Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 212

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-улсын яллагч Б.Эрхэмбаяр,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Байгальмаа,

-шүүгдэгч, хохирогч Ц.Баасанхүү, Г.Мөнгөнхазаар нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Улаан хуулар овогт Цагаачийн Баасанхүү, Түлээчин овогт Гансүхийн Мөнгөнхазаар нарт холбогдох Эрүүгийн 201619000325 тоот хэргийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Төв аймгийн харъяат, яс үндэс халх, эрэгтэй, 1985 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, ээжийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг, Сөгнөгөр гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Улаанхуулар овогт Цагаачийн Баасанхүү /РД:НБ85022513/,

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Төв аймгийн харъяат, яс үндэс халх, эрэгтэй, 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 32 настай, дээд боловсролтой, Байгаль орчины хяналт үнэлгээний мэргэжилтэн мэргэжилтэй, Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн Засаг дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг, Сөгнөгөр гэх газарт оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Түлээчин овогт Гансүхийн Мөнгөнхазаар /РД:НБ84100114/,

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Мөнгөнхазаар, Ц.Баасанхүү нар нь 2016 оны 05 дугаар сарын 12 өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр 3-р багийн нутагт иргэн Г.Мөнгөнхазаар, Ц.Баасанхүү нар харилцан зодолдож бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч, хохирогч Ц.Баасанхүү нь шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ: “....Гомдол саналгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү....” гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Г.Мөнгөнхазаар нь шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ: “..Одоо бид 2 эвлэрсэн гомдол саналгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү....” гэв. 

 

Хохирогч, шүүгдэгч Ц.Баасанхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сумын засаг дарга ирж ногоон тэжээлийн газар хуваарилсан юм. Тэгээд Засаг дарга газраа хуваарилчихаад явчихсан юм. Тэгтэл орой 19 цагийн орчим намайг гэрт байхад багийн иргэд ирээд ногоон тэжээлийн газар дээр зогоон татаад өгөөч Засаг дарга ав гэсэн юм гэхээр нь би трактороо асаагаад ногоон тэжээл хуваарилсан газарт очоод хуваарилсан газарт нь зогооныг нь татаж өгсөн юм. Ойролцоогоор 20 га газар зогоон татсан юм. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 05 сарын 13 өдөр ногоон тэжээл хуваарилсан газарт хүмүүс ирчихсэн байна гэхээр нь би гэрээсээ гараад яваад очтол хүмүүс цугларчихсан байхаар нь би оччихоод буцаад гэртээ харьж явтал Мөнгөнхазаар Отгонбаатар нар замд тааралдаад Мөнгөнхазаар намайг чи яагаад дураараа зогоон татаж байгаа юм бэ гээд уурлахаар нь би хүмүүсийн гэрчилгээ захирамж нь гарчихсан гээд гуйгаад байхаар нь би татаж өгсөн юм гээд буцаад Мөнгөнхазаартай газар дээр нь очсон юм. Мөнгөнхазаар ямар учиртай ингэж татсан юм гэтэл хүмүүс нь нийлээд хэмжээгээр нь татаж өгсөн Мөнхбат 3 га газар авсан энэ 3 га газар нь 3 хүнийх гэж хэлсэн юм. Тэгтэл Мөнгөнхазаар ингэж зогоон татахгүй байсан юм гээд уурлаад байсан юм. Тэгтэл Ёндонпэрэнлээ мотоцикльтой иртэл мотоциклийг нь Мөнгөхазаар гуйгаад намайг араараа суулгаад хүмүүсээс холдоод хонхор газарт очоод мотоциклоосоо буугаад намайг үгийн зөрөөгүй цохихоор нь би Мөнгөнхазаарыг бариад авсан ба миний шүдийг хуга цохьчихсон ба ам хамарнаас цус нил гоожсон юм. Тэгтэл Мөнгөнхазаар чи худлаа зодолдохгүй цагдаад өгөх гэж байна уу нэг шүдийг чинь төлөх чадал байна гээд байсан тэгтэл Эрдэнэбаяр ирээд салгаад Мөнгөнхазаарыг барьж аваад салгачихаад Эрдэнэбаяр явчихсан ба удалгүй Отгонбаатар ирээд салгасан юм. Тэгээд салчихаад би Сөгнөгөр рүү гэртээ хариад хэсэг байж байгаад Мөнгөнхазаар руу утсаар залгатал Мөнгөнхазаар би архи ууж байна гэхээр нь би уулзах гэсэн юм гэж хэлээд яваад очтол Мөнгөнхазаар дахин намайг барьж аваад нүүр рүү цохьсон юм. Тэгтэл ах Баасанбаяр ирээд намайг өмөөрөөд хоорондоо хэрүүл маргаан хийгээд байсан юм...” гэх мэдүүлэг /12-13/,

 

Хохирогч, шүүгдэгч Г.Мөнгөнхазаар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би гэртээ байж байтал миний утас руу залгаад урд хуваарилсан газарт зогоон татаад байна гэхээр нь би гэрээсээ гараад зогоон татаж байгаа газарт очтол манай багийн иргэд цугларчихсан ногоон тэжээл хуваарилсан газарт зогоон татчихсан байсан юм. Тэгэхээр нь Би хэн энэ зогооныг татчихваа гэтэл Баасанхүү би татсан юм гэхээр нь би яагаад дунд хэсгээс нь татчиж байгаа юм бэ захаас нь нэг мөсөн татах байсан юм гэтэл Баасанхүү олон хүмүүсийн өмнө намайг чи юугаа мэддэг юм гэхээр нь би захирамж байгаа шүү дээ гэтэл Баасанхүү наад захирамж чинь юу юм бэ эрээн цаас шүү дээ гээд чамайг газар зарж иддэгийг чинь би мэднэ гээд намайг олон хүмүүсийн өмнө доромжилоод байхаар нь 2-уулаа эв зүйгээ олоё гээд хүний мотоцикль гуйж үнаад мотоциклоо жолоодоод араараа Баасанхүүг суулгаад олон хүмүүс цугларсан байсан газраас холдоод жалганд мотоциклоо унтраагаад буутал Баасанхүү намайг энгэрээс заамдаж аваад бид 2 хоорондоо харилцан зодолдсон юм. Тэгээд хоорондоо зодолдоод хэсэг үзэж байгаад салчихсан байсан. Зодолдсоны дараа Баасанхүүгийн хамарнаас цус гарчихсан мөн миний хамарнаас цус гарчихсан байхад Отгонбаатар ирээд ус авч ирээд Баасанхүүгийн цус болсон нүүр гарыг нь угааж өгөөд би мөн адил цусаа угаасан юм. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /10-11/,

 

           Гэрч Ш.Отгонбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 05 дугаар сарын 13 өдөр Мөнгөнхазаар газар хуваарилсан газар руу явья гээд би Мөнгөнхазаарын хамт тэр газарт нь очиход хүмүүс цуглачихсан байсан ба бид 2-г очиход Баасанхүү ногоон тэжээлийн газар дээр зогоон татчихсан байсан юм. Тэгэхээр нь Мөнгөнхазаар Баасанхүүг чи яагаад дураараа газар дээр зогоон татаж байгаа юм бэ гэтэл Баасанхүү Мөнгөнхазаартай хэрэлдээд лалар гэх зэргээр хэлээд байсан юм. Тэгтэл Мөнгөнхазаар 2-уулаа олон хүмүүсийн хажууд нэг нэгнийгээ элдвээр хэлээд яахав гээд Мөнгөнхазаар мотоцикль асаагаад Баасанхүүг араараа суулгаад явсан юм. Тэгээд яваад далд орчихсон юм. Тэгээд би 20 гаран минут болоод араас нь яваад очтол Мөнгөнхазаар амнаас нь цус гарчихсан. Мөнгөнхазаарын баруун нүдний доороос нь цус гарчихсан зодолдоод дуусчихсан байсан юм. Тэгээд би ус олж ирээд Баасанхүү болон Мөнгөнхазаар нарын цусыг угаагаад байж байтал Баасанхүү явчихсан юм..” гэх мэдүүлэг /14-15/, 

 

Гэрч Б.Өргөмөл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 05 дугаар сарын 13 өдөр Ногоон тэжээлийн газар хуваарилж байна гэхээр нь би Сөгнөгөрийн ухаа гэх газар яваад очтол хүмүүс цуглачихсан байсан ба Мөнгөнхазаар Баасанхүү нар байхгүй байсан юм. Намайг очиход Мөнгөнхазаар Баасанхүү нар хоорондоо маргалдсан гэж хүмүүс ярьж байсан юм..” гэх мэдүүлэг /16-17/,  

 

Гэрч Ц.Ёндонпэрэнлэй мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 05 дугаар сарын 13 өдөр газар хуваарилж байна гэхээр нь би мотоцикльтой Сөгнөгөрийн ухаа гэх газарт яваад очтол Сөгнөгөрийн хүмүүс цуглачихсан байсан тэнд байсан ба хүмүүст хуваарилсан газарт зогоон татчихсан байна гээд хоорондоо ярилцаад байсан юм.Тэгэхээр нь би мотоциклоо асаагаад талбайн голд яваад очтол Мөнгөнхазаар Баасанхүү нар тариалангийн газар дээр зогоон татлаа гэж маргалдаад байж байсан юм.Намайг яваад очингуут Мөнгөнхазаар миний мотоциклийг гуйгаад араараа Баасанхүүг суулгаад явчихсан юм. Баасанхүү, Мөнгөнхазаар нар яваад ямар үйл явдал болсон талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /18-19/,

 

Гэрч Г.Ундармаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 05 дугаар сарын 12 өдөр сумын Засаг дарга Ганбаяр иргэдэд ногоон тэжээлийн газар  хуваарилсан юм. Тэгээд тэр оройдоо 17 цаг болж байхад дууссан ба Баасанхүү трактороо асаагаад хуваарилсан газарт Зогоон татаад байна гэж хүмүүс хэлэхээр нь миний бие унаагүй байсан болохоор маргааш багийн даргаас асууя гээд орхичихсон юм. Тэгээд маргааш багийн даргаас газраа хуваарилж авъя гэтэл газрын даамал дуудая гээд нилээн удаачихсан юм. Тэгээд тэр оройдоо багийн дарга ирэхээ байчихсан гэж хүмүүс хэлэхээр нь би гэртээ харьчихсан ба орой манай багийн хүмүүс Баасанхүү Мөнгөнхазаар нар хоорондоо зодолдсон гэж сонссон юм...” гэх мэдүүлэг /18-19/,

 

Шинжээчийн 229 тоот дүгнэлтэнд:

1. Ц.Баасанхүүгийн биед дээд эрүүний 1 шүдэнд хугарал, хамар, баруун зовхи, баруун гуянд зулгаралт, зүүн зовхи, зүүн нүдний алимны салст, хамар, зүүн шилбэ,баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрхи гэмтэл нь шинэ гэмтэл.

6. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

7. Шүдний хугарал нь шинэ байх боломжтой гэх дүгнэлт,

 

Шинжээчийн 229 тоот дүгнэлтэнд:

1. Г.Мөнгөнхазаарын биед тархи доргилт, зүүн зовхинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, баруун хацар, дух, доод, уруул ууц, зүүн чихэн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

 

         -шүүгдэгч Г.Мөнгөнхазаар нь “урьд ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх-49/,

        -шүүгдэгч Ц.Баасанхүү нь “ урд нь ял шийтгэгдэж байгаагүй” гэх лавлагаа /хх-48/,

-шүүгдэгч Ц.Баасанхүүг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-36/, 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-43/,

-шүүгдэгч Г.Мөнгөнхазаарыг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-38-39/, 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-47/ зэргийг шинжлэн судлав.

         

Шүүгдэгч Г.Мөнгөнхазаар, Ц.Баасанхүү нар нь 2016 оны 05 дугаар сарын 12 өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр 3-р багийн нутагт иргэн Г.Мөнгөнхазаар, Ц.Баасанхүү нар харилцан зодолдож бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: шүүгдэгч, хохирогч Ц.Баасанхүүгийн  “...мотоциклоосоо буугаад намайг үгийн зөрөөгүй цохихоор нь би Мөнгөнхазаарыг бариад авсан ба миний шүдийг хуга цохьчихсон ба ам хамарнаас цус нил гоожсон юм....” гэх мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч Г.Мөнгөнхазаарын “...Баасанхүү намайг энгэрээс заамдаж аваад бид 2 хоорондоо харилцан зодолдсон юм. Тэгээд хоорондоо зодолдоод хэсэг үзэж байгаад салчихсан байсан. Зодолдсоны дараа Баасанхүүгийн хамарнаас цус гарчихсан мөн миний хамарнаас цус гарчихсан байхад Отгонбаатар ирээд ус авч ирээд Баасанхүүгийн цус болсон нүүр гарыг нь угааж өгөөд би мөн адил цусаа угаасан юм...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Отгонбаатарын: “...Мөнгөнхазаар 2-уулаа олон хүмүүсийн хажууд нэг нэгнийгээ элдвээр хэлээд яахав гээд Мөнгөнхазаар мотоцикль асаагаад Баасанхүүг араараа суулгаад явсан юм. Тэгээд яваад далд орчихсон юм. Тэгээд би 20 гаран минут болоод араас нь яваад очтол Мөнгөнхазаар амнаас нь цус гарчихсан. Мөнгөнхазаарын баруун нүдний доороос нь цус гарчихсан зодолдоод дуусчихсан байсан юм...” гэх мэдүүлэг, гэрч Б.Өргөмөлийн “...Намайг очиход Мөнгөнхазаар Баасанхүү нар хоорондоо маргалдсан гэж хүмүүс ярьж байсан юм..” гэх мэдүүлэг, шинжээчийн 229 тоот дүгнэлт, шүүгдэгч, хохирогч Г.Мөнгөнхазаар, Ц.Баасанхүү нарын хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Мөнгөнхазаар, Ц.Баасанхүү нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно “ гэсний заасны дагуу шүүхийн шатанд хохирогч, шүүгдэгч Г.Мөнгөнхазаар, Ц.Баасанхүү нар сайн дураараа эвлэрсэн байх тул хохирогч, шүүгдэгч Г.Мөнгөнхазаар, Ц.Баасанхүү  нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

            Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч Г.Мөнгөнхазаар, Ц.Баасанхүү нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ягаан өнгийн хуванцар сандал хураагдан ирснийг устгах, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.       

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Улаан хуулар овогт Цагаачийн Баасанхүү, Түлээчин овогт Гансүхийн Мөнгөнхазаар нарыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. . Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч Г.Мөнгөнхазаар, Ц.Баасанхүү нар сайн дураараа эвлэрсэн байх тул Г.Мөнгөнхазаар, Ц.Баасанхүү нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

3. Г.Мөнгөнхазаар, Ц.Баасанхүү нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Г.Мөнгөнхазаар, Ц.Баасанхүү нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Мөнгөнхазаар, Ц.Баасанхүү нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ю.ЭНХМАА