Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 79

 

 

 

 

 

 

 

 

 

                                       Т.О-т холбогдох эрүүгийн

                                                       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ч.Алтансүх,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1182 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай прокурор Ч.Алтансүхийн бичсэн дүгнэлтийг үндэслэн Т.О-т холбогдох эрүүгийн 1806044861819 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Өсвөр насны шүүгдэгч Т.О- нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагийн орчим Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы задгайд оршин суух иргэн Д.А-ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж, “Samsung” маркийн 32 инчийн “LED” зурагт хулгайлан 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Баянговь” нэртэй хүнсний дэлгүүрээс бэлэн 300.000 төгрөг, 2 ширхэг гар утас хулгайлан, нийт 436.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1182 дугаартай шийтгэх тогтоолоор: Баянзүрх дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Т.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, өсвөр насны шүүгдэгч Т.О-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 8.2 дургаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.О-т хоёр жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.О-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх хорих ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.О-т хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.О-т хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.О-, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагчаас 300.000 төгрөг гаргуулан хохирогч Цэцэгээд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэрэгт хадгалах хугацаа дуустал хадгалж, хохирогч Д.А-т төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ч.Алтансүх давж заалдах шатны шүүхэд болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Т.О- нь 2018 оны 5 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Наран” хүнсний дэлгүүрийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч 7 шил “Соёрхол” архи, бэлэн 300.000 төгрөг хулгайлан авч, иргэн Т.Б-д нийт 423.550 төгрөгийн хохирол учруулсан” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэгдсэн, эрүүгийн 1806044861819 дугаартай хэрэгт Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Гэтэл дээрх хэргийг үйлдсэн байх хугацаандаа Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр шалгагдан  “Т.О- нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагийн орчим Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы задгайд оршин суух иргэн Д.А-ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж “Samsung” маркийн 32 инчийн LED зурагт хулгайлан 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Баянговь” нэртэй хүнсний дэлгүүрээс бэлэн 300.000 төгрөг, 2 ширхэг гар утас хулгайлан нийт 436.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэх эрүүгийн 1806047771204 дугаартай хэрэгт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял шийтгэж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсан байна.

Шүүхийн шийтгэх  тогтоолоор ял шийтгүүлсэн үйлдлээс нь өмнөх  үйлдэл шинээр илэрч одоо шалгагдаж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

 Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1182 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын дүгнэлтэд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Т.О- нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагийн орчим Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы задгайд оршин суух иргэн Д.А-ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж “Samsung” маркийн 32 инчийн “LED” зурагт хулгайлан 300.000 төгрөгийн хохирол,

2018 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Баянговь” нэртэй хүнсний дэлгүүрээс бэлэн 300.000 төгрөг, 2 ширхэг гар утас хулгайлан, нийт 436.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдэлдээ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж, 1 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан байна.

 

Гэтэл шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч Т.О-ын ял шийтгүүлэхээсээ өмнө үйлдсэн буюу 2018 оны 5 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Наран” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч 7 шил “Соёрхол” архи, бэлэн 300.000 төгрөг хулгайлан авч, иргэн Т.Б-д нийт 423.550 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл илэрч  Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байгаа болох нь эрүүгийн 1806044861819 дугаартай хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Т.О-ыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1182 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгэх үед түүний 2018 оны 5 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө үйлдсэн гэх хулгайн үйлдэл илрээгүй, шүүхээс мэдэх боломжгүй байжээ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн...” нь тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл гэж үзнэ гэж заасны дагуу гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл бий болжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна” гэж заасан бөгөөд Т.О- нь ял хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй, харин шүүхээр ял шийтгүүлэхээс өмнө үйлдсэн гэмт хэрэг илэрч, нэгтгэн шийдвэрлүүлэх нөхцөл байдал үүсчээ.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “...Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах...” журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт элдэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан.

 

Дээрх зохицуулалтаас үзвэл, тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхээр хянан шийдвэрлүүлж, хоёр өөр шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд ялуудыг нэмж нэгтгэх журмыг зохицуулаагүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг зохицуулаагүй байна.

 

Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн нэг мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд прокурор Ч.Алтансүхийн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 6 дугаартай дүгнэлтийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1182 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.О-т холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

 2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Т.ӨСӨХБАЯР

 

                      ШҮҮГЧ                                                             Л.ДАРЬСҮРЭН

 

                       ШҮҮГЧ                                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ