Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
Хэргийн индекс | 151/2016/0363/э |
Дугаар | 224 |
Огноо | 2016-06-30 |
Зүйл хэсэг | 099.1., 153.1., |
Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 224
Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,
-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,
-шүүгдэгч Б.Нямбаатарын өмгөөлөгч Ш.Дуламжав,
-шүүгдэгч Ц.Бямбасүрэнгийн өмгөөлөгч П.Ганбаатар,
-шүүгдэгч, хохирогч Б.Нямбаатар, Ц.Бямбасүрэн нарыг оролцуулан Төв аймгийн шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бямбасүрэн, Б.Нямбаатар нарт холбогдох Эрүүгийн 201619000175 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1966 оны 02 сарын 13-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, энхнэр 4 хүүхдийн хамтаар Төв аймгийн Цээл сумын Майхан 3 дугаар багийн 4-143 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Адъяа овогт Батаагийн Нямбаатар / РД:НЩ66021375/,
Монгол Улсын харьяат, 1985 оны 02 сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамтаар Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 10-р хороо 33-58 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цэцгээгийн Бямбасүрэн /РД: ФВ85022318/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Ц.Бямбасүрэн, Б.Нямбаатар нар нь Төв аймгийн Аргалант сумын нутаг "Цагаан хөтөл" гэх газар 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр замын хөдөлгөөнд оролцож явахдаа маргалдаж улмаар хоорондоо зодолдон Б.Нямбаатар нь Ц.Бямбасүрэнгийн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл, Ц.Бямбасүрэн нь Б.Нямбаатарын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл тус тус санаатай учруулж, Ц.Бямбасүрэн нь Б.Нямбаатарын эзэмшлийн Т.Клугер маркийн тээврийн хэрэгслийн тольны суурь хэсгийг гараараа цохиж хагалсан, Б.Нямбаатар нь Ц.Бямбасүрэнгийн Т.Прусс маркийн тээврийн хэрэгслийн толийг гараараа цохиж хагалан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Бямбасүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй....” гэв.
Шүүгдэгч Б.Нямбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “..Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хохирогч Ц.Бямбасүрэн шүүх хуралдааны хэлэлцүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Дүнжингарав” болсон өдөр байсан тухайн үед зам их түгжрэлтэй байсан. Би урсгалаараа явж байсан чинь зүүн гар талаас 60-90 ТӨВ гэсэн Клугер маркийн тээврийн хэрэгсэл шахаад байхаар нь болиочээ гээд байхад сонсохгүй байх шиг байсан. Би Баянцогт руу ажлаар яараад явж байсан юм. Тэгээд машин шүргэчих вий дээ гээд толын гараараа түлхчихсэн чинь энэ ах уурлаад намайг бариж аваад намайг мэлээн хэд цохисон тэгээд надтай хамт явсан дүү бууж ирээд бид хоёрыг салгасан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..” гэв.
Хохирогч Б.Нямбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “..Би тухайн өдөр өөрийн урсгалаар явж байсан миний урдуур нэг машин ороод би араас нь дагаад явж байтал хажуугаар нэг приус маркийн тээврийн хэрэгсэл орж ирээд тас гээд явчихсан тэгэхээр нь би аваараа татаад буусан хэрвээ Ц.Бямбасүрэн надаас уучлалт гуйсан бол би зүгээр яваад өгөх байсан. Одоо надад гомдол санал нэхэмлэх зүйл байхгүй..” гэв.
Гэрч Б.Очирмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “..2016 оны 02 дугаар сарын 28-ний өдөр Улаанбаатар хотоос 15 цагийн орчим нөхөр Бямбасүрэн, түүний дүү Цэнгэлмаа нарын хамт өөрийн 1445 УБЕ улсын дугаартай Т.Прусс 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн Баянцогт сумын нутаг орохоор явсан юм.Төв аймгийн Аргалант сумын нутаг "Цагаан хөтөл" гэх газарт явж байхад Дүнжингарав хурдан морины уралдаан болж зам түгжрэлтэй машин ихтэй байсан.Тэгсэн зүүн гар талаар Т.Клүгер маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн урсгал сөрөөд манай машиныг шахаад байна гэж зөндөө олон удаа хэлсэн. Тэгсэн харчихаад жолооч нь улам өөдөөс шахаад яваад байсан, машинтай шүргэх гээд яваад байхаар нь манай нөхөр миний урд талаар цонхоороо гараа гаргаж байгаад жолооч талынх нь толийг түлхсэн чинь шууд зогсоод буух гээд машиныхаа хаалгаар манай машины хаалгыг хэд хэдэн удаа цохиод авахаар нь манай нөхөр урагшаа яваад буух зай гаргаж өгсөн тэгсэн Т.Клүгер маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь шууд бууж ирээд манай нөхөр дээр ирэхээр нь манай нөхөр машинаасаа буусан. Тэгсэн шууд Бямбасүрэнг заамдаж аваад нүүр лүү гараараа цохиод авсан Бямбасүрэн бол өөдөөс нь зодолдоогүй зууралдаад байсан тэгсэн нэг охин гүйж ирээд Бямбасүрэнгийн күртикний араас нь зуураад байсан машинд нь байсан хүүхэн цагдаа дууд гээд орилоод байсан. Би бол буугаагүй учраа олох байх гэж бодоод сууж байсан юм.Тэгээд зууралдаж байгаад салсан тэр үед нь зам дээр хөдөлгөөн зохицуулж байсан хоёр цагдаа ирчихсэн байсан. Тэгээд Бямбасүрэн машиндаа суух гээд ирэхэд нь Клүгерын жолооч гүйж ирээд манай машины жолооч талын толийг хоёр удаа гараараа цохиод хагалчихсан би бол тэр үед машиндаа л сууж байсан.Тэгсэн Бямбасүрэн нөгөө жолоочтойгоо дахиж зууралдаж аваад замын хажуугийн хунгарласан цас руу уначихсан байсан. Энэ үед цагдаа манай машин дээр ирээд замаа чөлөөлж зогсоо гэхээр нь би машинаа барьж зам чөлөөлж зогсоогоод хартал Бямбасүрэн нөгөө жолооч ах хоёр замын хунгарлуу уначихсан жолооч ах Бямбасүрэнгийн дээрээс гараараа цохиж аваад байгаа харагдсан яг хаана нь цохиод байсаныг нь хараагүй. Цэнгэлмаа очиж жолооч ахыг татаж салгаад бас давхараараа цас руу унасан. Тэр хоёр цагдаа очиж тэд нарыг салгасан юм.Тэгээд тэнд байсан хоёр цагдаагийн нэг нь жолоочийн эхнэрийг та яагаад нөхрөө хөөрөгдөөд байгаа юм болиоч, нөхөрийг нь болохоор та яагаад хүний эд хөрөнгийг эвдээд байгаа талаар загнаж хэлсэн тэгээд надад та энэ толио төлүүлээч гэж хэлсэнийхээ дараа монгол улсууд байна учираа олоод бие биеэндээ утасныхаа дугаараа өгөөд явцгаа замаа чөлөөл гэж хэлсэн, Ц.Бямбасүрэн жолооч ахыг машиндаа суусаны дараа очиж гар бариад ирсэн юм.Т.Клүгер маркийн тээврийн хэрэгслийн жолооч манай машины толийг хагалсны дараа л Цэнгэлмаа машинаас буусан. Бямбасүрэн жолооч ах нарыг замын хажуугийн цасруу унасан байхад нь салгасан. Цэнгэлмаа бол жолооч ахыг зодох ямар ч боломж байгаагүй. Цэнгэлмаа жолооч ахыг манай нөхрөөс салгаад тэгээд давхараараа цас руу унахад л тэнд ирсэн байсан цагдаа нар очиж тэд нарыг салгасан..” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,
Гэрч Т.Тунгалаг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 02 дугаар сарын 28-ний өдөр Улаанбаатар хотоос өөрийн нөхөр Нямбаатар, охин Содончимэг, Содон-Аялгуу нарын хамт Төв аймгийн Цээл сум руу гэр лүүгээ 60-90 ТӨВ улсын дугаартай Т.Клүгер маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхад Төв аймгийн Аргалант сумын нутаг "Цагаан хөтөл" гэх газарт Дүнжингарав хурдан морины уралдаан болж байсан.Тухайн үед засмал зам битүү түгжрэлтэй Улаанбаатар хотоос Цээл сум руу явах чиглэл 2 эгнээгээр Улаанбаатар хот руу явах 1 эгнээгээр явж байсан.Тухайн үед нөхөр машинаа бариад, би урд талын суудал дээр нь 5 сартай нялх охин Содон-Аялгууг тэврээд, арын суудал дээр манай охин Содончимэг ганцаараа сууж явсан. Тэгсэн баруун гар талаар Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл гэрэлээрээ дохиж байгаад манай машины урд талаар орсон. Тэгээд явж байсан чинь бас баруун гар талаас жижиг саарал Приус маркийн машин хажуу талаар орох гээд шахаад яваад байсан. Манай хүн оруулахгүй хэсэг явсан. Гэнэт хажуу талаар орж ирээд хажуу талынхаа цонхийг онгойлгож байгаад жолооч нь цонхоороо гараа гаргаж ирээд нөхрийн талын толийг гараараа цохисон. Манай нөхөр аваараа татаж байгаад зогсоод бууж очоод чи одоо яаж байна аа яагаад толь хагалж байгаа юм бэ? гээд эхэлсэн. Приусийн жолооч бууж ирээд манай нөхөртэй барилцаж аваад хамгийн эхлээд манай нөхрийн толгой руу гараараа цохисон, зууралдаад авсан. Тэгтэл Пруссийн арын суудлаас ногоон өнгийн күртиктэй залуу гарч ирээд манай нөхрийг тэвэрч аваад гарыг нь барьж аваад хорьж байгаа дүр үзүүлээд байхаар нь би охиныгоо буулгаад миний охин очоод салга даа гээд явуулсан. Манай охин очоод жолоочийнх нь куртикний хормойноос татсан чинь эргэж хараад манай охинтой хэрэлдээд байсан. Эхнэр нь хажуунаас нь хараад зураг аваад бичлэг хийгээд л зогсоод байсан.Би зайгүй сигнал дараад цагдаа гэж хашгирч байгаад 2 цагдаа ирсэн. 2 цагдааг ирэнгүүт би охиноо дуудаж бага охиноо охиндоо өгөөд өөрөө машинаас буугаад нөгөө хэд дээр очсон. Манай нөхөр цагдаа нарт энэ жолооч хажуугаар шахаж орж ирээд толь хагалаад хаячихлаа чи төлж өгөөч гэж хэлэхэд нөгөө залуу чадахгүй гэсэн. Тэгэнгүүт манай нөхөр тэгвэл адилхан хохирие гэж хэлээд Пруссийн толийг гараараа цохиод хагалсан. Нөгөө жолооч залуу манай нөхрийн толгой цээж рүү гараараа цохиж аваад байсан. Тэгээд би жолоочийг араас нь татсан чинь би хамгийн доор нь унаад миний дээр нөхөр унаад нөхрийн дээрээс нөгөө ногоон күртиктэй залуу унаад тэгээд унасан байхад нөгөө жолооч манай нөхрийг цохиж аваад байсан. Тэгээд тэнд байсан хоёр цагдаагийн нэг нь салгасан юм.Тэгээд бид нар дахиж цагдаа дуудна гэсэн чинь нөгөө Пруссийн жолооч залуу нэг цагдаатай хамт ирээд ахаа хоёулаа тохирье та өөрийнхөө толийг төл би өөрийнхөө толийг төлье гээд, тэгээд гар бариад салцгаасан юм..” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Н.Содончимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ”... 2016 оны 02 дугаар сарын 28-ний өдөр Улаанбаатар хотоос ээж аав дүү нарынхаа хамт Цээл сум руу явж байсан юм. Замд Дүнжингарав гэх морины уралдаан болж зам аймар түгжрээтэй байсан. Аав уул нь өөрийнхөө урсгалд явж байсан. Тэгсэн аавын талаас Прусс 20 маркийн тээврийн хэрэгсэл орж ирээд явж байсан. Тэгсэн тас гээд дуу гарсан, аав машинаасаа буугаад Прусс маркийн жолоочтой уулзах гээд очсон. Тэгсэн жолооч ах машинаасаа бууж ирээд аавыг заамдаж байгаад гараараа цохисон хаана нь цохьсоныг нь хараагүй. Ээж намайг машинаас буугаад оч гэхээр нь машинаас буугаад очсон. Прусс машины ар талаас ногоон өнгийн күртиктэй ах бууж ирээд аавын хоёр гарыг тэврээд авсан. Жолооч ах аавыг заамдчихсан, гараараа мөр хэсэгт нь цохиж авсан. Би тэгээд жолооч ахын хормойноос барьж аваад ахаа та болиоч гээд татсан тэгсэн жолооч ах намайг тавь чи тавь гээд загнаад байсан.Тухайн үед ээж нялх дүүтэй машиндаа сууж байсан. Цонхоороо цагдаа гээд дуудаад байсан. Тэгээд ээж намайг дуудаад дүүг ав гэхээр нь машиндаа орж дүүгээ аваад арынхаа суудал дээр суусан. Ээж аав руу явсан тэгэхэд бид нар дээр хоёр цагдаа ирээд тэд нар бүгдээрээ хоорондоо ярилцаад байсан. Үүнээс хойш сайн мэдэхгүй байна дүү уйлаад дүүгээ саатуулсан юм. Приусын жолооч аавыг хажуу талаас нь шахаж байгаад толийг цохисон, тэгээд аав машинаасаа буусан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Гэрч Э.Лхагвасүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “..2016 оны 02 дугаар сарын суүлээр 29-нд бил үү 2016 оны 03 дугаар сарын 01-нд бил үү сайн санахгүй байна энэ үед Нямбаатар манай ажил дээр ирж өмнөх өдөр замдаа явж байгаад хүнтэй муудалцсан гээд үзүүлсэн. Үзэхэд хоёр гарын сарвууны ар хэсэг нь хавдсан мөн баруун, зүүн гарын чигчий хуруу ядам хуруунууд хавдсан, баруун мөр хөдөлгөж болохгүй хөдөлгөөн хязгаарлагдсан, баруун талынх нь эгэм доод хэсэгт 2-3 см орчим хөхөрсөн, духны зүүн талд хавдартай байсан. Замдаа явж байгаад хүнтэй муудалцсан тэгээд учраа олоод саллаа гэж ярьж байсан. Гэмтэлүүдийг хэн хэзээ яаж учруулсан талаараа хэлж яриагүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дугаар хуудас/,
Гэрч Б.Ууганнуур мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “..Би 2016 оны 02 дугаар сарын 28-ний өдөр цагдаа зохицуулагч дэд ахлагч Мөнхзолбоогийн хамт "Дүнжингарав" хурдан мордын уралдааны хамгаалалтанд Төв аймгийн Аргалант сумын нутаг "Цагаан хөтөл " гэх газарт зохицуулагчаар 05 цагаас оройн 22 цаг хүртэл үүрэг гүйцэтгэсэн юм. 2016 оны 02 дугаар сарын 28-ний өдөр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу 16 цагийн үед "Цагаан хөтөл" гэх газарт нэг эмэгтэй хүн Мөнхзолбоо бид хоёр дээр ирээд машины толь цохьчихлоо гэж дуудсан. Тэгээд дуудлага өгсөн газарт ирэхэд Т.Пиурс, Т.Клүгер маркийн тээврийн хэрэгслийн жолооч нар маргалдаж байсан. Мөнхзолбоо бид хоёрыг харчихаад Т.Клүгер маркийн тээврийн хэрэгслийн жолооч өвгөн Т.Приус жолооч залуу руу дайрч зууралдаж аваад замын хажуугийн хунгар цас руу давхарлаж унасан. Тэгэхэд Т.Приус маркийн тээврий хэрэгсэлтэй явж байсан гэх ногоон куртиктэй залуу салгах гэж явууд зууралдаж давхар унасан. Мөнхзолбоо бид хоёр очиж босгоод салгасан. Бид хоёр тэд нараас юу болсон талаар асуухад Т.Клүгерын жолооч өвгөн нь Приустэй залуу зам дээр шахалцаад тэгсэн Пруссийн жолооч миний толь руу гараараа цохичихсон талаар хэлсэн. Тэгэхээр бид хоёр наад асуудал чинь зам тээврийн осол хэрэг биш учраас замын цагдаа шийдэхгүй хэв журмын цагдаад хэл гэсэн. Өвгөн гүйгээд Приус машин дээр очоод гараараа жолооч талынх нь толийг цохиж хагалсан. Би яаж байгаа юм бэ? гэхэд нөгөө өвгөн одоо ингээд адилхан боллоо гээд машиндаа суучихсан. Тэгээд бид хоёр тэр хоёр жолоочид та хоёр утасныхаа дугаарыг солилцоод тохиолцоод яв гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр хоёр жолооч хоёр биеэндээ гомдол санал байхгүй ингээд салцгаая гээд гар бариад машин машиндаа суугаад хөдлөд явчихсан юм. Тухайн үед бол зам дээр машин ихтэй зам түгжрэлтэй байсан. Тэр хоёр хүн бол хоёулаа баруун зүгтээ явж байсан. Мөнхзолбоо бид хоёрыг очиход бол хоорондоо зодолдож цохилцсон асуудал гаргаагүй бие биенээ зуураад хажуугаар нь хүүхнүүд нь орилолдоод байцгаасан. Тэгээд хоёр жолооч зууралдаж байгаад замын хажуугийн хунгарласан цас руу унасан, Мөнхзолбоо бид хоёр салгасан, босгоод ирэхэд Т.Пруссийн жолоочийн нүд нь хавдчихсан харагдсан аль нүд нь гэдгийг сайн санахгүй байна. Өвгөн бол зүгээр байсан. Эхнэрүүд гэх хүүхнүүд улам дэврээгээд орилоод байхаар нь та нар битгий хүмүүсийг улам дэврээгээд бай гээд бид хоёр хэлэхэд тэгээд арай гайгүй болцгоосон.Хоёулаа гомдол санал байхгүй гээд л яваад өгсөн..” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
Гэрч С.Мөнхзолбоо мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “..2016 оны 02 дугаар сарын 28-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын нутагт Дүнжингарав хурдан морины уралдааны хамгаалалтанд төв зам хөдөлгөөн зохицуулж байсан юм. Тэгсэн цасанд нэг машин суучихаад Ууганнуур бид хоёр тэр машиныг түрж гаргаж байхад 16 цагийн үед 40-50 орчим насны хүүхэн ирээд хүмүүс зодолдоод байна гэхээр нь яваад ирэхэд Т.Клүгер маркийн жолооч гэх настайвтар нилээн авиртай ах Ууганнуур бид хоёрыг харангуутаа Т.Приусийн жолооч гэх залуу болон түүнтэй хамт явсан залуу руу дайраад зууралдаж аваад замын хажуугийн хунгарласан цас руу хамт унцгаасан. Ууганнуур бид хоёр салгаад юу болсон талаар асуусан. Тэгсэн өвгөн ах түгжирсэн байхад хоорондоо шахалцаад тэгээд Приусийн жолооч залуу Т.Клүгерын жолооч ахын машины толь руу гараар цохьсон гэсэн. Тэгэхээр нь Ууганнуур бид хоёр за тэгвэл машин тэрэг хоорондоо мөргөлдөөгүй учир зам тээврийн осол хэрэг биш замын харъяалал биш байна. Хэв журмын алба шийдэх юм байна гэж хэлтэл нөгөө өвгөн жолооч гүйж очоод Приусийн машины жолооч талынх нь толийг гараараа цохиж хагалсан. Ууганнуур бид хоёр та одоо яагаад энэ хүний машины толийг хагалчихаж байгаа юм бэ гээд асуухад Клүгерын жолооч ах одоо ингээд адилхан боллоо гээд байсан. Т.Клүгерын жолооч талын толь болохоор суурь хэсгээрээ суларчихсан байсан тэрнээс хагараагүй байсан. Тэгээд хоёр жолоочоос гомдол санал байна уу? гэхэд Приусийн жолооч бие биенийхээ толийг төлөөд салъяа гэсэн тэгээд гомдол санал байхгүй гээд салаад явчихсан юм. Өөр зүйл бол болоогүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
Гэрч Н.Цэнгэлмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “..Би Улаанбаатар хотод ах Бямбасүрэнгийн гэрт байхад Бямбасүрэн Очирмаа эгч нар Төв аймгийн Баянцогт сум руу явах болоод намайг авч явсан юм. Тэгээд Улаанбаатар хотоос 15 цагийн орчим Бямбасүрэн ахын Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй би арын суудалд нь суугаад Очирмаа эгч урд талын суудалд суугаад ах Бямбасүрэн машинаа бариад тэгээд явсан. Үдээс хойш 16 цагийн үед Төв аймгийн Аргалант сумын нутаг "Цагаан Хөтөл" гэх газарт ирсэн. Тэгэхэд замын хойд талд хурдан морь уралдаад засмал бол машин ихтэй нил түгжээ байсан.Тэгээд явж байтал зүүн гар талаас цагаан саарал өнгийн Т.Клүгер маркийн тээврийн хэрэгсэл шахаж урсгал сөрж замын цагаан зураас давж шахаж эхэлсэн. Эхлээд ах тоохгүй шахуулаад айжим айжимаар урагшаа яваад л байсан тэгэж байгаад бүүр шахаад эхэлсэн тэгэхэд нь байсан тэгээд ах Очирмаа эгчийн талын цонхийг онгойлгож байгаад Т.Кпүгерын жолооч талынх нь толийг гараараа түлчихсэн чинь толь нь нугасаараа урагшаа болчихсон. Тэгсэн жолооч цонхоо онгойлгоод яах гээд байгаа чи гэж хэлээд буух гэж хаалгаа онгойлгосон чинь ахын прус маркийн машинд хаалга нь тулаад хаалгаар ахын машиныг хэд хэдэн удаа цохиод авсан. Ах жаахан урагшилж өгөөд Клүгерын жолоочийг буулгасан чинь ах руу ирээд ах машинаасаа буугаад очход учир зүггүй ахыг нүүр лүү гараараа цохиж аваад нэг гараараа заамдаж авчихаад байсан. Тэгээд барилцаж аваад учир зүггүй ноцолдсон. Т.Клүгерын дотроос нэг охин бууж ирээд та аавыг тавь гээд ахын күртикийн араас зулгаагаад татаад байсан. Тэгэхэд нь ах тэр охинд чи яах гээд байгаа юм бэ гэхэд жолооч ах урдаас нь Бямбасүрэн ахын нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохиж аваад салсан. Охин нь аавтайгаа хамт зэрэгцээд зогсож байхад эхнэр гэх хүүхэн бууж ирээд Бямбасүрэн ахад чи манай машиныг толийг хугалаад хаячихлаа төлж өг гэсэн. Хоёр цагдаа хүрээд ирсэн. Энэ хоёр цагдааг машинаас авгай орилоод хашгирч дуудаж авчирсан. Бямбасүрэн ах Очирмаа эгчээс тамхи байна уу гэхэд Очирмаа эгч Шарковд байгаа буюу надад байгаа гэж хэлсэн, би машинаас бууж тамхи асааж ахад өгөх гээд байж байхад Клүгерын жолооч хүүе гэхийн завдалгүй ахын машины толийг гараараа нэг удаа цохьсон. Толь хойшоо гэдийсэн тэгэхэд дахиж цохиж байгаад толийг нь хагалчихсан. Ах та миний яагаад машины толийг хагалчихаж байгаа юм бэ гэхэд тоосон шинжгүй яваад машиндаа суучихсан. Ирсэн хоёр цагдаа Клүгерын жолоочид таны машины толь зүв зүгээр л байсан та яагаад хүний юм эвдэж сүйтгээд байгаа юм гэж загнасан. Тэгэхэд нь хамт байсан цагдаа нь та зам их түгжирэлтэй байхад замаа чөлөөлж өгөөд утас шөрмөсөө солилцоод замаа чөлөөлөөд өгөөчээ гэж хэлсэн. Т.Клүгерын жолооч тоохгүй машинаасаа бууж ирээд ахыг барьж нэг зууралдаад замын хажуугийн цас руу унасан. Ахын дээр уначихсан ахыг дээрээс нь гараараа нүүр лүү нь 3-4 удаа маш их хурдтай цохиод авсан, тэгэхээр нь би Т.Клүгерын жолооч ахын араас нь очиж цээжнээс нь тэвэрч өргөөд арагшаа цас руу унасан тэгэхэд нөгөө хоёр цагдаа ирээд бид нарыг салгасан. Тэгээд л машин машиндаа орж суугаад л явсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дугаар хуудас/,
ШШҮТ-ийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №3035 дүгнэлтэд:
1. Ц.Бямбасүрэнгийн биед зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, максиллари хөндийн урд хананы цуурал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй." гэх /Хх-ий 42-р хуудас/,
ШШҮТ-ийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №114 дүгнэлтэд:
1. Б.Нямбаатарын биед цээжинд цус хуралт, баруун мөр, дух, баруун, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
З. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэх /Хх-ийн 19-20-р хуудас/,
Бусад баримт сэлт:
-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,
-эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-19-20/,
-шүүгдэгч Б.Нямбаатарын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад "...урьд ял шийтгэгдэж байгаагүй... " гэх лавлагаа /хх-94/,
-шүүгдэгч Ц.Бямбасүрэнгийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад "...урьд ял шийтгэгдэж байгаагүй... " гэх лавлагаа /хх-93/,
-шүүгдэгч Ц.Бямбасүрэнг 2016 оны 03 дугаар сарын 21-ны өдөр сэжигтнээр /хх-74-78/, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар /хх-79-82/ байцаасан тэмдэглэлүүд,
-шүүгдэгч Б.Нямбаатарыг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр сэжигтнээр /хх-83-86/, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар /хх-87-88/ байцаасан тэмдэглэлүүд,
Шүүгдэгч Б.Нямбаатар, Ц.Бямбасүрэн нар нь Төв аймгийн Аргалант сумын нутаг "Цагаан хөтөл" гэх газар 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр замын хөдөлгөөнд оролцож явахдаа маргалдаж улмаар хоорондоо зодолдон Б.Нямбаатар нь Ц.Бямбасүрэнгийн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл, Ц.Бямбасүрэн нь Б.Нямбаатарын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл тус тус санаатай учруулж, Ц.Бямбасүрэн нь Б.Нямбаатарын эзэмшлийн Т.Клугер маркийн тээврийн хэрэгслийн тольны суурь хэсгийг гараараа цохиж хагалсан, Б.Нямбаатар нь Ц.Бямбасүрэнгийн Т.Приус маркийн тээврийн хэрэгслийн толийг гараараа цохиж хагалан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь: гэрч Б.Очирмаагийн: “..шууд Бямбасүрэнг заамдаж аваад нүүр лүү гараараа цохиод авсан Бямбасүрэн бол өөдөөс нь зодолдоогүй зууралдаад байсан тэгсэн нэг охин гүйж ирээд Бямбасүрэнгийн күртикний араас нь зуураад байсан машинд нь байсан хүүхэн цагдаа дууд гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Тунгалагийн: “..Тэгээд явж байсан чинь бас баруун гар талаас жижиг саарал Приус маркийн машин хажуу талаар орох гээд шахаад яваад байсан. Манай хүн оруулахгүй хэсэг явсан. Гэнэт хажуу талаар орж ирээд хажуу талынхаа цонхийг онгойлгож байгаад жолооч нь цонхоороо гараа гаргаж ирээд нөхрийн талын толийг гараараа цохисон. Манай нөхөр аваараа татаж байгаад зогсоод бууж очоод чи одоо яаж байна аа яагаад толь хагалж байгаа юм бэ? гээд эхэлсэн. Приусийн жолооч бууж ирээд манай нөхөртэй барилцаж аваад хамгийн эхлээд манай нөхрийн толгой руу гараараа цохисон, зууралдаад авсан....” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Н.Содончимэгийн: “..Тэгсэн тас гээд дуу гарсан, аав машинаасаа буугаад Приус маркийн жолоочтой уулзах гээд очсон. Тэгсэн жолооч ах машинаасаа бууж ирээд аавыг заамдаж байгаад гараараа цохисон хаана нь цохьсоныг нь хараагүй. Ээж намайг машинаас буугаад оч гэхээр нь машинаас буугаад очсон. Приус машины ар талаас ногоон өнгийн күртиктэй ах бууж ирээд аавын хоёр гарыг тэврээд авсан. Жолооч ах аавыг заамдчихсан, гараараа мөр хэсэгт нь цохиж авсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Ууганнуурын “...Тэгээд дуудлага өгсөн газарт ирэхэд Т.Приус, Т.Клүгер маркийн тээврийн хэрэгслийн жолооч нар маргалдаж байсан. Мөнхзолбоо бид хоёрыг харчихаад Т.Клүгер маркийн тээврийн хэрэгслийн жолооч өвгөн Т.Приусийн жолооч залуу руу дайрч зууралдаж аваад замын хажуугийн хунгар цас руу давхарлаж унасан. Тэгэхэд Т.Приус маркийн тээврий хэрэгсэлтэй явж байсан гэх ногоон куртиктэй залуу салгах гэж явууд зууралдаж давхар унасан. Мөнхзолбоо бид хоёр очиж босгоод салгасан..” гэх мэдүүлэг, гэрч С.Мөнхзолбоогийн “..Ууганнуур бид хоёр тэр машиныг түрж гаргаж байхад 16 цагийн үед 40-50 орчим насны хүүхэн ирээд хүмүүс зодолдоод байна гэхээр нь яваад ирэхэд Т.Клүгер маркийн жолооч гэх настайвтар нилээн авиртай ах Ууганнуур бид хоёрыг харангуутаа Т.Приусийн жолооч гэх залуу болон түүнтэй хамт явсан залуу руу дайраад зууралдаж аваад замын хажуугийн хунгарласан цас руу хамт унцгаасан. Ууганнуур бид хоёр салгаад юу болсон талаар асуусан. Тэгсэн өвгөн ах түгжирсэн байхад хоорондоо шахалцаад тэгээд Приусийн жолооч залуу Т.Клүгерын жолооч ахын машины толь руу гараар цохьсон гэсэн...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол, шинжээчийн 3035 тоот дүгнэлт, 114 тоот дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ны Автомашин техникийн эвдрэл, хохиролын үнэлгээ, шинжээчийн 2916 тоот дүгнэлт, шүүгдэгч, хохирогч Б.Нямбаатар, Ц.Бямбасүрэн нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа мэдүүлгүүдээр тус тус давхар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Нямбаатар, Ц.Бямбасүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно..“ гэсний заасны дагуу шүүхийн шатанд шүүгдэгч, хохирогч Б.Нямбаатар, Ц.Бямбасүрэн нар нь сайн дураараа эвлэрсэн байх тул Б.Нямбаатар, Ц.Бямбасүрэн нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Бямбасүрэнгийн өмгөөлөгч “..шүүгдэгч Ц.Бямбасүрэн нь Б.Нямбаатарын толийг хагалсан болох нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д зааснаар шүүгдэгч Ц.Бямбасүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь шүүгдэгч, хохирогч Ц.Бямбасүрэн нь шүүгдэгч, хохирогч Б.Нямбаатарын эзэмшлийн Т.Клугер маркийн тээврийн хэрэгслийн тольны суур хэсгийг гараараа цохиж хагалсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ны Автомашин техникийн эвдрэл, хохиролын үнэлгээ, шүүгдэгч, хохирогч Б.Нямбаатар нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “..би тольныхоо хагарсан хэсгийг ангайлгаж харуулсан. Тэгсэн нөгөө жолооч би төлж өгөхгүй гэсэн тэгэхээр нь би за тэгвэл хоёулаа адилхан хохиролтой болчихъё гэж хэлээд приусийн жолооч талын толийг гараараа цохьсон..” гэх мэдүүлэг, гэрч Т.Тунгалагын “ .. Тэгээд явж байсан чинь бас баруун гар талаас жижиг саарал өнгийн Приус маркийн машин хажуу талаар орох гээд шахаад яваад байсан. Манай хүн оруулахгүй хэсэг явсан. Гэнэт хажуу талаар орж ирээд хажуу талынхаа цонхийг онгойлгож байгаад жолооч нь цонхоороо гараа гаргаж ирээд нөхрийн талын толийг гараараа цохьсон...” гэх мэдүүлэг, шинжээчийн 2916 тоот дүгнэлтийн 2-д “...шинээр гарсан цууралт, хагархайнууд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан байна. хүн гараараа цохих үед гарсан байж болно..” гэх дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Т.Клугер маркийн тээврийн хэрэгслийн толь, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Нямбаатарын “..тухайн үед толийг тайлж авах гэхээр болохгүй байсан. Тэгээд шинжилгээнд суурьтай нь хамт авч өгсөн..“ гэх мэдүүлэг, шүүхийн шатанд шүүгдэгч, хохирогч Ц.Бямбасүрэн, Б.Нямбаатар нар нь гомдол саналгүй бид хоёр тольны хохирлыг хэн хэнээсээ авахгүйгээр тохиролцсон гэсэн шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Бямбасүрэнгийн гомдол саналгүй гэсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүх эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-д “ шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана “ заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргийг шинжлэн судлахад судлуулсан шүүгдэгч Ц.Бямбасүрэнгийн өмгөөлөгчийн дүрс бичлэгийг нотлох баримтын хүрээнд үнэлээгүй болно.
Харин шүүгдэгч Б.Нямбаатарын өмгөөлөгчийн “ анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, нийгмийн аюулын шинж чанар,хэр хэмжээ, анх удаа хэрэгт холбогдсон байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү “ гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзсэн болно.
Шүүгдэгч, хохирогч Б.Нямбаатар, Ц.Бямбасүрэн нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хохирол гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Хохирлын талаар:
Шүүгдэгч, хохирогч Б.Нямбаатар, Ц.Бямбасүрэн нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх гэм хорын хохирол байхгүй байна.
Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Т.Клугер маркийн тээврийн хэрэгслийн толийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн эзэмшигч Б.Нямбаатарт буцаан олгож, Т.Приус маркийн тээврийн хэрэгслийн хагархай толийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн комисст даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Адъяа овогт Батаагийн Нямбаатар, Боржигон овогт Цэцгээгийн Бямбасүрэн нарыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч Б.Нямбаатар, Ц.Бямбасүрэн нар сайн дураараа эвлэрсэн тул Б.Нямбаатар, Ц.Бямбасүрэн нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нямбаатар, Ц.Бямбасүрэн нарыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Нямбаатар, Ц.Бямбасүрэн нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Нямбаатар, Ц.Бямбасүрэн нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус тэнсэж, 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэн хянан харгалзахаар тогтоосугай.
6. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Нямбаатарт хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн цагдаагийн газарт, ялтан Ц.Бямбасүрэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн цагдаагийн газарт тус тус даалгасугай.
7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг шүүгдэгч Б.Нямбаатар, Ц.Бямбасүрэн нарт мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар Т.Клугер маркийн автомашины толийг / 1 ширхэг/ тээврийн хэрэгслийн эзэмшигч Б.Нямбаатарт буцаан олгож, Т.Приус маркийн тээврийн хэрэгслийн хагархай толийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн комисст даалгасугай.
9. Ялтан Б.Нямбаатар, Ц.Бямбасүрэн нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг ялтан Б.Нямбаатар, Ц.Бямбасүрэн нарт тус тус мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ю.ЭНХМАА