Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1581

 

2018.11.15

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Д.Амуундарь,                           

улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,

шүүгдэгч О.М /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж Боржигон овогт Отгонхуягийн О.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0781 01907 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Боржигон овогт Отгонхуягийн О.М, 1997 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн их сургуульд оюутан, ам бүл 7, эцэг, эх, дүү, нөхрийн хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо, ************** суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ************ тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч О.М нь 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр ************** тоотод иргэн Ц.Зийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч О.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

             Хохирогч М.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацарын хумсны соривыг бэр О.М учруулсан. “...Мөнх-Эрдэнэ надад хэлэхдээ би эндээс явахгүй гэж хэлэхээр нь тэгээ тэг танайх муу усны нүхээ эхчих, манайх хогоо ачуулчихъя гэж хэлэхэд нь хэрүүл болоод Мөнх-Эрдэний эхнэр намайг татаж аваал нүүр цээж рүү маажаад...Мөнх-Эрдэний эхнэр болох О.М нь намайг ална шүү ална гээд над руу дайраад цохьсон. “...О.М намайг нүүр, хүзүүг маажиж, хэвлий рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Одоо миний толгой, нуруу зүүн мөрний хэсэг орчмоор өвдөж байна...” гэх мэдүүлэг. /хх-11/,

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6277 дугаартай дүгнэлт:

1. М.Зийн биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацар, цээж, зүүн гарын 5-р хуруу, зуун бугалга, баруун, зүүн гуя, нурууны цус хуралт, зулгаралт, бүсэлхийн нурууны 3, 4, 5-р нугаламын жийргэвчийн цүлхийлт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-24/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-57/, ял шалгах хуудас /хх-58/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч О.М нь 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр ************** тоотод иргэн Ц.Зийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох  нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч О.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Отгонхуягийн О.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар О.Мг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл О.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР