МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат
-улсын яллагчаар П.Даваасүрэн
-шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн
-шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Ггт холбогдох 2034004580481 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Б.Г нь 2019 оны 04 дүгээр сард Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар баг Нуурын хөндий гэх газраас хохирогч Г.Энх-Орчлонгийн шифлер төмөр, усны сав /1 тонны багтаамжтай/ зуух яндан зэрэг эд зүйлийг хулгайлан авч 1.037.630 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Гын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Эд зүйлд хийсэн үзлэгийн тэмдэглэл \хх-ийн 5 тал/ Мейк Грийн ХХК хашаанаас алдагдсан гэх шивлер төмөрт үзлэг хийсэн гэх гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10 тал/, эд зүйл хүлээлгэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 11 тал/, иргэний нэхэмжлэгч Д.Цэлхаасүрэнгийн мэдүүлэг \хх-ийн 13-15 тал/, гэрч Г.Энх-Орчлонгийн мэдүүлэг /хх-ийн 16 тал/, гэрч Б.Хатанбаатарын мэдүүлэг /хх-ийн 18 тал/, үнэлгээний тайлан гаргасан шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-35 тал/, шүүгдэгч Б.Гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/, иргэний нэхэмжлэгч Д.Цэлхаасүрэнгийн дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 48 тал/, Төв аймгийн Прокурорын газрын 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 31 дугаартай Прокурорын тогтоол /хх-ийн 53-54 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 04 дүгээр сард Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар баг Нуурын хөндий гэх газраас хохирогч Г.Энх-Орчлонгийн шифлер төмөр, усны сав /1 тонны багтаамжтай/ зуух яндан зэрэг эд зүйлийг хулгайлан авч 1.037.630 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацаа сунгах тухай тэмдэглэл /хх-ийн 2 тал\
- Эд зүйлд хийсэн үзлэгийн тэмдэглэл: “...Үзлэг хийж байгаа газар нь Төв аймаг дахь Цагдаагийн газрын Эрдэнэ сум дахь цагдаагийн тасгийн хашааг налуулж тавьсан гэх шивлер төмөр байх ба уг төмрийг 1 гэж дугаарлан метрлэж хэмжихэд 4 метр 73 см төмөр байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хашааны гадна байрлах шивлер төмөрт хийж 2 гэж дугаарлан метрээр хэмжиж үзэхэд 3 метр 60 см урттай төмөр байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн цагдаагийн байрны ард байрлах Шивлер төмрийг 3 гэж дугаарлан метрээр хэмжихэд 4 метр 82 см хэмжээний төмөр байсныг гэрэл зургаар бэхжүүлж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10 тал/,
- Эд зүйл хүлээлцсэн тэмдэглэл /хх-ийн 11 тал/,
- “Эй Жэй Жэй Эм ХХК-ний иргэн Д.Цэлхаасүрэнгийн өмчлөлийн хулгайд алдагдсан эд хөрөнгүүдийн үнэлгээний тайлан гаргасан Г.Амбасэлмаагийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гаргасан: Д.Цэлхаасүрэнгийн хүсэлтээр Шивлер төмөр 4.80 см, Усны сав 1 тонн, Зуух, яндан, гэрийн эсгий 4 ханат нийт үнэлгээ 1.329.910 ... төгрөг гэх дүгнэлт үнэлгээний тайлан /хх-ийн 20-35 тал/
- Иргэний нэхэмжлэгч Д.Цэлхаасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би Мейк Грийн ХХК-нд ажилд ороод 1 жил болж байна. Манай захирал Г.Энх-Орчлон намайг иргэний нэхэмжлэгчээр томилж оруулж байна. Тухайн үед юу болсон асуудлыг би мэдэхгүй байна. Төв аймгийн Эрдэнэ суманд манай компани үйл ажиллагаа явуулж байгаад эд зүйлсээ хулгайд алдсан талаар асуудалд би иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Манай компаний хэрэглэж байсан 3 ширхэг шивлер төмөр, 1 тонн усны цагаан сав, зуух, яндан, монгол гэрийн иж бүрэн эсгий туурга алдагдсан. 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Эй, Жэй, Жэй, Эм ХХК-ний гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулж авмаар байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 тал/,
- Иргэний нэхэмжлэгч Д.Цэлхаасүрэнгийн дахин мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл алга. 3 ширхэг шивлер төмөр гэх эд зүйлүүдийг хүлээн авсан байгаа бусад эд зүйлүүдийг нь хүлээлгэн өгнө гэж хэлж байсан. Эд зүйлүүдээ олсон болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 тал/,
- Гэрч Г.Энх-Орчлонгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2013 оноос эхлэн Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар баг Нуурын хөндий гэх газар Мейк Грийн ХХК-н эзэмшлийн талбайд мод үржүүлэх зорилгоор бэлтгэн ажлаас хангаж үйл ажиллагаагаа эхэлсэн. Тэгээд ажил явагдаж байгаад 2018 ны 08 дугаар сард тус сумын иргэн Цогоо Баярмаа гэх 2 хүнийг өөрийн компанидаа манаачаар ажилд авсан. Тухайн үед сарын цалин гэж 200.000 төгрөг төлж дээр нь нэмэгдлээр өвлийн түлшийг нь бэлдэж өгч байсан. Тэгээд 2018 оны 08 дугаар сард ажилд орсноос хойш манай компаний эзэмшлийн эд хөрөнгийг хулгайлан зарж борлуулж зарим нэг эд зүйлсийг өөр эд зүйлсээр сольж сумын төв рүү айлын хашаа руу зөөсөн хэрэг гарсан. Тэгэхээр нь Цогоо, Баярмаа гэх 2 хүнийг ажлаас халаад сумын төвд байдаг Ганхүү гэх залуу манай хажуу хашаа хардаг байсан болохоор нь манайхаас цалин өгдөг хашаагаа давхар харуулдаг байсан. Тэгтэл 2019 оны 04 дүгээр сарын орчим хуучин манайд ажилладаг байсан Цогоо гэх хүн манай хашаанд ирээд хэв цутгагч шивлер төмөр хулгайлаад аваад явчихсан байсныг Ганхүү ах олж надад мэдэгдсэн. Тухайн үед цагдаагийн байгууллагад өгөх гээд байсан ба одоод болтол хохирлыг барагдуулж өгнө, намайг битгий цагдаад өгөөч гээд байсан. Хохирлыг барагдуулж өгөхгүй байгаа болохоор нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,
- Гэрч Х.Даваажавын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би Ганцогтой ямар нэгэн харилцах холбоо байхгүй, нэг суманд амьдардаг болохоор танина. Би тухайн үед Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багт ээж Цэнд-Аюушийн гэрт ирэхэд хашаанд нь 3 ширхэг шивлер төмөр буулгасан байсан. Ах Түвшинжаргал болон Ганцог нар Пронтер маркийн тээврийн хэрэгсэлд төмрийг ачилцаад өгөөч гэхээр нь ямар учраас ачиж байгааг асуухад цагдаагийн гадаа очиж буулгана гэхээр нь би ачилцаж өгөөд цагдаагийн газар буулгалцаж өгсөн, өөр асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,
- Шүүгдэгч Б.Гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...би 2018 онд Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар баг Нуурын хөндий гэх газар үйл ажиллагаа явуулж байсан компанид манаачаар ажилд орсон. Тэгээд тухайн газарт монгол гэр байсан ба тэр гэрийг нь янзлаад эхнэр Баярмаагийн хамт манаач хийгээд амьдардаг байсан. 1 сар гаруй хугацаанд ажиллаад захирал Энх-Орчлон гэх залуу ирээд ойр зуурын юм янзлаад явах гэхээр нь би 1 сар ажилласан цалингаа авъя гэж хэлэхэд хэд хоногийн дараа 250.000 төгрөг өгсөн. Тухайн газраа байж байхад түлээ мод, ус, цахилгаан газар байсан тул би орхиод гэр рүүгээ явсан. Тэндээс явахдаа алга болчихож магадгүй гэж бодоод 3 ширхэг урт шивлер төмөр, 1 тонн цагаан өнгийн усны сав байсныг аваад саваа хөдөө гэртээ аваачиж орхиод 3 ширхэг төмрийг айлын хашаанд буулгасан. Би Төв аймгийн Эрдэнэ сумын иргэн Боогий гэх залууг цэнхэр өнгийн Пронтер маркийн машинаар нь гуйсаар байгаад аваад явсан. Тухайн үед Боогий гэх залуугийн дүү Үзгээ гэх залуу хамт ачилцаж өгсөн... би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 3 ширхэг урт шивлер төмөр, 1 тонн цагаан өнгийн усны сав зэргийг авахдаа компаний эзэмшигчээс зөвшөөрөл аваагүй. Харин зуух янданг нь манаачаар ажиллаж байх хугацаандаа аваад одоо манай гэрт амбаарт байгаа, гэрийн эсгийний талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17, 41-42 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Гийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байна.
Улсын яллагчаас Б.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх санал гаргаж ялын дүгнэлтийг гаргасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх санал гаргаж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон хуульд заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч Б.Гт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Д.Цэлхаасүрэн “...3 ширхэг шивлер төмөр гэх эд зүйлүүдийг хүлээн авсан байгаа бусад эд зүйлүүдийг нь хүлээлгэн өгнө гэж хэлж байсан. Эд зүйлүүдээ олсон болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 тал/ байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх хохирол төлбөргүй байна.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүгдэгч Б.Ггийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Б.Гт үүрэг болгосугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, иргэний нэхэмжэлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
- Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА