Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2017/02649

 

 

 

 

 

 

                                  

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Э Д Ц СТӨХК -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: М Д ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 11.349.107, 5 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Цэвэлмаа, Х.Нурлан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.

 

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Нурлан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “ М Д ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаанчулуун багт байрлах “Баян-Өндөр Эко” хорооллыг дулаанаар хангуулахаар “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээ”-г Э Д Ц СТӨХК -тай байгуулан ажилласан.

Тус компани нь ДЭХ-ний гэрээний сунгалтыг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс дахин хийж, Орхон аймгийн Засаг даргын захирамжийн дагуу “Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК-д шилжих хүртэл дулаанаар хангагдсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. 2017 оны 09 дүгээр сарын 15-ны байдлаар дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 11.349.107, 5 төгрөг төлөгдөөгүй байна. Төлбөрийг барагдуулах талаар М Д ХХК-ийн захирал н.Энхбилэг болон менежер н.Отгонбаярт удаа дараа мэдэгдсэн боловч тодорхой арга хэмжээ авч ажиллаагүй.

Иймд Монгол улсын Эрчим хүчний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу 11.349.107, 5 төгрөгийг М Д ХХК-иас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч тал хариу тайлбар гаргаагүй болно

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                         

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Э Д Ц СТӨХК нь хариуцагч М Д  ХХК-д холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 11.349.107, 5 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Талуудын хооронд 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаанчулуун багт байрлах “Баян-Өндөр Эко” хорооллыг дулаанаар хангуулахаар “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээ”-г байгуулсан бөгөөд “Баян-Өндөр Эко” хорооллыг дулаанаар хангасны төлбөр 11.349.107, 5 төгрөгийн дулааны төлбөрийн үлдэгдлийг талууд тооцоо нийлж баталгаажуулсан байна. /ХХ-14 дэх тал/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч нь дулааны төлбөрийг шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч М Д  ХХК-иас 11.349.107, 5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э Д Ц СТӨХК-д олгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч М Д  ХХК-д  2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14 цаг 30  минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн ба хариуцагч мэдэгдэх хуудсыг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гардаж авчээ.

 

Шүүхээс хариуцагч  М Д  ХХК нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Хариуцагч М Д  ХХК-д 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн дотор буюу 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дотор хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч М Д  ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч М Д  ХХК-иас11.349.107 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компанид олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М Д  ХХК-иас 196.700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компанид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР