Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 00019

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч /Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд/: “Х” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05 тоот тогтоолын 7 дугаар хавсралт хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч /Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд/ “Х” төрийн өмчит хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, хариуцагч Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Р.М, гуравдагч этгээд “Х” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч /Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд/ “Хөвсгөл дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар аймгийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны төсвийг баталсан 05 тоот тогтоолын 7 дугаар хавсралтаар орон нутгийн өмчөөс 2020 онд худалдах өмч хөрөнгийн жагсаалт болон дулаан дамжуулах төвийн зориулалтаар олгох эзэмшил газруудын байршил, хэмжээ, өмч хөрөнгийн жагсаалтыг баталсан байна. Ингэхдээ Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн. Учир нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн өмчөөс 2020 онд худалдах өмч хөрөнгийн жагсаалт болон дулаан дамжуулах төвийн зориулалтаар олгох эзэмшил газруудын байршил, хэмжээ, өмч хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.3-д “Хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө” гэсний дагуу Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дээрх асуудлаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай зөвшилцөөгүй, мөн манай байгууллагаас урьдчилж холбогдох саналыг аваагүй байна.

Учир нь Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжигдэн хийгдэж ашиглалтанд орсон 26 008 174 151 /хорин зургаан тэр бум найман сая нэг зуун далан дөрвөн мянга нэг зуун тавин нэг/ төгрөгийн өртөг бүхий 6-н багц /дулаан дамжуулах төв, шугам сүлжээ/ ажлыг Төрийн өмчийн хороо /хуучин нэрээр/-ны Төрийн өмчийн бүртгэл ашиглалт, хяналтын газрын дарга О.С-ын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 3/1093 тоот албан бичгийн дагуу тус компани нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, “Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам” зэрэг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу өөрийн өмчид бүртгэн авсан байдаг. Үүнд Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар тогтоолын 07 дугаар хавсралтад дурдагдсан 8-н газрын 6-н газарт манай байгууллагын өмч болох дулаан дамжуулах төв, шугам сүлжээ, байрлаж тухайн худалдах газартай газрын давхцал үүсч байна.

Тодруулбал: Мөрөн сумын өсөн нэмэгдэж буй хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжийн системээс найдвартай хангахын тулд тасралтгүй засвар үйлчилгээ, өргөтгөл хийх шаардлага гардаг бөгөөд дуудлага худалдаагаар зарагдах жагсаалтанд орсон газруудын хэмжээнд манай шугам сүлжээ болон дэд станцуудын хамгаалалтын зурвас газар хамаарагдаж байх тул Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын дагуу хамгаалалтын зурвас газрын хэмжилтийг хийж хавсралт 1-ээр хүргүүлэв. Мөн тус станцын суурилагдсан хүчин чадал тулсан бөгөөд цаашид 21 мВт-ын хүчин чадлаар өргөтгөх ТЭЗҮ-г боловсруулсан холбогдох газруудад хандаад байгаа юм. Өргөтгөл хийгдсэн тохиолдолд шугам сүлжээ, дулаан дамжуулах төвүүдийг өргөтгөх зайлшгүй шаардлага тулгарна. Холбогдох хууль журмын дагуу хамгаалалтын зурвас газрыг ашиглагч байгууллагын өмчид болон аймгийн нөөцөд үлдээх шаардлагатай байна. Улсын онцгой объект шугам, сүлжээ, дулааны найдвартай хэвийн ажиллагаа алдагдах цаашлаад аймгийн төвийн 1949 хэрэглэгч болон өсөн нэмэгдэх нийт оршин суугчдын эрх ашиг зөрчигдөх байдалд орно гэж үзэж байна. Иймд Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05 тоот тогтоолын 7 дугаар хавсралт хэсгийг хүчингүй болгох тухай бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгч /бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн аливаа эд хөрөнгийг төр өөрөө дуудлага худалдаагаар зарах боловч хувьчлахаас өөр зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулинд төрийн болон орон нутгийн үл хөдлөх эд  хөрөнгийг хувьчлалаас гадна худалдахад Засгийн газраас баталсан төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөнд хамаарах хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, бусад хөрөнгийг хуулийн этгээдийн шийдвэрийн дагуу дуудлага худалдаагаар худалдана гэж байгаа. Энэ заалтыг төрийн өмчийн тухай хуулийн дээд шүүхийн тайлбар дээр хувьчлалаас гадуур худалдах гэдэг нь төрийн болон орон нутгийн өмчийн тухайн хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийг хувьчлах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гаргаагүй гэж байгаа. Энэ маргаан бүхий тохиолдолд өмнө хувьчлалын хөтөлбөрт хамрагдаагүй байж байгаад 2020 оны үйл ажиллагааны явцад гарч ирвэл хувьчлалаас гадуур дуудлага худалдаа болно. Мөрөн хотын хөгжлийн төлөвлөгөө гээд аймгийн ИТХ-н 4 дүгээр тогтоолоор баталсан байгаа. Үүн дээр Мөрөн хотын цаашидын хөгжлийн төлөвлөгөө хэрхэн яаж явагдахыг зааж өгсөн. Энэ уурын зуухны газруудыг аймгийн нөөцөнд үлдээхээр оруулж ирсэн. Цаашид дулааны станц нь хүчин чадлаа өргөтгөх нөхцөл байдал үүсч байгаа. Төв шугам болон 2 дугаар шугамыг сольсон, өмнө Хөвсгөл дулаан гэж компани байх үед хэрэглэгчдэд  өгч байсан 12 мВт-н шугамыг сольсон. Ингэж сольж байх явцад заримт шугам сүлжээгийн сольж чадаагүй. Яагаап сольж чадаагүй гэхээр дээр нь барилга байгууламж, хувийн хэвшилд шилжсэн гээд 1200 мВт-н шугам сүлжээг өөрчилж байсан. Одоо энэ уурын зуухны газруудыг дуудлага худалдаагаар зараад хувийн хэвшилд шилжхэд дараа нь дулаан дамжуулах шугам сүлжээг шинэчлэх, засварлах ажил дээр хүндрэл учрах тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Засгийн газраас баталсан хамгаалалтын зурвасыг барих ёстой гэсэн үүднээс шүүхэд хандсан юм” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна.

Мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.3-т аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “Орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах бүрэн эрхтэй гэж заасан. Тус бүрэн эрхийн хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар аймгийн орон нутгийн өмчид бүртгэлтэй хөрөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулж, иргэдийн аятай тухтай  амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх, аймгийн урт болон дунд хугацааны бодлогын баримт тусгагдсан хөтөлбөр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зорилгоор 2020 онд худалдах өмч хөрөнгийн жагсаалтыг баталж, төрийн өмчийн хороонд саналаа хүргүүлсэн тул холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй болно. ... Тус орон нутгийн өмч хөрөнгүүд нь ашиглагдахгүй болсон, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт тавигдсан, уурын зуухны барилга, яндангууд нь нурах эрсдэлд орж Мөрөн сумын иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөнд ноцтой хохирол үзүүлж болохуйц нөхцөл байдалд хүрсэн, уурын зуухны барилгын хашаанд байгаа нүүрсний хог хаягдал нь хаврын улиралд ойр орчмын айл өрхийн хаалга цонхоор орж иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулж, орчны болон агаарын хөрсний бохирдол үүсгэж байгаа тул тус асуудлыг шийдвэрлэж өгөхийг аймгийн удирдлагуудад Мөрөн сумын иргэд удаа дараа хүсэлт гаргасан, ашиглагдахгүй байгаа уурын зуухны барилгуудад, иргэд цугларч архидан согтуурч иргэдийн амгалан тайван байдал алдагдуулдаг, гэмт хэрэг зөрчил гарах нэг шалтгаан нөхцөл болж байна гэсэн олон үндэслэлүүдээр тус хөрөнгийг худалдан борлуулж иргэдийг орон сууцжуулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэр нь зөвхөн худалдах өмч хөрөнгийн жагсаалт учраас цаашид худалдан борлуулахдаа аймгийн Засаг даргын шийдвэр гарч тус хөрөнгийн зориулалт, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсийг тогтоож, тус хамгаалалтын бүсэд барилга байгууламж барихгүй, засвар үйлчилгээ явуулахад саад учруулахгүй, үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулж худалдан борлуулна. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс бол газар дээр хувийн хэвшилд шилжээд барилга байгууламж баригдсанаар хүмүүсийн эрх ашиг хөндөгдөн гэж яриад байна. Ийм нөхцөл байдал бол үүсэхгүй. Яагаад гэвэл тухайн захиалагч байгууллага нь холбогдох байгууллагуудаас техникийн нөхцөлөө авдаг. Жишээ нь Хөвсгөл дулааны станц ТӨХК, Хөвсгөл Ус суваг ХХК гээд бүх мэргэжлийн байгууллагуудаас техникийн нөхцөлийг авч байж тухайн барилга байгууламж барих эсэх шийдвэрийг гаргадаг. Шугам сүлжээн дээр барилга байгууламж баригдана гэсэн асуудал ерөөсөө байдаггүй. Газрыг бид нар дуудлага худалдаагаар худалдаад тодорхой хэмжээгээр төсөвд орлого бүрдүүлж нурж унах гэж байгаа уурын зуухны барилгыг эзэнтэй болгож цаашидын Мөрөн сумын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхгүй байх нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилготой. Аймгийн ИТХ бол бүрэн эрх хэмжээнийхээ хүрээн өөрийнхөө өмч хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гаргасан. Одоогийн байдлаар энэ асуудалд ажлын хэсэг байгуулаад холбогдох нягтлан шалгах ажиллагааг явуулж байгаа бөгөөд тооцоо судалгаа хийж дүгнэлтээ гаргаж аймгийн Иргэдин Төлөөлөгчдийн хуралд оруулж танилцуулахаар ажиллаж байна ” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хамгаалалтын зурвас зөрчөөд байна гээд байгаа. Хамгаалалтын зурвасыг аймгийн Засаг даргын 2017 оны А/752 дугаар захирамжаар тогтоогоод өгчихсөн. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын 263 дугаар тогтоолыг үндэслээд хамгаалалтын зурвасыг төв суурийн газраас хэдэн метр байхын гэдгийг нь зааж өгсөн.  Үүний дагуу хамгаалалтын зурвасаа бариад шугам сүлжээний засвар үйлчилгээг хийх газрыг үлдээгээд бусад газрын хувьчлах биш худалдахаар оруулж ирсэн байгаа. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулинд аймаг, нийслэлийн ИТХ-ын бүрэн эрх дээр 19.1.2-т тодорхой зааж өгсөн байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29.1-т төрийн өмчийн эд хөрөнгийг худалдахад төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаар бол төрийн өмчийн төв байгууллагатай зөвшилцөн гэсэн байгаа. Бидний зүгээс бол төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийг худалдах гээгүй. Тэгэхээр аймгийн ИТХ-н 2019.12.05-ны өдрийн 05 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтад 2020 онд худалдах өмч хөрөнгийн жагсаалтыг л баталсан. Хувьчлах гэж бичээгүй. Инженерийн шугам сүлжээтэй газар дээр барилга байгууламж барихгүй гэдгийг Засгийн газрын тогтоолоор заагаад өгсөн байгаа. Нэхэмжлэгч талаас бол манай байгууллагатай зөвшилцөөгүй гэсэн асуудал ярьж байгаа. Аймгийн онцгой комисс 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж Х ТӨХК-ийн захирал Д.Ц өөрийн биеэр оролцсон. Аймгийн Засаг дарга тухайн үед энэ 8-н газрыг дуудлага худалдаагаар худалдахад Хөвсгөл дулааны станц ТӨХК-нд сөргөөр нөлөөлөх зүйл байна уу гэж асуухад одоогоор байхгүй гэсэн хариуг Д.Ц захирал өгч байсан юм” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Манай байгууллагын зүгээс бол инженерийн шугам сүлжээтэй газруудыг бүсийн дагуу авч үлдэх, цаашид ашиглагдахгүй байгаа барилга байгууламжуудыг орон нутгийн шийдвэрээх эргэлтийн хөрөнгөнд оруулахад татгалзах зүйлгүй. Одоо энэ уурын зуухны барилга байгууламж нь харуул хамгаалалтгүй болсон тул ямар нэг эрсдэл гарвал хэн хариуцах вэ гэдгийг яаралтай шийдэх ёстой гэсэн хүсэлтэй байна. Дулаан дамжуулах шугам сүлжээний бүсийг манай байгууллага томосгож авч үлдье гэсэн саналтай байна. Энэ талаар байгууллагын зүгээс кадастрын зураг хүртэл хийлгэсэн байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05 тоот тогтоолын 7 дугаар хавсралт хэсгийг хүчингүй болгуулах тухай” гуравдагч этгээдийн бие даасан шаардлага бүхий “Х” төрийн өмчит хувьцаат компани нэхэмжлэл гаргажээ.

Маргаан бүхий захиргааны акт болох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “аймгийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны төсөв батлах тухай” 05 тоот тогтоолоор   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 зүйлийн 18.1.2 “б” дэх заалт, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2, 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.2 дахь, 64 дүгээр зүйлийн 64.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн “Орон нутгийн өмчөөс 2020 онд худалдах өмч хөрөнгийн жагсаалт болон дулаан дамжуулах төвийн зориулалтаар олгох эзэмшил газруудын байршил, хэмжээ, өмч хөрөнгийн жагсаалт”-ыг 7 дугаар хавсралтаар   баталсан байна.

Уг хавсралтанд аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт хамаарах байршилд “1.Нэгдсэн эмнэлгийн зуухны хуучин барилга, газрын хамт, 2.440-ын уурын зуухны хуучин барилга, газрын хамт, 3.Эрдмийн далай цогцолбор сургуулийн дэргэдэх уурын зуухны хуучин барилга, газрын хамт, 4.Эргийн 72-ын уурын зуухны газар, 5.“Хоймор нутгийн чулуу” ХХК-ийн эзэмшил Эргийн 72-ын уурын зуухны барилга, газрын хамт, 6.Гурван-Эрдэнэ сургуулийн дэргэдэх уурын зуухны хуучин барилга, газрын хамт, 7.“Алаг 36” байрны дэргэдэх уурын зуухны нүүрс буулгах талбай, 8. “Хөвсгөл Ус Суваг” ХХК-ийн 3-р халуун усны барилга газрын хамт гэж нэрлэн заажээ.

Нэхэмжлэгч тал /бие даасан шардлага гаргасан гуравдагч этгээд/: “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.3-д “Хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө” гэсний дагуу Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дээрх асуудлаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай зөвшилцөөгүй, мөн манай байгууллагаас урьдчилж холбогдох саналыг аваагүй, хавсралтад дурдагдсан 8-н газрын 6-н газарт манай байгууллагын өмч болох дулаан дамжуулах төв, шугам сүлжээ, байрлаж тухайн худалдах газартай газрын давхцал үүсч байна” хэмээн нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлаж байна.

 Хариуцагч тал: “Энэхүү шийдвэр нь зөвхөн худалдах өмч хөрөнгийн жагсаалт учраас цаашид худалдан борлуулахдаа аймгийн Засаг даргын шийдвэр гарч тус хөрөнгийн зориулалт, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсийг тогтоож, тус хамгаалалтын бүсэд барилга байгууламж барихгүй, засвар үйлчилгээ явуулахад саад учруулахгүй, үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулж худалдан борлуулна. Одоогийн байдлаар энэ асуудалд ажлын хэсэг байгуулаад холбогдох нягтлан шалгах ажиллагааг явуулж байгаа бөгөөд тооцоо судалгаа хийж дүгнэлтээ гаргаж аймгийн Иргэдин Төлөөлөгчдийн хуралд оруулж танилцуулахаар ажиллаж байна” хэмээн тайлбарлан маргаж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна.

Мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.3-т “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “Орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах бүрэн эрхтэй” гэж заажээ.

            Дээрх зохицуулалтаас үзвэл Орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах бүрэн эрх хэмжээний хүрээнд Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаас 05 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар “Орон нутгийн өмчөөс 2020 онд худалдах өмч хөрөнгийн жагсаалт болон дулаан дамжуулах төвийн зориулалтаар олгох эзэмшил газруудын байршил, хэмжээ, өмч хөрөнгийн жагсаалт” баталсаныг буруутгах үндэслэлгүй юм.

Харин Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д “хот тосгоны ерөнхий төлөвлөгөөний үндсэн шаардлага, үе шатны зорилт, эдэлбэр газрын зориулалт, инженерийн шугам сүлжээний даац, технологийн горим зөрчиж газар олгох”-ыг, 24.1.6-д “инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга багууламж төлөвлөх, барихыг тус тус хориглосон заалттай учир уг маргаан бүхий газруудыг худалдан борлуулах, шилжүүлэх эсэх нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарах авч уг газрыг газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгах, түүнчлэн хуулийн энэхүү заалтыг зөрчихгүйгээр өөрийн эрх хэмжээний хүрээнд  эрхээ хэрэгжүүлбэл зохино.

Нэхэмжлэгч /бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд/-ийн зүгээс Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжилт хийгдэж ашиглалтанд орсон 26 008 174 151 /хорин зургаан тэр бум найман сая нэг зуун далан дөрвөн мянга нэг зуун тавин нэг/ төгрөгийн өртөг бүхий 6-н багц /дулаан дамжуулах төв, шугам сүлжээ/ ажлыг Төрийн өмчийн хороо /хуучин нэрээр/-ны Төрийн өмчийн бүртгэл ашиглалт, хяналтын газрын дарга О.С-ын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 3/1093 тоот албан бичгийн дагуу тус компани нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, “Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам” зэрэг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу өөрийн өмчид бүртгэн авсан. Үүнд Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар тогтоолын 07 дугаар хавсралтад дурдагдсан 8-н газрын 6-н газарт манай байгууллагын өмч болох дулаан дамжуулах төв, шугам сүлжээ, байрлаж тухайн худалдах газартай газрын давхцал үүсч байна” гэжээ. 

Иймээс шүүх хэргийн дээрхи нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж байгаа тул Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Аймгийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны төсөв батлах тухай” 05 тоот тогтоолын 7 дугаар хавсралт хэсгийг хүчингүй болгуулах тухай” гуравдагч этгээд “Х” ТӨХК-ийн бие даасан шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг захиргааны байгууллагаас /аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас/ хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэн тул  дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл: нэхэмжлэгч /бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд/ нь нутгийн захиргааы байгууллагад холбогдох газруудын дулаан дамжуулах шугам сүлжээ болон хамгаалалтын зурвасын мэдээллийг хүргүүлж, хуралдаанд мэдээлэх, хариуцагч талаас “Х” ТӨХК, болон “Х” ХХКомпаниудын нөхцөл байдал, холбогдох  судалгаа, дүгнэлт гаргуулах, бусад баримтуудыг  шинжлэн судалж , шийдвэр гаргах нь  зүйтэй болно.

Мөн түүнчлэн Захиргааны Ерөнхий хуулийн 13, 15, 24, 25 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гаргах ажиллагаандаа шууд болон шууд бусаар чиглэсэн этгээдүүдийг татан ороцуулах, тэдгээрт оролцогчийн эрхийг хангуулж оролцуулах, хамаарах нөхцөл байдлыг тогтоох,  ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах, оролцогчдыг сонсох зэрэг захиргааны байгууллагаас шийдвэр гаргах үйл ажиллагаандаа дээрх нэрлэн заасан хуулийн заалтуудын  шаардлагыг хангасан байх учиртай юм.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107  дугаар зүйлийн 107.6-д “энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж заасан тул  хариуцагч байгууллага нь өөрийн эрх хэмжээний хүрээнд хуульд заасны дагуу хуралдаанаар асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлээгүй, шүүхээс тогтоосон хугацааг хэтрүүлбэл уг Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Аймгийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны төсөв батлах тухай” 05 тоот тогтоолын 7 дугаар хавсралт хэсэг нь хүчингүй болно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2-ийн к, Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.3, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг баримтлан захиргааны байгууллагаас /Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан/ дахин шинэ акт гаргах хүртэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Аймгийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны төсөв батлах тухай” 05 тоот тогтоолын 7 дугаар хавсралтыг /3/  гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Аймгийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны төсөв батлах тухай” 05 тоот тогтоолын 7 дугаар хавсралт  нь хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ЭНХТАЙВАН