| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1506/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1566 |
| Огноо | 2018-11-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1566
2018.11.19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
улсын яллагч Б.Уранцэцэг,
шүүгдэгч Д.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Боржигон овогт Доржийн Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0492 41189 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв .
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Боржигон овогт Доржийн Д.Б, 1969 оны 04 дугаар сарын 04-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 49 настай эрэгтэй, эрх зүйч цагдаагийн ажилтан мэргэжилтэй,ам бүл 4, эхнэр,хүүхдийн хамт амьдрах, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, ******************* тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, РД: ******************
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороололын 17-58 тоотод төрсөн дүү Д.Батцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.
Яллагдагч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хорооллын 17-58 тоот 2 өрөө байр нь миний эзэмшлийнх юм. Д.Батцэцэг нь миний төрсөн дүү. Манай гэрийн жижиг өрөөнд 6-7 жил амьдарч байна,би том өрөөнд нь амьдардаг юм. 2018.05.26-ны өдөр дүү Д.Батцэцэгтэй гэр бүлийн жаахан асуудлаас болоод маргалдсан түүний хүүхэд нь хичээлээ хийхгүй мөн Д.Батцэцэг нь хуучин хувцас хунараа хаяна гэхээр нь би Дорнодод байдаг дүү нартаа явуулчих гэсэн чинь уурлаад бид хоёр маргалдсан. Маргалдаад хэрэлдэж байхад 2 хүүхэдтэй гэтэл миний бага хүүхдийг таны хүүхэд биш өөр хүний хүүхэд гэхээр нь миний уур хүрээд Д.Батцэцэгийн нүүрэн тус газар нь 2-3 удаа алгадсан...” гэх мэдүүлэг. /хх-12/,
Хохирогч Д.Батцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ах Д.Б намайг байрны түрээсэнд 200.000 төгрөг нэмж төл гэхээр нь би төлж чадахгүй гэж хэлсэн. Тэгж маргалдаад Д.Б ах нүүр рүү 2 удаа гараараа шанаадсан, хойд далан дээр 1 удаа цохисон. Ингэж цохисноос миний шанаа хөхрөөд, дал хөхөрсөн хөндүүртэй өвчтэй болсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Яармагийн эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Уг эмнэлэгт ор хоногийн 100.000 төгрөг төлсөн, эм тариа 50.000 төгрөгөөр авсан. Надад өөр зарцуулсан мөнгө байхгүй. Хэргийн материалд хавсаргах мөнгөн баримт байхгүй. Би ах Д.Баас цаашид эмчилгээнд зарцуулах 300.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /хх–59-60/
Гэрч Д.Баярчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... тухайн үед ах Д.Б нь төрсөн дүү Батцэцэгтэйгээ жижиг өрөөнд хэрэлдэж маргалдаад байсан. Тэгээд би жижиг өрөөнд очиход Д.Б нь Батцэцэгийг гараараа нүүрэнд нь 4-өөс олон удаа цохиж байсан. Тэгээд би болиулах гэтэл болихгүй байсан учир би цагдаа дуудсан. ...Д.Б нь бид нараас тусдаа амьдардаг бөгөөд тэр өдөр гаднаас орж ирээд жижиг өрөөнд ороод 20-30 минутын дараа Батцэцэгтэй хэрэлдэж маргалдаад дуу нь чангараад , Батцэцэг орилж бахираад эхэлсэн. Тэгээд би өрөөнд нь ороход Батцэцэг уйлсан байдалтай харин Д.Б түүний нүүрэнд нь цохиж байсан...” гэх мэдүүлэг. /хх-28-29/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6781 дугаартай дүгнэлт:
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороололын 17-58 тоотод төрсөн дүү Д.Батцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт тохирч байна.
Иймд шүүгдэгч Д.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Доржийн Д.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Д.Быг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин тѳгѳлдѳр болох хүртэл Д.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР