Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1714

 

 

 

 

 

 

                                                                                               

 

 

“Отто” СӨХ-ны нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/01817 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Отто” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Отгонбаярт холбогдох

 

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1 037 570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Ч.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Шүрхүү,

Хариуцагч: Ч.Отгонбаяр,

Хариуцагчийн өмгөөлөгч: С.Сүхболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Даваажав нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Отто сууц өмчлөгчдийн холбоо нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд Ар хороолол дахь орон сууцыг хариуцан ажилладаг. “Отто” Сууц өмчлөгчдийн холбооны 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын 02 тоот тогтоолоор 2013 оны 01 дүгээр сараас эхлэн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд дотоод нөөц бололцоог ашиглан 13 орцонд их засвар хийлгэх, байр болгоны гадна талд зориулалтын хогын савтай болгох, гадна дотор гэрэл гэрэлтүүлгүүдийг сайжруулан шинэчлэх, орцны гаднах болон доторх хаалгыг солих, коджуулах, үйлчлэгч жижүүрүүдийн ажиллаж амьдрах нөхцлийг сайжруулан ариун цэврийн өрөөтэй болгосон зэрэг нилээдгүй ажлуудыг хийж ирсэн. Хариуцагч Ч.Отгонбаяр нь 3а байр 48 тоот хаягт оршин суудаг бөгөөд 2007-2017 оны 04 дүгээр сарыг дуустал хугацааны сууц өмчлөгчдийн холбооны зардал 1 037 570 төгрөгийг төлөөгүй. Хуульд зааснаар нийтийн ашиглалтын өмч хөрөнгө гэж байдаг бөгөөд эдгээр хөрөнгөд тухайн барилгын шугам сүлжээ, орц, цэвэрлэгээ гэх мэт ордог. Тухайн байрны оршин суугчид нь нийтийн зориулалттай өмч хөрөнгийг ашигласан төлбөрөө төлөх үүрэгтэй тухай заалт хуульд заасан. Сууц өмчлөгдчийн холбоо бүх гишүүдийн 50 хувийн саналаар үүсгэн байгуулагдаж, гүйцэтгэх захирал томилон ажиллуулж, хурлаа хийж тайлангаа тавьдаг. Бүх гишүүдийн хурал, тайлан хэлэлцэх хуралд хариуцагч Ч.Отгонбаяр ирдэггүй. Байранд жижүүр ажиллаж орц хонгилыг цэвэрлээд явж байна. Холбоо орцны хаалгыг сольж коджуулсан. Бид санхүүгийн байдлаа харгалзан дээвэр засах, орцны засвар үйлчилгээг ээлж дарааллан хийж байна. Хамгаалалт суурилуулах, үлдсэн байрнуудын дээврийг засах зэргийг санхүүгийн асуудлаар шийдвэрлэдэг. Ч.Отгонбаяр сууц өмчлөгдчийн холбооны үйлчилгээг авч байгаа мөртлөө төлбөрөө төлдөггүй. Бид гишүүдийн хурал хийх, тайлангийн хурал хийх зарыг оршин суугчид мэдэгдэл өгч мэдэгдэн жижүүрүүд хаалгыг нь тогшин хурлын зарыг хэлдэг. Тайланг бүх айлаар хувилан тараадаг. 2013 онд гүйцэтгэх захирал болсноос хойш би энэ айлаас төлбөр нэхэж байгаа. Иймд хариуцагч Ч.Отгонбаяраас 1 037 570 төгрөг, тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.Отгонбаяр миний бие нэхэмжлэлд дурдсан хаягт амьдарч байхдаа агааржуулагчийн хоолой даган дээврээс цас борооны ус жилийн жилд гоожиж, дулааны улиралд орон гэргүй хүмүүс дээвэр дээр амьдарч байгаа талаар контор, сууц өмчлөгчдийн холбоонд мэдэгдэж байсан боловч арга хэмжээ аваагүй. Энэ нь эд материалын болон сэтгэл санааны хохирол учруулсаар байдаг. Би энэ сууц өмчлөгчдийн холбоог сонгоогүй, хуралд нь оролцоогүй, Б.Шүрхүү гэж хүнийг захирлаар сонгоогүй. Миний хувьд Үндсэн хуульд заасан эрхийн дагуу ямар холбоонд нэгдэх эрхээ өөрөө шийдэх бүрэн эрхтэй. Би заавал энэ сууц өмчлөгчдийн холбооноос үйлчилгээ авах албагүй бөгөөд энэ нь миний сонголтын эрхийн асуудал. Энэ сууц өмчлөгчдийн холбоо хуулийн этгээдийн эрхтэй юу, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй юу гэдэг асуудал энд яригдана. Сууц өмчлөгчдийн холбоонд Татварын шалгалт оруулах хүсэлтэй байна. Энэ холбоонд намайг албадан оруулж мөнгө нэхэмжлэх эрх байхгүй. Манай орцонд жижүүр ажилладаггүй. Хаалга үүд шинэчиллээ гэж ярьж байна. Анх төмөр хаалга байсныг сольж ямар ч элэгдэл хорогдолгүй зүгээр байсан хаалгыг солих шаардлага байгаагүй. Хуучин хаалгыг авч шатны хөндийг хааж цоожилсон. Байранд жижүүр ажиллаж тэндээ ТҮЦ ажиллуулдаг. Жижүүр тусдаа хөлс авдгийг ойлгохгүй байна. Дээвэр дээр хонодог хүмүүсийг би цагдаа дуудна гэж айлгаж байж буулгасан. Явган хүний зам дээр байнга машин тавьдаг. Энэ нь хүний эрхийг зөрчиж зам тээврийн осол гарах нөхцлийг 100 хувь бүрдүүлж байна. Би сууц өмчлөгчдийн холбооны хуралд суугаагүй, сонгоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар  зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Отгонбаяраас 366 480 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Отто” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, үлдэх 671 090 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 451 68 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Отгонбаяраас 11 644 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Отто” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ч.Отгонбаяр давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах шалтгаанаар давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

“Отто” СӨХ-ноос анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргасан 2014-2016 оны санхүүгийн тайлан тамга тэмдэггүй, тайлан бодсон нягтлан бодогчийн гарын үсэггүй байна. Хаан болон Төрийн банкны хуулгыг нотариатаар баталгаажуулаагүй. СӨХ-ны мөнгийг давтамжтайгаар нэмж байгаа атлаа шалтгаанаа баримтаар нотлоогүй, СӨХ-ны дээд зөвлөлийн зөвшөөрөл байхгүй. “Отто” СӨХ-ноос өгсөн нэхэмжлэл санхүүгийн тамгагүй, гарын үсэггүй. “Отто” СӨХ-ны удирдах зөвлөлийн шийдвэр дээр гарын үсэг зурсан гишүүдийн холбогдох утасны дугаар байхгүй, тамгагүй. “Отто” СӨХ-ноос нэхэмжлэлд дурдагдсан дүнгийн задаргааг гаргаж өгөх хүсэлт тавихад гаргаж өгөөгүй “Отто” СӨХ-ны дарга нөхөр Шүрхүүгийн нэр уг холбооны гэрчилгээн дээр бичигдсэн хуулбарт хавсаргагдаагүй. Тус орон сууц лифтгүй байтал 1 орцонд байдаг ижил талбайтай айлуудаас СӨХ-ны төлбөрийг өөр өөр дүнгээр авч байгаа тул “Санхүүгийн шинжээч” томилон шалгуулахыг хүсч байна ...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “Отто” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ч.Отгонбаярт холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардалд 1 037 570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

            Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6 дахь хэсэгт “Сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, орон сууцны байшингийн харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох журмыг сууц өмчлөгчдийн холбооны дүрэмд заавал тусгана”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналааар шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

 

            Хариуцагч Ч.Отгонбаяр нь “...нэхэмжлэлд хавсаргасан санхүүгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, дүнгийн задаргаа нь тодорхойгүй” гэж маргасан байх ба хэрэгт дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг шийдвэрлэсэн сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын шийдвэр хэрэгт авагдаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зардлын хэмжээний талаар хариуцагч маргасан байхад шүүх энэ талаар тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна.

 

            Түүнчлэн хэрэгт авагдсан “Отто” сууц өмчлөгчдийн холбооны дүрэм, орон сууцны төлбөр, нэхэмжлэх гэх бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шүүхэд эхээр, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагад нийцээгүй байна.. /хх 6-8, 13-22/

 

            Мөн хариуцагчийн тайлбарт агуулагдаж буй нэхэмжлэлийн үнийн дүнгийн задаргааг үзэж танилцах талаар гаргасан хүсэлт /хх 27, 28/-ийг шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй гэж үзнэ.

 

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх замаар маргааны үйл баримтыг тогтоох, шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/01817 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Отгонбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ

 

                                     ШҮҮГЧИД                                        Ч.ЦЭНД

                                                                                                   

                                                                                              Д.ЦОГТСАЙХАН