Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 1718

 

 

 

 

 

 

                                                                                               

 

 

Т.Энхтуяагийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/01563 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Энхтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох

 

2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 5 511 611 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Т.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Т.Энхтуяа,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Дэлгэрмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Даваажав нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Т.Энхтуяа нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/68 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдаж, уг тушаалыг хүчингүй болгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд гаргаж, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж дээрх тушаалыг хангаж хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд 163 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Мөн хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасныг 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 149 дүгээр тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн болно. Т.Энхтуяа нь дээрх шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэх тухай өргөдлийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт гаргаж, 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/198 дугаар тушаалаар ажилдаа томилогдон ажиллаж байгаа. Иймд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны 5 511 611 төгрөгийн цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч Т.Энхтуяа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг дараах байдлаар хэтрүүлсэн байна. Т.Энхтуяа нь тус дүүргийн 4 дүгээр хорооны зохион байгуулагчаар ажиллаж байгаад 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр үүрэгт ажлаас халагдсан ба тэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан гэж нэхэмжлэл гарган Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлсэн.

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу дүүргийн Засаг даргын тамгын газрын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай Б/198 дугаар тушаалаар Т.Энхтуяад цалингийн нөхөн олговорт 6 966 755 төгрөг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, 4 дүгээр хорооны Зохион байгуулагчаар 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ажил хүлээлцүүлж, үүрэгт ажилд нь томилсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт тус хуулийн 69 дүгээр зүйлд ажлаас буруу, үндэслэлгүй халсан шийдвэртэй холбоотой нөхөн олгох цалингийн талаар шүүхэд гомдол гаргахад тухайн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор маргаан шийдвэрлэх байгууллага эсхүл шүүхэд гомдол гаргах эрхтэйг хуульчилсан.

Харин нэхэмжлэгч нь 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ажлаа хүлээж аваад өнөөдрийг хүртэл ямар нэгэн гомдол санал гаргаагүй бөгөөд хэрэв нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны дотор энэ асуудлаар гомдол гаргах эрх нь нээлттэй байсан.

Хариуцагчийн хувьд нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд нь эгүүлэн томилж, холбогдох тооцоог хийж дуусгасан ба харин нэхэмжлэгч нь тухайн асуудлаар гомдол гаргах тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм. Иймд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан гаргасан 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 5 511 611 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн Т.Энхтуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Энхтуяагийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 140 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “... Би Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/68 дугаар тушаалаар ажлаас халагдсан бөгөөд уг тушаалыг хүчингүй болгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд гаргасан. Анхан шатны шүүх 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаас 32 дугаар шийдвэр гарч миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хариуцагч гомдол гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлснийг биелүүлэхгүй байсан тул би Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт шийдвэр, магадлал, тогтоолыг биелүүлэх тухай өргөдөл гаргаж 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/198 дугаар тушаалаар би ажилдаа томилогдон ажилласан.

Би 2017 оны 5 дугаар сард тэтгэвэрт гарах насанд хүрсэн бөгөөд энэ талаар 2017 оны 2 дугаар сард хөөцөлдөхөд нийгмийн даатгалын дэвтэрт 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл бичилт хийгдээгүйг мэдсэн бөгөөд энэ хэсэгт нөхөн бичилт хийлгэхгүй бол сүүлийн 5 жилийн дунджаар тооцож тэтгэвэр тогтоох боломжгүйг мэдсэн. Ингээд өмгөөлөгчөөс зөвлөгөө авч дахин иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж цалин авах талаар олж мэдээд иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иргэний хуульд хөөн хэлэлцэх ерөнхий хугацааг 10 жил байхаар хуульчилсан байна. Би анх 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/68 дугаар тушаалаар ажлаас халагдаж, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай Төрийн албаны зөвлөлийн “хөдөлмөрийн маргаан таслах комисс”-т хандаж Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлсэн маргаанд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаа хамааралтай  гэж бодож байна. Нэхэмжлэлийг маань 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Би насаараа улсын байгууллагад ажилласан бөгөөд хууль бус шийдвэрийн улмаас ажлаас халагдаж тухайн шийдвэрийг 3 шатны шүүх хуулийн дагуу шийдвэрлэж ажилдаа томилогдсон боловч тэтгэвэрт гарах нас болж, тэтгэвэрт гарах гэтэл хэн нэгэн этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас ажилласан жил дундаа тасалдаж надад тэтгэвэр тогтоолгоход маш их хохиролтой болоод байгааг харгалзан үзнэ үү...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Т.Энхтуяа нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5 511 611 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Т.Энхтуяаг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх 10 сар 15 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид үүрэг болгож шийдвэрлэснийг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 163 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 149 дүгээр тогтоолоор тус тус хэвээр үлдээсэн байна.

 

Дээрх шийдвэрийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгч Т.Энхтуяаг ажилгүй байсан хугацаан дахь олговрыг олгосон үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй боловч ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр биелэгдсэн эсэх, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах зэрэгт маргаж байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тайлбар болон давж заалдах гомдлын үндэслэлээ ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх агуулга бүхий тайлбар хийжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарыг харьцуулан дүгнэж, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлж, түүний хөдөлмөрлөх эрхийг сэргээж, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилсон байна.

 

Т.Энхтуяагийн ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардах эрх анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоосон дээрх өдрөөс үргэлжилсэн ба уг хугацаанаас хойш гурван сарын дотор нэхэмжлэл гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул шаардлага гаргах эрхээ алдсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хугацаанд түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шүүхийн шийдвэрийн дагуу бичилт хийгдээгүй байсныг тэрээр мэдэх боломжтой, 2017 оны 05 дугаар сард тэтгэвэр тогтоолгохдоо дээрх нөхцөл байдлыг мэдсэн нь хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Түүнчлэн, талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой маргаан үүссэн бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа хамаарахгүй, харин уг харилцааг тусгайлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацааг баримтлах нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдоогүйн улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах гомдолд дурдснаар хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/01563 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

         

 

 

            ДАРАГЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                           

                        ШҮҮГЧИД                                           Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН