Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга П.Пүрэвсүрэн,

Улсын яллагч С.Болорчулуун,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа

Шүүгдэгч Н.Борчулуун нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгин овогт Нямаамаагийн Борчулуунд холбогдох эрүүгийн 201610010123 тоот хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Цагаан Овоо гэх газар оршин суух, 2009 оны 05 сарын 01-ний өдөр Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Боржгин овогт Нямаамаагийн Борчулуун /РД: ЛМ92031912/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Н.Борчулуун нь шууд санаатай үйлдлээр, шунахайн сэдэлтээр 2016 оны 06 сарын 17-ны шөнө 02 цагийн орчим Замын-Үүд сум 1-р баг, 1-р хэсэгт байрлах Хангарьд хүнсний дэлгүүрийн арын нийтийн байранд оршин суух иргэн Ч.Бат-Эрдэний гэрт нэвтрэн орж 14 инчийн ЛСД зурагт, 41 размерийн пүүзэн гутал 1 хос, 1 симтэй саарал өнгийн гар утас зэргийг хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 242.472 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 07 сарын 11-ний өдрөөс 2016 оны 08 сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд Булган аймгийн Сэлэнгэ суманд оршин суух Л.Батцэнгэлийн гэрт орогнож, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийн оргон зайлсан гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Н.Борчулуун мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 06 сарын 16-наас 17-нд шилжих шөнө 02 цагийн үед Замын-Үүд сумын 1-р баг, 1-р хэсэг Хангарьд хүнсний дэлгүүрийн арын нийтийн байранд байдаг айлд орж айлын гэрээс 14 инчийн ЛСД зурагт 1 ширхэг, 41 размерийн пүүзэн гутал 1 хос, сараал өнгийн 1 сим ордог гар утас зэргийг хулгайлсан. Хулгайн гэмт хэрэг үйлдэн мөрдөн байцаагч дээр шалгагдаж байх үедээ батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Би батлан даалтанд байхдаа таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах үед мөрдөн байцаалтнаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн. 2016 оны 07 сард наадмын өмнө Замын-Үүдээс явж Улаанбаатар хот орсон, хотод очоод Налайх дүүргийн тоосгоны үйлдвэрт хэд хоног болоод өөрийн төрсөн дүү болох Отгонтөгсийн хадам ээжтэй нь утсаар холбогдон Орхон аймаг Эрдэнэт хотоос хойш Хялгант тосгонд очиж малыг нь маллаж байсан юм. Би өөрийн төрсөн дүү Отгонтөгсөд хаана очиж байгаа талаараа хэлээгүй байсан юм. Мөн Отгонтөгсийн хадам ээжид нь гэмт хэрэгт холбогдсон талаараа хэлж яриагүй. Отгонтөгсийн хадам ээжид өөрийгөө танилцуулахдаа Отгонтөгсийн хамаатан садан төрлийн хүн гэж хэлсэн. Би очихдоо ганцаараа очсон. Би айж сандарсандаа мөрдөн байцаалтнаас оргож, зориуд зайлсхийсэн юм, өөр ямар нэгэн асуудал байхгүй. Манай дүү Отгонтөгс намайг хүргэж өгөөгүй, Отгонтөгс намайг хадмуудтайгаа холбож өгөөгүй, би өөрөө хадам ээжтэй нь утсаар яриад яваад очсон. Би Хялгантад очоод хэнтэй ч холбоо бариагүй.Тухайн үед айлаас хулгай хийж яваад энгийн хувцастай цагдаагийн ажилтантай таарсан, тэгээд зугтаж явах үедээ утсыг нь унагаасан байна лээ, хаана хаясан унагаасан гэдгээ мэдэхгүй байна. Би зурагт, пүүзэн гутлыг цагдаад хүлээлгэж өгсөн гэв.   

-Хохирогч Ч.Бат-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би 2016 оны 06 сарын 16-ны өдөр ажлаасаа 21 цагийн үед буугаад өөрийн амьдарч байгаа Хангарьд хүнсний дэлгүүрийн арын нийтийн байрны 1 тоотод очиж өөрийн танил Пүүжээ гэх залуугийн хамт 0,33 л 1 шил архи хувааж уучихаад, Пүүжээг манай гэрээс явсаны дараа байрныхаа хаалгыг онгойлгоод зурагт харж хэвтэж байгаад унтаж амарсан. Тухайн үед байшин дотор их халуун байсан болохоор хаалгаа онгойлгоод л унтсан юм. Харин намайг унтаад 07 цагийн үед сэрэхэд манай гэрээс 14 инчийн зурагт, пүүзэн гутал болон миний гар утас хулгайд алдагдсан байсан. Тухайн үед би ажилтай байсан болохоор ажил руугаа яараад явчихсан байсан бөгөөд намайг ажил дээрээ байхад цагдаагаас ярьж хулгайд алдагдсан эд зүйлийг чинь олчихлоо гэж хэлсэн. Манай гэрээс MGM нэртэй хар өнгийн нимгэн дэлгэцтэй, дотроо CD, DVD тоглуулагчтай зурагт алдагдсан, уг зурагтыг одоогоос 1 жилийн өмнө Улаанбаатар хотоос 300.000 төгрөгөөр худалдан авсан, 1 симтэй товчлууртай БНХАУ-д үйлдвэрлэгдсэн гар утсыг 2015 оны 12 сард Эрээн хотоос 40.000 төгрөгөөр худалдан авсан, харин пүүзэн гутлыг 2015 оны 07 сард 150.000 төгрөгөөр Улаанбаатар хотоос худалдан авсан, саарал өнгийн зуны сетгэн 41 размерийн чанар сайтай гутал байсан. ...Би өөрийн эд зүйлийг бүрэн бүтнээр нь хүлээн авсан, гар утсыг нэхэмжлэх шаардлага байхгүй. Одоо надад буруутай этгээдээс нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй гэжээ. /хх-ийн 12-15/

-Гэрч Н.Отгонтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би өөрийн төрсөн ах Борчулууныг анх Цагдаагийн байгууллагад шалгагдах үед нь өөрийн хүсэлтээр батлан даалтанд авсан. Борчулуун ах маань Замын-Үүд суманд байхдаа манай гэрт байдаг байсан юм, тухайн үедээ манай нөхөр Ганбаяртай хамт ачаанд орж мөнгө олдог байсан. Харин 2016 оны 07 сарын эхээр архи уучихаад нөхөр бид хоёртой маргалдаад манай гэрээс гараад явсан. Тухайн үед Амарын гудамжинд байх Энхсайханы гэрт очино гэж байсан. Тэгээд л дахиж манай гэрт ирээгүй. Тухайн үед хаана байгаа юм бол гэж бодоод Замын-Үүд сумаар хайсан боловч олдоогүй, Энхсайханы гэрт очоод 2 хоног болчихоод явсан гэж байсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй. Би өөрийн төрсөн ах Борчулууныг Цагдаагийн байгууллагаас ингээд оргож явна гэж бодоогүй гэжээ. ....Энэ хэрэг болохоос өмнө хавар надаас манай хадмуудын утсыг нэг удаа ах Борчулуун асууж байсан бөгөөд танай хадмууд чинь хөдөө малтай байдаг гэсэн биз дээ гэж байсан юм. Тэр үед би хадмуудын утсыг өгч байсан. Хэрэг болсноос хойш надаас ямар нэгэн хүний утас асууж ийшээ явлаа тийшээ явлаа гэж ярьж байгаагүй. Ах Замын-Үүдэд ачаа зөөх бараа буулгах ажил хийх хэцүү юм байна, тэгээд ч тодорхой байх байр сууцгүй хэцүү байна, би энэ хэрэг төвгөөс салаад танай хадмууд дээр чинь очиж малыг нь маллаж өгдөг юм билүү чи нэг утсаар хэлээч гэж байсан учраас би хадмуудтайгаа утсаар ярьж манай ах малд сайн хэрэв мал маллах хүн байвал авна биз дээ гэж хадам ээжтэй утсаар ярьсан. Түүнээс биш би ах Н.Борчулууныг хэргээс нь зугтаалгах гэж хадамтай яриагүй. Би өөрөө даалтанд авсан, хэрэв батлан даагч дааж авсан хүнээ авчирж чадахгүй алга болговол хариуцлага хүлээдэг, хэрэгт шалгагдаж байгаа хүн хэргээс оргон зайлвал ял нэмж сонсдог гэдгийг мөрдөн байцаагч надад хэлж ойлгуулсан учраас би ахыг хэргээс оргуулах санаа бодол байхгүй гэжээ.  /хх-ийн 17, 82/

-Гэрч Д.Цэвэлмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ...Манай хүүгийн эхнэр Отгоо надтай утсаар холбогдож ярьдаг байсан бөгөөд 2016 оны 07 сарын эхээр наадмын өмнө надруу утсаар залгаад манай хамаатны нэг ах байдаг юм, аав, ээж нь зуданд малаа алдчихсан юм одоо Замын-Үүд суманд барилга дээр ажилласан боловч цалин мөнгийг нь өгөхгүй байна, өөрөө хөдөө байх сонирхолтой байдаг юм танай хөдөө гэр лүү явуулж мал маллуулж та хоёрт туслуулъя гэж хэлсэн. Одоохондоо цалин мөнгө өгөхгүй малаа маллуулж хавраас л цалинжуулж ажиллуулаарай гэж ярьхаар нь за тэгвэл наад хүнээ явуулж болно гэж хэлсэн. Түүнээс хойш 20 орчим хоногийн дараа над руу нэг хүн утсаар залгаад би Отгоогийн явуулсан хүн байна одоо вагонд суугаад очиж байна гэж хэлсэн. Тэгээд л Борчулууныг Хялгант тосгоноос тосч аваад хөдөө гэртээ байлгах болсон. Тухайн үед Борчулуун ганцаараа суудлаар ирсэн. Борчулуун нь их дуу цөөнтэй хүүхэд байсан. Манай хонь малыг хааяа нэг хараал байж байдаг байсан гэжээ. /хх-ийн 18-19/

-Гэрч Д.Гандаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 06 сарын 16-наас 17-ны шөнө 02 цагийн орчимд Замын-Үүд сумын төвд эрүүгийн төлөөлөгч Раднаахандын хамт машинтай явж байтал, сумын 1-р баг 116 дугаар байрны харалдаа Хангарьд хүнсний дэлгүүр талаас зурагт тэвэрсэн нэг залуу ганцаараа зам хөндлөн гүйгээд гарахаар нь машинаа буцаж эргүүлээд 116-р байрны баруун талд эрүүгийн төлөөлөгч Раднаахандыг буулгаад би машинтайгаа 116-р байрны зүүн талаар нь тойрч Раднааханд баруун талаар нь нөгөө хүний араас нь гүйсэн. Раднааханд саяны залуу орцны үүдэнд зурагтаа хаяад хойшоо зугтаачихлаа гэж хэлэхээр нь бид хоёр тэр байрны орчмоор хайгаад олоогүй. Түүнээс хойш 10-20 минутын дараа 116 дугаар байрны урд талд нэг эрэгтэй хүн явж байхаар нь шалгах гээд яваад очтол гартаа барьж явсан тортой зүйлээ хаяад зугтаасан. Тэр торон дотор ногоон өнгийн пүүзэн гутал байсан ба тэр хүний араас гүйгээд гүйцээгүй учраас тэр орчмоор хайгаад олоогүй. Тэгээд Раднааханд бид хоёр 116 дугаар байрны подвальд орж очоод сууж байтал хэсэг хугацааны дараа нэг залуу ороод ирэхээр нь бариад автал зурагт болон тортой эд зүйл хаяад зугтаасан залуу мөн байсан. Раднааханд бид хоёр тэр залууг барьж аваад цагдаагийн жижүүр лүү утсаар залгаж дуудлага өгөн тэр залууг барьж явсан эд зүйлтэй нь өгч явуулсан. Цагдаагийн хэлтэс дээр ирээд тэр залууг хэн болохыг шалгаж үзэхэд 1992 оны 03 сарын 19-нд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн Нямаамаагийн Борчулуун гэдэг залуу байсан ба урьд нь ял шийтгүүлж байсан нь сангаар харагдаж байсан. Н.Борчулуунаас асуухад өөрөө Замын-Үүд сумын 1-р баг 1-р хэсэг Хангарьд хүнсний дэлгүүрийн арын нийтийн байранд айлын гэрт хулгайгаар орж 14 инчийн LCD зурагт 1 ширхэг, 41 размерийн гутал 1 хос, гар утас хулгайлсан гэж ярьсан. Энэ талаар тодруулахад би бааранд найзуудтайгаа сууж байгаад гэрлүүгээ харих гээд Хангарьд дэлгүүрийн хажуугаар явж байтал хажуу талын нийтийн байрны хаалга онгорхой байхаар нь ороход нэг хүн согтуу унтаж байхаар нь гэрийх нь хананд өлгөөтэй байсан зурагт, гутлын тавиур дээр байсан пүүзэн гутлыг аваад гарах үед залгуурт цэнэглэж байсан саарал өнгийн гар утас харагдахаар нь мөн түүнийг хулгайлан авч гэрээс нь гарсан. Би цагдаа таарах үед барьж явсан зурагтаа орцны үүдэнд хаяад зугтаах замдаа гар утсыг гээчихсэн байсан, харин дахин хүн ирэхээр нь тортой гутлаа хаяад зугтаасан, тэгээд буцаж байрны орц руу орж байгаад цагдаад баригдсан гэж ярьсан. Би Н.Борчулууны авч явсан эд зүйлийг хураан авч тэмдэглэл үйлдсэн. Хураан авсан эд зүйл гэвэл 14 инчийн хавтгай дэлгэцтэй MGM гэсэн бичигтэй зурагт 1 ширхэг, ногоон өнгийн пүүзэн гутал 1 хосыг хураан авсан. Хэргийн утга дээр нь зурагт 1 ширхэг, 41 размерийн гутал 1 хос, 1 симтэй сарал өнгийн утас алдсан гэж бичсэн байсан ба хохирогч алдсан эд зүйлүүдээ ингэж нэрлэсэн мөн Н.Борчулууны өгсөн тайлбартай таарч байгаа. Харин гар утсыг Н.Борчулуун зурагт орцны үүдэнд хаяад зугтаах үедээ хаясан, хаана унагаасан гэдгээ мэдэхгүй байна гэж хэлсэн. Тухайн үед барьж явсан эд зүйл болон биед үзлэг хийхэд гар утас гарч ирээгүй, байгаагүй гэжээ. /хх-ийн 75-76/     

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

-Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 4, 8/

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 9/

- Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний тайлан /хх-ийн 27-34/

-Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай Я/09 дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 39-40/

-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 47/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/

-Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 05 сарын 01-ний өдрийн 43  тоот шийтгэх тогтоол /хх-ийн 49-51/

- Шүүгдэгчийг эрэн сурвалжлалт зарласан баримт /хх-ийн 53-55/

-Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 83-84/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Шүүгдэгч Н.Борчулуун нь шууд санаатай үйлдлээр, шунахайн сэдэлтээр 2016 оны 06 сарын 17-ны шөнө 02 цагийн орчим Замын-Үүд сум 1-р баг 1-р хэсгийн Хангарьд хүнсний дэлгүүрийн арын нийтийн байранд оршин суух иргэн Ч.Бат-Эрдэний гэрт нэвтрэн орж 14 инчийн ЛСД зурагт, 41 размерийн пүүзэн гутал 1 хос, 1 симтэй саарал өнгийн гар утас зэргийг хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 242.472 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 07 сарын 11-ний өдрөөс 2016 оны 08 сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд Булган аймгийн Сэлэнгэ суманд оршин суух Л.Батцэнгэлийн гэрт орогнож, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийн оргон зайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч Ч.Бат-Эрдэний “...намайг унтаад 07 цагийн үед сэрэхэд манай гэрээс 14 инчийн зурагт, пүүзэн гутал болон миний гар утас хулгайд алдагдсан байсан. ... Би өөрийн эд зүйлийг бүрэн бүтнээр нь хүлээн авсан, гар утсыг нэхэмжлэх шаардлага байхгүй. Одоо надад буруутай этгээдээс нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэг гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12-15/, гэрч Н.Отгонтөгсийн “...Ах Замын-Үүдэд ачаа зөөх бараа буулгах ажил хийх хэцүү юм байна, тэгээд ч тодорхой байх байр сууцгүй хэцүү байна, би энэ хэрэг төвгөөс салаад танай хадмууд дээр чинь очиж малыг нь маллаж өгдөг юм билүү чи нэг утсаар хэлээч гэж байсан учраас би хадмуудтайгаа утсаар ярьж манай ах малд сайн хэрэв мал маллах хүн байвал авна биз дээ гэж хадам ээжтэй утсаар ярьсан. Түүнээс биш би ах Н.Борчулууныг хэргээс нь зугтаалгах гэж хадамтай яриагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 82/, гэрч Д.Цэвэлмаагийн “...Түүнээс хойш 20 орчим хоногийн дараа над руу нэг хүн утсаар залгаад би Отгоогийн явуулсан хүн байна одоо вагонд суугаад очиж байна гэж хэлсэн. Тэгээд л Борчулууныг Хялгант тосгоноос тосч аваад хөдөө гэртээ байлгах болсон. Тухайн үед Борчулуун ганцаараа суудлаар ирсэн. Борчулуун нь их дуу цөөнтэй хүүхэд байсан. Манай хонь малыг хааяа нэг хараал байж байдаг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, гэрч Д.Гандаваагийн “...Раднааханд саяны залуу орцны үүдэнд зурагтаа хаяад хойшоо зугтаачихлаа гэж хэлэхээр нь бид хоёр тэр байрны орчмоор хайгаад олоогүй. Түүнээс хойш 10-20 минутын дараа 116 дугаар байрны урд талд нэг эрэгтэй хүн явж байхаар нь шалгах гээд яваад очтол гартаа барьж явсан тортой зүйлээ хаяад зугтаасан. Тэр торон дотор ногоон өнгийн пүүзэн гутал байсан ба тэр хүний араас гүйгээд гүйцээгүй учраас тэр орчмоор хайгаад олоогүй. Тэгээд Раднааханд бид хоёр 116 дугаар байрны подвальд орж очоод сууж байтал хэсэг хугацааны дараа нэг залуу ороод ирэхээр нь бариад автал зурагт болон тортой эд зүйл хаяад зугтаасан залуу мөн байсан. Раднааханд бид хоёр тэр залууг барьж аваад цагдаагийн жижүүр лүү утсаар залгаж дуудлага өгөн тэр залууг барьж явсан эд зүйлтэй нь өгч явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/, эд зүйл шүүгдэгчээс хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 4, 8-9/, хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний тайлан /хх-ийн 27-34/,  шүүгдэгчийг эрэн сурвалжлалт зарласан баримт /хх-ийн 53-55/ болон бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Н.Борчулууны үйлдсэн хэрэгт нь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон тул ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь урьд нь 2009 оны 05 сарын 01-ний өдрийн 43 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 2 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан ялаар шийтгэгдэж байсан боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүй болох хугацаа дууссан тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгчид ял шийтгэлийг оногдуулахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, өрхийн орлогогүй, хувьд ногдох хөрөнгөгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзсан болно.

Хохирогч Ч.Бат-Эрдэнэ нь хулгайд алдагдсан эд зүйлээс 189.712 төгрөгийн үнэ бүхий 14 инчийн зурагт, 19.400 төгрөгийн үнэ бүхий пүүз зэргийг эргүүлэн авч хохирлоо барагдуулсан боловч 33.360 төгрөгийн үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 1 симтэй гар утасны хохирлыг шүүгдэгч Н.Борчулуун барагдуулаагүй нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбараар тогтоогдож байна. Хохирогч Ч.Бат-Эрдэнэ нь хулгайд алдсан гар утасны хохирлыг нэхэмжлэхгүй /хх-ийн 12-15/ гэж мэдүүлсэн байгаа боловч шүүгдэгчийн хувьд уг гар утас нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл байх тул Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар Н.Борчулуунаас гар утасны үнэ 33.360 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Боржгин овогт Нямаамаагийн Борчулууныг орон байранд нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг хулгайлсан, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Нямаамаагийн Борчулуунд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн  261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Борчулуунд оногдуудсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан биечлэн эдлэх ялгыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Борчулуунд оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Н.Борчулууны цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 121 дүгээр зүйлийн 121.4 дэх хэсэгт зааснаар хохирогч Ч.Бат-Эрдэнэ нь 33.360 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг хангаж баталсугай.

7. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Борчулуунаас 33.360 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Борчулуунд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ Э.БОЛОРМАА