| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/02353/и |
| Дугаар | 2659 |
| Огноо | 2017-08-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2659
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Б -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Б д холбогдох,
Зээлийн үүрэгт 4,335,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Адалбек, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Амгаланбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“М.Б нь Хаан банкны ******* тоот дансаараа Д.Б ээс 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг, мөн оны 06 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 1,335,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг тус тус зээлээр авсан болно. М.Б нь дансаар болон бэлнээр 5,335,000 төгрөг авсанаас 1,000,000 төгрөг бэлнээр өгсөн ба үлдэгдэл 4,335,000 төгрөгийг өгөөгүй болно. Д.Б ломбард ажиллуулж байхад М.Б нь 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 3,000,000 төгрөгийг бэлнээр авч явсан. Дараа нь 1,000,000 төгрөг бэлнээр авсан. Бэлнээр авсан 1,000,000 төгрөгөө буцаагаад Д.Б т өгсөн. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр М.Б нь “би Эрээнд явж байна, ломбарднаасаа 1,000,000 төгрөг зээлээч, би 1,400,000 төгрөг болгож өгнө” гэж утсаар ярьсан. Үүний дагуу Д.Б М.Б д итгээд 1,000,000 төгрөгийг “Гранд дулаан” ломбардын нэрийн өмнөөс өөрийн дансанд байгаа мөнгийг зээлүүлсэн. Ломбардын бичиг дээр М.Б гийн хэлсний дагуу 1,400,000 төгрөг гэж бичсэн. Гэтэл М.Б нь энэ мөнгөө өгөөгүй, тэгэхээр нь “Гранд дулаан” ломбардын захирал Т.Э 1,400,000 төгрөгийг хүүгийн хамт 1,500,000 төгрөгийг нэхэмжлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. М.Б нь би “Гранд дулаан” ломбардаас мөнгө аваагүй, Д.Б ээс мөнгө авсан, зээлсэн мөнгөө өгөх болно” гэж хариу тайлбарыг шүүхэд өгсөн болно. Энэ хариу тайлбарыг үндэслэж нэхэмжлэгчээ солиод Д.Б болж, М.Б д өгсөн бүх мөнгөө нэхэмжилж байгаа. Д.Б ийн дансанд М.Б гаас 5,190,000 төгрөг шилжиж ирсэн байсан. Энэ мөнгөн дүнтэй маргахгүй. Энэ мөнгөний задаргааг хийвэл М.Б нь “би зээлсэн мөнгөний үндсэн мөнгө болон хүүгийн хамт сар бүр 300,000 төгрөгийг чиний данс руу хийж болно. Чи 3,000,000 төгрөгийг төлж дуусахаар нь зээлийн тооцоог дуусгаарай” гэсэн. Энэ зээлийг нийт хүү алдангийн хамт 4,142,000 төгрөгөөр тооцоо дуусгасан. Д.Б нь М.Б тай уулзаад зээлсэн бүх мөнгөнд хоёулаа гэрээ хийе гээд Д.Б ийн охин болох Т.Э тэй 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 4,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 12 хувийн хүүтэйгээр харилцан тохирч зээлийн гэрээ байгуулсан байдаг. М.Б нь энэ зээлийн гэрээний хүү болох 480,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш охин Т.Э ийн данс руу биш Д.Б ийн данс руу 2 удаа хийсэн байсан. М.Б нь зээлсэн мөнгөний хүүг өөрөө төлж байсан хир нь Д.Б ээс дансаар мөнгө авч байсан. Тэр хоёр хоорондоо гэр бүл, найз нөхдийн холбоотой тул шууд итгээд өгдөг байсан. М.Б нь зээлсэн мөнгөө төлсөн мэт харагддаг боловч бодит байдал дээр зээлсэн мөнгөө өгөөгүй байдаг. М.Б г захынхан “мөнгө зээлээд буцаагаад өгдөггүй, шүүхэд нэхэмжлэл гаргахаар гэрийн хаяг нь тодорхой бус, өөрийн гэсэн байнга оршин суудаг хаяггүй” гэдгээр нь сайн мэддэг юм байна лээ. М.Б г хувь хүний зүгээс дүгнэвэл тэр хууль мэддэг, мөнгөө заавал дансаар авч, дансаар явуулдаг. Бэлнээр авсан мөнгөө хүлээн зөвшөөрдөггүй ийм хүн. М.Б нь Д.Б ээс дансаар 4,335,000 төгрөг, бэлнээр 1,000,000 төгрөг, ломбардаас 3,000,000 төгрөг, нийт 7,335,000 төгрөг хүлээн авсан байдаг. 2017 оны 06 дугар сарын 06-ны өдрийн шүүх хуралд нэхэмжлэгч Т.Э М.Б д мөнгө шилжүүлж өгөөгүй гэдгээрээ ялагдсан. Энэ хуралд М.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Д.Б ээс 3,335,000 төгрөг шилжүүлж авсан. Одоо үлдэгдэл мөнгийг өгөх нь үнэн” гэж хариу тайлбар өгч байсан. Д.Б шүүх хурлын үед сандраад “би ломбардад 2 сар ажилласан” гэж хэлсэн. Гэтэл охиныхоо ломбарданд 2 жил гаран ажиллаж байсан. Д.Б нь ломбард ажиллуулж байсан тул М.Б д итгээд мөнгө зээлүүлдэг байсан. Иймд М.Б гаас нийт 4,335,000 төгрөг гаргуулж Д.Б т олгуулж өгнө үү“ гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч М.Б нь Хаан банкны ******* тоот дансаараа Д.Б ээс 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг, мөн оны 06 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 1,335,000 төгрөг зээлээр авсан байдаг. М.Б нь дансаар 3,335,000 төгрөгийг, бэлнээр 1,000,000 төгрөг, бүгд 4,335,000 төгрөг авсан байдаг. Хариуцагч М.Б нь нэхэмжлэгч Д.Б ийн 5556273796 тоот дансаар 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 2,330,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 250,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 18-нд 250,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 30-нд 100,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 31-нд 100,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 04-нд 100,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 04-нд 100,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 13-нд 480,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 15-нд 480,000 төгрөг тус тус шилжүүлсэн байх ба баримтаар 4,190,000 төгрөгийг өгсөн байна. Мөн баримтгүйгээр бэлнээр 1,000,000 төгрөгийг Д.Б т өгснийг өөрөө хүлээн зөвшөөрдөг. М.Б нь нэхэмжлэгч Д.Б т бүгд 5,190,000 төгрөгийг буцаан өгсөн байна. Зээлтэй холбоотой асуудлыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдчихсэн. Д.Б нь нэхэмжлэгчээ солиод дахин шүүх хурал хийж байна. М.Б нь гэр оронгүй тул охиныдоо амьдарч байсан. Тэр хүнээс мөнгө зээлдэггүй байсан. Харин Д.Б ийг захынхан “хүнд маш өндөр хүүтэй мөнгө зэлүүлдэг. Зээлсэн мөнгөө өгөхгүй бол цагдаад өгнө гэж сүрдүүлж, зарим хүний авто машиныг нь авдаг байсан” гэж ярьдаг юм байна лээ. Нэхэмжлэгч өмнө нь 7,000,000 төгрөг нэхэмжилж байсан, гэтэл өнөөдрийн шүүх хуралд 4,335,000 төгрөг болгож бууруулж нэхэмжилж байна. Өмнөх шүүх хурлын үед би Д.Б ээс “та хоёр хоорондоо мөнгө өгч, авч байх үедээ бэлнээр авч байсан уу гэхэд би 1,000,000 төгрөгийг бэлнээр авсанаа хүлээн зөвшөөрч байна. Бусад мөнгө бол дандаа дансаар шилжүүлэн өгч авдаг байсан” гэсэн. Тэр үед Б.Адалбек өмгөөлөгч байлцсан. М.Б гэдэг хүн жаахан уймраа хүн байдаг. Хүнд мөнгө өгөхдөө дандаа дансаар мөнгө өгдөг байсан. М.Б нь гадуур явж байгаад Д.Б тэй таарсан. Тэр үед Д.Б “хоорондын зээлийг би охины руугаа шилжүүлнэ. Зээлсэн мөнгө чинь 3,980,000 төгрөг үлдсэн шүү гээд М.Б д 20,000 төгрөг өгөөд 4,000,000 төгрөгийн гэрээ хийсэн. Гэтэл нэхэмжлэгч 4,000,000 төгрөгийг бэлнээр авсан, дансаар шилжүүлсэн мөнгөө нэмээд нийт 7,000,000 төгрөг гэж яриад байдаг. М.Б гэдэг хүн нь Т.Эрдэнэцэцэгээс мөнгө авч байгаагүй. Д.Б ээс 4,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг авч байгаагүй, хамгийн өндөр авсан мөнгө нь 1,335,000 авч байсан. Нэхэмжлэгч хүү яриад байдаг. Гэтэл хийсэн гэрээ байдаггүй. “Гранд дулаан” ломбардын нэхэмжлэлтэй шүүх хурлын үед Д.Б ээс “энэ ломбардад хэзээ ажилд орсон бэ гэхэд би ажиллаад 2 сар болж байна” гэж хариулсан байдаг. Ажилд ороод 2 сар болж байгаа хүн 1 жилийн өмнө уг ломбардын өмнөөс мөнгө өгч байсан мэт яриад байсан. Энэ нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр дээр тодорхой заасан байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчээс 4,335,000 төгрөг авснаа мөн адил хүлээн зөвшөөрч байна. М.Б гаас Д.Б ийн данс руу 5,190,000 төгөрг шилжиж орсон байгаа. Иймд Д.Б ийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
“Г” ХХК нь хариуцагч М.Б д холбогдуулан 1,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг сольж жинхэнэ нэхэмжлэгчээр Г ХХК -ийн нэрийн өмнөөс хариуцагч М.Б д өөрийн данснаас мөнгө шилжүүлсэн Д.Б ийг оролцуулах хүсэлт гаргаж, шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээр Д.Б ийг оролцуулах захирамж гаргасан.
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч М.Б гаас 4,335,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн ба хариуцагч М.Б нь зээлсэн мөнгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.Б , хариуцагч М.Б нарын хооронд мөнгө зээлж, зээлийг эргэн төлөх харилцаа байсан болох нь банкны дансны хуулга болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.Б нь “...хариуцагч М.Б д 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг, мөн оны 06 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 1,335,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийг дансаар, 1,000,000 төгрөгийг бэлнээр, нийт 5,335,000 төгрөг зээлснээс 1,000,000 төгрөг бэлнээр буцааж авсан, үлдэгдэл 4,335,000 төгрөгийг өгөөгүй. Мөн Д.Б ломбард ажиллуулж байхад М.Б нь 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 3,000,000 төгрөгийг бэлнээр, дараа нь 1,000,000 төгрөг бэлнээр авч, бэлнээр авсан 1,000,000 төгрөгөө буцааж өгсөн. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Д.Б М.Б д итгээд 1,000,000 төгрөгийг “Гранд дулаан” ломбардын нэрийн өмнөөс өөрийн дансанд байгаа мөнгийг зээлүүлсэн. Одоо, эдгээр зээлийн үлдэгдэл 4,335,000 төгрөгийг гаргуулна” гэж нэхэмжилсэн.
Хариуцагч М.Б нь “...нэхэмжлэгч Д.Б ээс 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 1,335,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 4,335,000 төгрөгийг дансаар авч, 1,000,000 төгрөгийг бэлнээр буцааж өгсөн” гэх тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгч Д.Б нь Хаан банкин дахь өөрийн 5556273796 данснаас хариуцагч М.Б гийн Хаан банкин дахь ******* тоот данс руу 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 1,335,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 4,335,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын Хаан банкин дахь 5556273796, ******* дугаартай дансны Депозит дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-46-49, 121-154/ Эдгээр мөнгөн шилжүүлгийн дүнгийн талаар зохигчид маргаагүй.
Нэхэмжлэгч Д.Б нь дээр дурдсан дансны шилжүүлгээс гадна Д.Б ломбард ажиллуулж байхад М.Б нь 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 3,000,000 төгрөгийг бэлнээр, дараа нь 1,000,000 төгрөг бэлнээр авч, бэлнээр авсан 1,000,000 төгрөгөө буцааж өгсөн. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Д.Б М.Б д итгээд 1,000,000 төгрөгийг “Гранд дулаан” ломбардын нэрийн өмнөөс өөрийн дансанд байгаа мөнгийг зээлүүлсэн гэх тайлбарыг гаргасан.
Хариуцагч М.Б нь 4,335,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, буцаан төлөхдөө мөн дансаар шилжүүлсэн, 1,000,000 төгрөгийг бэлнээр буцаан өгсөн гэх тайлбарыг гаргасан ба Хаан банкин дахь ******* дугаартай дансны хуулгаар М.Б нь Хаан банкин дахь 5556273796 дугаартай Д.Б ийн данс руу 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 250,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 2,330,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 100,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 100,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 100,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 480,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 480,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Голомт банкнаас 250,000 төгрөг, нийт 4,190,000 төгрөгийг шилжүүлсэн нь Хаан банкны дансны хуулга болон Голомт банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байна. /хх-107, 121-154/
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч М.Б гаас 1,000,000 төгрөг бэлнээр авсан талаар маргаагүй.
Дээрх 4,190,000 төгрөгийн шилжүүлгийн дүнгийн талаар зохигчид маргаагүй боловч нэхэмжлэгч нь эдгээр шилжүүлэг нь М.Б Г ХХК -аас зээлсэн мөнгөний төлбөрийг Д.Б ийн дансаар шилжүүлсэн мөнгө тул зээлийн төлбөрт суутган тооцож, зээлийг хаасан гэх тайлбарыг гаргаж Г ХХК -ийн 176 дугаартай Барьцаат зээлийн гэрээг нотлох баримтаар ирүүлсэн. Уг гэрээнд М.Б нь 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 3,000,000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлж, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 3,240,000 төгрөгийг эргэн төлөхөөр тохиролцож, зээлийн эргэн төлөлт 4,140,000 төгрөг төлж, 07 дугаар сарын 20-ны өдөр хаав гэсэн тэмдэглэл хийгджээ. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч М.Б гаас түүний данс руу шилжүүлсэн мөнгийг Г ХХК -ийн 176 дугаартай Барьцаат зээлийн гэрээний төлбөрт төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна. /хх-120/
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч М.Б гаас түүний данс руу шилжүүлсэн мөнгө нь “Гранд дулаан“ ХХК-ийн зээлийн эргэн төлөлтийн мөнгө бөгөөд өөрөөс нь дансаар шилжүүлэн зээлж авсан мөнгөний эргэн төлөлтийг М.Б хийгээгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нотлох баримтаар нотлоогүй болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан байдаг
Нэхэмжлэгч Д.Б , хариуцагч М.Б нар зээлийн гэрээ байгуулаагүй боловч тэд мөнгө зээлж, зээлдүүлж, эргэн төлж байсан байдал нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “...гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр...” гэж зааснаар гэрээ байгуулагдсанд тооцогдохоор байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс дансаар 4,335,000 төгрөг шилжүүлж авсан болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид дансаар нийт 4,190,000 төгрөг шилжүүлсэн, бэлнээр 1,000,000 өгсөн нь банкны шилжүүлэг болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нь зээлийн төлбөрт 5,190,000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй.
Талуудын хооронд мөнгө өгч, авсан тооцооноос үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчаас 4,335,,000 төгрөг гаргуулан авах эрхтэй байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид дансаар 4,190,000 төгрөг, бэлнээр 1,000,000 төгрөг, нийт 5,190,000 төгрөгийг өгсөн байх тул нэхэмжлэгчид 4,335,000 төгрөгийг төлөх үүргээ хариуцагч бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч нь зээлийн үүргийг бүрэн биелүүлсэн байх тул хариуцагч М.Б гаас 4,335,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Д.Б ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Г“ ХХК-ийг жинхэнэ нэхэмжлэгч Д.Б ээр сольж оролцуулсан, нэхэмжлэгч Д.Б нь өөрийн нэхэмжилж буй 4,335,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамжид 84,310 төгрөгийг төлсөн тул “Г “ ХХК-ийн хариуцагч М.Б гаас 1,500,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан гаргуулж Г ХХК -д олгох нь зүйтэй.
Хариуцагч М.Б нь нэхэмжлэгч Д.Б т 4,335,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээж, нэхэмжлэгчид 5,190,000 төгрөгийг төлсөн байх боловч илүү төлсөн мөнгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч М.Б гаас зээлийн үүрэгт 4,335,000 /дөрвөн сая гурван зуун гучин таван мянган/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Д.Б ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан Г ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж Г ХХК -д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР