.М-ийн шүүх хуралдаан дээр гаргасан “..Хан-Уул дүүргийн улсын байцаагч” гэх амаар гаргасан тайлбарыг үндэслэл болгон улсын байцаагчийн эрхтэй, удирдамжид нэр нь орсон гэж дүгнэж байгаа нь хэт нэг талыг барьж, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй.

...Өөрөөр хэлбэл улсын байцаагч Г.Б-ын хувьд 2014 онд улсын байцаагчийн эрх олгогдсон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаал байх боловч түүнээс хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн ч улсын байцаагчийн эрхийг сунгасан баримт байхгүй, мөн одоо мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллаж байгаа эсэх, хэрэв ажиллаж байгаа бол аль дүүрэгт, эсхүл нийслэлийн байгууллагад ажиллаж байгаа эсэх нь тодорхойгүй, дээр нь удирдамжид нэр нь дурдагдаагүй мөн улсын байцаагч М.М-ийн хувьд Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст ажилладаг эсэх нь тодорхойгүй, баримтгүй, удирдамжид нэр нь заагдаагүй байгаа бодит баримтыг анхан шатны шүүхээс хариуцагч буюу маргагч нэг талыг аман тайлбарыг үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй.

Мөн улсын байцаагч Б.Э-ын хувьд 2014 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 319 дүгээр тушаалаар улсын байцаагчийн эрх нь цуцлагдсан, түүнээс хойш шинээр олгогдсон, сунгагдсан баримт байхгүй. Ц.Б нь 2010 оноос хойш сунгагдаагүй зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байхад энэ талаар огт дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 107 дугаар зүйлийн 107.4-т заасныг зөрчиж байна.

Маргаж байгаа Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 02-05-201/290 дугаартай актын тогтоох хэсэгт “..Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь ... хэсгийг үндэслэн 2 сарын хугацаагаар зогсоохоор шийдвэрлэв” гэж тусгагдсан байх ба дээрх хуулийн 44.2-т 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 44.2-т энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэсэн өөрчлөлт орж, үйл ажиллагааг зогсоох улсын байцаагчийн эрхийг хуулиас хассан байхад хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн буюу нэхэмжлэгч компанийн үйл ажиллагааг зогсоох тухай захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэлгүй байсан нөхцөл байдлыг шүүхээс буруу дүгнэж, илт хууль бус захиргааны актын шинжид хамаарахгүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс маргаан бүхий захиргааны актад огт дурдагдаагүй шүүх хуралдааны хэлэлцүүлгээр огт хэлэлцэгдээгүй Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалттай холбогдуулан дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй ба хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь хуульд нийцэхгүй.

Мөн энэхүү захиргааны акттай холбоотойгоор хяналт шалгалтын баримтууд огт үйлдээгүй, байхгүй болох нь хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байхад мөн дүгнэлт хийгээгүй, энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байхад, мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасныг зөрчиж байгаад дүгнэлт хийгээгүй нь хууль зөрчиж байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагынхаа хамгийн гол үндэслэл болгож маргасан үндэслэлд холбогдуулан огт дүгнэлт хийгээгүй байх ба нэхэмжлэгчийн хувьд 2010 онд тусгай зөвшөөрөл авахдаа холбогдох төрийн байгууллага, албан тушаалтнуудаар хянагдаж, батлагдсан “Элс хайрганы орд ашиглах төслийн байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ” зэрэг баримтуудад тусгаснаар ашиглаж дууссан талбайг дээрээс доош чиглэсэн олборлолт хийх учраас 32 жилийн хугацаанд ашиглаж дууссаны дараа техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийхээр тусгасан бөгөөд жил бүр газар дээрээ техникийн болон дүйцүүлэх нөхөн сэргээлтийг хийж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог, мөн Газрын хэвлийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн ажиллагчид болон хүн амын аюулгүй байдлыг хангах, газрын хэвлий, байгаль орчны бусад объект, барилга байгууламжийг хамгаалах, аюул ослоос урьдчилан сэргийлэх, аюул ослын үр дагаврыг арилгах төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх, ордыг ашиглаж дууссаны дараа тогтоосон журмын дагаа дарах буюу улс ардын аж ахуйн хэрэгцээнд цаашид ашиглаж болохуйцаар засаж тохижуулах гэж заасныг зөрчөөгүй байхад үндэслэлгүйгээр үйл ажиллагааг зогсоосон буюу захиргааны актыг батлах гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-т заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байгаа талаар дүгнээгүй.

Энэхүү үндэслэл дүгнэлт хийснээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан зарчимд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт хийх боломж бүрдэх байтал шүүхээс энэхүү үндэслэлд маань огт дүгнэлт хийгээгүй нь хуулийг ноцтой зөрчсөн.

Маргаж байгаа Нийслэлийн Байгаль орчны газрын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 дугаартай дүгнэлтийн талаар нэхэмжлэгчээс 37.1-т “Аймаг нийслэлийн засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална”, 37.1.3-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан” гэж хэдийгээр Нийслэлийн Засаг даргын тусгай зөвшөөрлийг цуцлах эрх хэмжээг баталгаажуулан хуульчилсан хэдий ч түүний агуулгаар байгаль орчны газар дураараа дүгнэлт гаргахгүй, нэгдүгээрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, хоёрдугаарт байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэсэн хоёр үндэслэлээр нутгийн захиргааны байгууллагаас санал гаргасныг харгалзахаар хуульчилсан байгааг анхан шатны шүүхээс буруу дүгнэж байна.

Тэгэхээр эндээс харахад нэгдүгээрт нутгийн захиргааны байгууллагаас төлбөр болоод нөхөн сэргээлттэй холбоотой санал гаргана, хоёрдугаарт байгаль орчны газраас дүгнэлт гарна, гуравдугаарт Нийслэлийн Засаг даргаас цуцлах шийдвэр гаргана гэж хуульчилсныг зөрчиж нутгийн захиргааны байгууллагаас төлбөр болоод нөхөн сэргээлттэй холбоотой санал гаргаагүй буюу байгаль орчны газраас дүгнэлт гаргах нөхцөл бүрдээгүй байхад дээрх маргаан бүхий дүгнэлтийг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т заасанд хамаарахаар байгаа асуудлыг анхан шатны шүүх буруу дүгнэсэн.

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын хувьд босоо удирдлагатай, ерөнхий газрын даргын тушаалаар томилогдож, чөлөөлөгддөг, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг буюу төрийн захиргааны байгууллагын саналыг буюу улсын байцаагчийн актыг үндэслэл болгосон байхад шүүхээс нутгийн захиргааны байгууллагын саналыг авсан мэтээр дүгнэж байгаа нь нотлох баримтын буруу үнэлж дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй ба тэр тусмаа дээрх хуульд заасан төлбөр болон нөхөн сэргээлттэй холбоотой санал гарсан мэтээр дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй.

Мөн дээр дурдсанчлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 02-04-201/1283 дугаартай албан шаардлагаар нэгдүгээрт баримт бичгийн бүрдлийн талаар, хоёрдугаарт нөхөн сэргээлтийн асуудлаар шаардлага хүргүүлснийг нэхэмжлэгчийн зүгээс бүрэн биелүүлж, нөхөн сэргээлт хийсэн байхад маргаж байгаа Байгаль орчны газрын дүгнэлтэд хангаагүй талаар дурдаж дүгнэлт гаргаж байгаа асуудлаар шүүх мөн дүгнэлт хийгээгүй нь хэт нэг талыг барьж нотлох баримтын бүрэн дүгнээгүй байна.

Анхан шатны шүүхээс маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-т зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-т “Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа хэтэрсэн бол энэ хуулийн 14.6 дахь хэсэг хамаарахгүй гэж заасныг шүүхээс зөв тайлбарлан хэрэглээгүй. Учир нь хариуцагч Нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий актын талаар хэзээ, хэрхэн мэдэгдсэн нь тодорхойгүй, Захиргааны ерөнхий хуулийн 26, 43 дугаар зүйлүүдэд заасан сонсгох ажиллагаа, мэдэгдэх ажиллагааг хэрхэн явуулсан нь ойлгомжгүй, холбогдох баримтгүй, дам сургаар сүүлд мэдсэн асуудлыг Төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан хуульд заасан мэдэгдэх, гардуулах үүргээ биелүүлсэн мэтээр дүгнэсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын дээрх буруутай үйл ажиллагааны улмаас шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаагаа хэтрүүлснийг харгалзаж үзээгүй нь хуулийг зөрчиж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т тус тус заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0342 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.  

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд үлдэх шаардлага болох “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас 2008 оны 7 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч “М” ХХК-д Хан-Уул дүүргийн Харзатын гозгор нэртэй газарт 165 гектар талбай бүхий уурхайн талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал ашиглах 30 жилийн хугацаатай, 13868А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна.

3. Нэхэмжлэгч “М” ХХК нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын хамтран гаргасан маргаан бүхий актыг гаргах эрх Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар олгогдоогүй, нутгийн захиргааны байгууллагаас дүгнэлт аваагүй, Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн акт, Нийслэлийн Байгаль орчны газрын дүгнэлт илт хууль бус, нийслэлийн Засаг даргын захирамж хууль бус хэмээн маргажээ.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт анхан шатны шүүх зөв дүгнэлт өгч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэжээ.

5. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 02-05-201/290 дугаартай актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6, 47.3-т зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

5.1 Нийслэлийн Байгаль орчны газрын дарга болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нар 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №2017/16 дугаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн удирдамж”-ийг баталжээ.  

5.2 Улмаар уг удирдамжийн дагуу улсын байцаагч нар “М” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хангуулахаар тус компанийн үйл ажиллагааг 2 сарын хугацаагаар зогсоохоор Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 02-05-201/290 дугаар актаар шийдвэрлэсэн байна.

5.3 Тус актаар “...тухайн жилийн менежментийн төлөвлөгөөг боловсруулж, холбогдох байгууллагаар батлуулаагүй, биелэлтийг тогтоосон хугацаанд холбогдох байгууллагад тайлагнаагүй, нөлөөллийн үнэлгээгээр тогтоосон шаардлагыг биелүүлээгүй, уурхайн ашиглалт явуулж, эвдрэлд оруулсан газрыг нөхөн сэргээлт хийгээгүй, байгаль хамгаалах үүргээ биелүүлээгүй, өмнөх шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар хүргүүлсэн улсын байцаагчийн албан шаардлагын биелэлтийг хангаж, биелэлтийг тогтоосон хугацаанд ирүүлээгүй, шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль зөрчсөн ажиллагааг зогсоох, холбогдох арга хэмжээ авах талаар тавьсан шаардлагыг биелүүлж, дүнг тогтоосон хугацаанд мэдэгдэх үүрэгтэй гэснийг зөрчсөн...” зөрчил илэрсэн хэмээн үзжээ.

5.4 Хавтаст хэрэгт авагдсан баримт, лавлагаа зэргээр актад дурдсан менежментийн төлөвлөгөөг боловсруулж, холбогдох байгууллагаар батлуулаагүй, биелэлтийг тогтоосон хугацаанд холбогдох байгууллагад тайлагнаагүй зөрчил гаргасан болох нь нотлогдсон гэж шүүх үзсэн нь зөв байна.

5.5 Захирал Н.Л хэмээн уг актад гарын үсэг зурж, “М” компанийн тамга дарсан байх бөгөөд “компани уг актыг мэдээгүй, мэдэгдээгүй, компанийн захирал Н.Л биш” гэж маргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

5.6 Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 4 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн, актыг хүлээн авсан хэсэгт компанийн тамга дарагдаж гарын үсэг зурагдсан зэргээс үзвэл, хяналт шалгалт хийж, акт гарсныг огт мэдээгүй байсан нь тогтоогдохгүй байна.  

5.7 Дээр дурдсан Байгаль орчны газрын дарга болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарын баталсан удирдамжийн дагуу улсын байцаагч нар хяналт шалгалтыг явуулсан байх бөгөөд хавтаст хэрэгт Г.Б-д Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн, М.М-т Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх олгосон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар 16-ны өдрийн 411 дүгээр тушаал, 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/200 дугаар тушаалууд хэрэгт авагдсан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т /2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ “Мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллагад салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллах бөгөөд тэдгээрт болон хуулиар улсын байцаагчийн эрхтэй бусад этгээдэд улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч олгоно.” гэж зааснаар улсын байцаагчийн эрх олгосон байх тул “Г.Б, М.М нар нь улсын /ахлах/ байцаагчийн эрхгүй этгээдүүд 2 жил тутам сунгагдаагүй байхад хяналт шалгалт явуулсан” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

5.8 “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь ... хэсгийг үндэслэн 2 сарын хугацаагаар зогсоохоор шийдвэрлэв” гэж тусгагдсан байх ба дээрх хуулийн 44.2-т 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 44.2-т энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэсэн өөрчлөлт орж, үйл ажиллагааг зогсоох улсын байцаагчийн эрхийг хуулиас хассан байхад хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

5.9 “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд Зөрчлийн тухай хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан тул цаг хугацааны хувьд 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 02-05-201/290 дугаар актаар хэрэгжиж эхлээгүй хуулийн заалт буюу Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохоор улсын байцаагч нар шийдвэрлэх боломжгүй, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн заалтыг баримталсан байх тул энэ үндэслэлээр шүүхээс актыг илт хууль бусд тооцохгүй юм.     

6. Нийслэлийн Байгаль орчны газрын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 дугаар дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.5, 47.1.6, 47.3-т зааснаар илтэд хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

6.1 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “нутгийн захиргааны байгууллагаас төлбөр болоод нөхөн сэргээлттэй холбоотой санал гаргана, хоёрдугаарт байгаль орчны газраас дүгнэлт гарна, гуравдугаарт Нийслэлийн Засаг даргаас цуцлах шийдвэр гаргана гэж хуульчилсныг зөрчиж нутгийн захиргааны байгууллагаас төлбөр болоод нөхөн сэргээлттэй холбоотой санал гаргаагүй буюу байгаль орчны газраас дүгнэлт гаргах нөхцөл бүрдээгүй байхад дээрх маргаан бүхий дүгнэлтийг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т заасанд хамаарахаар байгаа асуудлыг анхан шатны шүүх буруу дүгнэсэн” гэжээ.

6.2 Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Аймаг нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална”, 37.1.3-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан” гэж тус тус заасан.

6.3 Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 02-05-201/290 дугаар “Үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох тухай” улсын ахлах байцаагчийн актыг үндэслэж Нийслэлийн Байгаль орчны газрын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 дүгээр дүгнэлт гарсан нь үндэслэлтэй байна.

6.4 Ийнхүү маргаж байгаа улсын ахлах байцаагчийн акт, Нийслэлийн Байгаль орчны газрын дүгнэлт нь хууль тогтоомжид нийцсэн, Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт илт хууль бус болох шинжийг агуулаагүй байх тул энэхүү шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

7. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

7.1 Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 дүгээр “Тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт”-ийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б-д хүргүүлж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” захирамжаар “М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, мөн хуулийн 2 дахь хэсгийн 1 дэх хэсгийг баримтлан цуцалсан байна.

7.2 Нэхэмжлэгч “М” ХХК 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШЗ2017/0905 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

7.3 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр заасан.

Иймд “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжтай байх тул энэхүү шаардлагад холбогдох шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0342 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210.600 (хоёр зуун арван мянга зургаан зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                           ШҮҮГЧ                                          З.ГАНЗОРИГ

 

                           ШҮҮГЧ                                          Т.ЭНХМАА

 

                           ШҮҮГЧ                                          Ц.САЙХАНТУЯА