Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 004

 

       З.Н-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийж, прокурор Х.Өрен, хохирогч С.Н, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.М, хохирогчийн өмгөөлөгч А.Серикжан, шүүгдэгч З.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг, орчуулагч Ж.Ахмарал нарыг оролцуулан,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч З.Н-д холбогдох эрүүгийн 1813002390165 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1986 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  дугаар багт оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, З.Н нь Тоёота виста маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргаж хохирогч С.Н-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, 2 сартай хүүхэд М.А-ын амь насыг хохироож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор:

 

“1. Шүүгдэгч З.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд  нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож М.А-ын амь насыг хохироосон, хохирогч С.Н-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Н-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Н-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж  шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын урьдчилан цагдан хорих байранд цагдан хоригдож буй шүүгдэгч З.Н би Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан хэрэглэсэн гэх үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Шүүгдэгч З.Н би “Тоёото виста” тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гарган хохирогч С.Н-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, 2 сартай хүүхэд М.А-ын амь насыг хохироох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч З.Н би гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Н надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн асуудлыг зөвшөөрөхгүй байна. З.Н-д надад анхан шатны шүүхээс ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна. Үүнд:

1. Би мөрдөн байцаалтын шатнаас эхлэн шүүх хурал өндөрлөх хүртэл үйлдсэн гэмт хэргээ чин санаасаа гэмшин ухамсарлан байнга үнэн зөв мэдүүлэг өгч ирсэн.

2. Анх удаа тохиолдлын шинж чанартай гэмт хэрэгт холбогдсон, урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй, хэв журмын зөрчил гаргаагүй.

3. Тухайн гэмт хэргийн улмаас учирсан эдийн засгийн хохиролд 5,864,443 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд хохирогч талд сайн дураар нөхөн төлж барагдуулсан, түүнчлэн анхан шатны шүүх хурлын өмнөхөн өөрөө сайн дурын үндсэн дээр зөвшөөрч хохирогч С.Н-ийн Төрийн банк дахь хувийн дансанд сэтгэл санааны хохиролд 2,0 сая төгрөгийг төлсөн. Шүүгдэгч З.Н би цаашид хохирогч талд эмчлүүлэх шаардлага гарвал түүнээс учирсан хохирлыг төлнө гэдгээ илэрхийлж байна.

4. Уг гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйл ажиллагаа нөлөөлсөн. Учир нь З.Н би гудамжинд автомашин жолоодож яваад ухаан алдсаны улмаас автомашины жолоо алдан цаашид авто осол гаргаж болзошгүй байдлыг тухайн үед хохирогч С.Н мэдэж байсан ба тэр үед болзошгүй аюулаас өөрийгөө болон үр хүүхдийг хамгаалах үүргээ биелүүлээгүй нь уг гэмт осолд гарахад нөлөөлсөн. Хохирогч С.Н нь нялх хүүхдийг хамгаалах үүрэгтэй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 3-т “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно.” гэж заасан. Шүүгдэгч З.Н надад дараах хуульд заагаагүй онцгой нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэх ёстой байсан. Үүнд:

1. Шүүгдэгч З.Н би 2000 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 13 настайдаа ОХУ-ын нутагт авто осолд орж биедээ маш их гэмтэл авч байсан.

2. 2017 оны зун Улаанбаатар хотод клиникийн 1 дүгээр эмнэлгийн уролог тасагт шээсний сүв битүүрсэн өвчний учир 10 хоног хэвтэж эмчлүүлж байсан нөхцөл байдал

3. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэрээр 4-251 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар 12 сараар сунгасан байдал

4. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дэргэдэх Нийгмийн даатгалын хөдөлмөрийн магадлах төв комиссын 2018 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн 20180178 дугаартай шийдвэрээр өвчтөн З.Н-гийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар өсгөн тогтоон хугацаагүй гэсэн шийдвэр гаргасан байдал.

5. Шүүгдэгч З.Н би урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, согтуугаар гэмт хэрэг үйлдээгүй, төлөв томоотой даруу зантай.

6. Манайх ам бүл 4, эхнэр К.Ж нь эрхэлсэн ажилгүй, одоо 7 сартай жирэмсэн, 03-05 насны хоёр нялх хүүхэдтэй болно.

7. Шүүгдэгч З.Н би тухайн гэмт хэрэг холбогдсоноос хойш хэд хэдэн удаа тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан. Тухайлбал анхан шатны шүүх хуралдаан болох өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 11 цагийн үед аймгийн Цагдаагийн газрын үүдэнд ухаан алдаж унаад тэр дор нь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлэн шүүх хуралдаанд шууд хүрэлцэн ирсэн нөхцөл байдал зэрэг болно.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 тоот тогтоолын Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан шүүгдэгч З.Н надад анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай заалтыг хүчингүйд тооцон миний хувийн байдлыг харгалзан тодорхой хугацаагаар тэнсэн хянан харгалзан, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр нь үлдээж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч З.Н-гийн гаргасан гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан зүйл тогтоогдоогүй, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч З.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д зааснаар “жолооч ... хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдүгээр бага сургуулиас Бөхөн уулын чиглэл рүү явах замд 13 дугаар багийн иргэн О.М-ийн гэрийн баруун талын засмал зам дээр 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 18 цагийн орчимд “Тоёота виста” тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа “эпилепси” өвчний улмаас ухаан алдаж, иргэн О.М-ийн “Тоёота АQUA” маркийн тээврийн хэрэгслийг зогсож байхад нь араас нь мөргөж зам тээврийн осол гаргажээ.

Тухайн зам тээврийн осол болоход хохирогч С.Н, охин М.А-ыг тэврэн тээврийн хэрэгслээс буугаад зогсож байхад нь дайрч, 2 сартай охин М.А-ын тархины няцрал, тархины хатуу хальсан доорх болон суурь хэсэгт цусан хураа, цээжний зүүн талын 5 дугаар хавирга суганы урд шугамаар хугарал зэрэг хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх судасны төв дарангуйлагдаж амь насыг нь хохироож, хохирогч С.Н-ын биед тархины доргилт, хавирганы бага зэрэг зөрсөн далд хугарал, зүүн талын уушигны няцрал зэрэг амь насанд нь аюултай хүнд хохирол учуулж, гэмт хэрэг үйлдсэний улмаас 5.249.450 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай байна. 

 

Шүүгдэгч З.Н-гийн гэм буруутай үйлдэл нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн нас барсан шалтгаан болон шинжээчид тавигдсан асуултад хариулах зорилгоор хийсэн шинжээчийн дүгнэлтээр хэргийн үйл баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн нотлох баримтууд, энэ хэрэгт хамаарал бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж нэг хүний амь насыг хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнийг анхан шатны шүүх хуулийн зүйлчлэлийг зөв тогтоож, шүүгдэгч З.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь гэм буруугийн зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч З.Н-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаас үнэлвэл:

1. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б-ны 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн “ ...талийгаач М.А-ын ...тархины эдийн няцрал, тархины хатуу хальс доорх болон суурь хэсэгт цусан хураа. Цээжний зүүн талын 5 дугаар хавирга суганы урд шугамаар хугарал зэрэг хавсарсан хүнд гэмтлүүдээс болж амьсгал, зүрх судасны төв дарангуйлагдаж нас баржээ.” гэсэн дүгнэлт,  

2. А.А-ийн гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлээр “чимээ гарсан зүг буюу хойд зүгрүү харахад хөх ягаан өнгийн жижиг тээврийн хэрэгсэл зам дээр байсан тээврийн хэрэгслийн хажууд унаж газар хэвтэж байсан эмэгтэй болон хүүхдийн дээрээс бүсэлхий хэсгээр нэг дугуйгаар дайрч, зогсолгүй явж байгаад замын нөгөө талд гарч цэвэр усны цооногт дугуй нь орж зогсчихсон” гэсэн мэдүүлэг, 

3. Б.М-ын гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлээр “замын хажууд зогсож байсан Махамбетийн машины араас З.Н-гийн машин мөргөж замаас түрж гаргаж замын хажууд зогсож байсан С.Н-ыг мөргөж унагааж, газар унах үед баруун талын урд болон хойд хоёр дугуйгаар хэвлий, хөлнөөс нь дайраад өнгөрсөн. Машины урд дугуй нь цээж хэвлий хэсгийг нь дайрч хойд дугуй нь хөлний хэсгээр нь дайрч өнгөрсөн. С.Н-ыг машин мөргөж С.Н газар унах үед түүний гарт байсан хүүхэд нь газар унах шиг болсон.” гэсэн мэдүүлэг, 

4. 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 180 дугаартай яллах дүгнэлт,

5. Шүүх сэтгэц гэм судлалын 14 дугаартай магадалгаагаар “1. З.Н нь эпилепси өвчтэй ба сэтгэцийн эмчийн хяналтад ирж үзүүлээгүй байна. Өөрийнхөө хийж буй үйлдлийг зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай. 2. З.Н нь эпилепси өвчтэй ба сэтгэцийн талаас өөрчлөлтгүй, өөрийн үйлдсэн хэргийг хариуцах чадвартай. 4. З.Н сэтгэцийн эмчийн хяналтад байхгүй.“ гэсэн дүгнэлт болон  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч З.Н-гийн “эпилепси” өвчтэй байсан, ухаан алдсан байх үедээ гэмт хэрэг үйлдсэн явдлыг өөрийн үйлдэл, үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан, хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна. Учир нь:

Шүүгдэгч З.Н нь шинжээч эмчийн дүгнэлтээр “эпилепси” өвчтэй бөгөөд өөрийнхөө хийж буй үйлдлийг зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн талаас өөрчлөлтгүй, өөрийн хийсэн үйлдлийг хариуцах чадвартай, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр өөрийн хийж буй үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байжээ.

Мөн С.А-ийн гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлээр “З.Н нь зам тээврийн осол буюу гэмтлийн дараах симэпилепси буюу таталт өгч унадаг оноштой, байнга эмчилгээ хийлгэж байсан. ...З.Н-д ямар нэгэн сэтгэцийн өвчин байхгүй. Ухаан алдсан байхад урьдчилан мэдэх боломжгүй, би З.Н-гаас унаж татаж ирэх үед нь түүнээс асуухад мэдээгүй гэж хэлдэг байсан, унадаг өвчтэй хүн уналт өгөх үед хийсэн үйлдлээ мэдрэхгүй, уналт өгөөд 2 цагийн хугацаанд өөрийн бие орчиндоо бүрэн дүгнэлт өгөх боломжтой байдаг.” гэсэн мэдүүлэг,  

Б.Х-ын гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлээр “Миний бие З.Н-гийн өвчний талаар сайн мэднэ. Өнгөрсөн жил 2017 оны 10, 11 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна хүлээн авахын тасагт гаднаас орж ирэхэд Зулхарнай тааралдаж та миний хүүхдийг үзэж өгөөч машин дотор ухаан алдаж уначихсан байна гэснээр түүнийг үзэхэд таталт өгөөд дөнгөж ухаан орсон байдалтай байсан ба тэнд түүнийг таталт өгч ухаан алдаж унасан байсан газраас авч ирсэн гэх өөрсдийгөө таксины жолооч гэж танилцуулсан залуус энэ залуу машин жолооддог, дандаа ухаан алдаж татаж унадаг, машин жолоодохоо боль гэж та хэлж өгөөч гэж байсан.” гэх мэдүүлэг болон бусад гэрчүүдийн мэдүүлгүүдээр батлагдаж байна.    

 

Мөн Эрүүгийн хуулийн төсөөтэй зүйл ангиас шүүгдэгч З.Н-гийн үйлдсэн гэмт хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэхэд автомашин жолоодож явахдаа эпилепси өвчин нь сэдэрч ухаан алдаж унасан бөгөөд тухайн үед хажуугаар нь өнгөрч явсан О.М автомашинаа уг автомашины урд хэсэгт зогсоож туслах гэж очиход шүүгдэгч З.Н-гийн автомашин хөдөлж урд хэсэгт зогсож байсан автомашин болон автомашинаас буугаад зогсож байсан С.Н, түүний 2 сартай охиныг дайрч С.Н-д хүнд гэмтэл, 2 сартай охин М.А-ын амь насыг нь хохироох аюултай гэдгийг шүүгдэгч нь мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосоор байтал автомашин жолоодож хүний амь нас хохироосон нь шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хохирогч С.Н, иргэний нэхэмжлэгч О.М нарт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5.864.443 төгрөгийг шүүгдэгч З.Н нь төлж барагдуулсан бөгөөд шүүгдэгч З.Н-гаас сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөгийг С.Н нь нэхэмжилсэн байна.

 

Гэм хор учруулсны төлбөрийг гаргуулахад сэтгэл санаагаар хохирсон байдлыг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан бөгөөд сэтгэл санааны байдал эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй нөхцөлд мөнгөөр нөхөн төлүүлэх боломжгүйг, харин шүүгдэгч З.Н нь сэтгэл санааны хохирол гэж 2.000.000 төгрөгийг өөрийн санаачилгаараа хохирогчид өгснийг дурдах нь зүйтэй байна.

 

Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагч шүүгдэгч З.Н-д Эрүүгийн хуулийн холбогдох зүйл ангиар 3 жил 6 сарын хугацаагаар нээлттэй хорих ангид эдлүүлэх санал гаргасан байтал анхан шатны шүүх тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээ 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээс” 1 жилийн хорих ял оногдуулсан нь тухайн гэмт хэргийн хувьд нэг хүний бие махбодид хүнд гэмтэл учруулж, нэг хүний амь нас хохирсон нь шүүгдэгч З.Н-гийн хувьд үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохироогүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлж 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч З.Н давж заалдах гомдолдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэсэн заалтыг анхаарч үзэх ёстой байсан, мөн З.Н нь 2000 онд авто осолд орж биедээ хүнд гэмтэл авсан, өвчин нь сэдэрч үе үе ухаан алдаж унадаг, хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар өсгөн хугацаагүй тогтоосныг тус тус харгалзан үзэхийг хүсчээ. “Шүүгдэгч З.Н нь “эплепси” өвчтэй бөгөөд ийм өвчтэй гэдгээ мэдсээр байж “жолооч ... хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж гэмт хэрэг үйлдэж, бусдын биед аюултай хүнд гэмтэл учруулж, нэг хүний амь нас хохироосон учир Эрүүгийн хуульд заагдсан хөнгөлөлт эдлүүлэх боломжгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “1 /нэг/ жил 8 /найм/  сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж, 3 дахь заалтын “1 жилийн хугацаагаар хорих ялыг” гэснийг “1 /нэг/ жил 8 /найм/  сарын хугацаагаар хорих ялыг” гэж, 5 дахь заалтын “1 жилийн хугацаагаар хорих ялыг” гэснийг “1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг”  гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ,  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                                Д.МӨНХӨӨ