| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0110/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/25 |
| Огноо | 2017-03-17 |
| Зүйл хэсэг | 153.1., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2017/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :
Нарийн бичгийн даргаар Б.Оюунчимэг
Улсын яллагч Л.Отгончимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн
Шүүгдэгч Х.Д******** нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Д********т холбогдох эрүүгийн ******** тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 21- ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Шүүгдэгч Х.Д******** нь хувийн таарамжгүй харьцааны улмаас 2016 оны 10 дугаар сарын 19-ний шөнө 03 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын төвд оршин суух Б.И********гийн байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч гэрийн эд зүйлийг санаатай устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Х.Д******** нь хувийн таарамжгүй харьцааны улмаас 2016 оны 10 дугаар сарын 19-ний шөнө 03 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын төвд оршин суух Б.И********гийн байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч гэрийн эд зүйлийг санаатай устгаж гэмтээсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.И********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад хаалга цохих чимээ гарсан тэгээд сэрээд гэрлээ асаагаад хартал хаалганд сүх зоогдсон байсан. Тэгэж байтал сүхээ суга татаж аваад дахиад 2 удаа цохиод хаалга эвдээд манай сургуулийн багш Д******** ороод ирсэн. Хаалга нүдэж байхдаа И******** "пизда минь чамайг ална" гээд л нүдээд байсан. Тэгээд хаалга эвдэж орж ирээд "чамайг алаад 15 жил шоронд суучихаад гараад ирэхэд яадаг юм" гэсээр сүхээ далайгаад дайраад ирсэн. Тэгэхээр нь би орны хажуу талд байсан дугуйтай сандлыг толгой дээрээ барихад чухам хэдэн удаа цохисныг сайн мэдэхгүй байна. "Тас тас" гээд дуугарч байсан. Удалгүй сандалны хөлийг тас цохихоор нь тавцангаар нь хаалт хийж барихад нэг удаа сүхээрээ тавцанг цохисон. Тэгэхээр нь би сандлаа шидээд өөрийг нь тэврээд авсан нэлээд зууралдаж байгаад сүхийг нь авч орон доогуур шидээд өөрийг тэврээд тайвшруулах гэж хэсэг юм ярьсан. Тэгэхэд Д******** надад хандан "чи их зальтай хүн юм, энэ удаад чамайг алж чадсангүй дараагийн удаад араас чинь хутгалах юм уу эсвэл цонхны чинь цаанаас буудна" гэж байсан. Тэгэж яриад гараад явсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...Д******** тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...Д******** гэх хүн яагаад намайг ингэх болсныг мэдмээр банйа. Цаана нь ямар нэгэн байдлаар өдөөн хатгасан хүн байгаа эсэх талаар мэдмээр байна. Энэ хүнд хуулийн дагуу ямар арга хэмжээ авдаг бол түүнийг нь авахуулмаар байна... Харин миний амьдарч байгаа байр сургуулийн өмч болохоор эвдэж сүйтгэсэн хаалга үүд болон сандлыг шинээр төлж өгөх ёстой гэж үзэж байна...Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярихад "сартуулын гөлгийг зайлуулна" гээд байсан түүнийг нэмж яриагүй байна. Мөн миний хамар луу цохиж цус гаргасан. Гэмтлийн зэргээ тогтоолгох шаардлага байхгүй...Сандлыг 2012 онд БНХАУ-аас 90,000 төгрөгөөр худалдаж авч байсан одоо сандлыг 150,000 төгрөгөөр үнэлнэ. Одоо бол хэрэглэх боломжгүй болсон. Хаалга нь хуш модоор хийгдсэн 60х170 харьцаатай хаалга байсан. Хаалгыг 80.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Нийт 230.000 төгрөг нэхэмжлэнэ гэсэн боловч Х.Д******** нь 1.000.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 20-24-р тал/
Гэрч П.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Шалгалтын хүмүүсийг хүлээн авч байхад Д******** багш гаднаас их ууртай орж ирээд И******** захиралд хандан "адилхан Ховдын их сургууль төгсчхөөд чи муу хувцсаа хүнээр угаалгаж бэлэн байранд амьдраад даварч байна" гэх зэргээр хэрэлдээд байсан...Манай сургуулийн багш Д******** зан байдлын хувьд их муухай ааш араншин гаргадаг хүн...сүүлийн үед сургуулийн захиралтай их зөрчилдөх болсон. Яг юунаас болж зөрчилдөөд байдаг талаар нь сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/
Гэрч П.Тунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...И******** захирал нь өөртөө хоол хийлгэж иддэг. Гэхдээ хоол унд хийлгэхдээ хоолны материалаа авч ирдэг байсан. Одоо ч гэсэн тэгэж байгаа...Бид нараар хоол хийлгэхдээ ямар нэгэн захирсан зандарсан зүйл байхгүй энгийн харилцаатай хүн байгаа юм. И******** захирал ажлын шаардлага өндөртэй хүн гэх мэдүүлэг...../хх-ийн 29-30-р тал/
Гэрч Г.Цэцэгдарийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: И******** захирал манай сургуулийн багш нарыг "чадвар чадамжгүй, энэ сургуулийг балгас байхад өдий зэрэгт хүргэсэн та нар дунд удирдах ажилтан хийж чадах хүн байхгүй" гэх мэтээр их доромжилдог. Мөн өөрийнхөө өрөөнд багш нарыг "дарвагар авгай нар та нарыг заазуурдана" гэх мэтээр их доромжилдог. Өөрийнх нь зан харилцаа нь ёс зүйн доголдолтой байдаг, өөрт таалагдахгүй байгаа багш нарыг эхнээс нь шахаж байдаг хүн юм...гэх мэдүүлэг /хх[1]ийн 35-36-р тал/
Гэрч Н.Борын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 23 цаг 30 минутыи би нэр дэвшиж байсан тойргоосоо сумын төв рүү орж ирсэн. Сумын төв рүү орж ирэхэд "намын байран дээр ир" гээд Л.Ганболд утсаар дуудсан...Тэгээд баяр хүргэж ганц, хоёр шил архи уусан....Намайг гарахад намын байран дээр Д******** үлдсэн. Д******** тухайн үед нэлээн их архи уусан бололтой, хэл ам нь орооцолдчихсон, хүмүүстэй сөргөөцөлдөх маягтай болчихсон байсан. Тухайн үед Д******** намайг гарах гэж байхад "И********гийн талын хүн энэ тэр" гэж намайг хэлж байсан. Тухайн үөд Д********ийг согтчихсон байна гэж бодсон. И******** Д******** хоёр урд өмнө нь маргалдсан гэж сонсож байсан би нүдээр хараагүй, яамнаас шалгалт ирэхэд шалгалтын хүмүүсийн хажууд маргалдсан гэсэн. Ажил төрлийн холбоотой л маргалдсан байх мэдэхгүй байна. Би Д********ийн хийсэн хэргийн талаар мэдэхгүй. Маргааш өглөө нь ажилд ирэхэд Д******** захирлын гэрийн хаалгыг сандлаар цохиж орсон гэсэн яриа гарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 47-49-р тал/
Гэрч С.Сарантуяа, Ц.Гэрэлтуяа, Ч.Март, Х.Бадрахгэрэл, Г.Далайхүү, Д.Нэргүй, П.Нямсүрэн нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн ...-р тал/ Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 58 тоот: Д******** нь хэрэг үйлдэх үедээ архи уусан байсан байна. Х.Д******** нь сэтгэцийн хувьд эрүүл, хяналтанд байдаггүй. Х.Д******** нь сэтгэцийн өвчингүй. Х.Д******** нь сэтгэцийн хувьд эрүүл. Х.Д******** нь хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт /хх-ийн 53-54-р тал/
Шүүгдэгч Х.Д********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 19-ний оройны 23 цагийн үед манай сумын иргэдийн төлөөлөгчидийн сонгуулийн дүнг сонссон. Би тухайн үед сумын төвд Ардчилсан намаас нэр дэвшээд ялалт байгуулсан. Манай суманд 21 мандаттай манай ардчилсан нам 18 суудал авсан. Тэгээд сонгуульд ялсан баяраа тэмдэглээд намын байранд бүгдээрээ архи уусан. Тэгээд би 03 цагийн үед намын байрнаасаа гараад ганцаараа явж байтал 2 танихгүй хүн тааралдсан. Тэр хоёр хүн "ардчилал сум хөгжүүлж дээ, И******** та нарыг юманд сургаж байгаа биз дээ" гээд байсан. Би ч нэг их хэрэлдээгүй зодолдох юм болоод цаашаа гэрлүүгээ гүйж ороод түлээн дээрээс сүх аваад гараад иртэл нөгөө хоёр хүн байхгүй болчихсон байсан... Тэгээд И********гийн гэр лүү сүхээ бариад шууд очсон. И********гийнх манайхаас урагшаа сургуулийн хашаан дотор байдаг юм. Манайхаас урагшаа 400-500 орчим метр зайтай. Тэгээд И******** захирлын гэрт явган алхаад ганцаараа очсон. Тэгээд хаалгыг нь гадна талаас нь барьж явсан сүхээрээ ганцхан цохиод яваад ортол И******** захирал орон дээрээ ганцаараа унтаж байхаар нь "чи босоод ир" гэж хэлсэн. Тэгтэл И******** захирал босч ирээд төмөр сандал бариад авахаар нь сандал руу нь сүхээрээ цохисон. Би төмөр сандал руу нь 3-4 удаа цохисон. Тэгээд больцгоосон. Тэгээд И******** захирал бид хоёр хэрэлдсэн. Би И********г "чи ажилчидаар хувцасаа угаалгадаг, өдрийн 2-3 удаа хоол хийлгэж иддэг, манаач нараар байнга галаа түлүүлдэг" гэж хэрэлдсэн. И******** захирал бид нарыг "ажилгүй юмнууд хөгжилгүй сургууль, хөгжилгүй багш нар" энэ тэр гэж доромжилдог байсан. Тэгээд архи уусан үедээ хэлэх гээд яваад очсон байсан. Эрүүл үедээ хэлж чадахгүй согтуу үедээ очсон байна...И******** захирал бол "ажлаас хална, хариуцлага тооцно" гээд дарамталсан байдалтай хэтэрхий албан тушаалаар айлгаж бүх зүйлийг өөрийнхөөрөө шийддэг багш нарын үгийг сонсдоггүй. Жил болгон хичээл орсон хүүхдүүдээс биеийн тамирын сорил аваад санд шивдэг юм түүнийг нь би 2015 онд шивээгүй юм. Үүн дээр намайг их дарамталдаг чамайг халах байсан юм гэдэг юм. Иймэрхүү харьцаанаас болж муудалцсан...Би И********гийн сандал хаалгыг эвдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би И********г айлгах зорилгоор санаатайгаар хаалгыг нь эвдсэн юм. Түүнээс биш И********г алах санаа байгаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. И********гоос уучлалт гуйж, хохирол төлбөрийг нь бүрэн барагдуулж эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 62-66-р тал/
Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтол /хх-ийн 12-р тал/ Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-17-р тал/ Эд хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 51-р тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Д********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар буслын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн ******** дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Х.Д******** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж 2016 оны 12 дугаар сарын 20-ний өдөр хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсныг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Х.Д********ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 35-40 сантиметр урт модон иштэй, 10-15 сантиметр урт ажлын иртэй ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээгүй сүхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн ******** дугаартай хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Зайран овогт Харганы Д********ийг бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х.Д********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Х.Д********т оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Х.Д********т оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Х.Д********ийн ял эдлэх засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн газарт даалгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Х.Д********ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 35-40 сантиметр урт модон иштэй, 10-15 сантиметр урт ажлын иртэй ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээгүй сүхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Б.Манлайбаярт даалгасугай.
7. Энэ хэрэгт хураагдан ирсэн, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Д********ийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ