| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0188/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/196 |
| Огноо | 2019-12-04 |
| Зүйл хэсэг | 28.5.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2019/ШЦТ/196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ю.Нямсүрэн,
Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Эөд холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2019 оны 11-р сарын 22- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: М.Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.Э нь Зэвсэгт хүчний 366 дугаар ангид цэргийн алба хааж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр,мөн 2019 оны 09 дүгээр сарын 06- наас 07-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багт байрлах Зэвсэгт хүчний ...дугаар анги буюу алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 09 сарын 3-нд хуучин цэрэг Төмөрчөдөр бүс авч өг гээд би сургалтаар ирсэн ахлагч нарын нэгийнх нь бүсийг хулгайлсан. 9 сарын 4-ний өдөр хуучин цэрэг болон дарга нараас айгаад анги байраа орхиж явсан.9 сарын 6-ны орой М надад салааны захирагч оргосон ална гээд хайгаад явж байна гэж хэлсэн. Тэгээд айгаад ерөөсөө гэрлүүгээ явъя гэж бодсон. ...” гэсэн мэдүүлэг
Гэрч Л.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ангийн артиллерын батарейн байлдагч М.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ээлжинд гарч байх хугацаандаа манай анги дээр сургалтаар ирсэн байсан ахлагч нарын нэгнийх нь бүсийг шөнө хулгай хийж нуучихаад маргааш нь баригдсан байсан. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 04-ний орой оргох гэж завдаад тавиуланд байхад нь жижүүр барьсан байсан. Тэгээд иймэрхүү зүйл сонсогдоод байхаар нь би 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өрөөндөө ганцаарчилсан уулзаж санал сэтгэгдлийг нь сонсоход “Хүний бүс хугай хийсэн тэгээд баригдаад маргааш өдөр нь байрандаа хонолгүй, тавиуланд нууцаар унтаж байгаа жижүүрт баригдсан” гэж хэлсэн. Тэгээд чөлөөт ярилцлага хийж цаашдаа хэрхэн цэргийн албаа зөв хаах талаар зөвлөгөө өгөхөд ойлгож “дахин буруутай үйлдэл гаргахгүй би өөрөө буруу юм хийсэн, харин намайг Төв аймаг руу ургац хураалтанд явуулж өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би “явах хүүхдүүдийн вагоны билет захиалагдсан учраас чи боломжгүй гэж хэлтэл “манай эмээгийн бие муу байгаа юм аа хэрвээ би Жаргалант суманд очих юм бол манай гэрийнхэн надтай ирж уулзана” гэж хэлэхээр нь би "ар гэртэй чинь холбогдоод эмээгийн чинь бие үнэхээр муу байгаа бол албан ёсны чөлөө өгч явуулна” гэж хэлээд яриагаа өндөрлөсөн. Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 07-ны үүрээр алга болчихсон байсан. Ингээд шаардлагатай алба хаагчдыг дуудаж эрлийн групп томилон Зүүнбаянгийн орчим, Хайрхан, Хамрын хийд, Сайншанд зэрэг очиж болох ойрын газруудаар томилон ажилуулсан боловч саяханыг хүртэл олдоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар тал/
Гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө үүрээр би Улаанбаатар хотод байж байхад манай цэргийн ангиас залгаад Э гэдэг байлдагч оргочихлоо гэж мэдэгдсэн. Уг мэдээллийн дагуу ар гэрийнхэнтэй нь нэн даруй уулзсан байж болох очиж болох газруудаар нь явж болсон зүйлийн талаар мэдэгдсэн байгаа. Тухайн цаг хугацаанд би Улаанбаатар хотод байсан учраас оргочихлоо гэдгийг л мэдсэн... Энэ үйл явдал болохоос 2 хоногийн өмнө мөн ангийн байрлалыг дур мэдэн орхиж байгаад ПЗМ маркийн шуудуй ухагч машины бүхээг дотроос олдсон байсан... өөрөөс нь энэ талаар асуухад “Би хүмүүсээс ичээд ийм үйлдэл гаргасан юм гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 9-10 дугаар тал/
Гэрч З.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 05-ны орой цэргийн ангиас залгаад “Танай Эийг хайгаад олсонгүй” гэж мэдэгдсэн. Тэрний дагуу эрэл сурал болж хайхад цэргийн ангиас 300 метр орчим зайтай байдаг ПЗМ маркийн техник дотор ороод нуугдчихсан байсан. Тэгээд энэ асуудал дээр нь сануулах арга хэмжээ аваад өнгөрсөн. Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө 07 цагийн үед ангиас над руу залгаад Э дахиад гараад явчихсан юм шиг байна олддоггүй ээ гэж хэлсэн. Тэгээд анги дээр хүрч ирээд офицер ахлагч нар хэсэг хэсгээрээ хуваагдаад хайж эхэлсэн боловч олоогүй... Би бүс хулгай хийчихсэн гэдгийг нь мэдчихээд 15 цагийн үед дуудаж уулзаад загнасан. Мөн 2 гарынх нь алгыг дэлгүүлж байгаад хулгайлсан бүсээр нь 5-6 удаа хөнгөн ороолгосон. Мөн гарынх нь булчин хэсэг рүү өөрийнхөө гараараа 1-2 удаа хөнгөн цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11- 13 дугаар тал/
Гэрч Ө.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эхний орголтын дараа би ээлжинд гарч байхад Э 00 цэвэрлээд байж байхаар нь би очоод юу болсон талаар асуухад “Би зүгээр л оргомоор санагдаад байсан болохоор тэгсэн юм” гэж хэлж байсан... би 2 дахь орголтынх нь дараа Эөөс “Чи яагаад ингээд байгаа юм бэ гэж асуухад би ийм үйлдэл гаргасандаа Дулаанжаргал даргаас айгаад оргочихсон юм гэж хэлж байсан. Түүнээс биш Дулаанжаргал дарга Эийг айлган сүрдүүлсэн зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 46-48 дугаар тал/
Гэрч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр би тавиулан 2 гэдэг нэртэй газар 24 цагийн үүрэг гүйцэтгэж байтал 20 цагийн үед ангиас над руу залгаад нэг байлдагч оргочихоод байна чи хариуцсан газартаа үзээдэх гэж хэлсний дагуу ....1 инженерийн техникийн таг нь онгорхой байсан тэрийг очоод үзтэл Э дотор нь байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар тал/
Гэрч М.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 04-ний орой 20 цагийн үед ... ангиас залгаад Э байлдагч оргосон байна яаралтай анги дээр ир гэж мэдэгдсэний дагуу анги дээр очсон... Хүрээ 4 байгууламж руу очиж шалгахад мөр олдсон тэр мөрийгөө хөөгөөд явж байтал инженерийн техникийн хаалга онгорхой байсан. Тэгээд очоод үзтэл Э дотор нь байж байсан... 2019 оны 09 дүгээр сарын 07-ны үүрээр 6 цагийн үед гэртээ унтаж байтал над руу ангиас залгаад Э оргочихсон байна яаралтай ир гэж хэлсэн... Тэр үед манай ангийн алба хаагчид Эийг ерөөсөө олоогүй. Харин сүүлд цагдаа нар олчихсон байна гэж сураг дуулдсан... Этэй таараад “Яасан бэ чи бүс хулгайлчихсан юм уу” … Э чамайг загнасан уу” гэж асуухад “тиймээ гэхдээ одоо зүгээрээ хэвийн байна” гэж хэлээд цааш явсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-55 дугаар тал/
Гэрч А.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ангийн зүгээс ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ... Э намайг энд ажиллахаар ирэхэд Улаанбаатар хотын Цэргийн төв эмнэлэг рүү хэвтэн эмчлүүлэхээр явсан байсан ба тэрнээс хойш эрүүл мэндийн шалтгаантай байж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 06- ны өдөр тушаал гарч албанаас чөлөөлсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар тал/ Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 58- 62 дугаар тал/ Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар, холбогдох материал /хх-ийн 24-30 дугаар тал/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 34 дүгээр тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Э нь Зэвсэгт хүчний 366 дугаар ангид цэргийн алба хааж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 03-ний шөнө сургалтаар ирсэн ахлагч нарын гитилийн бүсийг хулгайлан авч улмаар хуучин цэргүүдээс айсан гэсэн шалтгаанаар 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр болон 06 наас 07-нд шилжих шөнө цэргийн албанаас зайлсхийх зорилгоор Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багт байрлах Зэвсэгт хүчний 336 дугаар анги буюу алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан үйл баримт болсон байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох гэрч Л.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өрөөндөө ганцаарчилан уулзаж санал сэтгэгдлийг нь сонсоход “Хүний бүс хулгай хийсэн тэгээд баригдаад маргааш өдөр нь байрандаа хонолгүй, тавиуланд нууцаар унтаж байгаад жижүүрт баригдсан” гэж хэлсэн. Тэгээд чөлөөт ярилцлага хийж цаашдаа хэрхэн цэргийн албаа зөв хаах талаар зөвлөгөө өгөхөд ойлгож “Дахин буруутай үйлдэл гаргахгүй би өөрөө буруу юм хийсэн, харин намайг Төв аймаг руу ургац хураалтанд явуулж өгөөч гэж хэлсэн...Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 07-ны үүрээр алга болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг,
гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 08-ний өглөө үүрээр би Улаанбаатар хотод байж байхад манай цэргийн ангиас залгаад Э гэдэг байлдагч оргочихлоо гэж мэдэгдсэн.... Энэ үйл явдал болохоос 2 хоногийн өмнө мөн ангийн байрлалыг дур мэдэн орхиж байгаад ПЗМ маркийн шуудуй ухагч машины бүхээг дотроос олдсон байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч З.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 05-ны орой цэргийн ангиас залгаад “Танай Эийг хайгаад олсонгүй” гэж мэдэгдсэн. Тэрний дагуу эрэл сурал болж хайхад цэргийн ангиас 300 метр орчим зайтай байдаг ПЗМ маркийн техник дотор ороод нуугдчихсан байсан... Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө 07 цагийн үед ангиас над руу залгаад Э дахиад гараад явчихсан юм шиг байна олддоггүй ээ гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг,
гэрч Ө.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эхний орголтын дараа би ээлжинд гарч байхад Э 00 цэвэрлээд байж байхаар нь би очоод юу болсон талаар асуухад “Би зүгээр л оргомоор санагдаад байсан болохоор тэгсэн юм” гэж хэлж байсан... би 2 дахь орголтынх нь дараа Эөөс “Чи яагаад ингээд байгаа юм бэ гэж асуухад би ийм үйлдэл гаргасандаа Дулаанжаргал даргаас айгаад оргочихсон юм гэж хэлж байсан....” гэсэн мэдүүлэг, гэрч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр би тавиуланд 2 гэдэг нэртэй газар 24 цагийн үүрэг гүйцэтгэж байтал 20 цагийн үед ангиас над руу залгаад нэг байлдагч оргочихоод байна чи хариуцсан газартаа үзээдэх гэж хэлсний дагуу ....1 инженерийн техникийн таг нь онгорхой байсан тэрийг очоод үзтэл Э дотор нь байж байсан...” гэсэн мэдүүлэг,
гэрч М.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 04-ний орой 20 цагийн үед ... ангиас залгаад Э байлдагч оргосон байна яаралтай анги дээр ир гэж мэдэгдсэний дагуу анги дээр очсон... Хүрээ 4 байгууламж руу очиж шалгахад мөр олдсон тэр мөрийгөө хөөгөөд явж байтал инженерийн техникийн хаалга онгорхой байсан. Тэгээд очоод үзтэл Э дотор нь байж байсан... 2019 оны 09 дүгээр сарын 07-ны үүрээр 6 цагийн үед гэртээ унтаж байтал над руу ангиас залгаад Э оргочихсон байна яаралтай ир гэж хэлсэн......" гэсэн мэдүүлэг,
мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт , Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Эийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Гэрч А.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ангийн зүгээс ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ... Э намайг энд ажиллахаар ирэхэд Улаанбаатар хотын Цэргийн төв эмнэлэг рүү хэвтэн эмчлүүлэхээр явсан байсан ба тэрнээс хойш эрүүл мэндийн шалтгаантай байж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тушаал гарч албанаас чөлөөлсөн...” гэсэн мэдүүлэг болон 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Зэвсэгт Хүчний ...дугаар ангийн захирагчийн Б/306 дугаар тушаалаар шүүгдэгч М.Э нь өвчний учир цэргийн албанаас чөлөөлөгдсөн болох нь тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал,анх удаа гэмт хэрэг үйлдсэн/,бусдад учруулсан хохиролгүй, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурор,өмгөөлөгчийн санал, өвчний учир цэргийн албанаас чөлөөлөгдсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн ...ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ...хариуцан хөтөлнө гэж заасан тул шүүгдэгчийн оршин суух Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч М.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч М.Э нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 34-р тал/ тогтоогдож байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эөд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар хяналт тавьж ажиллахыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эөд тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН