| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2017/02279/И |
| Дугаар | 181/ШШ2017/02445 |
| Огноо | 2017-09-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 181/ШШ2017/02445
2017 оны 09 сарын 29 Дугаар 181/ШШ2017/02445 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:.......... тоотод оршин суух, С.Т /Регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: . тоотод оршин суух, Ө.Э /Регистрийн дугаар: -т хол.....................богдох
Зээлийн гэрээний үүрэгт 25.500.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Га. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өл., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ө. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Т миний бие хариуцагч Ө.Эийг 2004 оноос эхэлж Азийн фэнгшугийн холбооны зөвлөх гэдэг үүднээс мэддэг болж, өөрөө болон өөрийн ах дүүсийн амьдрал бизнест нэмэр болох болов уу гэдэг үүднээс хэрэгтэй гэсэн үедээ зохих үнийг төлж, зөвлөгөө авч байсан. Энэ үүднээс Ө.Э нь миний тухай мэдээллийг хангалттай мэдэж байсны хувьд би чам руу өөрийн үйлчлүүлэгч нараас фэнгшүтэй холбоотой бараа бүтээгдэхүүн авах хүмүүсийг явуулдаг байя, намайг БНХАУ-руу дагуулж явж, миний зааж сонгож зөвлөсөн барааг бөөндөж оруулж ирээд, тэдэнд зарж ашиг ол гэж зөвлөсөн. Би түүнд итгэж БНХАУ руу явж 120.000.000 төгрөгний бараа бүтээгдэхүүн болох хөшиг абжур оруулж ирсэн. Худалдах ажлын байраа түрээслэж, тохижуулсан.
Ө.Э надаас 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 23.600.000 төгрөг, дараа нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэмж 5.000.000 төгрөг нийт 28.600.000 төгрөгийг хүүгүй, барьцаагүй, 6 сарын хугацаатайгаар тохирч зээлсэн.
Өнгөрсөн хугацаанд Ө.Э нь надаас зээлж авсан мөнгөө хугацаандаа буцааж өгөөгүй, мөн тохирсны дагуу бараагаа зарж өгөөгүйн улмаас ашиг олох нь байтугай авсан бараа эргэлтэд ороогүй, миний бүх мөнгө удаан хугацаанд түгжигдэж, анх татан авсан бараа тэр чигээрээ хадгалагдаж өнөөг хүрсэн. Би банк болон банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй мөнгө зээлж өрөнд орсон. Энэ хугацаанд би 115.000.000 төгрөгийн зээл авснаар 36.500.000 төгрөгийн хүү төлсөн байгаа. Хариуцагч Ө.Э зээлж авсан мөнгөө огт төлөхгүй арга саам хийж өнөөг хүрсэн. 2017 оны 4 сарын эхээр миний анх татан авсан борлогдоогүй гэрт хураагдсан барааг хараад санаа нь зовж миний фэнгшүгийн үйлчилгээ үзүүлдэг ажлын байранд бараагаа тавьж зар, би түрээсийн мөнгө авахгүй гэсэн ч бараагаа өрж тавьж хадгалах харанхуй өрөөнд нь цоож суулгаж байх үед Эн. нөхөр нь зориуд согтуугаар агсан тавьж намайг зодон танхайрч, миний барааны зарим хэсгийг хагалж устгаж гэмтээснээс өнөөгийн байдлаар уг маргаан Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж одоогоор шүүхэд шилжээд байгаа. Өнгөрсөн хугацаанд хариуцагч Ө.Э нь анх надаас ямар ч хүүгүй мөнгө зээлсэн, мөнгөө өгөхгүй 2-3 жил болж чирэгдүүлснээс нэхэмжлэгч С.Т миний бие санхүүгийн бэрхшээлд орж хэд хэдэн ББСБ-аас, Ариг банкнаас өөрийн болон ах дүүсийн байрыг барьцаанд тавьж 3-6 хувийн хүүтэй зээл авч үндсэн зээл, зээлийн хүү, алданги төлж хохирч байна.
Иймд 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр бичгээр гэрээг байгуулсан. Бичгээр гэрээг байгуулахдаа урьд өгсөн мөнгө, хүүгүй, барьцаагүй зээлдүүлж 2-3 жил болсон, бусдаас хүүтэй мөнгө зээлдсэн зэргийг харгалзан үзээд надад 26.700.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлөхөөр гэрээнд тусгасан. Уг өдөр бодитоор мөнгө өгөөгүй гэдэгт маргахгүй. Харин өмнөх хоёр удаагийн зээлийн үлдэгдэл дээр хохирол тооцоод хариуцагч хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан юм.
Иймд хариуцагч Ө.Эээс 26,700,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 1.200.000 төгрөгийг төлсөн байх тул уг мөнгийг хасч нэхэмжлэлээ 25.500.000 төгрөг болгон багасгаж байна. Хариуцагч талаас зээлд 11.500.000 төгрөг төлсөн байсан гэдэгт маргахгүй. Гэхдээ 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гэрээг бичгээр баталгаажуулахдаа мөнгө зээлдүүлснээс болж надад учирсан хохирлыг тооцон хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан тул үндсэн зээлийн үлдэгдэл болон гэрээнээс учирсан хохиролд тооцон нэхэмжилж байгаа.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Бодитоор 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 26.700.000 төгрөг зээлдүүлээгүй нь үнэн. Өмнө олгосон хоёр удаагийн зээлийн үлдэгдэл, хохирлыг тооцож хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан хэлбэр. Ө.Э өөрөө хугацаандаа мөнгө төлж чадаагүй хариуцлагаа үүрч, ойлгож бид харилцан тохиролцож, эцсийн байдлаар гэрээг хийсэн. Ямар нэг дарамталсан зүйл байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Т, хариуцагч нар нь ажил хэргийн холбоотой хүмүүс юм. Анх 2014 оны 10 дугаар сард нийт 28.600.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, хүүгүй зээлж авахаар гэрээг байгуулсан нь үнэн. Хариуцагч нь бодитоор 25.000.000 төгрөг хүлээн авсан гэж тайлбарладаг ч үүнийг нотлох баримтгүй тул 28.600.000 төгрөг зээлсэн гэдэгт маргахгүй. Энэ хугацаанд 12 удаагийн төлөлтөөр нийт 12.200.000 төгрөгийг эргүүлэн төлсөн. Үүнийг баримтаар шүүхэд өгсөн байгаа. 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүүгүй, барьцаагүй мөнгө зээлдүүлсэн байсан зэргийг харгалзан үзээд 26.700.000 төгрөг төлнө гэж хүлээн зөвшөөрөөд гэрээнд гарын үсэг зурсан. Гэхдээ хариуцагч уг өдөр бодитоор мөнгө хүлээж аваагүй тул уг гэрээ хүчин төгөлдөр бус. Харин үндсэн зээлээс төлсөн хэсгийг хасаад үлдэх 10 орчим сая төгрөгийг төлөх ёстой гэдгийг ойлгож байгаа гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр надад 26.700.000 төгрөг зээлүүлсэн гэх хуурамч зээлийн гэрээ байгуулсан юм. С.Т 2017 оны 4 дүгээр сард Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод миний фенг шуйгийн лекц хийх зар тавьсан байсныг харчихаад чиний худалч, луйварчин булхайг чинь хүмүүст хэлнэ гэж намайг айлган сүрдүүлж зээлийн гэрээ байгуулсан. С.Т чи надаас 2014 оны 10 дугаар сараас хүү тооцохгүйгээр удаа дараа мөнгө зээлсэн, тохирсон хугацаандаа мөнгө өгөхгүй өнөөг хүрсэн гээд урьд зээлүүлсэн мөнгөний үлдэгдлийг өөрөө тооцож гаргаад энэ мөнгөнд хүү, алданги оруулж тооцон зээлийн гэрээ байгуулсан болно. Би гэрээ байгуулсан өдөр С.Таас ямар ч мөнгө аваагүй бөгөөд түүнээс их айдаг тул мөнгө авсан гэх баримтыг хуурамчаар үйлдсэн юм. Иймд 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн Зээлийн гэрээг хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэж үзэж байх тул Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Т нь Ө.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргав.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хариуцагч 1.200.000 төгрөг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 25.500.000 төгрөг болгон багасгаж байх тул шүүх багасгасан шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв. /хх 67-78/
С.Т, Ө.Э нар нь 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч нь 23.600.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч хүүгүй, 6 сарын хугацаатай эргүүлэн төлөхөөр, 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зээлдүүлэгч нь 5.000.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч хүүгүй, 6 сарын хугацаатай эргүүлэн төлөхөөр тус тус харилцан тохиролцож энэ тухай баримт үйлджээ. /хх 95, 96/
Хариуцагч 28.600.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэдэгт маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282.4 дэх хэсэгт зааснаар “эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцох”-оор заасан тул нэхэмжлэгч нь хариуцагч Ө.Эт дээрх мөнгийг шилжүүлэн өгснөөр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч гэрээний үүргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч нь зээлээс 2015 оны 4 дүгээр сарын 24-нд 600.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 03-нд 600.000 төгрөг, 9 дүгээр сарын 12-нд 9.000.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 22-нд 500.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 29-нд 300.000 төгрөг, 3 дугаар сарын 31-нд 500.000 төгрөг тус тус төлсөн байх ба зохигчид үүнд маргаагүй. /хх 61-66/
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд, зохих ёсоор, шударгаар зээлийг эргүүлэн төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч уг үүргээ хэрэгжүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь анх зээлийн хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд хүүгүйгээр шилжүүлсэн, зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн үлдэгдэл 17.100.000 төгрөг дээр өөрт учирсан хохирлыг нэмж тооцон нийт 26.700.000 төгрөгийг төлөхөөр тохиролцож 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гэрээг бичгээр байгуулсан тул уг гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл, өөрт учирсан хохирлыг тус тус гаргуулна гэж шаардав. Хариуцагч нь дээрх 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “зээлийн гэрээ”-гээр бодитоор мөнгө шилжүүлэн аваагүй, мөн нэхэмжлэгч хариуцагчийг айлган сүрдүүлж, хүч хэрэглэн хийсэн хэлцэл гэж тайлбарлан хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардав.
Зохигчид 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч нь 26.700.000 төгрөгийг нэхэмжлэгчид гурван сарын хугацаанд төлөхөөр зээлийн гэрээг, 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр мөнгө хүлээн авсан тухай баримтыг үйлдсэн байх ба хэн алин нь уг өдөрт бодитоор мөнгө шилжүүлээгүй гэдэгт маргаагүй бөгөөд харин талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, хариуцагч Ө.Э зээлийн үлдэгдэл дээр гэрээнээс учирсан хохирлыг тооцон нэхэмжлэгчид 26.700.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон тохиролцоо, хариуцагчид зээл төлөх үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэрээний нэмэлт өөрчлөлтийн талаарх гэрээ байна гэж үзэхээр байна./хх 6-8/
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчид зээлийн хөрөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулсанд тооцохоор зохицуулсан тул уг өдөр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүйгээс гадна нэхэмжлэгчийн зүгээс хэлцэл хийгч нөгөө тал болох Ө.Эт хүч хэрэглэсэн, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, хариуцагч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй, Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасантай нийцэхгүй байх тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй.
Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үндсэн зээл 15.900.000 төгрөг, хохиролд 9.600.000 төгрөг нийт 25.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан Ө.Эээс 25.500.000 /хорин таван сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж С.Тд олгож, 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 291.450 төгрөг, хариуцагчаас төлсөн 291.450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 285.450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ