Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/88

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                  С.Төртулах

                        Улсын яллагч                                О.Нандинцэцэг

                      Шүүгдэгчийн өмгөөлөгч                С.Сувдаа

                        Шүүгдэгч                                           ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******ад холбогдох 2132001200089 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, .............. тоотод оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Хар сүрэг овогт ******* Цогбадрах /рд:*******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум, 3 дугаар баг, Гандангийн 36 тоотод 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эхнэр *******ийн эрх, эрх чөлөөнд халдаж  зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн миний мэдүүлэг үнэн зөв тул шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөхгүй, би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

Эрүүгийн  2132001120090 тоот хавтаст хэргээс:

Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Бид хоёр урд нь муудалцаж маргалдаж байсан. Гэхдээ манай нөхөр Цогбадрах урьд нь миний биед халдаж зодож байгаагүй. 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр л анх удаа намайг зодсон” гэх мэдүүлэг /ХХ-ийн 14 дүгээр хуудас/,

Хохирогч *******ийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор өгсөн “...2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр манай хадам талын бэр гуйх ёслол болоод ******* бид 2 хүүхдээ аваад найрт очсон. Тэгээд ******* найран дээр архи уучхаад надтай хэрүүл хийгээд намайг түлхэж унагаад зодох гэж дайрахад гаднаас дүү нь орж ирээд *******ыг болиулахаар нь би хүүхдээ аваад гэртээ харьсан. Хүүхэдтэйгээ гэрээсээ хөнжил аваад машиндаа хоносон. Тэр шөнө Цогбадрах гэртээ ирээгүй. Өчигдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 12-ны орой 17:00 цагийн орчимд хаалга нүдээгүй, цонх гаднаас нь цохиод түгжээг нь эвдээд ороод ирсэн. Цонхоор орж ирэнгүүтээ үгийн зөрүүгүй шууд нүдээд эхэлсэн. Миний толгой руу гараараа цохиод байхаар нь нүүрээ гараараа дарчихсан чинь хөлөөрөө өшиглөөд сүүлдээ гэдэс рүү, нуруу руу өшиглөөд байхаар нь би болиоч ээ эрүү сонин болчихлоо, эрүү хугарчихлаа гэсэн чинь Цогбадрах битгий худлаа жүжиглээд бай гэж хэлээд улам их нүдээд байсан.” гэх мэдүүлэг /ХХ-ийн 10 дугаар хуудас/,

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:..Би “Старс” бааранд уучхаад гэртэй очиход хаалга түгжээтэй байсан. Хаалгаа балбаад нээхгүй болохоор нь цонх түлхтэл онгойсон. Тэгээд цонхоор дотогш ороод цааш болсон асуудлыг сайн санахгүй байна. Би эхнэртэйгээ хэрэлдэж байсан гэдгийгээ санаж байна. Тэгээд миний санаж байгаагаар манай эхнэр ******* нь хүүхдүүдээ дагуулаад гэрээс “хайр нь гараад ундаа аваад ирье” гэж хэлээд гарч байсан. Тэгээд би унтаад өгсөн байсан бөгөөд  нэг сэрэхэд цагдаа ирчихсэн байсан. Би эхнэрийнхээ цээж хэсэг болон гаран дээр нь гараараа нэг удаа цохиж байсныгаа бүдэг бадаг санаад байна. Би өөрөөр түүнийг яаж зодсоноо санахгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухамсарлаж ойлгож байна...гэх мэдүүлэг /ХХ-ийн 27 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 173 дугаартай “...*******ийн биед тархи доргилт, баруун чихний дэлбэнд зулгаралт, цээж баруун шанаанд цус хуралт, баруун зүүн гарын булгаралт цус хуралт, баруун, зүүн гарын бугалга, шуу, баруун зүүн хөлийн шилбэнд зулгаралт, толгойн хуйх дух, баруун шанаа, эрүү хэсгээр зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/, Яаралтай тусламжийн хуудас /ХХ-ийн 21-22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд авагджээ.  

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн Баянсуудал 2-49 тоотод оршин суудаг тодорхойлолт /ХХ-ийн 31 дугаар хуудас/, Шүүгдэгч *******ын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-н 33 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг болно.                

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцох талаар:

  Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум, 3 дугаар баг, Гандангийн 36 тоотод 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эхнэр *******ийн эрх, эрх чөлөөнд халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:...Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 14 дүгээр хуудас/, Хохирогч *******ийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 10 дугаар хуудас/, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Шинжээчийн №173 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

            Хохирогч ******* нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна. Харин хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

         Гурав.Шүүгдэгч *******ад оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум, 3 дугаар баг, Гандангийн 36 тоотод 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эхнэр *******ийн эрх, эрх чөлөөнд халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл,  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Хар сүрэг овгийн ******* Цогбадрахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан ******* нь торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.