Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 1717

 

 

 

 

 

 

 

                                                                                   

 

Н.Алтантуяагийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/00992 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Алтантуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газарт холбогдох

 

Газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/08 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байх хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, өмгөөлөгчийн хөлс болон зардалд нийт 3 065 800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Баярмаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Жавзмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Даваажав нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Н.Алтантуяа нь зохих журмын дагуу 2014 оны 11 дүгээр сарын 12-нд сонгон шалгаруулалтанд орж Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны дэргэхэд Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 18 дугаар тогтоолын дагуу 2014 оны 11 дүгээр сарын 19-нд ЦУОШГ-ын даргын тушаалаар Говь-Алтай аймгийн ЦУОША-ны даргаар томилогдсон. Ажиллах хугацаанд үүрэгт ажлаа нэр төртэй сайн гүйцэтгэсэн ба ЦУОШГ-ын даргын 2016 оны А/92 тоот тушаалаар Говь-Алтай аймгийн УЦУОША-ны даргаас чөлөөлж, тус аймгийн УЦУОШГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулсан. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 08-нд Б/08 тоот тушаалаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Ажилтан Н.Алтантуяа, байгууллагын хооронд үүссэн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицулагдах хөдөлмөрийн харилцаа юм. Байгууллагын санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан 7 үндэслэлийн аль нэгийг заах ёстой, гэтэл ингэж үндэслэл заагаагүй, аль үндэслэлээр халж байгаа нь тодорхойгүй болсон. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуль болон Улсын Дээд шүүхийн тайлбарт заасныг ч зөрчсөн. Ус цаг уур орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар даргыг чөлөөлөх, томилохдоо Засаг даргатай зөвшилцөхөөр заасан байдаг. Гэтэл Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/1149 тоот албан бичгээр зөвхөн даргыг томилох тухай санал хэлсэн болохоос харин Н.Алтантуяаг чөлөөлөх талаар зөвшилцсөн гэж үзэх боломжгүй. Н.Алтантуяаг ажлаас чөлөөлсөн үндэслэл байхгүй, хууль бусаа халсан. Нэхэмжлэгч Н.Алтантуяа нь өөрийн урьд эрхэлж байсан ажил болох тус аймгийн УЦУОШГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс үндэслэлгүй чөлөөлөгдөн тул энэ ажилдаа эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан. Үүнийг тодруулж хэлж байна. Энэ нэхэмжлэлээ дэмжиж байгаа. Цалингийн хувьд шүүхийн шийдэр гарах хүртэл хугацаагаар тооцон нэхэмжилж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийг нөхөн бичүүлэхийг даалгуулах хүсэлттэй. Нэхэмжлэгч нь ажлаасаа халагдсанаас болж хохирсон. Үүний зардалд нийт 3 065 800 төгрөг нэхэмжилсэн ба шаардлагыг нотлох бүх баримтуудыг хэрэгт өгсөн байгаа. Иймд нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч ажил олгогчийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/08 тоот тушаалыг хүчингүй болгохоор шаардсан нь үндэслэлгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/32 тоот тушаалаар ЦУОШГ-ын зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг өөрчлөн баталсан. Энэ тушаалтай холбогдуулан сайдын 2015 оны А/77 тоот тушаал хүчингүй болсон. Хариуцагч байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, ЦУОШГ-ын даргын 2016 оны А/81 тоот тушаалын 1, 2 дугаар хавсралтуудаар нийт ажилчдыг чөлөөлөн, эргээд 5 хэлтэст ажилчдаа томилсон байдаг. Дараа нь тус газрын даргын А/92 тоот тушаал гарч, уг тушаалын 1, 2 дугаар хавсралтуудаар аймгуудын УЦУОШАлбыг УЦУОШГазар болгон өөрчилсөн дарга нарыг бүгдийг нь даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Ингэж томилсон тушаалд нэхэмжлэгч Н.Алтантуяа маргаагүй, гомдол гаргаагүй байдаг. Үүний дараа ЦУОШГ-ын даргаас Ус цаг уур орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу бүх аймгийн Засаг дарга нарт 2016 оны 10 дугаар сарын 03-нд 1/480 тоот албан бичгээр УЦУОШГ-ын даргын томилох асуудлаар зөвшилцөх саналаа явуулахыг хүссэн. Ингэхэд Говь-Алтай аймгийн Засаг даргаас уг албан тушаалд Ц.Эрдэнэбаярыг томилох тухай саналыг ирүүлсэн. Эдгээрийг үндэслэн ажил олгогч байгууллага нь Б/08 тоот тушаал гарган түр гүйцэтгэгч Н.Алтантуяаг ажлаас чөлөөлж, түүнийг аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлсэн. Энэ нь хууль зөрчөн гэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнөөр түр албан тушаалд томилогдсон, энэ асуудалд гомдоогүй атлаа ажлаас чөлөөлсөнд нь маргаад байгаа нь ойлгомжгүй. Одоо түр орлон гүйцэтгэгч гэдэг ажлын байр байхгүй, учраас нэхэмжлэл үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь аймгийн УЦУОШГ-ын даргын ажилд эгүүлэн тогтоолгох гээд бичсэн байдаг, одоо энэ шаардлагаа өөрчлөөд УЦУОШГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогоох гэж хэлж байгаа үндэслэлгүй, өмгөөлөгч ингэж өөрчлөх эрхгүй гэж үзэж байна. Ажлаас чөлөөлсөн тушаалд сайдын А/32 тоот тушаалыг үндэслэсэн байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан, нэхэмжлэгч ч өөрөө үүнийг сайн мэдэж байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б/08 тоот тушаалыг хүчингүй болгох гээд яриад байна, энэ нь нэхэмжлэлийнх нь үндэслэл болоод байгааг ойлгохгүй байна. Ажилгүй байсан хугацааны олговор гэж нэхсэн, зөвхөн үндсэн цалин л яригдах ёстой. Байхгүй ажилд тогтолгох гээд байгаа үндэслэлгүй, одоо ямар ч үр дагавар байхгүй болсон байна. Ажил олгогч байгууллагын даргын Б/08 тоот тушаал нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Алтантуяаг Говь-Алтай аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт болон хохиролд 4 077 633 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс ЦУОШГ-ын даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/08 тоот “Албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгох гэсэн шаардлагыг, 3 019 000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, Н.Алтантуяагийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч ЦУОШГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 79 443 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгон, 4,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх “Ажил олгогчийн Б/08 дугаар тушаалдаа түүнийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ тодорхойлоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг зөрчжээ” гэж дүгнэсэн. Чөлөөлөх болсон үндэслэлийг шүүх зөвхөн Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл тусгагдаагүй гэсэн хязгаарлагдмал байдлаар дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/129 тушаалаар “Аймаг, хотын Ус цаг уур орчны шинжилгээний газрын дүрэм, зохион байгууллалтын ерөнхий бүдүүвч...” шинээр гарсан.

Шүүх “Аймаг хотын ус цаг уур орчны шинжилгээний албад нь газар болсон өөрчилсөн нь хөдөлмөрийн гэрээг цуцлах, хуульд заасан үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг зөрчсөн байна.

ЦУОШГ нь босоо удирдлагатай төрийн байгууллага тул 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/92 дугаар тушаал, 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг гаргасан нь “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Ус цаг уур орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн.

Өөрөөр хэлбэл Говь-Алтай аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажил гэсэн ажлын байр албан тушаал байхгүй болсон бодит нөхцөл байдалд шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасна шаардлагад нийцээгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Алтантуяа нь ажлаас чөлөөлсөн дугаар Б/08 дугаар тушаалыг гардаж авсан үйл баримтад үнэлэлт өгөөгүй, нэхэмжлэгч эрх зөрчигдсөнөө мэдэх ёстой байсан эсэхийг дүгнэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хөөн хэлэлцэх хугацаа тоолох Иргэний хуульд заасан журмыг зөрчсөн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 182/ШШ2017/00992 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Н.Алтантуяа нь даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/08 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байх хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, өмгөөлөгчийн хөлс болон зардалд нийт 3 065 800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн урьд эрхэлж байсан буюу Говь-Алтай аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Н.Алтантуяа нь 2014 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн Б/53 тоот тушаалаар Говь-Алтай аймгийн Ус цаг уурын орчны шинжилгээний албаны даргаар томилогдон ажиллаж ирсэн байх ба Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/32 дугаартай тушаалын дагуу хийгдсэн агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/92 дугаартай тушаалаар түүнийг уг албан тушаалаас чөлөөлж, тус аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан дээрх тушаалууд, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 5, 11-13, 14-18, 76-78, 123-130/

 

Ажил олгогч нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/08 тоот тушаалаар Н.Алтантуяаг Говь-Алтай аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлөх үндэслэлээ уг тушаалдаа заагаагүйгээс гадна, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг баримтлахгүй шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн гэж тайлбарлаж байгаа боловч ажил олгогчийн зүгээс ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ...” гэсэн хуулийн заалтыг биелүүлсэн болох нь тогтоогдоогүй, хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

 

Иймд анхан шатны шүүх ажил олгогч нь ажилтныг хууль зөрчиж ажлаас халсан гэж дүгнэж, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан "Ажилтны дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын дагуу тооцож 4 030 833 төгрөгөөр тогтоон хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргуулан нэхэмжлэгч Н.Алтантуяад олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Нэхэмжлэгч Н.Алтантуяа нь эрх зүйн туслалцаа авч өмгөөлөгчийн хөлсөнд 3 000 000 төгрөг, нотариатын зардал 19 000 төгрөг, замын зардал 46 800 төгрөг, нийт 3 065 800 төгрөгийг хохиролд тооцон гаргуулахаар нэхэмжилснийг шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот руу ирсний замын зардалд 46 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон цуцалсан, нэхэмжлэгч нь уг тушаалыг гардан авч 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Мөн Цаг уур, орчны шинжилгээний газраас Аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт “Зөвшилцөх тухай” санал явуулснаар Говь-Алтай аймгийн Засаг даргаас өөр хүнийг санал болгосон гэх байдал нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлгүй тул энэ талаарх хариуцагчийн тайлбар, татгалзлал Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй юм.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/00992 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газар нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Б.НАРМАНДАХ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН