| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2017/03238/И |
| Дугаар | 181/ШШ2017/02814 |
| Огноо | 2017-11-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 181/ШШ2017/02814
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Н-т холбогдох
1.400.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Г нь Х.Н т 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 2.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 12 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож, дансаар мөнгийг нь шилжүүлсэн байдаг. Зээлийн хугацаа дууссан тул мөнгөө эргүүлэн өгөхийг удаа дараа шаардахад хүү гэж 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 200.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 200.000 төгрөг нийт 600.000 төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банк дахь данс руу шилжүүлсэн. Манайхаас үндсэн төлбөрөөс төлөөгөөгүй гэж үзэж байгаа.
Гэхдээ Иргэний хууль заасны дагуу зээлийн гэрээ байгуулаагүй учир бид нар хүү шаардах эрхгүй юм байна гээд үндсэн төлбөрөөс 600.000 төгрөгийг нь хасаад, 1.400.000 төгрөгийг нэхэмжилж байна. Манайхаас хариуцагчтай хэд хэдэн удаа уулзаад, график гаргаад, эвлэрэх юм уу эсвэл тодорхой хэмжээний амлалт бичиг аваад шийдье гэсэн боловч би ийм ийм шалтгаанаар мөнгөгүй байна. Мөнгийг чинь өгч чадахгүй байна. Та нар хандах газар нь хандаад авахгүй юу гэсэн зүйл хэлснийх нь дагуу бид нар шүүхэд хандаж байна.
Иймд зээлийн төлбөрийн үлдэгдэл 1.400.000 төгрөгийг түрээслэгч нараас гаргуулж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Х.Н т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Х.Н нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэл шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд амаар тохиролцож, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 2.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.
Хариуцагч Х.Н ийн Хаан банкны 5009832588 тоот дансанд 2.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Г нь шилжүүлсэн болох нь Хаан банкны дипозит дансны хуулгаар, хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 200.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 200.000 төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банкны 5007759373 тоот дансанд шилжүүлсэн болох нь тус тус баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн, түүний үлдэгдэл 1.400.000 төргийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь 1.400.000 төгрөгийг зээлж авсан атлаа эгүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй, шүүхэд маргаж хариу тайлбар гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
Тус иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 14 цаг 30 минутанд товлогджээ.
Хариуцагч Х.Н ийн Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, бэлхийн 33-5 гудамж, 18 тоот хаягаар Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүргүүлсэн боловч тус хаягт Х.Н нь амьдардаггүй гэсэн үндэслэлээр мэдэгдэх хуудас буцаагдсан байна.
Шүүхээс хариуцагч Х.Н нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хариуцагч Х.Н т 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн дотор буюу 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дотор хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч Х.Н ийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Х.Н ээс 1.400.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Гт олгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Х.Н ээс 1.400.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Гт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Н ээс улсын тэмдэгтийн хураамжид 37.350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Гт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ шҮҮГЧ С.ЭНХБАЯР