| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2022/0037/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/37 |
| Огноо | 2022-03-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Б.Энхбаяр
Хохирогч Д.Баярсайхан
Хохирогчийн өмгөөлөгч Д.Уранчимэг
Шүүгдэгч С.Ууганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.Ууганбаярт холбогдох эрүүгийн 2232000000037 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, эмээгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар баг Худгийн №19 тоотод оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №138 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №49 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МЗ95061810/ Боржигон овогт Сэлэнгийн Ууганбаяр.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч С.Ууганбаяр нь 2022 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Сэвсүүлийн №37 тоотод иргэн Д.Баярсайхантай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ууганбаяр мэдүүлэхдээ: ... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.
Хохирогч Д.Баярсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Тухайн өдөр 15 цагийн үед бид хэд таараад манайд очсон. Манайд очихдоо 2 том пиво авч очсон. Би гадуур ажилтай явж байгаад очихдоо дахиад 1 пиво аваад очсон. Тэгээд тэрийгээ уугаад дахиж авч уугаад харанхуй болсон байсан. Би эхнэртэйгээ гарч бие засаад ороод ирэхэд Ууганбаяр манай охинтой ганцаараа байсан. Эхнэр чинь яасан юм бэ гэхэд сая машин ирээд аваад явсан гэсэн. Эхнэр бид хоёрыг гадаа байхад ямар ч машин ирээгүй би эхнэрийг нь гадаа нуугдсан юм болов уу гээд гарч хайхад байгаагүй. Тэгээд ахаа хоёулаа ганц юм уучихъя гэхээр нь би байж байг гээд дэлгүүрээс ганц юм авчирсан. Тэрийгээ уугаад байж хүүхэд айлгаад байхаар нь ахын дүү ах нь чамайг буудалд чинь хүргэж өгье аваад гарах гэтэл харанхуй амбаарт үгийн зөрүүгүй намайг цохиод унагаасан гэв.
Хохирогч Д.Баярсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн орчимд өөрийн эхнэр Сувд-Эрдэнийн хамт зах дээр явж байгаад эхнэрийн багийн найз болох Саранчимэг, түүний нөхөр болох Ууганбаяр нартай тааралдсан юм. Тэгээд бид 4 манай гэрт очиж 2.5 литрийн савтай 3 ширхэг пиво, 0.75 литрийн 1 шил Хараа архи, 0.5 литрийн 2 шил Хараа архийг хувааж ууцгаасан. Тэгээд би эхнэртэйгээ гарч бие засчхаад ороод ирсэн чинь манай гэрт сууж байсан Саранчимэг байхгүй гараад явчихсан байхаар нь би нөхөр болох Ууганбаяраас асуутал машин ирээд аваад явчихсан гэсэн. Тухайн үед намайг гадаа эхнэрийн хамт бие засаж байхад машин ирээгүй болохоор би гайхаад буцаж гараад Саранчимэгийг хашаан дотроо хайж үзтэл байхгүй байсан. Тэгээд би буцаж ороод Ууганбаяртай сүүлийн нэг шил архиа хувааж уугаад юм яриад сууж байтал Ууганбаяр манай хүүхдийг айлгаад байхаар нь би хүргэж өгөх гээд аваад гартал манай үүдний харанхуй амбаар дотор үг дуугүй миний амруу гараараа хоёр удаа цохичихсон. Тэгтэл миний дээд үүдэн хоёр шүд уначихсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 7 дугаар тал/
Гэрч Н.Сувд-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би Сараагийн утас руу залгасан чинь гудамжинд ганцаараа алхаж яваад байгаа бололтой байсан. Тэгээд би нөхрийгөө Ууганбаярыг хүргэж өг гэж хэлээд тэр хоёр гартал манай гадаа үүдний амбаар дотор түс, тас хийгээд чимээ гараад явчихсан. Тэгсэн манай нөхөр Баярсайхан Ууганбаярт ам, хамартаа цохиулчихсан ам, хамраас нь цус гарчихсан байдалтай амаа гараараа таглаад барьсан орж ирсэн. Манай нөхрийн урд талын дээд хоёр үүдэн шүдийг унатал цохичихсон байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-р тал/
Шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаартай дүгнэлт: ...
1. Д.Баярсайханы биед баруун дээд 1-р шүд булгарч унасан, буйланд шүдний ором, буйлинд шарх, духанд цус хуралт, зулгаралт баруун шанаанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дууш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадварыг 5 хувь тогтонги алдагдуулна гэх дүгнэлт /ХХ-ийн 14-15-р тал/
Яаралтай тусламжийн хуудас /ХХ-ийн 16-17-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /ХХ-ийн 4 дүгээр хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 33 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 36-42 дугаар хуудас/, Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /ХХ-ийн 43-46 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Ууганбаяр нь 2022 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Сэвсүүлийн №37 тоотод иргэн Д.Баярсайхантай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:
Хохирогч Д.Баярсайханы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 7 дугаар тал/, Гэрч Н.Сувд-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 11-р тал/, Шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 14-15-р тал/, Яаралтай тусламжийн хуудас /ХХ-ийн 16-17-р хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /ХХ-ийн 4 дүгээр хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч С.Ууганбаяр иргэн Д.Баярсайханы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч С.Ууганбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч нь шүүгдэгчээс энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2305000 төгрөг нэхэмжилж байх боловч нотлох баримтаар 105000 төгрөгийн хохирлын баримт нь хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. Харин хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд дурдах нь үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Сэлэнгийн Ууганбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ууганбаярыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Ууганбаярт оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Ууганбаяр нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдсугай.
7. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Ууганбаярт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛ