Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1713

 

 

 

 

 

 

                                                                                   

 

 

Н.Энхбадралын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/01622 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Энхбадралын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Н.Энхбадрал, З.Хандсүрэн нараас 19 506 750 төгрөг гаргуулах тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2672 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, Н.Энхбадралын нэр дээр хийгдсэн дансны хасалт хийх, эд хөрөнгө захиран зарцуулах эрх түдгэлзүүлснийг сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Аманкелдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 12 сарын 11-ний өдрийн 2076 тоот захирамжийн дагуу нэхэмжлэгч Г.Гэрэлтогоод нийг 19 506 750 төгрөгийг Н.Энхбадрал, З.Хандсүрэн нараас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Н.Энхбадрал нь өөрийн нэр дээр байгаа бүх хөрөнгөө зарах, төлбөрт тооцож хариуцагчид хүлээлгэж өгөх, бэлэн мөнгөөр төлөх зэрэг хэлбэрүүдээр төлбөр авагчид төлөх ёстой нийт төлбөрөөс Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар өөрт оногдох хэсэг болох 9 753 375 төгрөгийг төлсөн боловч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр дахин дансны хасалт хийж 200 000 төгрөг гаргуулан төлбөр авагчид олгосонд гомдолтой байна. Төлбөр төлөгч З.Хандсүрэн нь өөрт оногдох хэсгээс өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, шийдвэр гүйцэтгэгч түүнээс нэг ч төгрөг гаргуулаагүй байгаа З.Хандсүрэн бол өөрт оногдох төлбөрийн хэсгийг мөнгө санхүүгийн боломж гарахгүй байгаа тул одоохондоо төлөх боломжгүй гэдгээ, төлбөрийн чадвартай болонгуут бүрэн төлж барагдуулахаа шийдвэр гүйцэтгэгчид удаа дараа бичгээр мэдэгдэж байсан. Хамтран үүрэг гүйцэтгэгчтэй холбогдох Иргэний хуульд заасан тодорхой зохицуулалтууд байсаар байтал, өөрт оногдох үүргээ бүрэн гүйцэд, давуулан гүйцэтгэж, өөрт оногдох төлбөрөө бүрэн гүйцэт төлсөн байхад Н.Энхбадралыг дахин дахин албадаж байгаа нь хуульд үл нийцэх юм.

Иргэний хуулийн үүрэгт олон этгээд оролцох бүлгийн Хамтран үүрэг гүйцэтгэгчидтэй холбогдох зохицуулалтаас харахад хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” хэмээн заасан нь шүүгчийн захирамжид З.Хандсүрэн, Н.Энхбадрал хоёрын тус бүрийн төлөх төлбөрийн хэмжээг нарийн тодорхойлон заагаагүй учраас бидний төлбөр авагчид төлөх төлбөрийн хэмжээ тэнцүү байхаар зохицуулагджээ. Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.8 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч нэг этгээд үүрэг гүйцэтгэх хугацаа зөрчсөн тохиолдолд үүсэх үр дагавар нь бусад үүрэг гүйцэтгэгчдэд хамаарахгүй байхаар заасан нь 3.Хандсүрэнгийн өөрийн гүйцэтгэх ёстой үүргийг өдий хүртэл биелүүлэхгүй хугацаа зөрчсөн нь Н.Энхбадралд хамаарахгүй, Н.Энхбадралаас шалтгаалаагүй юм. Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.13 дахь хэсгийн Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь төлбөрийн чадваргүй бол үүргийн түүнд оногдох хэсгийг төлбөрийн чадвартай бусад үүрэг гүйцэтгэгчид тэнцүү хуваарилна гэдэг зохицуулалт Н.Энхбадралд хамаарах зохицуулалт биш юм. Учир нь, Нэгдүгээрт: З.Хандсүрэн, Н.Энхбадрал хоёрын хооронд үүргийн дотоод харилцаа үүсээгүй. Бидний өөр хооронд үүсэх дотоод харилцаа үүсэхээр хоорондоо тохирсон гэрээний харилцаа байхгүй байгаа. Хоёрдугаарт: Хуулиар болон шүүхийн шийдвэрээр үүрэг гүйцэтгэгч З.Хандсүрэн, Н.Энхбадрал хоёрын тус бүрийн хүлээх хариуцпагыг тогтоосон тусгай заалт, зохицуулалт байхгүй. Мөн Иргэний хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар төлбөр авагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч Г.Гэрэлтогоо нь дээрх 242 дугаар зүйлийн 242.11, 242 дутаар зүйлийн 242.8 дахь хэсгийг тус тус үндэслэн миний төлсөн хэсгийг хасаад З.Хандсүрэнд оногдох хэсгийг түүнээс гаргуулах шаардлагаа гаргах бүрэн эрх нь хуулиар нээлттэй. Мөн саяхан гэхэд хамгийн сүүлд 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр дахин 200 000 төгрөг гаргуулан авсан. Цаашид нэмж нэг ч төгрөг төлөх боломжгүй. Мөн өөрт оногдох хэсгээс илүү төлбөр төлөх үндэслэлгүй болох нь дээр дурдсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтаас тодорхой харагдаж байна. Иймд Н.Энхбадрал, З.Хандсүрэн нараас 19 506 450 төгрөг гаргуулах тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2672 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, Н.Энхбадралын нэр дээр хийгдсэн дансны хасалт хийсэн ажиллагааг хүчингүй болгож, эд хөрөнгө захиран зарцуулах эрх түдгэлзүүлснийг сэргээж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10121/С дугаар шийдвэрээр Няланборын Энхбадрал, Загдаагийн Хандсүрэн нараас 19 506 450 төгрөгийг гаргуулж Г.Гэрэлтогоод олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн төлбөр төлөгч Н.Энхбадрал, З.Хандсүрэн нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч З.Хандсүрэнгийн зүгээс 2 удаагийн төлөлтөөр 300 000 төгрөгийг төлж барагдуулсан. Төлбөр төлөгчдийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг тодруулахад үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй болох нь холбогдох байгууллагуудаас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон тул төлбөр төлөгч Н.Энхбадралын оршин суух хаягнаас 5 ханатай Монгол гэр болон Н.Энхбадралын өмчлөлийн Делика маркийн 95-46 УНЗ улсын дугаартай автомашиныг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/2672 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч нийт 5 000 000 төгрөгөөр худалдан борлуулж төлбөрийг төлбөр авагчид шилжүүлсэн байна. Мөн 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 2 800 000 төгрөгийг дансаар, 1 500 000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 500 000 төгрөгийг дансаар тус тус төлбөр авагчид шилжүүлсэн байна. Төлбөр төлөгч З.Хандсүрэн нь Баянгол дүүргийн 20 дугаар хороонд оршин суудаг хороондоо нэн ядуу өрхөд бүртгэлтэй, төлбөр төлөгчийн хаягт үзлэг нэгжлэг хийхэд төлбөрийн шаардлага хангахуйц эд хөрөнгөгүй, төлбөрийн чадваргүй болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар тогтоогдсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт зааснаар төлбөр авагч Г.Гэрэлтогоогийн хүсэлтийг үндэслэн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.13 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгч Н.Энхбадралаас төлбөрийг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Н.Энхбадралын хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, Н.Энхбадралын нэр дээр хийгдсэн дансны хасалт хийсэн ажиллагааг хүчингүй болгуулж, эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Н.Энхбадралаас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Нэхэмжлэгч нь анх “З.Хансүрэн бид хоёрын төлбөр авагч Г.Гэрэлтогоод төлөх ёстой нийт 19 506 750 төгрөгөөс өөрт оногдох хэсэг болох 9 753 375 төгрөгийг миний бие бүрэн төлж барагдуулсан. Хамгийн сүүлд 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч И.Гомбожав нь дахин 200 000 төгрөг нэмж гаргуулсан байх тул хамтран үүрэг гүйцэтгэгч З.Хандсүрэнд оногдож байгаа 9 735 375 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээс чөлөөлж, миний нэр дээр хийсэн дансны хасалт, эд хөрөнгө захиран зарцуулах эрх түдгэлзүүлснийг сэргээхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа “Н.Энхбадрал, З.Хандсүрэн нараас 19 506 750 төгрөг гаргуулах тухай Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 2672 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, Н.Энхбадрал миний нэр дээр хийгдсэн дансны хасалт хийх, эд хөрөнгө захиран зарцуулах эрх түдгэлзүүлснийг сэргээж өгнө үү” хэмээн өөрчлөн тодруулсан байдаг.

Дээрх өөрчлөн тодруулсан нэхэмжлэлийн шаардлагыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/00555 дугаар шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн боловч хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 955 дугаар магадлалаар “анхан шатны шүүх дээрх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, тодруулсныг гардуулан танилцуулаагүй нь мэтгэлцэх зарчим хангаагүй, мөн хэргийг 2017 онд шийдвэрлэсэн байхад Шүүхийн шийдвэрийн дугаар “ШШ2016” гэж дугаарлагдсан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дахь хэсэгт нийцээгүй гэдэг үндэслэлүүдээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан байдаг. Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг дахин хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь “Шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна. Учир нь:

Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2076 тоот захирамжаар хариуцагч болох Н.Энхбадрал, З.Хандсүрэн нараас нийт 19 506 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Гэрэлтогоод олгохоор шийдвэрлэсэн байхад мөн дээрх төлбөрийг төлөх ёстой хоёр төлбөр төлөгчтэй байхад төлбөрийг зөвхөн нэг төлбөр төлөгчөөс буюу Н.Энхбадралаас бүхэлд нь гаргуулан авахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж ирсэн гэдгийг, дээр нь Н.Энхбадрал төлбөрийн 50 хувийг нь төлсөн байхад ч гэсэн үргэлжлүүлэн үлдэгдэл төлбөрийг Н.Энхбадралаас гаргуулан авахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж ирсэн гэдгийг нотлох баримтууд хавтаст хэрэгт бүрэн авагдсан байхад анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг буруу үнэлэн хариуцагч болох Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэрт заасан 19 506 750 төгрөгийн үүрэг бол үл хуваагдах шинжтэй биш учраас Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт заасан үүрэг тэнцүү байх зарчим үйлчлэх бүрэн боломжтой.

Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.13 дахь хэсгийг үндэслэн зөвхөн Н.Энхбадралд бүх үүргийг гүйцэтгүүлэхээр ажиллагаа хийж ирсэн. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.13 дахь хэсэгт ч тэнцүү байх ёстой гэсэн зарчим тусгагдсан байгаа. Гэхдээ энэ нь 2 төлбөр төлөгчтэй хамтран үүрэг гүйцэтгэгчид хэрэглэгдэх боломжгүй. Өөрөөр хэлбэл төлбөрийн чадваргүй гэж үзсэн З.Хандсүрэнд ногдох хэсэг нь З.Хандсүрэнгээс гадна Н.Энхбадрал гээд ганц л төлбөр төлөгч үлдэж байгаа тул хуваагдахгүй, хуваагдах ямар ч боломжгүй юм. Иймээс 242 дугаар зүйлийн 242.13 дахь хэсэгт заасан тэнцүү байх зарчим манай нөхцөлд хэрэглэгдэхгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.13 дахь хэсгийг үндэслэн хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болж байна. Үүнийг анхан шатны шүүх хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

       Нэхэмжлэгч Н.Энхбадрал нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 9 753 375 төгрөг төлүүлэхээс чөлөөлж, нэр дээрх дансны хасалт, эд хөрөнгө захиран зарцуулах эрх түдгэлзүүлснийг сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2672 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, Н.Энхбадралын нэр дээр хийгдсэн дансны хасалт хийх, эд хөрөнгө захиран зарцуулах эрх түгэлзүүлснийг сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2672 дугаар шийдвэрээр Н.Энхбадрал, З.Хандсүрэн нараас 19 200 000, улсын тэмдэгтийн хураамж 306 450 төгрөг, нийт 19 506 450 төгрөг болон 500 ширхэг тулгуур төмрийг гаргуулж Г.Гэрэлтогоод олгохоор шийдвэрлэсэн, уг шийдвэрийн дагуу гарсан 294 дугаартай гүйцэтгэх хуудсаар 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 14/150 дугаар тогтоол гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан байна. /хх 13, 14-16, 20/

 

            Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1/27286 дугаартай “Дансны хасалт хийх тухай” мэдэгдлээр арилжааны банкуудад Н.Энхбадрал, З.Хандсүрэн нарын мөнгөн хадгаламж, харилцах дансны мэдээллийг ирүүлэх, данс эзэмшдэг тохиолдолд данснаас хасалт хийж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Төрийн банкин дахь дансанд шилжүүлэх тухай мэдэгдлийн дагуу 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хаан банкны зүгээс Н.Энхбадралын данснаас 200 000 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд шилжүүлсэнд үйл баримт тогтоогдож байна. /хх 40, 41/

 

       Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийн тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж заасны дагуу Н.Энхбадрал, З.Хандсүрэн нар нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийг тэнцүү хувааж төлөх ёстой” гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “төлбөр төлөгч З.Хандсүрэн нь Баянгол дүүргийн 20 дугаар хороонд оршин суудаг, хороондоо нэн ядуу өрхөд бүртгэлтэй, төлбөр төлөгчийн хаягт үзлэг, нэгжлэг хийхэд төлбөрийн шаардлага хангахуйц эд хөрөнгөгүй, төлбөрийн чадваргүй болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар тогтоогдсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт зааснаар төлбөр авагч Г.Гэрэлтогоогийн хүсэлтийг үндэслэн Н.Энхбадралаас төлбөр гаргуулах ажиллагаа хууль зөрчөөгүй гэж тус тус тайлбарлажээ.

 

       Баянзүрх дүүргийн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2672 дугаартай шийдвэрээр Н.Энхбадрал, З.Хандсүрэн нараас 19 200 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 306 450 төгрөг, нийт 19 506 450 төгрөг болон 500 ширхэг тулгуур төмрийг гаргуулж Г.Гэрэлтогоод олгохоор шийдвэрлэхдээ төлбөрийг хариуцагч нарт хуваан хариуцуулаагүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг баримтлан явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь хуулиар тогтоосон ажиллагааны журам зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх ажиллагаа явуулсан гэх үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн шаардлагад бүрэн нийцсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/01622 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                               Н.БАТЗОРИГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                               Ч.ЦЭНД

                                                                                                 

                                                                                              Д.ЦОГТСАЙХАН