Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2644

 

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Ө -ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т -д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 21,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Ө    , хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэнханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Р.Ө     миний бие иргэн Р.Т  ын санал болгосноор 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 3,5 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохиролцоод тус өдөр дансаар шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа Р.Т   нэмж 5,000,000 төгрөг зээлье, ердөө ганцхан сар болгоод өгье гээд гуйгаад салахгүй болохоор нь 5,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай бэлнээр өгөөд маргааш нь Зээлийн гэрээ байгуулан, тус зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан. Миний нөхөр Б.Д хамт байсан. Иргэн Р.Т  д 10,000,000 төгрөгийг зээлдүүлэхдээ өөрийнх нь эзэмшлийн ******* УНД авто машиныг барьцаалан зээлүүлэхээр тухайн үед тохиролцсон байсан боловч мөнгөө авч нотариатаар батлуулсныхаа дараа авто машинаа барьцаална гэчихээд худлаа хэлэн хэл чимээгүй алга болсон. Сүүлд мэдэхнээ охиныхоо нэр дээр байсан авто машинаа надаас мөнгө авсаныхаа маргааш өдөр нь өөр хүний нэр дээр шилжүүлэн намайг залилсан байсан. Иргэн Р.Т  тай хийсэн зээлийн гэрээнд 5,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай гэж андуурагдаж нотариат гэрчилснийг тухайн үед би анзааралгүй, танилцалгүй гарын үсэг зурсан байсан. Учир нь Р.Т   1 жилийн хугацаатай 10,000,000 төгрөгийн хүүгээ хугацаандаа өгөхгүй, мөн өгөх 1 сарын хугацаа нь болсон 5,000,000 төгрөгийг өгөхгүй 2 сар болонгуут Зээлийн гэрээгээ нягталж үзсэн чинь 5,000,000 төгрөгний тохиролцсон 1 сарын хугацааг 1 жил гэж андууран нотариат гэрчилснийг мэдээгүй хохирч байснаа мэдэж мөнгөө нэхсэн боловч өгөхгүй байсан. 12 сард хүүгээ төлөх үү, хугацаа нь өнгөрчихлөө гэхэд 550,000 төгрөг төлсөн. Р.Т  тай 2016 оны 12 дугаар сард яриад Зээлийн гэрээнд засвар оруулъя гэж түүнтэй эвээр ярьж тохирсон боловч товлосон тухайн өдрийн 12 цагт ирээгүй, би залгаж ярьтал, одоохон 16 цагт гэж хойшлуулаад бас ирээгүй. Иймд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст дээрх иргэд бүлэглэн хуурч мэхэлж мөнгө өгөхгүй байсны дагуу гомдол гаргаж шалгуулсан. Р.Т   нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай авснаа хүлээж нотолсон бөгөөд 2017 оны 04 дүгээр сард 5,000,000 төгрөгийг нийт хүүгийн хамт төлөхөөр мэдүүлэг бичгээр өгсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан 5,000,000 төгрөгийн зээлийн төлбөр болон гэрээнд заасан нөхцөл, холбогдох нотолгооны дагуу хүү, алдангиа төлөөгүй өнөөг хүрч байна. Иймд Зээлийн гэрээнд заасны дагуу баталгаа гаргасан нотлох баримтын дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож 167 хоногийн алданги, үндсэн зээлийн 5,000,000 төгрөг, түүний алдангийн хамт нийт 7,500,000 төгрөгийг, мөн Р.Т  д холбогдох зээлийг Иргэний хуулийн 284.1-д зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан шаардах эрхтэй гэсний дагуу гэрээний үүргийг зогсоож үндсэн 10,000,000 төгрөгийг, мөн хугацааны төлөөгүй хүү 3,500,000 төгрөг, нийт 13,500,000 төгрөг, бүгд 21,000,000 төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү “гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “Хариуцагч нь жилийн хугацаатай, нотариатаар батлагдсан хугацаа нь 2017 оны 09 дүгээр сард дуусгавар болох гэрээтэй, гэтэл яагаад яарч сандарч шүүх, цагдаа болоод байгааг ойлгохгүй байна. Энэ нь нэхэмжлэгч Р.Ө    ы хүн чанар, ёс жудаггүй, албан тушаал, нэр хүнд, танил талаар ажлаа гүйцэлдүүлж сурсан зан заншил нь өөрт нь нөлөөлж байна гэж үзэж байна. Арван жилийн анд найзаа хазайхад нь түших атал харанхуй руу түлхэх санаа өвөрлөж байна гэж ойлгож байна. Ийм анд найз гэж байх уу. Нэхэмжлэлдээ нэр хүндийг нь зориуд унагаах зорилгоор олон ташаа зүйлийг дурджээ. Хариуцагч Р.Т   тийм үл бүтэх хүн бишээ. Дэндүү цагаан цайлган, итгэмтгий зантай хүн учир итгэж явсан найз нь гэнэт ааш зангаа хувиргахад сайхан санагдахгүй л байгаа. Нотариатын батлан гэрчилсэн гэрээ байхад янз бүрээр дарамтлаад, хэл амаар доромжлоод, сандраад айгаад байх юм алга гэж бодож байна. Амьдралд хүн дээшээ доошоо болж болно шүү дээ. Амьдрал баян юм чинь хариуцагч энэ хугацааг зөвөөр даван туулах чадвартай гэдэгт итгэлтэй байна. Нэхэмжилж буй 21,000,000 төгрөгийг маргахгүйгээр төлнө. Энэ бага мөнгө биш, одоогоор төлөх боломжгүй байх тул хариуцагчийн амьдралын байдлыг харгалзан 1 жилийн хугацаа олговол бүхэлд нь төлнө” гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Ө     нь хариуцагч Р.Т  д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хариуцагч Р.Т   нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх боловч одоогоор төлөх боломжгүй байгаа хариуцагчийн амьдралын байдлыг харгалзан 1 жилийн хугацаа олговол бүхэлд нь төлъе гэсэн тайлбарыг гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

Р.Ө    , Р.Т   нар нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 15,000,000 төгрөгийг зээлэх, зээлдүүлэх тухай Зээлийн гэрээ байгуулсан болох нь хэрэг авагдсан зээлийн гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-6/ Гэрээ байгуулсан талаар зохигчид маргаагүй.

Уг зээлийн гэрээнд 10,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл, 5,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар зээлдүүлж байна гэж бичигджээ.

Нэхэмжлэгч нь “...10,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар, 5,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлсэн. Гэтэл зээлийн гэрээн дээр 5,000,000 төгрөгний тохиролцсон 1 сарын хугацааг 1 жил гэж андууран нотариат гэрчилсэн байсныг тухайн үед нь анзаараагүй, сүүлд мэдсэн” гэх тайлбарыг гаргасан бөгөөд Р.Ө    , Р.Т   нар нь 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлж, зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст Р.Т  ын бичсэн бичиг зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-44/

Зохигчдын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар талууд 10,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, 5,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлэх, зээлүүлэхээр харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байх бөгөөд зохигчдын дээрх тохиролцоо бүхий гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, 193 дугаар зүйлийн 193.1-д “үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг ... шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэнэ” гэсэн заалтын аль алинд нь нийцсэн, зээлийн гэрээний үндсэн шинжийг агуулсан гэрээ байна.

Нэхэмжлэгч нь Хаан банкан дахь өөрийн данснаас 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгийг хариуцагчийн данс руу тус тус шилжүүлсэн болох нь банкны зарлагын баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч уг мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй. /хх-19, 20/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн  хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.

Хариуцагч Р.Т   нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар гэрээний зүйл болох 10,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгийг хүлээн авсанаар тухайн мөнгийг захиран зарцуулах эрх үүсч, энэ үеэс зээл, тохирсон зээлийн хүүг заасан хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээнэ. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд тохиролцсон хүүг ямар хугацаанд, хэзээ, хэрхэн төлөх талаар гэрээнд тухайлан заагаагүй байна.

Зохигчид хүү, анз тогтоосон зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулсан байх ба зээлсэн 10,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгт хүү тооцох, хугацаа хэтрүүлсэн тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх үндэстэй гэж үзнэ.

Хариуцагч Р.Т   нь 10,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн байх бөгөөд үндсэн зээл 10,000,000 төгрөг, 11 сарын хүү 3,850,000 төгрөг, нийт 13,850,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 2016 оны 12 дугаар сард 1 сарын хүүний төлбөрт 350,000 төгрөг төлсөн байх тул төлөгдөөгүй үлдсэн хүү 3,500,000 төгрөг, үндсэн зээл 10,000,000 төгрөг, нийт 13,500,000 төгрөг байна.

 Мөн хариуцагч нь 5,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж, үндсэн зээл 5,000,000 төгрөг, 1 сарын хүү 200,000 төгрөг, нийт 5,200,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 2016 оны 12 дугаар сард хүүний төлбөрт 550,000 төгрөг төлөхдөө 5,000,000 төгрөгийн хүү 200,000 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргахгүй байх бөгөөд 5,000,000 төгрөгийн үндсэн зээл төлөгдөөгүй байна.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4-т “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алдангийг төлүүлнэ” гэж заасан байх тул нэхэмжлэгч Р.Ө     нь алданги шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааг тоолоход 260 хоног, алданги 6,500,000  байх боловч нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалтын дагуу алданги 2,500,000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Р.Т  аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, түүний хүү 3,500,000 төгрөг, үндсэн зээл 5,000,000 төгрөг, түүний алданги 2,500,000 төгрөг, нийт 21,000,000 төгрөгийг гаргуулж Р.Ө    д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

         ТОГТООХ нь:                                                                                          

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282,3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Т  аас 21,000,000 /хорин нэгэн сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Ө    д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,700 төгрөг, 29,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Т  аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 262,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Ө    д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Хариуцагч Р.Т   шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Д.ЦЭРЭНДОЛГОР