Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2015/0147

 

ГХ  ХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.М даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Д , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Л , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 587 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор ГХ  ХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/275 дугаар захирамжийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын балансад бүртгэлтэй, тус дүүргийн 7 дугаар хороо байрлаж байсан барилгыг акталж, Нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахаар шийдвэрлэсэн-ийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхийн өргөө өрхийн эрүүл мэндийн төв байрлаж байсан барилга, байгууламжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн барилга шинээр баригдах болсонтой холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, 78 дугаар зүйлийн 78.2.1, 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсгийг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/275 дугаар захирамж, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/383 дугаар тушаалаар Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны өрхийн эмнэлгийн барилга байгууламжийг акталж, данс бүртгэлээс хасах тогтоол, захирамж тушаал гарсан болно. Иймд ГХ  ХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 587 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 77 дугаар зүйлийн 77.3, 78 дугаар зүйлийн 78.2.1, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/275 дугаар захирамжийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын балансад бүртгэлтэй, тус дүүргийн 7 дугаар хороо байрлаж байсан барилгыг акталж, Нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахаар шийдвэрлэсэн-ийг хүчингүй болгуулах тухай ГХ ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Д давж заалдах гомдолдоо: 1. Захиргааны хэргийн шүүхэд бид хандахдаа:

 

а. Төр засгийн болон дээд, дунд шатны эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрээс болж үүсэж болох гэмт хэрэг, болон улсын их хэмжээний хөрөнгийг эзэнгүйдүүлэн хувь хүн болон хэсэг бүлэг хүн завших явдлыг таслан зогсоох,

 

б. Шийдвэр гаргах албан тушаалтнуудын гаргасан шийдвэр хуульд нийцээгүй байхад доод, дунд шатны албан тушаалтнууд өөрийн хувийн эрх ашигт нийцүүлэн шийдвэрийг ашиглах явдлыг таслан зогсоох гэх мэт хууль эрх зүйг үндэслэн гомдол гаргасан.

 

в. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 587 дугаар шийдвэрт заасны дагуу тухайн нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үзэж бүрэн анхаарал хандуулж нарийн судалж хууль зүйн талаас үүсэж болох гэмт хэрэг,албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах явдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

2. Тус компаниас захиргааны хэрэгт хүргүүлсэн тайлбар, нотлох баримт эрүүгийн болон албан тушаал ашиглан улсад их хэмжээний хохирол учруулсан талаар фото зураг, бусад материалуудыг судлан үзэж нарийн дүгнэлт гаргаагүйгээр шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

3. Засаг даргын А/275 дугаар захирамжийн 1, 2 дугаар заалтыг бүхэлд нь, Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын А/383 дугаар тушаалын 1, 2, 3 дугаар заалтыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 30 дугаар тогтоолын 1 дүгээр заалтыг тус тус хүчингүй болгуулах хүсэлтэй байгаа. Улсад 87.248.600 /наян долоон сая хоёр зуун дөчин найман сая зургаан зуун мянган/ төгрөгийн үнэ бүхий барилга байшин обьектыг 3.1 сая төгрөгөөр үнэлж хувь хүн ашиглахыг тодорхойлон шүүхэд тайлбар хүргүүлсэн билээ.

Иймд 3 дугаар заалтад заасан захирамж, тогтоолд нэр нь оролцсон албан тушаалтан бүрийн үйлдлийг нарийн шалгаж өгнө үү.

 

Дээрх захирамж, тогтоолоос болж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1.2 Эрүүгийн хуулийн 273 дугаар зүйл буюу төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, 273.1.1 болон 273.1.5-д заасны дагуу төрийн өмчийн болон төсөвт байгууллагын эд хөрөнгийг зах зээлийн дундаж үнээс доогуур үнээр борлуулсан, Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйл Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх гэсэн хуулийн заалтыг зөрчин шийдвэр гаргасан тул гомдлыг дахин шалгаж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/275 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/275 дугаар захирамжаар акталж, Нийслэлийн өмчөөс хасахаар шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байршилтай барилгыг ГХ  ХК тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргатай 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дүүргийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулж, компьютер сургалтын төвийн зорилгоор 5 жилийн хугацаатай түрээслэхээр харилцан тохиролцон, улмаар түрээсийн төлбөрийг төлж, барилгад тодорхой хэмжээний хөрөнгө оруулж засварласны үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д зааснаас үзвэл Нийслэлийн Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг захиран зарцуулах бүрэн эрхтэй бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын балансад бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо байрлаж байсан барилгыг акталж, Нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг Нийслэлийн Засаг даргад зөвшөөрсөн байна.

 

Тиймээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор бүрэн эрхийнхээ хүрээнд орон нутгийн өмчийг акталж, бүртгэлээс хасахаар шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын захирамжийг ГХ  ХК-ийн нэхэмжлэлээр хүчингүй болгох үндэслэлгүй. Тодруулбал, уг барилгад оруулсан хөрөнгө, олох байсан ашиг зэрэгтэй холбоотой асуудлууд нь түрээсийн гэрээний оролцогч талууд болон барилгын өмчлөгч нарын хоорондын Иргэний хууль тогтоомжоор зохицуулагдах харилцаа бөгөөд энэ талаарх маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй.

 

Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын дээрх маргаан бүхий захиргааны акт хүчин төгөлдөр байснаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсантай холбоотой хохирлыг холбогдох этгээдээс нэхэмжилж шийдвэрлүүлэх ГХ  ХК-ийн эрхийг хязгаарлахгүй.

 

Үүнээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх болон уул захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан нь нэхэмжлэгчийн гомдолдоо дурдсан Төрийн эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх явцад албан тушаалтнуудын гаргасан гэмт хэргийн шинжтэй улсын их хэмжээний хөрөнгийг эзэнгүйдүүлж хувь хүн болон хэсэг бүлэг хүн завшсантай холбоотой асуудлыг захиргааны хэргийн шүүх буюу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлэх боломжгүйг харуулж байна. Тухайн асуудлыг харьяалан хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллагад хандах нэхэмжлэгчийн эрх нээлттэй.

 

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Харин шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгтээ нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй хуулийн зүйл, заалтыг баримталснаас гадна хуулийн нэр, зүйл, заалтыг буруу бичсэнийг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 587 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас 77 дугаар зүйлийн 77.3 гэснийг хасаж, мөн заалтын 78 дугаар зүйлийн 78.2.1 гэснийг 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 гэж, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн гэснийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.М

 

ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР