Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2636

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2017/02636

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э / /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.ХХК д  холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 670,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мишээл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Г.Э  би Н ХХК-д хамгаалагч хийдэг. 24 гарч 48 амрах ёстой хүнийг олон сар 24, 48 гаргаж ажлын ачаалал ихэдсэнээс болж ажлын байран дээрээ харваж Баянзүрх дүүргийн эмнэлэгт түргэнээр очиж хэвтэж эмчлүүлээд сайн болоод 2017 оны 01 дүгээр сарын 01-нд ажилдаа оръё гэтэл хүний нөөц Мишээл “чамайг ажилд авахгүй” гэж хөөсөн. Би ажлын байран дээр ямар ч алдаа дутагдал гаргаж байгаагүй, би архи уудаггүй. Ингээд би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 03 дугаар сарын 15-нд шийдэгдэж дууссан. Шийдвэрийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 30 хүртэлх 1 сарын цалин олгох, ажилдаа эргэж орох шийдвэр гарсан. Би ажилдаа орсон, 1 сарын цалин олгосон. Одоо би 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 3 сар хүртэл ажилгүй байсан болохоор 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 15 хүртэлх цалин 670,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Г.Э нь тус компанийн Харуул хамгаалалтын албаны харуулаар 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харвалт өгч, уг оны 12 дугаар 29-ний өдөр хүртэл эрүүл мэндийн чөлөөтэй байсан болно. Уг хугацаанд түүний эрүүл мэндийн магадлагаа 1 удаа сунгагдсан байдаг. Түүний өвчтэй байх хугацаанд байгууллагын зүгээс Г.Э  од Хөдөлмөрийн тухай хууль, компанийн дотоод журам зэрэг холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд заасны дагуу ажлын чөлөө олгож, ажлын байрыг хадгалах, эрүүл мэндийн хуудсыг бөглөж, нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлэх, хамт олны зүгээс хандив цуглуулж өгөх зэрэг холбогдох арга хэмжээг авч ажилласан болно. Г.Э  нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр тус компанийн Хүний нөөцийн менежер Б.Мишээлтэй ирж уулзсан бөгөөд эрүүл мэндийн сүүлд сунгагдсан магадлагаагаа авчирч өгөөд 2017 он гарахаар ажилдаа орох талаар чиглэл өгсөн байдаг. Харин энэ үед эмнэлгийн магадлагаа авчирч өгөх эсэх асуудлаар маргаан болсон байдаг. Улмаар 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Г.Э  нь Хүний нөөцийн менежер Б.Мишээлтэй “он гарчихлаа, ажилдаа ормоор байна” гэж утсаар ярьсан бөгөөд Б.Мишээл нь “шинэ жилийн амралт гээд байгууллага амарчихсан байгаа. Ажил цуглахаар 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ирж уулзаад харуулын дотоод хуваарийн дагуу гараандаа гарч ажилдаа ор” гэж хариулсан байна. Г.Э  нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр компани дээр ирж Хүний нөөцийн менежер Б.Мишээлтэй уулзахад, түүнээр цаашид ажиллахад эрүүл мэндийн хувьд боломжтой, ажлын байран дээрээ байхад эрүүл мэндийн ямар нэгэн шалтгаан гарсан тохиолдолд өөрөө бүрэн хариуцна гэсэн өргөдөл гаргуулж, улмаар Харуул хамгаалалтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Г ийн хийсэн албаны дотоод хуваарийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн харуулын үүрэг гүйцэтгэх тухай хэлэхэд Г.Э  нь эсэргүүцэж тухайн өдрөөс эхлэн харуулын гараанд гарах ёстой гэж үзэж, улмаар эхнэрийнхээ хамт дахин ирж уулзан хоёр гарааны мөнгө нөхөж олго гэсэн шаардлага тавьсан болно. Харин Хүний нөөцийн менежер Б.М ийн зүгээс уг асуудал боломжгүй бөгөөд Харуул хамгаалалтын албаны дотоод хуваарийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн харуулын ээлжийн үүрэг гүйцэтгэх боломжтой тухай хэлсэн байна. Үүний дараагаас эхлэн Г.Э  болон түүний эхнэр нь ТВ-8 телевизийн нэрийг барьж, байгууллагыг дарамтлах зэрэг зохисгүй үйлдэл гаргаж байсныг дурдах хэрэгтэй. 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Г.Э  нь зөвшөөрөлгүйгээр харуулын гараанд гарах гэж оролдоход тус компанийн Хүний нөөцийн менежер Б.М  нь зүй ёсны шаардлага тавихад эсэргүүцэж, албаны өрөөнд нь танхайрах, хэл амаар доромжлох үйлдэл гаргахдаа ажлаас гарна гэдгээ амаараа хэлсэн бөгөөд шүүхээр заргалдах учраас бичгээр өргөдөл гаргахгүй гэдгээ илэрхийлсэн байдаг. Мөн түүнчлэн тухайн өдрийнхөө орой Г.Э  болон түүний эхнэр нь гар утасны мессежээр дамжуулан ажлаас гарна гэдгээ илэрхийлсэн байдаг нь хадгалагдаж үлдсэн мессежний архиваар нотлогдож байгаа. Үүний дараа Г.Э  нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн дагуу Г.Э    ын ар гэрийн байдлыг харгалзан үзэж тус компанийн зүгээс түүний гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч холбогдох хууль тогтоомж, компанийн дотоод журмын хүрээнд Г.Э    ын нэхэмжлэлийн дагуу эгүүлэн ажилд нь томилж, ажилгүй байсан 1 сарын хугацааны цалинг олгосноор 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Г.Э  нь шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж, 670,000 төгрөг нэхэмжилж байгааг тус компанийн зүгээс үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Г.Э    ын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой шүүхийн мэдэгдэх хуудсыг тус компани нь 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, улмаар 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийг гардан авсны дагуу шийдвэр гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, түүнтэй холбоотой шүүгчийн захирамж 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гарсан. Одоогийн нөхцөл байдалд Г.Э  нь компанийн зүгээс компанийн дотоод дүрэм, журам, албаны ажил үүргийн хуваарь, харуулын ажилтны ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний дагуу тавьсан зүй ёсны шаардлагыг үндэслэлгүйгээр эсэргүүцэх, хамт олныг хутган үймүүлэх, Нарантуул худалдааны төвд гарсан хоёр ч удаагийн галын дараагаас тавигдаж ирсэн ажлын байрны дэг журам, сахилга, хариуцлага, шаардлагыг дарамт гэж үзэж эсэргүүцэх, үүний улмаас албаны хэвийн үйл ажиллагаа доголдох, асуудал тавих бүрт шүүхээр заргалдана гэж компанийн болон шүүх байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулах зэрэг зүй бус үйлдэл гаргаж байгаагаас гадна 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байх үедээ хамт үүрэг гүйцэтгэж байсан харуулаа дарамталж, хутга барьж дайран ална гэж сүрдүүлэх, танхайрах үйлдэл гаргасныг цагдаагийнг байгууллага шалгаж байгааг дурдах хэрэгтэй бөгөөд уг асуудлаар компанийн хүний нөөцийн менежер тайлбар авахад мөн л ажлын байранд нь танхайрч, хэл амаар доромжилсон байдаг. Цагдаагийн байгууллагын зүгээс түүнийг буруутай эсэхийг шалгаж тодорхойлсны дараа цаашид тус компанид ажиллуулах эсэхийг шийдвэрлэх болно. Г.Э  нь зан харьцааны хувьд цочмог, түргэн ууртай, тогтворгүй нэгэн болохыг мөн тодорхойлж байна. нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

   Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Э  нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 15 хүртэлх ажилгүй  байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 670,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

 

Нэхэмжлэгч Г.Э  нь Н ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 450,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2017/00886 дугаартай шүүгчийн “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх-3/

 

Н ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 40 дугаартай “Ажилд эгүүлэн томилох тухай” тушаалаар Г.Э    ыг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс тус компанийн Харуул хамгаалалтын албаны харуулаар эгүүлэн томилж, ажилгүй байсан 1 сарын цалинг олгосон болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-32, 33/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан.

 

Нэхэмжлэгч Г.Э  нь 2017 оны 01 дүгээр сард ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 450,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэргийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч  Н ХХК нь Г.Э    од 1 сарын цалин 450,000 төгрөгийг олгосон байх тул нэхэмжлэгч Г.Э    ын шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу хариуцагч Н ХХК-ийн цалингийн тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэгч Г.Э    ын  сарын дундаж цалин хөлсийг 450,000 төгрөгөөр тооцон тодорхойлж, ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 28 хоногийн цалинтай тэнцэх олговорт 572,727.12 төгрөгийг хариуцагч Н ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Г.Э    од олгох үндэслэлтэй.

 

Шүүх хариуцагч Н ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 572,727.12 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Э    од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 97,272.88 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Г.Э  нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, энэ талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 572,727.12 /таван зуун далан хоёр мянга долоон зуун хорин долоон төгрөг арван хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Э    од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 97,272.88 /ерэн долоон мянга хоёр зуун далан хоёр төгрөг наян найман мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 1,070 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Г.Э    од буцаан олгож, хариуцагч Н ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 17,832 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Э    од олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4. Хариуцагч Н ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР