Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2014/0015

 

2014 оны 01 сарын 02 өдөр                    Дугаар 15                    Улаанбаатар хот

 

 

“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэйгээр нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, К.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 415 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн захирал Ч.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч М.Б, К.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар /өмнө 3 дугаар хороо байсан/ хороонд үйл ажиллагаа явуулдаг "Ц" ХХК нь 1999 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар Улсын циркийн баруун талд 600 м.кв газрыг эзэмшиж ашиглахаар болсон.

Манай компанийн хувьд эзэмшиж ашиглаж буй газрын дэргэд шинээр нэмж газар эзэмших тухай хүсэлтийг Нийслэлийн газрын албанд 2003 оноос эхлэн тавьж байсан болно. Гэвч Нийслэлийн газрын албанаас манай компанийн гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байсан бөгөөд ингэхдээ эзэмшихээр хүсэж буй газар нь нийтийн эзэмшил газар гэсэн шалтгааныг зааж байсан болно. Тухайлбал, 2008 онд мөн шинээр нэмж газар эзэмших хүсэлт гаргахад " ... Газрын тухай хуулиар иргэн, ААН, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж, ИТХ-аар хэлэлцэж баталсны дагуу Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэж байгаа, мөн манай баталгаажуулахаар хүсэлт гаргаж буй газар нь нийтийн эзэмшлийн газарт хамаарах тул танайхаас гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариуг өгч байсан ба 2009 онд энэхүү хариугаа өгч байсан болно.

Харин бид нийслэлийн Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 217 дугаар захирамжаар “А” ХХК, “Ш” ХХК-иуд нь өөрийн эзэмшиж байсан газраа хэдэн мянган м.кв-аар томсгон авч, манай компанийн хүсээд байсан "нийтийн эзэмшлийн" гэх газрыг өөрийн болгож нэмэгдүүлсэн болохыг олж мэдсэн болно. “А” ХХК болон “Ш” ХХК-иудын эзэмшиж байсан газрын хэмжээг нэмэгдүүлэхэд нийтийн нээлттэй дуудлага худалдаа эсхүл төсөл сонгон шалгаруулах талаар Нийслэлийн газрын албанаас нийтэд зарлаагүй бөгөөд хуульд заасан үндэслэлээс өөрөөр ийнхүү шинээр газар нэмж олгон баталгаажуулсан явдал нь нийтийн эрх ашиг болоод манай компанийн эрх ашигт хохирол учруулж байна.

Иймээс бид 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.М-т хандаж гаргасан захирамжаа эргэн харж, хуулийн дагуу хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байх ба цаашид ч шийдвэрлэхгүй юм байна.

Иймээс “Ц” ХХК-ийн зүгээс 2012 оны 5 дугаар сарын 9-нд нийслэлийн Засаг дарга Г.М-т хандаж гаргасан захирамжаа эргэн харж хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл тодорхой хариу ирүүлээгүй. Ийм учраас шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2009 оны 217 тоот захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.” гэв.

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч

Э.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Ц.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 184 дүгээр захирамжаар "Монгол Улсын Цирк” 10080 м.кв газрыг эзэмшиж байсныг нийслэлийн Засаг даргын 2009 оны 217 дугаар захирамжаар 24269 м.кв талбайтайгаар “А” ХХК нь 15 жилийн хугацаатайгаар эзэмшихээр болсон. Тухайн эзэмшил газар дээрээ Нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн "Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох” тухай 450 тоот захирамжаар “А” ХХК-д дээрээ цэцэрлэгт хүрээлэн газар доорх худалдаа, үйлчилгээ, автомашины зогсоолтой барилгын зориулалтаар Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Монголын үндэсний төв циркийн хойд талд байршуулан 0.8 га талбайд зөвшөөрөл олгосон байна. Уг захирамжийг үндэслэн Барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газраас “А” ХХК-д мэдэгдэл, Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2008 оны 9,10 сард өгсөн байна. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 217 дугаар захирамжаар “А” ХХК 'Ш" ХХК-д газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн газартай давхцаагүй, хууль ёсны эрх ашгийг нь хөндөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 184 дугаар захирамжаар Монгол улсын циркт 10080 м.кв талбайг эзэмшүүлсэн. 2009 оны 217 дугаар захирамжаар талбайн хэмжээг нэмэгдүүлээд 24269 мкв болгосон. Энэ талбай дээрээ эзэмшил газрын зориулалтыг өөрчлөөд 2008 онд барилга барих зөвшөөрөл олгох 450 дугаар захирамж гарсан. Нэхэмжлэгч тухайн үед нийтийн эзэмшилд байсан газрыг “А” ХХК-д эзэмшүүлснээр “Ц” ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна гэжээ. Манайд аль аль компани нь хандаж байсан байдаг.

Гуравдагч этгээдэд 2008 онд нийтийн эзэмшлийн газар учраас танай компанид олгох боломжгүй гэсэн хариу өгч байсан. 217 дугаар захирамж гарах болсон гол үндэслэл бол 2009 оны 3 сард техникийн зөвлөгөөний хурлаар орж талбайн хэмжээг 24269 мкв болгуулах хүсэлт, хувьчлах менежмент зэрэг холбогдох баримтыг хавсаргаж өгсөн байдаг. Тухайн хурлаар ороод энэ газрыг Монгол улсын циркт баталгаажуулж өгсөн байгаа. Энэ хэрэгт төдийлөн ач холбогдолгүй ч гэсэн нийтийн эзэмшлийн зам талбайг хүчингүй болгох нь зүйтэй гэдэг байр сууринаас маргаан бүхий газар биш ч гэсэн циркийн хойд талын нийтийн эзэмшлийн зам талбай байх ёстой газрыг Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А287 тоот захирамжаар 2008 оны 450 тоот захирамжийг хүчингүй болгосон байгаа. 8000 м.кв бүхий талбайг нийтийн эзэмшлийн зам талбай гэж хүчингүй болгосон.” гэв.

Гуравдагч этгээд “А” ХХК-ийн /Р/ итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгч Р.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “А” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2009 оны 217 дугаар захирамжаар олгосон газрыг Төрийн өмчийн хороо, Боловсрол шинжлэх ухааны яамтай 2008 оны 7 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан гэрээний үндсэн дээр эзэмшилдээ авсан ба энэ гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5-д заасан эзэмшил газрынхаа хэсгийг баталгаажуулж авсан юм. Өөрөөр хэлбэл “А” ХХК нь “Улсын Цирк” төрийн өмчит төсөвт байгууллагыг менежментийн гэрээгээр хувьчилж авсан ба үүнийхээ дагуу дээрх гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар буюу “...хувьчлахаар шийдвэрлэсэн эд хөрөнгийг бүрэн шилжүүлж авахыг болон “Өмчлөх эрхийн гэрчилгээ” бусад зайлшгүй баримт бичиг олгохыг шаардах” гэж заасны дагуу “А” ХХК нь энэхүү газрыг эзэмшилдээ авсан болно.

“А” ХХК нь 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Р” ХХК болж нэрээ өөрчилсөн бөгөөд үүнийг “А” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэлээс үзэж болно.

Нийслэлийн Засаг даргын 2009 оны 217 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсэг нь “Ц” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэд хэдэн үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа.

  1. 2008 онд Монгол улсын циркийг “А” ХХК-д хувьчилж өгөхдөө тухайн Улсын циркийн эзэмшил газар бол 35600 мкв газрыг актадаа тусгаад өгсөн байдаг. Үүний дагуу “А” ХХК нь газрыг шилжүүлж өгөхийг хүссэн албан бичгийг Төрийн өмчийн хороонд 2008 оны 8 дугаар сарын 18-ны өдөр явуулсан байдаг. Ингэхдээ кадастрын зураг хавсаргаж өгсөн байдаг бөгөөд энэ кадастрын зураг дээр 36666 мкв газар хүлээлгэж өгсөн байдаг. “А” ХХК бол хувьчлалын дагуу төрийн эрх бүхий байгууллагаас газар шилжүүлж авсан. Үүнийгээ үндэслээд 2009 оны 5 сарын 6-нд 217 дугаар захирамж гарсан. Энэ дотор албан ёсны гэрчилгээтэй 10.000 болон бусад ашиглаж байсан газрыг баталгаажуулж өгсөн байдаг. Энэ нь дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалт явуулах шаардлагагүй буюу өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд “Р” ХХК-д шилжүүлж өгсөн байгаа. Бусдын хүсэлт гаргасан газрыг “А” ХХК-д шилжүүлж өгснөөр “Ц” ХХК-ийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэхгүй байна.
  2. “Ц” ХХК нь 2003 оноос газар авах хүсэлтээ гаргаж байсан гэж байна. 2003 оны 6 сарын 30-нд хүсэлтээ “Ц” ХХК биш “Ц и” ХХК Нийслэлийн Засаг даргад биш Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл хуульд заасан эрх бүхий этгээдэд гаргаагүй байдаг. Үүний дараа 2007 оны 3 дугаар сарын 1-нд талбайн хэмжээ 540 мкв болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байдаг. Энэ хүсэлт үнэхээр Газрын алба, Нийслэлийн Засаг даргад гаргаж байсан уу гэдэг нь баримтаар нотлогдохгүй байгаа. Нийслэлийн Газрын албанаас 2008 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 2/1468 тоот хариу бичгийг “Ц х” ХХК-д явуулсан байдаг.

“Ц” ХХК-ийн хүсэлт гаргаж байсан газар дээр “Р” ХХК-д газар олгосон гэдэг нь нотлогдохгүй байгаа учраас “Ц” ХХК-ийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэхгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчид давж заалдах гомдолдоо: Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 415 дугаар шийдвэрийг хүлээн аваад эс зөвшөөрч дараа үндэслэлээр гомдол гаргаж байна.

  1. Нэхэмжлэл гаргах эрхийн тухайд буюу “Ц” ХХК-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тухайд
  2. Газрын тухай хууль зөрчигдсөн эсэх тухайд
  3. Газрын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй хүсэлт гаргасан тухайд
  4. Шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй тухайд

Иймд дээрх нөхцөл байдлууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад эрх зүйн талаас нь үндэслэл бүхий дүгнэлтийг өгч Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 416 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 217 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг “өмнө хүсэлт гаргасан байхад шийдвэрлээгүй атлаа, сүүлд хүсэлт гаргасан этгээдэд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр олгосон” гэдэг үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Хэргийн нөхцөл байдалд дараах байдлаар буруу дүгнэлт хийсэн учир шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж, маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэв.

  1. “Ц” ХХК нь өргөтгөл барих зориулалтаар өөрийн компанийн эзэмшлийн 600 м.кв газрын зэргэлдээ 1400 м.кв газрыг нэмж эзэмших хүсэлтийг Улаанбаатар хотын захирагчийн албаны дарга, Нийслэлийн газрын албанд удаа дараа гаргахад “төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр олгохгүй” гэдэг үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсан хариуг өгч байсан байна.

Анхан шатны шүүхийн “нэхэмжлэгч одоо гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газар буюу нэхэмжлэгчийн эзэмшил газрын зүүн талд хүсэлт гаргаж байсан гэдэг нь тогтоогдохгүй, энэ утгаараа нэхэмжлэгчийн эрх зөрчигдөхгүй" гэх дүгнэлт буруу байна. Учир нь хэрэгт авагдсан баримтаас дүгнэвэл нэхэмжлэгчийн эзэмшил газрын зэргэлдээ “хүсэлт гаргаж байсан гэх бөгөөд одоо гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газраас өөр байршилд сул талбай байхгүй” байх бөгөөд нэхэмжлэгч тухайн байршилд газар эзэмших хүсэлт гаргаснаа, харин хариуцагч хүсэлт гаргасан газрыг “мөн л уг байршилд гэж ойлгож хариу өгч байсан” нь нэхэмжлэгчийн хүсэлт болон тухайн байгууллагуудын 2008 оны 8 дугаар сарын 13-ны 2/1568, 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1/395, 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 9/1871 дугаар албан бичгүүдээр тогтоогдоно.

Тиймээс хариуцагчийн дээрх актын улмаас нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн Газрын тухай хуулиар олгогдсон “газар эзэмших хүсэлт гаргах, түүнийгээ хуульд заасан журмын дагуу тэгш эрхийн зарчмаар шийдвэрлүүлэх эрх” хөндөгдсөн байна.

  1. Гуравдагч этгээд “А” ХХК нь Төрийн өмчийн хорооны 2008 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 352 дугаар тогтоолоор “Монгол улсын цирк”-ийг хувьчлан авч, 2008 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор өмчлөгчийн эрх шилжиж, “А” ХХК нь Сүхбаатар дүүргийн * дугаар хороо, Усны гудамж-*-т байрлалтай 10080 м.кв (барилгын сууриар) газартай, Улсын циркийн өмчлөгч болсон байна.

“Монгол улсын цирк” төрийн өмчлөлд байхдаа 10080 кв.м газар эзэмших эрхтэй байсан нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 184 дүгээр захирамж, түүнд холбогдох баримтаар тодорхойлогдох бөгөөд Төрийн өмчийн хорооны “улсын цирк төрийн өмчит төсөвт байгууллагыг хүлээлгэн өгсөн” актад дурдсан шиг 35,666 м.кв газар эзэмших эрхгүй байсан байна.

Гэтэл анхан шатны шүүх хувьчлалын дагуу гуравдагч этгээдэд 24,269 м.кв газар эзэмшүүлэх захирамж гарсан мэтээр дүгнэсэн нь буруу байна. Учир нь Төрийн өмчийн хороо нь аливаа этгээдийн эзэмшил газрын хэмжээг тогтоох эрх бүхий байгууллага биш бөгөөд Газрын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2006 оны 184 дүгээр захирамжаар 10,080 м.кв газар эзэмших эрхтэй байсан байна. Тиймээс “А” ХХК -д (хуулийн этгээдийн одоогийн нэр “Р" ХХК) эзэмшиж байсан 10080 м.кв газрын хэмжээг нэмэгдүүлэх тохиолдолд Газрын тухай хуульд заасан журмын дагуу эрх олгогдох ёстой.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 217 дугаар захирамжаар Газрын тухай хуульд заасан шинээр газар нэмж эзэмшүүлэх зохицуулалтыг зөрчиж, төлөвлөгөөнд бусдад эзэмшүүлэхээр тусгагдсан эсэхийг шалгаагүй, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр “А” ХХК-д Сүхбаатар дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт 24,269 м.кв газар эзэмшүүлжээ.

Нийслэлийн газрын алба “Ц” ХХК-ийн эзэмшиж буй газрын хэмжээгээ нэмэгдүүлэх тухай хүсэлтийн хариуд “газар эзэмшүүлэх асуудлыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэж байгаа, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” хэмээн мэдэгдэж байсан атлаа “А” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан байгаа нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцээгүй байна.

Иймд хариуцагч Нийслэлийн Засаг даргаас “Ц” ХХК -ийн “эзэмшил газрынхаа хэмжээг нэмэгдүүлэх” хүсэлтийг Газрын тухай хуульд нийцүүлэн нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдэд газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон нийтийн эзэмшлийн талбай, орц гарцын асуудлыг уялдуулан газар эзэмшүүлэх шинэ захиргааны акт гаргатал энэ хэргийн маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дах хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 415 дугаар шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дугаар зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулан дахин шинэ акт гартал Нийслэлийн Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 216 дугаар захирамжийн “А” ХХК (одоогийн нэр “Р” ХХК)-д холбогдох хэсгийг түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилсүгэй.

(

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.