Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/106

 

 

 

 

 

 

 

2020 оны  03 сарын 30 өдөр                           Дугаар 2020/ШЦТ/106                                          Зуунмод сум

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга М.Ариунтуяа,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А Б.Тд холбогдох эрүүгийн 2034001150143 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

      

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Баянхангай суманд 1992 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, Төв аймгийн Архуст сумын Ерөнхий боловсролын сургуулийн галч буюу машинист ажилтай гэх, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, А Б.Т

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Т нь согтуугаар, Төв аймгийн Архуст сумын Нарст 2 дугаар баг, Бумбатын 2-18 тоотод байх өөрийн гэртээ 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн орой бусадтай нийлж архидан согтуурч, улмаар Т.Мөнхбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь гараараа болон хөлөөрөө тус бүр нэг удаа цохиж зодон, эрүүл мэндэд нь “уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгарал,, 1 шүдний хугарал, 3 шүдний 2-р зэргийн сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т:

...2020 оны 01 дүгээр сарын 15-ны орой 5 цагаас ажилтай байгаа учраас гудамжинд явж байгаад галч Т.Мөнхбаатартай таарсан. Т.Мөнхбаатар нийлээд ганц юм уух уу гэхээр нь гээд дэлгүүрээс зээл авах гэсэн чинь өгөөгүй.  Гэрт ороод байж байсан орой 0,75 архитай согтуу орж ирээд гэрт тамхи татаад байсан. Эхнэр 2 хүүхэд байна гарч тат гэсэн чинь зуухан дээр тамхины иш хаясан. Хөгшөөн болио гараад татчих гэсэн чинь чам шиг хошноготой юм ярихгүй. Ганц паар хөлдөөсөний төлөө захиралд хэлж цалингийн 15 хувь хасууллаа гэсэн гээд гэрт орилоод байсан. Хоёр хүүхэд айгаад уйлаад намайг элдэв янзаар хэлээд дайраад байхаар нь би цохисон юм... гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 2034001150143 дугаартай хэрэгт хохирогч Т.Мөнхбаатар /хх-ийн 3-8 дугаар хуудас/, гэрч Т.Батхуяг /хх-ийн 11-12 дугаар хуудас/, гэрч Б.Ариунзул /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч Д.Дугарсүрэн /хх-ийн 17-18 дугаар хуудас/, гэрч Г.Лхагвасүрэн /хх-ийн 19-20 дугаар хуудас/, гэрч П.Гонирмаа /хх-ийн 22-23 дугаар хуудас/, гэрч М.Гэрэлзул /хх-ийн 24-27 дугаар хуудас/, яллагдагч Б.Т /хх-ийн 39-40 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 1947 дугаартай дүгнэлт / хх-ийн 29-30 дугаар хуудас/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, эд хөрөнгтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/, Төв аймгийн Архуст сумын Нарст багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45 дугаар хуудас/, Төв аймгийн Архуст сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын тушаалын хуулбар /хх-ийн 47 дугаар хуудас/, шүүгдэгчийн ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 48 дугаар хуудас/, хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 49-53 дугаар хуудас/, Би си медикал ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 60 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 66-67 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудсын хуулбар /хх-ийн 69 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Б.Т нь согтуугаар, Төв аймгийн Архуст сумын Нарст 2 дугаар баг, Бумбатын 2-18 тоотод байх өөрийн гэртээ 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн орой бусадтай нийлж архидан согтуурч, улмаар Т.Мөнхбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах хохирогч Т.Мөнхбаатарын ... Би хамт ажилладаг Т гэх залуутай Төв аймгийн Архуст сумын Нарст 2 дугаар баг, Бумбатын 2-18 тоотод байх гэрт нь архи ууж байгаад ажпын талаар ярилцан хоорондоо маргалдан Тд зодуулж Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Яасан гэхлээр тухайн орой 17 цагийн үед ажлаасаа буугаад Т, цэцэрлэгийн галч Батхуяг, Тамгын газрын галч Анхбаяр нартай таарч юм ярилцаж байгаад ганц шил архи хувааж ууя цалин буухаар хуваагаад төлье гэсэн. Би Тунгаа эгчийн дэлгүүр орж 0,75 граммын Хараа нэртэй архи авч дэлгүүрээс гарахад Анхбаяр, Т, Батхуяг нар Тгийн гэр лүү орж байсан. Араас би гэрт нь орж архи уусан. Гэрт нь Тгийн эхнэр Ариунзул хүүхдүүдтэйгээ байсан. Тал хүртэл нь хувааж ууж байгаад ажлын талаар Ттэй маргалдаж байхад Т босож ирээд шанаа руу гараараа цохиж унагаан газар унахад нүүр лүү өшиглөхөд үүдэн шүдний хиймэл 3 шүд унаж, 1 шүд унасан, доод талын үүдэн шүдний 1 шүд хугарч, 1 шүд унасан 3 шүд хөдөлсөн, доод уруул сэтэрсэн. Тэгээд би цагдаад очиж мэдэгдэн сумын эрүүл мэндийн төвд очиж үзүүлэхэд манай эмнэлэгт оёо хийхгүй Улаанбаатар хот орж оёо хийлгэ гэсэн. Тухайн шөнөдөө Улаанбаатар хот орж гэмтлийн эмнэлэгт оёо тавиулаад, нэгдсэн нэгдүгээр эмнэлэгт шүдээ үзүүлэн маргааш очиж янзлуулахаар болсон. Одоог хүртэл янзлуулаагүй байна... ...Дугарсүрэн, Гантөмөр нар байсан. Сүүлд ирсэн хоёулаа цэцэрлэгийн галч өөр хүн байгаагүй... ....Бүгдээрээ архи уусан байсан... ...Би ажлаа тараад Анхбаяртай хамт 2 литрийн Нийслэл нэртэй пиво уусан дэлгүүрээс 75 граммын хараа нэртэй архи авч Тгийн гэрт орж зургуулаа тал хүртэл нь хувааж уусан... ...Т босож ирээд шанаа руу зүүн гараараа цохиж унагаан газар унахад нүүр лүү хөлөөрөө өшиглөхөд үүдэн шүдний хиймэл 3 шүд унаж, эрүүл 1 шүд унасан, доод талын үүдэн шүдний эрүүл 1 шүд хугарч, эрүүл 1 шүд унасан, 3 шүд хөдөлсөн, доод уруул сэтэрсэн... ...Т л зодсон өөр хүн надад гар хүрээгүй.... ...Сургуулийн гал ч нар урьд өмнө паар хөлдөхөөр дарга удирдлага нарт мэдэгдэлгүйгээр янзалдаг байсан саяхан миний ээлжинд хэсэг газар паар хөлдөхөд Т сургуулийн захиралд мэдэгдсэн байсан. Тэрнээс болж маргалдсан. Түүнээс бид хоёрын дунд өс хонзон өр авлага байхгүй... ...Эмчилгээний мөнгөө гаргуулж авмаар байна.... ... Б.Т миний шанаа тус газарт гараараа нэг удаа цохиж зодоод бид хоёр барьцалдаад газар унаад Т түрүүлж босоод гуталтай хөлөөрөө уруул хэсэг рүү нэг удаа өшиглөсөн...Надад гомдол санал гэх зүйл байхгүй байна хохирол мөнгө төлүүлэх саналтай байна... / хх-ийн 5-8 дугаар хуудас/,

гэрч Т.Батхуягийн ... 2020 оны 01 дүгээр сарын 25-ны орой Дугараа ахын гэрт очоод гэр лүүгээ буцаж яваад Мөнхбаатартай таараад бид хоёр мөнгө нийлүүлж байгаад архи авч ууя гэж ярилцаад явж байсан. Удалгүй Т, Анхбаяр хоёртой таараад бид нар ярилцаад нэг шил архи авахаар болж Мөнхбаатар би дэлгүүрээс 1 шил архи зээлээд ирье гэсэн. Мөнхбаатарыг дэлгүүр орох хооронд бид гурав Төв аймгийн Архуст сумын Нарст 2 дугаар баг, Бумбатын 2-18 тоотод байх Тгийн гэр лүү явсан удалгүй Мөнхбаатар Хараа нэртэй 0,75 граммын архи авчран тойруулж уусан. Нэг нэг татаад сууж байтал Т, Мөнхбаатар нар ажпынхаа талаар маргалдаж байснаа Т Мөнхбаатарыг сууж байхад нь шанаан тус хэсэгт гараараа цохисон. Анхбаяр дундуур нь орж салган цааш түлхэхэд Т Мөнхбаатарын нүүр лүү өшиглөсөн. Мөнхбаатар шүд хугалчихлаа гээд нүүрээ дараад байсан. Ам, уруулнаас нь цус гараад Тгийн гэрт нүүрээ угааж байгаад гарсан. Бид нар ч удалгүй салцгаасан... ...Би архи уугаагүй эрүүл байсан.... ...Т Мөнхбаатарыг сууж байхад нь шанаан тус хэсэгт гараараа цохисон. Анхбаяр дундуур нь орж салган цааш түлхэхэд Т Мөнхбаатарын нүүр лүү өшиглөсөн. Мөнхбаатар шүд хугалчихлаа гээд нүүрээ дараад байсан... ....ажил дээрээ сургуулийн паар хөлдөөгөөд тэрнээс болж маргалдан Т Мөнхбаатарыг зодсон байна лээ... /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

гэрч Г.Лхагвасүрэнгийн ... 2020 оны 01 дүгээр сарын 25-ны орой 19 цагийн үед манай нөхөр Мөнхбаатар утсаар залгаад чи хүрээд ир би эмнэлэг дээр байна шүдээ цохиулчихлаа гэсэн. Яваад очиход эмч Гэрэлзул, сувилагч Тогмормаа гарч байсан нөхөртэй уулзахад Тд зодуулсан гэж байсан. Уруул нь язарсан цус гарсан тогтохгүй, хиймэл 3 шүд нь огт байхгүй эмч суларсан байсан 2 шүд нь унасан гээд 2 шүдийг нь надад өгсөн. Эмч хэлэхдээ гэмтлийн эмнэлэг рүү авч оч манай эмнэлэг нарийн оёдол тавихгүй гэж байсан тэгээд тухайн орой шууд гэмтлийн эмнэлэг орж 6 оёдол тавиад хувийн шүдний эмнэлэгт шүдний зураг авахуулахад доод талын үүдний 4 шүд хөдөлсөн бэхлэх шаардлагатай. Дээд үүдэн шүдний хуучин хиймэл 3 шүд хийлгэх, хоёр энгийн шүд хийлгэх 2 металл шүд хийлгэх шаардлагатай гэсэн тухайн өдөр шүүх эмнэлэгт үзүүлсэн... /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

гэрч П.Тонирмаагийн ... Тухайн үед би ЭМТ-д оройны ээлжийн сувилагчаар гарч байсан. 2020 оны 01 дүгээр сарын 25-ны 20 цаг 30 минутын орчимд сургуулийн галч Мөнхбаатар хүнд зодуулсан гээд уруул амаа дарсан амнаас нь цус гарсан орж ирсэн. Гаднах цусыг нь угааж амыг нь ангайлган харахад урд уруулан дотор тал язарч зүсэгдсэн дээд үүдэн шүдний хиймэлтэй хиймэл шүдээ олоогүй гээд байсан. Тэр хавийг нь шарикаар цэвэрлэж байхад дээд талын үүдэн 1 шүд унасан доод талын үүдэн шүд ташраараа хөдөлж суларсан болохоор нь бариул гэж хэлээд тухайн өдөр гарч байсан эмч Гэрэлзулыг дуудаж үзүүлсэн... ...Т.Мөнхбаатар хамт ажилладаг галч Б.Тд ажпын талаар ярилцаж муудалцан зодсон гэж байсан. Хаана зодуулсан талаар мэдээгүй... ...Өөр гэмтэл байгаагүй... /хх-ийн 21-23 дугаар хуудас/,

гэрч М.Гэрэлзулын ... Би тухайн өдөр жижүүр эмчээр үүрэг гүйцэтгэж байсан сувилагч Тонирмаа утсаар мэдэгдсэн 2020 оны 01 дүгээр сарын 25-ны 20 цагийн орчимд хүлээн авахад зодуулсан хүн ирлээ гэсэн би гэрээсээ гарч ажил дээр очиход сургуулийн галч Мөнхбаатар Б.Тд зодуулсан гээд байсан. Мөнхбаатарын амнаас цус гарсан байдалтай дээд талын үүдэн шүд унасан доод талын үүдэн шүд хөдөлсөн өвдөлттэй гар хүргэхгүй байсан. Цус тогтоох тариа, өвчин намдаах тариа хийж 13А маягтаар гэмтлийн эмнэлэг явуулсан... ...Мөнхбаатарын доод талын урууд 0,2 мм орчим язарсан цус гарсан дээд талын үүдэн шүдний 2 шүд унасан доод талын шүд унаагүй нилээн хөдөлгөөнтэй намайг гараар хүрэхээр өвдөөд байна гээд гар хүргэхгүй байсан... /хх-ийн 24-27 дугаар хуудас/,

яллагдагч Б.Тгийн ... Хүлээн зөвшөөрч байна... ...Төв аймгийн Архуст сумын төвд гэртээ байхад 2020 оны 01 сарын 25-ны орой 19 цагийн орчимд гаднаас Мөнхбаатар нэг шил архи барьсан орж ирээд намайг уух уу гээд тэгсэн гэрт байсан эхнэр Ариунзул Мөнхбаатарыг чи дандаа манайд архитай орж ирэх юм гээд уурласан. Мөнхбаатар манай эхнэрт Т шинээр ажилд орсон юм чинь нэг юм хуваагаад уучих гэсэн юм гээд Мөнхбаатар бид хоёр архи хуваагаад уугаад сууж байсан чинь Мөнхбаатар тамхи асаагаад гэрт татаад байсан. Тэгэхээр нь би гэрт тамхи татаад байсан чинь Мөнхбаатар тамхи асаагаад гэрт татаад байсан тэгэхээр нь би гэрт тамхи татаад байсан юм боль гэж хэлээд үнсний сав аавд өгсөн чинь авч өгсөн үнсний саванд тамхи унтраахгүй зуухан дээр тамхи унтраагаад байсан ба Мөнхбаатарыг яагаад байгаа юм бэ гэсэн чинь Мөнхбаатар чам шиг би хошного ухдаг хүн биш сургуулийн паар хөлдсөний төлөө захирал хэлээд хов зөөгөөд гэсэн. Тэгэхээр нь би хэлэлгүй яадаг юм бэ гэсэн тэгсэн хэрүүл болоод намайг Мөнхбаатар элдвээр хэлээд байсан гэрт байсан хоёр хүүхэд айгаад уйлаад би Мөнхбаатарыг гэрээс гараад учраа олъё гэсэн чинь гэрээс гарахгүй миний өөдөөс салаавч гаргаад хэл амаар доромжпоод байсан. Тэгэхээр нь би Мөнхбаатарыг цохиж зодож биед нь гэмтэл учруулсан... ...би гараараа шанаа тус газарт нэг удаа цохиод Мөнхбаатартай барьцалдаад бид хоёр газар унаад би түрүүлж босч ирээд Мөнхбаатарын уруул хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн... ...Тэгэхээр нь би Мөнхбаатарыг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 39-40 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

  шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №1947 дугаартай ... Т.Мөнхбаатарын биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгарал, 1 шүдний хугарал, 3 шүдний 2-р зэргийн сулрал бүхий хөнгөн хохирол учирсан талаарх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/ болон болон гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, эд хөрөнгтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/, Төв аймгийн Архуст сумын Нарст багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45 дугаар хуудас/, Төв аймгийн Архуст сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын тушаалын хуулбар /хх-ийн 47 дугаар хуудас/, шүүгдэгчийн ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 48 дугаар хуудас/, хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 49-53 дугаар хуудас/, Би си медикал ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 60 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 66-67 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудсын хуулбар /хх-ийн 69 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.  

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс дээрх үйл баримтад хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:   

Шүүгдэгч Б.Тгийн Төв аймгийн Архуст сумын Нарст 2 дугаар баг, Бумбатын 2-18 тоотод байх өөрийн гэртээ 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн орой бусадтай нийлж архидан согтуурч, улмаар Т.Мөнхбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь гараараа болон хөлөөрөө тус бүр нэг удаа цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнийг зодож цохих нь хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж өшиглөсөн, уг үйлдлээ өөрөө хүсч үйлдсэн, дээрх хөнгөн хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд шүүгдэгчийн хууль бус шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн шүүгдэгч Б.Т нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Тгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Мөнхбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Мөнхбаатар нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон бусад зардалтай холбоотой 598.750 /таван зуун ерэн найман мянга долоон зуун тавь/ төгрөг, мөн цаашид гарах эмчилгээний зардал тус тус нэхэмжилдэг ба эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон бусад зардалтай холбоотой баримт хавтас хэрэг авагдсан байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Тгээс хохирогч Т.Мөнхбаатарын эмчилгээний зардал болон бусад зардалтай холбоотой баримтаар нэхэмжилсэн 598.750 /таван зуун ерэн найман мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж, харин цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, шүүгдэгч Б.Тгээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Тд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл тодорхой хэмжээгээр нөлөөлснийг тус тус харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэмжээг хоёр зуун дөчин цагаар тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Тд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

мөн түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн 2034001150143 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний баримт бичиг болон бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

    

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг

    хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,

            36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2

               дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага

                                                болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А Б.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч А Б.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

     

4. Шүүгдэгч А Б.Тд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн 2034001150143 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.  

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А Б.Тгээс 598.750 /таван зуун ерэн найман мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж, хохирогч НД90050273 дугаарын регистртэй, Боржигон овгийн Туяагийн Мөнхбаатарт олгосугай.

 

7. Хохирогч НД90050273 дугаарын регистртэй, Боржигон овгийн Туяагийн Мөнхбаатар нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, шүүгдэгч А Б.Тгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай .

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН