Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 00018

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

“И” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гомдолтой,

Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.М, Л.Г нарт холбогдох “Татварын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0300188 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдолтой зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Б, гомдол гаргагч “И” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал З.Б, хариуцагч Л.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь;

Гомдол гаргагч “И” хязгаарлагдмал хариуцлагатай компани /цаашид ХХК гэх/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын татварын улсын байцаагч Г.М, Л.Г нар нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0300188 дугаартай шийтгэлийн хуудсаар 388 065 000 төгрөгийн хий бичилттэй худалдан авалт хийж татвар ногдох орлогоо бууруулсан гэж худал үндэслэлээр 58209864 төгрөгийн төлбөр ноогдуулсан нь илт хууль бус шийдвэр гаргаж манай компанийн хууль эрх зүйн байдлыг болон цаашдын үйл ажиллагаанд саад учруулсан мөн татвар төлөгчийн тухай хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна.

1.”И” ХХК нь 2016 онд дээрх нэр бүхий М ХХК, М ХХК бараа материал худалдаж авсан нь үнэн. Тухайн онуудад манай ХХК улсын төсвөөс тендерийн ажил авсан байсан. Барилга баригдаж байсан. Мэдээж барилга барихад материал орно. Материалгүй бол барилга өөрөө босоод ирэх биш. Тухайн үед УБ хотод очиж материал авахад 3-4 газар очиж цуглуулж авдаг байсан. Худалдан авалт хийсний дараа манай ХХК нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаа авъя гэхэд дээрх газрууд бичиж өгсөн тул падааныг нягталж шалгахад татварын албанаас өгдөг жинхэнэ падаан тус ХХК-уудын тамга, тэмдэг дарагдсан татварын системд хуваарилагдсан тухайн борлуулалт хийж байгаа ХХК-ын тайланд тусгагдсан падаан байсан болохоор санаа зовох зүйлгүй санхүү, татварын тайланд тусгаж тайлангаа гаргасан.

2.Дээрх М ХХК, М ХХК нь Өршөөлийн тухай хуульд хамрагдан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирлоо нөхөн төлөхийг илэрхийлсэн прокурорын тогтоол байсаар байтал манай ХХК-д хууль зөрчсөн мэтээр тулгаж шийтгэлийн хуудас бичсэн. Мөн татварын улсын байцаагчийн гаргасан алдаа тус
“И” барилгын ажил гүйцэтгэж байсан онуудад бараа материал худалдан авч бүтээн байгуулалт барилга барьсаар байсан. Мөн санхүүгийн тайлан баримт материалд бараа материалын хүлээн авалт, үлдэгдэлд тусгаж тулсаар байтал манай баримтыг нэг ч удаа авч үзээгүй. Дээд газраас ийм бичиг ирсэн гэж шийдвэр хариуцлага тооцсон тухай шийтгэлийн хуудастай холбоотой надаас юу ч асуугаагүй тул манай ХХК-ны хувьд энэ хууль бус шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул 2019 оны 12 сарын 30-ны 0300188 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

3.Мөн Өршөөлийн хууль гарч дээрх хоёр газар гэм буруугаа хүлээн зөвшөөрч нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг. Гэтэл манай “И” ХХК-д торгууль алданги давхар ноогдуулсан. Татварын хэлтсийн дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолыг 2020 оны 05 дугаар сарын 11-нд гэрт хүүхдэд өгснөөр хүлээн авсан” гэжээ.

Гомдол гаргагч “И” ХХК-ийн захирал З.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Намайг хотод байхад ийм шийдвэр гаргасан байсан. Надаас ямар нэг тайлбар аваагүй байж ийм шийдвэр гаргасан нь татварын байцаагч нар хууль зөрчсөн. Манай компанийн хийсэн ажлууд тодорхой байгаа. Үзэж шалгалгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Барилгын компаниуд улсын эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулдаг. Гэтэл үйл ажиллагааг нь хясан боогдуулж байгаа юм шиг ингэж болохгүй. Нийслэлийн Прокурорын газраас надад ямар нэг мэдэгдэл ирээгүй. Гэрт хүргэж өгсөн маргаан таслах зөвлөлийн тогтоол манай компанийн хаягаар ирээгүй. Манай компани “М” ХХК-ийн байранд байрладаг. Надад ямар нэг байдлаар мэдэгдэх боломжтой байсан. Тиймээс Татварын байгууллага хариуцлагагүй хандсан гэж хэлмээр байна. Татварын байцаагч нар манай компанийн санхүүгийн баримтыг шалгаж үзээгүй. Г.М надтай нэг л удаа уулзсан. Нийслэлийн Прокурорын газраас танай компанийн нэр дээр албан бичиг ирсэн гэсэн. Түүнээс хойш надтай уулзаагүй. Надад баримтуудаа өг гэж хэлээгүй, шаардаагүй. Энэ акт 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тавигдсан. 2016 оны нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг хэдэн жилийн өмнө татварын алба төлөвлөгөөт хяналт шалгалтын үеэр авчихаад буцааж өгөөгүй тул байхгүй. Баримтыг татварт хүлээлгэж өгсөн баримт байхгүй” гэв.

Хариуцагч Г.М, хариуцагч Л.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн тогтоол 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гарч, тогтоолыг “И” ХХК-ийн захирал З.Б-д гардуулж өгөхөөр 9999..... өөрийнх нь холбогдох утас руу удаа дараа залгасан боловч утсаа аваагүй тул Хөвсгөл аймгийн Монгол шуудан ХК-д 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлсэн. Гэтэл 4-5 хоногийн дараа Монгол шуудан ХК-аас хүргүүлсэн материалыг буцаан ирүүлсэн бөгөөд “илгээмж дээр бичсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сум 8 дугаар баг 17-02-32 тоотод З.Бадрал гэх иргэн амьдардаггүй гэж байна” гэх тайлбарыг өгсөн. Татварын хэлтсийн зүгээс хаягийг дахин нягталж дээрх хаяг, утасны дугаар нь З.Б-ын албан ёсны оршин суух хаяг мөн байсан тул Монгол шуудан ХК-д илгээмжийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дахин хүргүүлснээр шуудан тогтоолыг хүлээлгэж өгсөн.

Засгийн газрын 2019 оны 466 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ын 7.6-д “Маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь тогтоолыг маргаанд оролцогч талуудад 10 хоногийн дотор гардуулж, энэ тухай тэмдэглэл үйлдэж, бүртгэнэ”, журмын 7.7-д “Татвар төлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөд тогтоолыг энэ журмын 7.6-д заасан хугацаанд гардуулах боломжгүй, эсхүл гардан аваагүй бол бүртгүүлсэн хаягаар шуудангаар тогтоолыг илгээнэ”, журмын 7.8-д “Тогтоолыг энэ журмын 7.7-д заасны дагуу хүргүүлснээр Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу маргааны оролцогч талуудад мэдэгдсэнд тооцно” гэж тус тус заажээ.

Иймд “И” ХХК-ийн шүүхэд гаргасан 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 56 тоот гомдол нь ЗХШХШТХ-ийн 14 дүгээр зүйлийн

14.1.Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:

14.1.1.дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол

54.1.Шүүх дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:

54.1.8.энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх заалтыг зөрчиж байх тул гомдлыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Л.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг хүргэж өгөх гэтэл татвар төлөгч өөрөө хүндрэл учруулсан. Бид эхлээд компанийн утас руу 3-4 удаа нь залгасан боловч аваагүй. Ингээд сүүлд нь баталгаат шууданд хийсэн. Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг 7 хоногийн дотор гардуулах ёстой байдаг. Шууданд хийсэн тогтоол маань буцаж ирсэн. Ингээд би яагаад ирэв гээд асуутал хаяган дээр байгаа газар энэ тогтоолыг гардаж авах ёсгүй гэлээ гэсэн. Манай байгууллага 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр маргаан таслах зөвлөлийн тогтоолыг шууданд хийсэн. Хуульд зааснаар ажлын 10 хоногийн дотор бичгийг хүргүүлсэнд тооцдог. Нэхэмжлэгч талаас 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гомдол гаргасан. Гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч талаас хэтрүүлсэн гэж үзэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн. Мэдэгдсэн учраас шийтгэлийн хуудас гарч байгаа. Мөн татвар төлөлтийн тайланг нь харна. Ямар шалтгаанаар акт тавих болсон үндэслэлүүд нь тодорхой байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг “И” ХХК зөрчсөн. Алданги торгууль нь 20 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж заасны дагуу хэтрүүлэлгүй торгууль оноосон. Падаан дээр ямар нэг асуудал байгаагүй. Гэтэл худалдан авагч тал нийлүүлэгч тал хоёр худалдан авалт хийсэн нь нотлогдохгүй байгаа. Өөрөөр хэлбэл “И” ХХК худалдан авалт хийсэн гэдэг нь нотлогдоогүй. Эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон ба прокурорын тогтоол дээр улсад учруулсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэсэн. Манай байгууллагаас иргэний журмаар нөхөн төлөх татварыг нэхэмжлэхдээ заавал татварын өр үүсгэдэг. Өр үүсгэхийн тул шийтгэлийн хуудас бичиж байгаа. Шийтгэлийн хуудас бичигдсэн учраас гомдол гаргаад шүүхээр яваад байгаа болохоос биш бид хохирлоо шууд иргэний журмаар нэхэмжлэх учиртай. Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолыг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ажлын цаг дуусах гэж байхад шууданд хүлээлгэж өгсөн юм билээ. Шуудан 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаар бүртгэсэн юм билээ. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа актыг мэдэгдсэнд тооцно. Иймд нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэв.

Шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                               

ҮНДЭСЛЭХ нь;

Гомдол гаргагч “И” ХХК-ийн шүүхэд гаргасан “Татварын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0300188 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 466 дугаар тогтоолоор баталсан “Маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ын 7.6-д “Маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь тогтоолыг маргаанд оролцогч талуудад 10 хоногийн дотор гардуулж, энэ тухай тэмдэглэл үйлдэж, бүртгэнэ”, 7.7-д “Татвар төлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөд тогтоолыг энэ журмын 7.6-д заасан хугацаанд гардуулах боломжгүй, эсхүл гардан аваагүй бол нарийн бичгийн дарга уг хугацаа өнгөрснөөс 7 хоногийн хугацаанд багтаан татварын албанд бүртгүүлсэн хаягаар шуудангаар тогтоолыг илгээнэ”, 7.8-д “Тогтоолыг энэ журмын 7.7-д заасны дагуу хүргүүлснээр Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу маргааны оролцогч талуудад мэдэгдсэнд тооцно” гэжээ.

Харин Захиргааны ерөнхий хуулийн 43.3-т “Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно” гэж заасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э “2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг шууданд хийсэн тул үүнээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцох тул нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн” гэж, гомдол гаргагч “И” ХХК-ийн захирал З.Б “татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэрт хүүхдэд өгснөөр хүлээж авсан” гэж тус тус маргадаг.

Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн маргаан таслах зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Монгол шуудан ХК-д хүлээлгэн өгсөн болох нь Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн бичиг тараах дэвтрээр нотлогдоно. Гэхдээ тухайн үед Мөрөн сумын 8 дугаар багийн 17 дугаар байрны 2 дугаар орцны 32 тоот гэсэн хаяг бичигдсэн болохоос хэнд гардуулах нь тодорхойгүй байсан тул бичгийг “Монгол шуудан” ХК-аас Татварын хэлтэст буцаасан, буцаасан бичгийн дугтуйг солихгүйгээр З.Б гэдэг нэрийг нэмж бичээд дахин “Монгол шуудан” ХК-д 2020 оны 04 сарын 08-ны өдөр өгсөн болох нь гэрч Ө.Б, Ч.Б нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн бичиг тараах дэвтрээр нотлогдож байна.

Ийнхүү “Монгол шуудан” ХК нь 2020 оны 04 сарын 08-ны өдөр ирүүлсэн “Мөрөн сумын 8 дугаар багийн 17 дугаар байрны 2 дугаар орцны 32 тоот, З.Б” гэсэн хаягтай албан бичгийг хаягаар нь хүргүүлсэн боловч хэзээ, хэнд гардуулан өгснөө тэмдэглээгүй, энэ нь албан бичгийг шуудан дахин өгөхдөө шинээр баар код аваагүй, дугтуйг сольж ирүүлээгүйтэй холбоотой болох нь гэрч Ө.Б, Г.Б нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 43.8-д “Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй” гэж заасан бөгөөд хариуцагч нар захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотолж чадахгүй байна гэж шүүх үзлээ.

Гэрч Ө.Б, Г.Б нар татварын хэлтсээс ирүүлсэн бичгийг 2020 оны 04 дүгээр сард багтааж З.Б-ын эхнэр гэх хүнд гардуулсан гэж байх тул нэхэмжлэгч 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдөр шүүхэд анх өргөдөл гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д заасан 30 хоногийн хугацаанд багтаж гаргасан гэж шүүх үзлээ.

Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0300188 дугаар шийтгэлийн хуудсаар И ХХК-ийн 2015-2016 оны татвар ногдох орлого орлогоо үнэн зөв тодорхойлсон эсэхэд хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, НӨАТ-ын хий бичилт хийж татвар ногдох орлогоо бууруулсан гэж үзэн нийт 58 209 864 төгрөгийг төлүүлэхээр шийдэрлэжээ.

Шалгалтаар тус компани нь 2016 онд “М” ХХК-аас 206 247 700 төгрөгийн худалдан авалт хийсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-ыг зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар 206247700 төгрөгийн зөрчилд 20 624 770 төгрөгийн нөхөн татвар, 6 187 431 төгрөгийн торгууль, 4 124 940 төгрөгийн алданги,

2016 онд “М” ХХК-аас 181 818 181 төгрөгийн худалдан авалт хийсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-ыг зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар 181 818 181 төгрөгийн зөрчилд 18 181 818 төгрөгийн нөхөн татвар, 5 454 545 төгрөгийн торгууль, 3 636 360 төгрөгийн алданги ногдуулжээ.

Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” тогтоолоор “М” ХХК нь 1060 гаруй аж ахуйн нэгжтэй 139 тэрбум төгрөгийн хуурамч гэрээ байгуулж, Монгол Улсын хилээр бусдын импортолсон бараа материалын баримтуудыг хууль бусаар ашиглан импортоор оруулж ирсэн мэтээр гаалийн бүрдүүлэлт хийж, гаальд нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн боловч татварын тайланд тусгахдаа гаалийн байгууллагад төлсөн НӨАТ-ын дүнг хэд дахин өгсөн тайлагнаж их хэмжээний буцаан авалт үүсгэж, цахим баримтын системээр тайлагнаж татвар төлөгчдөд бараа материал, ажил үйлчилгээ худалдан борлуулсан мэтээр баримт бичиж, бичилт хийсэн мөнгөн дүнгээсээ 2-3 хувийн төгрөгийг авч бусдад онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийх боломжийг олгосон гэх хэрэгт нэр бүхий 39 аж ахуйн нэгжүүдийн үйлдэл, эс үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийн шинжтэй байх боловч тухайн үйлдэл, эс үйлдэхүйгээс хойш 1 жилийн хугацаа өнгөрч, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч Д.М-ийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаар дүгнэлтэд “М” ХХК нь 2012, 2015-2016 онуудад нийт 1479 аж ахуйн нэгжүүдээс 184 217 012 098,14 төгрөгийн борлуулалт хийсэн гэж НӨАТ-ын тайланд тусгасан нь үндэслэлгүй байна гэжээ. Энэхүү шинжээчийн дүгнэлтийн хавсралт 6-д “И” ХХК нь “М” ХХК-аас 2015-2016 онд нийт 244 296 363,64 төгрөгийн худалдан авалт хийсэн гэх нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь зөрчилтэй болох талаар дурджээ.

Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 72 дугаар “Хэрэг бүртгэлийг хэргийг хаах тухай” тогтоолоор “М” ХХК нь НӨАТ-ын хуурамч бичилт хийж 2016, 2017 онд худалдан авалт, борлуулалт хийсэн мэтээр хуурамч баримт бүрдүүлэн 1,5 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн болох нь тогтоогдож байгаа боловч 2016 оны үйлдэл нь хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 2017 оны үйлдэлд тухайн байгууллага Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлангийн залруулга хийх нь нээлттэй байна гэж үзэн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг удирдлага болгон хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ.

“М” ХХК-ийн аж ахуйн нэгжүүдэд олгосон борлуулалтын падаан дэлгэрэнгүй гэх баримтын /ХХ 52-53 дугаар хуудас/ 104-106 дугаарт “И” ХХК-д 2016 оны 12 дугаар сарын  31-нд 181 818 181,8 төгрөгийн үнэтэй бараа, ажил үйлчилгээ худалдан борлуулсан гэж тусгасныг анхан шатны баримт болон бусад дэмжих баримт ирүүлээгүй тул хий бичилттэй падаан олгосон гэж үзэхээр байна гэж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч Б.Ц-ийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 47 дугаар дүгнэлтэд /ХХ-ийн 45-46 дугаар хуудас/ дурджээ.

Гомдол гаргагч “И” ХХК нь “М” ХХК, “М” ХХК-уудаас бараа материал худалдан авсан гэдэг. Гэвч “М” ХХК, “М” ХХК-ууд аж ахуйн нэгж байгууллагуудад бараа борлуулаагүй атлаа борлуулсан мэт хуурамчаар цахим бичилт хийж, падаан бичсэн боловч анхан шатны баримтаар нотлогдоогүй болох нь  Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 72 дугаар тогтоолоор нотлогдож байна.

Мөн шүүх “И” ХХК-аас нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг гаргаж өгөхийг шаардсан боловч гаргаж өгөөгүй ба шүүх хуралдаанд тайлбарлахдаа “2016 оны анхан шатны баримтуудаа хэдэн жилийн өмнө татварын төлөвлөгөөт хяналт шалгалтын үеэр татварын албанд шалгуулахаар өгөөд буцааж аваагүй” гэх боловч хүлээлгэж өгсөн баримт байхгүй гэж тайлбарласан. Иймд “И” ХХК нь “М” ХХК, “М” ХХК-уудаас бараа материал худалдан авсан болох нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудаар нотлогдохгүй байна гэж үзлээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж зааснаар нэхэмжлэгч нь “М” ХХК, “М” ХХК-уудаас бараа, материал худалдан авч, нэмэгдсэн өртгийн албан татварыг оролцуулан үнийг төлсөн болох нь “...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт” буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл, худалдан авалтыг хийсэн мөнгөн гүйлгээний тайлан гэх мэт санхүүгийн бусад баримтуудад тусгагдаж, тогдоогдоогүй байх тул уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохгүй, энэ үндэслэлээр татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд төлбөр төлүүлэхээр тогтоосон татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Гомдол гаргагч З.Б зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, мэдэгдээгүй гэх боловч түүний шүүх хуралдаанд гаргасан “Г.М байцаагчтай нэг удаа уулзсан” гэх тайлбар, хэргийн материалд авагдсан хяналт шалгалтын материалд гарын үсэг зурахаас татгалзсан тухай нэхэмжлэгчийн бичиг зэргийг үндэслэн түүнийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, эрх, үүргийг тайлбарласан байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3. Зөрчлийн тухай хуулийн 11.19-ийн 4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ГАНЧИМЭГ