Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 216

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-улсын яллагч М.Үүрийнтуяа,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

-шүүгдэгч Т.Базардорж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Монгол овогт Түмэнгийн Базардоржид холбогдох Эрүүгийн 201619000319 тоот хэргийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1983 оны 08 сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, ээж, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Түмэнгийн Базардорж /РД:ЗГ83080513/,

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Т.Базардорж нь 2016 оны 04 сарын 30-ний өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр багийн нутаг Галтай-Булнай гэх газар иргэн  А.Долзодмаагийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Базардорж нь шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ: “..Тухайн өдөр хохирогч А.Долзодмаатай маргалдсан. Тэгээд халуун хоол цацсан нь миний буруу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв. 

 

Хохирогч А.Долзодмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 04-р сарын 30-ны өдөр манайх ямаагаа самнаад нөхөр туслах малчин 2 малдаа явчихсан гадаа хороон дээр хүмүүс ямаа самнаж байсан. Энэ үед хадам дүү Т.Бадамдорж хотоос машинтайгаа ирсэн. Тэгээд надаас аяга асуугаад гадаа хороон дээр байсан хүмүүстэй пиво хувааж уусан байсан. Би гэрт Баялагтай хоол хийж дуусаад байж байтал гаднаас нөхөр Базархүү, туслах малчин Хэрлэн хоёр орж ирсэн. Тэгээд хоол аягалж өгөөд байж тал Базардорж орж ирсэн. Тэгээд ахтайгаа хаана буух вэ гээд ярьж байсанаа нэг савтай пиво гаргаж ирээд уух гэхээр нь би нөхөртөө битгий уугаарай гэж хэлсэн. Тэгтэл Базардорж уурлаж танайхыг дагаж энд ирээд хамаг малаа барлаа гэхээр нь би ганцхан танайх үхэж байгаа юм уу манайх ч гэсэн малаа барьж байна чи юу яриад байгаа юм бэ? одоо чи гэрлүүгээ яв гэсэн тэгтэл тогоотой хоолруу гар нь явахаар нь би босоод хаалга руу явтал цацсан. Миний баруу хацар зүүн мөр дал зүүн гарын шуу халуун хоолонд түлэгдсэн. 13 хоног хэвтэж эмчлүүлсэн. Одоо миний бие бүрэн эдгэрсэн. Базрдорж надаас уучлалт гуйсан. Би намайг түлчихээд тоохгүй байхаар нь өргөдөл гаргасан. Сайн дураараа эвлэрсэн одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-10-11/,

Гэрч Т.Базархүү мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “.....2016 оны 04-р сарын 30-ны өдөр өглөө хониндоо явчихаад өдөр цайгаа уухаар туслах малчин Хэрлэнгийн хамт гэртээ ирсэн энэ үед манай гадаа дүү Базардорж ирсэн байсан. Тэгээд гэрт ороход эхнэр Долзодмаа Баялаг хоёр хоол хийчихсэн аягалж байтал гаднаас дүү Базардорж орж ирсэн ахдаа ганц пиво авчирсан гээд гаргах гэтэл эхнэр битгий уугаарай гэж хэлсэн. Тэгээд дүү Базардорж уурласан байх хамаг малаа энд ирээд барлаа гэтэл манай эхнэр чи одоо яв манайх ч гэсэн адилхан малаа барж байна гээд тэр хоёр хоорондоо маргалдаж байтал Базардорж гал дээр байсан тогоотой хоолны үлдэгдэлийг авч цацсан...” гэх мэдүүлэг /хх-13/,

 

Шинжээчийн 213 тоот дүгнэлтэнд:

1. А.Долзодмаагын биед баруун шанаа, хацар, баруун буглага, хүзүүны ар мөр эгэм, зүүн шуунд түлэгдэлт баруун шуу, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо, халуун шингэн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй гэх дүгнэлт,

-шүүгдэгч Т.Базардорж нь “урд ял шийтгэл эдлэж байгаагүй” гэх лавлагаа /хх-26/,

-шүүгдэгч Т.Базардоржийг 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-21/, 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-25/ зэргийг шинжлэн судлав.

          

Шүүгдэгч Т.Базардорж нь 2016 оны 04 сарын 30-ний өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр багийн нутаг Галтай-Булнай гэх газар иргэн  А.Долзодмаагийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч А.Долзодмаагийн “ .. Миний баруу хацар зүүн мөр дал зүүн гарын шуу халуун хоолонд түлэгдсэн. 13 хоног хэвтэж эмчилүүлсэн. Одоо миний бие бүрэн эдгэрсэн. Базрдорж надаас уучлалт гуйсан. Би намайг түлчихээд тоохгүй байхаар нь өргөдөл гаргасан. Сайн дураараа эвлэрсэн одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг, гэрч Т.Базархүүгийн “..манай эхнэр чи одоо яв манайх ч гэсэн адилхан малаа барж байна гээд тэр хоёр хоорондоо маргалдаж байтал Базардорж гал дээр байсан тогоотой хоолны үлдэгдэлийг авч цацсан...” гэх мэдүүлэг, Шинжээчийн 213 тоот дүгнэлт, шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Т.Базардоржийн хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Базардоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно “ гэсний заасны дагуу шүүхийн шатанд шүүгдэгч Т.Базардорж, хохирогч А.Долзодмаа нар нь сайн дураараа эвлэрсэн байх тул Т.Базардоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч Т.Базардорж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.       

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Түмэнгийн Базардоржийг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. . Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Базардорж нь хохирогч А.Долзодмаатай сайн дураараа эвлэрсэн байх тул Т.Базардоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Т.Базардорж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Т.Базардоржид авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Базардоржид авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ю.ЭНХМАА