| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2017/0312/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/320 |
| Огноо | 2017-10-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2017/ШЦТ/320
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа
Улсын яллагч Б.Бүжинлхам
Шүүгдэгч О.Х нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Хт холбогдох эрүүгийн 1725000000115 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “**” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум * багийн ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г овогт О-ийн Х, рөгистрийн дугаар /х**********/
Яллагдагч О.Хыг 2017 оны 09 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** тоотод эхнэр АДг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон нөхцөл байдал: О.Х нь 2017 оны 09 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** тоот гэртээ согтуугаар, эхнэр АДг “архи уулаа” гэснээс маргалдан зодож биед нь баруун чихний ард, баруун, зүүн шуу, баруун гарын бугалга, зүүн гуяанд цус хуралт бүхий гэмтэл хөнгөн хохирол учруулсан байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: -Хохирогч АДгийн “...Би 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цагт цайллаганд яваад 01 цагийн үед охин Цэлмэгтэй орж ирэхэд манай нөхөр Х найз Цолмонтой хамт архи уугаад сууж байсан. Би цайллаган дээр архи уусан болохоор манай нөхөр уурлаад намайг хэл амаар доромжлоод байсан. Би тэгээд өрөөндөө ороод унтах гэж байхад манай нөхөр хойноос орж ирээд миний баруун талын ташаа хавьцаа өшиглөөд босоо ч гээд байсан. Би газар хэвтэж байгаад орон дээр гараад хэвтсэн чинь үснээс, хөлнөөс татаж газар унагаагаад бөөлжсөн байна цэвэрлээч гэж хэлж байсан. Энэ явдал шөнийн 01- 03 цаг хүртэл үргэлжилсэн. Манай нөхрийн найз энэ үед хажууд байсан. Цолмон 03 цаг өнгөрч байхад гарч явсан байсан. Манай нөхөр хэсэг унтаж байгаад 04 цаг өнгөрч байхад сэрээд намайг хэл амаар доромжлоод хэрүүл хийгээд 07 цаг хүргэсэн...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 12-р хуудас
/ -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 сарын 26-ны өдрийн 816 тоот: - АДгийн биед баруун чихний ард, баруун гарын шуу, баруун гарын бугалга, зүүн гуянд цус хуралт үүсчээ. ... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт / хх-ийн 19-р хуудас /
-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 27-48-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч О.Х шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээж гэмшиж байна гэжээ. Шүүгдэгч О.Х нь 2017 оны 09 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** тоотод гэртээ согтуугаар эхнэр АДг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч О.Хын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд санаатай халдах хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн тул яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,хохирогч төлбөр нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Г овгийн О-ийн Хыг хүний эрүүл мэндэд санаатай халдах, хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 1 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ