Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2015/0167

 

Иргэн Ц.Ц-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга, Ц.Шагдарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж , гуравдагч этгээд М.Л нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Ц.Ц-н нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, 5 дугаар хороолол, 13 дугаар байрны 42 тоот орон сууцны барьцааны гэрээ-г бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би орон сууц барьцаалж, өөр хүмүүст зээл олгож байсан. Ц.Ц , М.Л нарын барьцааны гэрээний бүртгэлийг бүртгүүлэх мэдүүлэг гаргаж хуулийн дагуу хийгдсэн. ... Ц.Ц-н гаргасан барьцааны гэрээ бүртгүүлэх мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах, ипотекийг бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй. Ц.Ц  нь өөрийн биеэр ирж гэрээг нотариатаар батлуулж, барьцааны гэрээг албан ёсоор бүртгэсэн бүртгэл хийлгэсэн.

2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хамтран өмчлөгч хасуулах бүртгэл, лавлагаа, барьцааны гэрээ бүртгүүлэх гэсэн 3 төрлийн бүртгэл хийлгэсэн. Иймд бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Ц  нь 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 20 сая төгрөгийн зээл хүссэн. ... Би 20 сая төгрөгийн зээл гаргахаас татгалзсан. Гэтэл Ц.Ц  би өөрийнхөө нэр дээр ордероо болгоно гэсэн.

... Иргэн Ц.Ц  нь эхнэр н.Алтанцэцэгийн хамт надаас мөнгө хүлээн авахдаа 5-13-42 тоот 1 өрөө орон сууцаа үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээд тамга даруулсан байгаа. Би зээл олгосон. ... Миний мөнгийг хэрэгцээтэй үедээ авч хэрэглээд одоо болохоор шал өөр юм ярьж байгааг ойлгохгүй байна. Иргэн Ц.Ц  нь энэ мөнгийг А.О-д  өгнө гэсэн бол мөнгө өгөхгүй байсан. ... Бид албан ёсоор гэрээ хийж, нотариатаар батлуулсан тул барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэл хүчин төгөлдөр гэж үзэж байна гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр: Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, 5 дугаар хороолол, 13 дугаар байрны 42 тоот орон сууцны барьцааны гэрээ-г бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд М.Л давж заалдах гомдолдоо: 1. Нэхэмжлэгч Ц.Ц  нь М.Л надаас 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан 20 сая төгрөгийг зээлдэн авсан. Ц.Ц  тухайн үедээ надаас мөнгө зээлэхдээ нотариатын газар очиж гарын зурсан мөн өөрөө хамтран өмчлөгч нараа хасуулсан. Гэтэл дараа нь зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй гэж сум дундын 14 дүгээр шүүхэд хэрэг хянан хэлэлцэх үед маргаж, шинжээч томилж гарын үсгээ мөн эсэхийг тогтоолгож байсан. Ц.Ц  ер нь би мөнгө аваагүй, гарын үсэг биш гэх мэтээр маргалдаж сум дундын шүүхээр 1 жил гаруй хугацаа авч явсаар 2013 оны иргэний хэрэг 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улсын Дээд шүүх эцэслэн шийдвэрлэж 70 дугаар тогтоол гарсан. Ц.Ц  мөнгөө төлөхгүй байсан тул миний бие шүүхийн шийдвэр биелүүлэх газарт албадан биелүүлэх хүсэлт гаргасан шүүхийн шийдвэр гүйцэтгэгч 2014 оны 03 дугаар сарын 17-ноос эхлэн ажиллагаа хийж эхэлсэн. Энэ талаарх баримтуудыг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Гэтэл Ц.Ц  төлбөрөө төлөх талаар бодохгүй, өмгөөлөгч авч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн.

2. Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс барьцааны гэрээг бүртгэхдээ Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д заасныг зөрчиж бүртгэсэн учир М.Лханаа, Ц.Ц  нарын хооронд хийгдсэн барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгосон гэж шийдвэртээ дурджээ. Шүүхийн шийдвэрт барьцааны гэрээний бүртгэлийг яаж хүчингүй болгох талаар бүхий л анхаарлаа хандуулсан нь нэг талын эрх ашгийг хамгаалсан гэж үзэх үндэслэлтэй. Гуравдагч этгээдийн гаргаж байгаа тайлбар, баримтуудад ямар ч үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан 30 хоногийн хөөн хэлэлцэх хугацаа энэ нэхэмжлэлийн шаардлагад яагаад хамааралгүй байгааг ойлгохгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д ...энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж зааснаар Ц.Ц  захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ шууд гаргажээ. Хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д нэхэмжлэгч энэ хуулийн 12.1, 12.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтээ тухайн захиргааны хэргийн шүүхэд гаргаж болох бөгөөд уг хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ гэжээ.

Гуравдагч этгээд М.Л миний өмгөөлөгч шүүх хуралдаан дээр хуулийн дээрх заалтыг ярьж мэтгэлцсэн, гэвч шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт энэ талаар ямар ч дүгнэлт өгөөгүй нь эргэлзээ төрж байна. Хэрвээ энэ нэхэмжлэлийн шаардлагад буюу энэ маргаанд хөөн хэлэлцэх хугацаа хамааралгүй гэдгийг хуульчилж өгсөн байдаг бол энэ талаар шүүх дүгнэлт өгөх ёстой.

Миний бодлоор захиргааны бүх л акт хөөн хэлэлцэх хугацаатай байх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ц.Ц  захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Хөөн хэлэлцэх хугацааг хэдэн сараар биш хэдэн жилээр хэтрүүлсэн байтал шүүх яагаад хөөн хэлэлцэх хугацаа энэ хүнд хамааралгүй мэт шийдвэрлэж байгаад гайхаж байна.

Захиргааны байгууллагын акт буюу барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх маргаан Сум дундын 14 дүгээр шүүхэд хэрэг хянан хэлэлцэх үед яригдаж, Ц.Ц  би барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй гэж тайлбар өгч түүний гарын үсгийн хэвийг олон янзаар зуруулж, 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хийгдсэн Зээлийн гэрээ, барьцааны гэрээг эх хувиар нь өөрт үзүүлж энэ гарын үсэг таных биш юм уу гэж шинжээч хүртэл асууж байсан, түүнээс гадна барьцааны гэрээг барьцаалагчид өгч 20 сая төгрөг тоолж авсан зэргээс гадна 2014 оны 03 дугаар сарын 17-нд шийдвэр гүйцэтгэгч дуудан уулзаж байсан тэмдэглэл, эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж худалдах тухай мэдэгдэл зэргээр Ц.Ц  уг захиргааны актыг мэдэж байсан мэдэх ёстой. Барьцааны гэрээг мэдээгүй байх ямар ч үндэслэл байхгүй.

Иймээс Ц.Ц  уг актад гомдол гаргах эрхээ алдсан. Уг хугацааг сэргээлгэх тухай хүсэлт шүүхэд гаргаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч хэлэлцсэн нь хууль зөрчсөн. Хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааны талаар шүүх шийдвэрлээгүй байхад уг актыг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль бус болсон.

Иймд захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 07 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Ц.Ц , М.Л нарын хооронд байгуулагдсан Барьцааны гэрээ-г улсын бүртгэлд бүртгэжээ.

 

Тухайн үед хариуцагч байгууллага, түүний ажилтан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 /Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ/, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 /Гэрээгээр үүссэн барьцааг барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр бүртгэх... тухай заалтуудыг зөрчиж барьцааны гэрээг байгуулсан Ц.Ц , М.Л нараас хэн аль нь мэдүүлэг гаргаагүй байхад бүртгэлийн үйл ажиллагаа явуулсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг болон бусад баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Гэвч тухайн бүртгэлийн үйл ажиллагаа хуульд нийцээгүй нь дангаараа бүртгэлийг хүчингүй болгуулах тухай Ц.Ц-н нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүйг шүүх анхаараагүй байна.

 

Захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэдэг бөгөөд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохдоо тухайн акт хууль бус байхаас гадна нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхыг мөн шаарддаг.

 

Хэрэгт авагдсан Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 863 дугаар шийдвэр, Орхон аймгийн шүүхийн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 129 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн хуралдааны 2014 оны 70 дугаар тогтоол, хэргийн оролцогчдын тайлбар болон бусад нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ц.Ц , гуравдагч этгээд М.Лханаатай 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 20,0 сая төгрөгийг 3 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон, зээлийн гэрээнээс гадна Ц.Ц  үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг 5 дугаар хороолол 13 дугаар байр, 42 тоот улсын бүртгэлийн Ү-2101004913 дугаарт бүртгэлтэй 18 м.кв талбайтай орон сууцыг барьцаалж, Барьцааны гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, ингэснээр тохиролцсон зээлээ авсан, улмаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэж, Ц.Ц ээс 37,2 сая төгрөг гаргуулж М.Л-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тухайн шийдвэр хүчин төгөлдөр болж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа нь тогтоогджээ.

 

Эндээс нэхэмжлэгч Ц.Ц  2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 20,0 сая төгрөгийг бусдаас зээлэхийн тулд өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалах хүсэл сонирхолтой байсан, тодруулбал, түүний Барьцааны гэрээ-г өөрөө байгуулж нотариатчаар гэрчлүүлсэн, улсын бүртгэлд уг гэрээ бүртгэгдсэнээр зээлийн 20,0 сая төгрөгийг хүлээн авах боломжтой болсон зэргээс үзэхэд тэрээр тухайн үед барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээс татгалзаагүй нь харагдаж байна.

 

Түүнчлэн Ц.Ц , М.Л нарын зээл, барьцааны гэрээ байгуулсан өдөр буюу 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-ээр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг 5 дугаар хороолол 13 дугаар байр, 42 тоот орон сууцыг хамтран өмчилж байсан Ц.Цэнд-Аюуш, Ц.Н , Д.А нар өмчлөх эрхээсээ татгалзаж /ХХ-26/, Ц.Ц  ганцаараа өмчлөгчөөр үлдсэн, зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ц.Ц ээс М.Л-д итгэмжлэл олгож, орон сууцыг бусдад худалдан борлуулах эрхийг олгож байсан зэрэг нь дээрх байдлыг давхар нотолж байна.

 

Эдгээрээс гадна Ц.Ц ээс 37,2 сая төгрөг гаргуулж М.Л-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх явцдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 /төлбөр төлөгчид эд хөрөнгө байгаа эсэх талаар хуульд заасан журмаар мэдээлэл олж авах, төлбөр төлөгчийн мөнгөн хадгаламж болон харилцах данснаас хасалт хийх, эд хөрөнгө болон биeд үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах /цаашид барьцаалах гэх/, хураах, худалдан борлуулах;/-д заасны дагуу Ц.Ц-н өмчлөлийн орон сууцнаас тухайн төлбөрийг гаргуулах үйл ажиллагаа явуулж болохоор байна.

 

Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэлийн улмаас нэхэмжлэгч Ц.Ц-н эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийг хангаж тухайн бүртгэлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар нэг эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэхээргүй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, 5 дугаар хороолол, 13 дугаар байрны 42 тоот орон сууцны барьцааны гэрээ-г бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, Ц.Ц-н нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ц-н Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, 5 дугаар хороолол, 13 дугаар байрны 42 тоот орон сууцны барьцааны гэрээ-г бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

 

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР