Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2017/02565

 

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2017/02565

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

            Нэхэмжлэгч:  Б.М -ын нэхэмжлэлтэй

            Хариуцагч:  НШГА нд холбогдох

            2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4/51 тоот Үл хөдлөх хөрөнгө албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгож, үнэлгээг дахин гаргуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.И, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 5465 дугаар шийдвэрээр Е.Маас 246.484.280 төгрөгийг гаргуулан Ө.А, М.Н нарт олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллгааны явцад Б.М миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204014417 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө 47/2 тоотод байрлах 173.9 м.кв байрыг битүүмжлэн хурааж 309.000.000 төгрөгөөр үнэлэн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дуудлага худалдаанд оруулсан нь байрыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлэн дуудлага худалдаанд оруулж өмчлөгч миний хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчиж байна.

 Б.М миний бие шүүхийн шийдвэртэй төлбөрөөс нийт 80.000.000 төгрөгийг төлсөөр байхад үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж өмчлөгч миний эрхийг зөрчин албадан ажиллагааг хүч түрэн явуулж байна.

   Иймд НШГА ны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4/51 тоот үл хөдлөх хөрөнгө албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгож, үнэлгээг дахин гаргуулахыг НШГА нд даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 5465 дугаар шийдвэрээр Б.Маас 246.484.280 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 1.390.371 төгрөгийг тус тус гаргуулж Ө.Алтанхуяг, М.Наранбаатар нарт олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг манай алба 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна.

Төлбөр төлөгч Б.Мад шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудын эрх үүргийг тайлбарласан тухай баримтыг танилцуулж, төлбөрөө нэн даруй сайн дураар төлж барагдуулахыг мэдэгдэж хугацаатай мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч өнөөг хүртэл төлбөрийг бүрэн барагдуулаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүндрэл учруулж байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагааны явцад тогтоогдсон төлбөр төлөгч Б.Мын өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болох /УБД:Ү-2204014417/ Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөөний гудамж, 47/2 дугаар байрны зоорийн давхар болон 2,4,5 тоот хаягт байрлах хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилга болон 190 м.кв талбай бүхий газрыг битүүмжлэн хураасан.

 Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээ тогтоолгосон. Анхны албадан дуудлага худалдаанд 47/2 дугаар байрны 4 давхарын 173,9 м.кв талбайтай хэсгийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэлгээ болох 309.000.000 төгрөгийн 70 хувиар тооцон 216.300.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2017 оны 04 дугаар сарын 21-ний өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй тул мөн хуульд заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэлгээ болох 309.000.000 төгрөгийн 50 хувиар тооцон 154.500.000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр оруулсан боловч мөн худалдан борлогдоогүй.

Холбогдох хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрийг төлбөр төлөгч Б.Мад мэдэгдэж, тайлбар авч, тэмдэглэл хөтөлж ажилласан болно.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж байгаа тул Б.Мын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

            Нэхэмжлэгч Б.М нь НШГА нд холбогдуулан 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4/51 тоот үл хөдлөх хөрөнгө албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгож, үнэлгээг дахин гаргуулахыг НШГА нд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч НШГА нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” мөн хуулийн 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 5465 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1394 дугаартай магадалалаар Б.Маас 246.484.280 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 1.390.371 төгрөгийг тус тус гаргуулж Ө.Алтанхуяг, М.Наранбаатар нарт олгохоор шийдвэрлэсэн байна./хх-ийн 20-23,25-32-р хуудас/

            НШГА нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 5465 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1394 дугаартай магадлал, уг шийдвэрийг албадан биелүүлэх тухай 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 03861 дугаартай захирамж,  2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 443 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна./х.х-ийн 19, 24-р хуудас/

НШГА наас 2016 оны 9 дүгээ сарын 27-ны өдрийн 162/88, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 162/50, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 162/ тоот мэдэгдэлүүдээр “... шүүхийн 5465 дугаар шийдвэрийг биелүүлэхийг шаардаж, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 3/9554 дугаартай мэдэгдэлээр төлбөр төлөгч Б.Мад тухайн өдөрт нь баталгаат шууданд хийж, төлбөр авагч нарын төлөөлөгчид нь гардуулан тус тус мэдэгджээ. /х.х-ийн 37, 40, 43, 50, 53-р хуудас/

2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төлбөр төлөгчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, “Эд хөрөнгийн тухай мэдүүлэг авах акт” үйлдэн, мөн өдөртөө 162/18 дугаартай Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 162/19 дугаартай Эд хөрөнгийг хураасан тогтоолыг хөндлөнгийн гэрч байлцуулан тус тус үйлдэж, тэмдэглэл хөтөлсөн байна. /хх-ийн 35,36,38,61-р хуудас/

Эд хөрөнгийг битүүмжлэх тухай, болон Эд хөрөнгийг хураах тухай  тогтоол үйлдэхдээ төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд таны өмчлөлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороололд байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, орон сууцыг дуудлага худалдаанд оруулж төлбөрийг барагдуулах тухай мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн байна./хх-ийн 39,42-р хуудас/

НШГА дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтооно гэсэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан шаардлагыг биелүүлэхээр төлбөр төлөгчийг үнийн санал ирүүлэхийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/24 мэдэгдэлээр шаардахад төлбөр төлөгч Б.М үнийн санал өгөх боломжгүй гэж төлбөр авагч М.Наранбаатар, Ө.Анар хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэх хүсэлтийг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр бичгээр ирүүлжээ./хх-ийн 46,47-р хуудас/

НШГА нь 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Шинжээч томилох тухай 53 дугаартай тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр үнэлгээний тайлан гарч Шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлсэн байна./хх-ийн 48,55-63-р хуудас/

Үл хөдлөх эд хөрөнгийг  Иргэний  хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэлгээ болох 309.000.000 төгрөгийн 70 хувиар тооцон 216.300.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны саналболгох доод үнийг тогтоох тухай 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 3/9554 дугаартай мэдэгдэлийг төлбөр төлөгч Б.Мад тухайн өдөрт нь баталгаат шууданд хийж, төлбөр авагч нарын төлөөлөгчид нь гардуулан тус тус мэдэгджээ./хх-ийн 50-53-р хуудас/

Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлаг худалдаанд оруулах тухай 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 4/51 дугаартай тогтоолыг гаргаж анхны албадан дуудлаг худалдаа 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 10.00 цагт болох тухай 3/11404 мэдэгдлийг 4/51 дугаартай тогтоолын хамт төлбөр төлөгч Б.Мад, төлбөр авагч нарын төлөөлөгчид тус тус гардуулан өгч энэ тухай тэмдэглэл үйлдсэн байна. /хх-ийн 65-71-р хуудас/

Хэрэгт цугларсан баримт болох эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан тогтоол, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл болон зохигчдын тайлбар, мэдүүлгээс дүгнэж үзэхэд төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг  2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 162/18 дугаартай Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 162/19 дугаартай Эд хөрөнгийг хураасан тогтоол гаргаж, төлбөрийг яаралтай төлөхийг удаа дараа шаардаж улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 300.000.000 төгрөгийн 70 хувиар тооцон 216.300.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгдэж төлбөр төлөгч Б.Мад 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 3/11404 тоот мэдэгдлийг тогтоолын хамт тухайн өдөрт нь гардуулан өгч тэмдэглэл үйлджээ. /хх-ийн 35,41, 66-67-р хуудас/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасны дагуу албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар болон төлбөр төлөгчид тус тус хүргүүлэн дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө буюу 2017 оны  4 дүгээр сарын 07-ны өдрийн “Үндэсний шуудан” сонинд энэ тухай  нийтэлсэн байна.

Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул 2017 оны 5 дугаар сарын 11-ний өддрийн 5/34 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дах албадан дуудлага худалдаа 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 10.000 цагт болох тухай 3/14103 мэдэгдлийг 5/34 дугаартай тогтоолын хамт төлбөр төлөгч Б.Мад, гардуулан өгч энэ тухай тэмдэглэл үйлдсэн байна. /хх-ийн 74,77,78-р хуудас/

Төлбөр төлөгч Б.М нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх / үнэлгээг дахин гаргуулахыг НШГА нд даалгуулах тухай/ гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах байтал 2017 оны 5 дүгээр сарын 02-ны өдөр буюу 56 хоногийн дараа хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 5465 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1394 дугаартай магадалалаар Б.Маас 246.484.280 төгрөгийг гаргуулж М.Наранбаатар, Ө.Алтанхуяг нарт олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх  албанаас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1.,12 дугаар зүйлийн 12.1, 19, 20, 34 дүгээр зүйлийн 34.1.1., 34.1.2.,35 дугаар зүйлийн 35.4., 35.7.,  36 дугаар  зүйлийн 36.1., 37 дугаар зүйлийн 37.1., 37.2. 43, 47 дугаар зүйлийн 47.1. -т  заасан шаардлагатай нийцжээ.

Төлбөр төлөгч Д.М шинжээчийн үнэлгээг үл зөвшөөрөн Шийдвэр гүйцэтгэх албанд хандан гомдол гаргаж 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 3/337 дугаартай албан бичгээр ахлах шийдвэр гүйцэтгэгчээс хариу авсан байна./хх-ийн 87,89-р хуудас/

Нэхэмжлэгч Д.М нь “...2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4/51 тоот үл хөдлөх хөрөнгө албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгож, үнэлгээг дахин гаргуулахыг НШГА нд даалгуулах тухай”нэхэмжлэл гаргасан боловч,  тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

Иймд  хариуцагч НШГА нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 5465 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1394 дугаартай магадалалаар Б.М аас 246.484.280 төгрөгийг гаргуулж М.Н, Ө.А нарт олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад  төлбөр төлөгч болон  бусад этгээдийн  эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар, болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд НШГА нд холбогдох 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4/51 тоот үл хөдлөх хөрөнгө албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгож, үнэлгээг дахин гаргуулахыг НШГА нд даалгуулах тухай нэхэмжлэгч Б.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг  удирдлага болгон                                                                                                                                                                                                  

ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55..7., 122 дугаар зүйлийн 122.5. дах хэсэгт зааснаар НШГА нд холбогдох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 5465 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1394 дугаартай магадалалын дагуу явагдсан ажиллагаа болох  “2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4/51 тоот үл хөдлөх хөрөнгө албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгож, үнэлгээг дахин гаргуулахыг НШГА нд даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

                                               

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

           

ДАРГАЛАГЧ                        Ч.ИЧИНХОРЛОО