| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0115/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/105 |
| Огноо | 2020-03-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/105
2020 оны 03 сарын 30 өдөр Дугаар 2020/ШЦТ/105 Зуунмод сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунтуяа,
улсын яллагч М.Гансувд,
шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Т.Мэд холбогдох эрүүгийн 1934004830102 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Лүн суманд 1959 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б Т.М
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Т.М нь Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар багийн нутагт байх гэртээ 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Р.Доржпаламтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М
...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн ... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 1934004830102 дугаартай хэрэгт хохирогч Р.Доржпалам /хх-ийн 3-7, 10-11 дүгээр хуудас/, гэрч Ж.Амаржаргал /хх-ийн 8, 17 дугаар хуудас/, гэрч Р.Доржпалам /хх-ийн 9 дүгээр хуудас/, гэрч Т.Насанбуянжаргал /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, шинжээч Т.Амартүвшин /хх-ийн 18-19, 20 дугаар хуудас/, яллагдагч Т.М /хх-ийн 36-37 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 6758 дугаартай дүгнэлт / хх-ийн 22 дугаар хуудас/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/, Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 38 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын АСАП сангийн лавлагаа /хх-ийн 40-42 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/, эд зүйлд хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 44-45 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Т.М нь 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар багийн нутагт байх гэртээ Р.Доржпаламтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах хохирогч Р.Доржпаламийн ...Би эхнэртэйгээ хамт Баянхангай сумын 2 дугаар баг, Шагайн гуанз гэх газарт айлын хашаанд байдаг. Тэр хашаанд манайхтай цуг М гэж хүн эхнэртэйгээ цуг байдаг юм. 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр бага зэргийн архи уучихаад эхнэртэйгээ хамт гэр лүүгээ орсон. Тэгээд эхнэр бид хоёр гараад би гэрлүүгээ орсон. Гэрт эхнэр бид хоёр жаахан маргаад манай эхнэр гараад яваад өгсөн. Би гэртээ байж байгаад эхнэр орж ирэхгүй болохоор нь хайгаад Мийнд ороод Мээс эхнэрээ асуухад М чиний авгайг би яаж мэддэг юм битгий хуцаад бай пизда минь гэхээр нь би тэднийхээс гарч эхнэрээ хайгаад олохгүй болохоор нь буцаад Мийнд ороход тэдний орон доороос нь гараад ирсэн. Тэгээд би Мтэй муудалцахад М миний элэг рүү өшиглөсөн. Тэгээд Мийн эхнэр нөхрөө өмөөрөөд миний хоёр гарыг барьсан ба М миний нүүр лүү цохиод өшиглөөд байсан. Тэгээд би гэр лүүгээ орсон. Гэрт ороход нуруу байсан. Харахад нуруунд хоёр удаа зүсэгдсэн байсан... ...Би яг яагаад нуруунд шарх авсанаа сайн мэдэхгүй байна. М надтай муудалцаж байх үедээ миний нурууг хутгаар зүссэн байх гэж бодож байна... ...Би тэднийд өглөө ороход зуухных нь хажууд мал хөнгөлдөг жижиг хутга байсан ...Би тэр өдөр архи уусан байсан.... ....Би тэдний зуухан дээр унасан асуудал байхгүй... ...Миний нуруун дээр зүсэгдсэн, мөн цээж, элэгний хэсгүүдээр зулгаралт, няцрал үүссэн... ...Би хүнд зодуулж, биедээ гэмтэл авсандаа гомдолтой байна. Би Улаанбаатар хот руу хэд хэдэн удаа явж эм тариа хийлгэсэн... ....300.000 төгрөг нэхэмжилж байна... / хх-ийн 3-7 дугаар хуудас/,
гэрч Р.Доржпаламын ...2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр би эхнэр Амаржаргалтай хамт гуанз ороод хар Лхагваатай хамт нэг шил архи уусан. Тэгээд гэртээ ирсэн ба эхнэр байхгүй байхаар нь хажуу айлынхаа Мийнд ороод эхнэрээ асуухад танай эхнэрийг би яаж мэддэг юм гээд босч ирээд миний бөөр лүү өшиглөсөн. Тэгээд Мийн эхнэр нь миний гарыг бариад М миний нүүр лүү хэд хэдэн удаа цохьсон. Дараа нь М жижиг хутга бариад миний ар нуруу луу 2 удаа зүссэн. Тэгээд би тэднийхээс гараад гэрлүүгээ орсон... ... Толгой тархи өвдөж, даралт ихсэж байна... ...Тухайн үед Мтэй маргалдах үеэр М миний нүүр лүү хоёр гурван удаа цохьсныг нь би санаж байна. Тэрнээс болоод миний шүд унаж гэмтсэн... ...М миний эмчилгээнд зарцуулсан зардлыг төлж барагдуулбал өөр гомдол санал гэхээр зүйл алга... ....Эмчилгээний зардал 200.000 төгрөг болсон... ....Миний дээд талын үүдэн хоёр шүдний нэг нь булгарч, нэг нь хугарч ёзоор үлдсэн. Мөн үүдэн хоёр шүдний хажуу талын шүд нь унасан... ...Би нилээн согтсон байсан. М намайг бол нүүр лүү хэдэн удаа цохиж байсан. Тэгээд эхнэр нь надтай ноцолдож байгаад пийшин рүү нь унасан шиг санагдаад байгаа... ...Миний нүүр лүү л цохьсныг би санаад байгаа юм. Би тухайн үед шүд ойчлоо шүү гэж хэлж байсан шиг санагдаад байна... /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,
гэрч Ж.Амаржаргалын ...2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр би үхрээ саачихаад гэртээ ороод байж байхад манай хөгшин нүүр ам нь баахан шархдчихсан цус нөж болчихсон орж ирсэн. Мөн нуруунаас нь цус гарчихсан байхаар нь би цусыг нь тогтоосон. Тэгээд хажуу айл руугаа ороод яасан талаар асуухад М, Палам хоёр хоорондоо зодолдоод бөөн юм болсон гэсэн... ...Нуруун дээр нь хоёр зүсэгдсэн байсан. Нүүрэн дээр нь шархадсан байсан... ....Манай нөхөр тэднийх рүү намайг асууж орсон байсан. Тэгээд хоорондоо маргалдсан байсан... ...гэр ороход нуруугаа өвдөөд байна гэхээр нь үзсэн чинь нуруу нь зүсэгдчихсэн байсан. Мөн юман дээр унасан шиг арьс нь язарсан байсан. Мөн нэг шүд нь унасан байсан. Нэг шүд нь эмтэрээд шанаа нь хавдсан байсан. Тэгэхээр нь би Мийнд ороод чи шүдийг нь цохьчихсон байна ороод хараадах гэсэн чинь би юу гэж харж байдаг юм гээд байсан... /хх-ийн 8, 12, 17 дугаар хуудас/,
гэрч Т.Насанжаргалын ...Манайх Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Шагайн гуанз гэх газар айлын хашаанд Дорпалам гэдэг айлтай хамт байдаг. 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр манай хажуу талын хоёр хоорондоо маргалдаад байсан ба орой нь Доржпалам эхнэр Амараатай уулзахад Амараа манай хөрш намайг зодож цохиод байх юм гэж байсан. Маргааш нь манай хүүхдүүд Зүүнхараагаас ирээд бид хоёр манай энд байдаг охиных руугаа Зүүнхараагаас ирсэн хүүхдүүдтэйгээ хамт явсан. Тэгээд орой бид нар гэртээ ирээд Зүүнхараагаас ирсэн хүүхдүүд яваад өгсөн. Тэгээд манай хөгшин гэртээ хагас шил архи уугаад сууж байхад манай хажуу талын Доржпалам гаднаас авгайтайгаа орж ирээд бид дөрөв цуг архи уусан. Тэгээд тэр хоёр архи дуусаад гараад яваад өгсөн. Тэр хоёр гараад удаагүй байхад би гэрээсээ гарахад Доржпаламын эхнэр Амараатай таарсан ба Амараа манай хөгшин намайг гэртээ оруулахгүй байна гэж байсан. Тэгээд би гэрлүүгээ ороход хөгшин орондоо ороод унтаад өгсөн. Би зурагт үзээд сууж байтал гаднаас Доржпалам орж ирээд манай хөгшинөөс манай эхнэр хаана байна гэж асуухад манай хөгшин мэдэхгүй манай эхнэр гэртээ байна танай эхнэрийг би яаж мэдэхэв дээ гэж хэлэхэд гараад яваад өгсөн. Манай хөгшин намайг хаалга түгжчих гэхээр нь би хаалга түгжсэн. Тэгээд байж байтал Доржпалам хаалга хуу татаад орж ирэхэд манай хөгшнийг орноос нь татаж ирээд чи яахаараа манай авгайг нуудаг юм гээд хоёр гурван удаа цохиж аваад өмсөж байсан майкийг нь ураад хаясан. Тэгсэн манай хөгшин зөрүүлээд ганц хоёр удаа цохисон ба би тэр хоёрыг салгах гээд хөгшинийгөө ор луу түлхчихээд Доржпаламыг авч гарах гээд ноцолдсон. Доржпаламыг авч гарах гээд ноцолдож байгаад би Доржпаламтай цуг зуух руу унасан. Тэгээд би Доржпаламыг гэрээсээ гаргаад өөрийнх нь гэр лүү нь оруулсан... ...Доржпалам, Амараа хоёр хоёулаа архи уучихсан байсан... ...Би Доржпаламыг гэрээсээ гаргах гэж чирж байгаад зуухан дээр унасан... ....Доржпалам орж ирээд манай өвгөний нүүр лүү нь хоёр гурван удаа цохисон. Тэгэхэд нь манай өвгөн босч ирээд Доржпаламтай зодолдоод байсан. Хаашаа нь цохисныг хараагүй... ...Доржпалам манайд орж ирээд чи яахаараа манай авгайг нуудаг юм гээд Мийг цохьсон. Тэгээд хоорондоо зодолдсон. Ер нь энэ асуудал нь Доржпалам авгайтайгаа муудалцаад авгай нь гэрээсээ гарч гүйгэээд араас нь Доржпалам авгайгаа хайж манайд орж ирснээс ийм асуудал болсон гэж үзэж байна ... /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
шинжээч эмч Т.Амартүвшингийн ... Бүсэлхийн шарх, цус хуралт, зүүн 2-р шүдний булгарал, баруун 1-р шүдний эмтрэл зэрэг гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цээж, дух, чихний дэлбэн,, зулайн хуйх, зүүн шууны зулгарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй... ...Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байсан... /хх-ийн 20 дугаар хуудас/,
яллагдагч Т.Мийн ...Хүлээн зөвшөөрч байна... ... Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар багийн нутагт байх гэртээ 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр манай гэрт Доржпалам бид хоёр нэг шил архи хувааж уугаад Доржпалам амарлаа гээд гараад явсан. Тэгсэн шөнө намайг унтаж байсан чинь гаднаас Доржпалам орж ирээд намайг босоод ир гээд хөнжил хуу татаад тэгэхээр нь би босоод чи яаж байна гэсэн чинь Доржпалам яадаг юм гээд миний футболк заамдаад урсан. Тэгэхээр нь гараараа нүүрэн тус газар нь 1-2 удаа цохьсон. Тэгтэл Доржпалам арагшаа түлээний авдар дээр нуруугаараа унасан. Тэгээд босоод гэрээс гараад явсан... /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №6758 дугаартай ...Р.Доржпаламын биед бүсэлхийн шарх, цус хуралт, цээжний цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, духны зулгаралт, баруун үүдэн 1-р шүдний эмтрэл, зүүн 2-р шүдний булгарал, зүүн шууны зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын АСАП сангийн лавлагаа /хх-ийн 40-42 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/, эд зүйлд хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 44-45 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх үйл баримтад хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Т.Мийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар багийн нутагт байх гэртээ Р.Доржпаламтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнийг зодож цохих нь хууль бус шинжтэйг мэдсээр байж цохисон, уг үйлдлээ өөрөө хүсч үйлдсэн, дээрх хөнгөн хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд шүүгдэгчийн хууль бус шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Т.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Т.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Т.Мийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.Доржпаламын эрүүл мэндэд хөнгөн хохирол болон эд хөрөнгөд нь хохирол тус тус учирсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Р.Доржпалам нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон бусад зардалтай холбоотой 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг нэхэмжилдэг боловч энэ талаарх баримт гаргаж өгөөгүй ба хэрэгт баримт авагдаагүй байна.
Иймд хохирогч Р.Доржпаламыг эмчилгээний зардал болон бусад зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, шүүгдэгч Т.Мээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Т.Мэд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл тодорхой хэмжээгээр нөлөөлснийг тус тус харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасны дагуу санал болгосон улсын яллагчийн торгох ялын хэмжээнээс доогуур оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Т.М нь торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Эрүүгийн 1934004830102 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний баримт бичиг болон бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Т.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,
36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Т.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б Т.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Т.Мэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б Т.М нь шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 1934004830102 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний баримт бичиг болон бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Т.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.
6. Хохирогч НЫ52020870 дугаарын регистртэй, Боржгон овгийн Рэнцэндоржийн Доржпалам нь эмчилгээний зардал болон бусад зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б Т.Мэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Т.Мэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН