Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2017/02556

 

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2017/02556

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

            Нэхэмжлэгч:Г. Ц  /РД:ТГ76010161/-ын нэхэмжлэлтэй

            Хариуцагч:Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндсэн хуулийн гудамж  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

            Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Н, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0026 тоот шийдвэрээр Г.Ц-оос 233.263.813 төгрөгийг гаргуулан Эм Эй Эф ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Г.Цын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хансвилл Их монгол улсын гудамж 103 дугаар байр, 1302 тоот 98 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 191.100.000 төгрөгөөр үнэлж, үүний 70 хувь буюу 133.770.000 төгрөгөөр тооцон худалдаанд оруулж байна. Мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамж, 66/и байрны 17 тоот 49,81 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 94.639.000 төгрөгөөр үнэлж, үүний 70 хувь буюу 66.247.300 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2017 оны 5 дугаар сарын 29-нд гардаж авсан.

            Миний эзэмшлийн энэ 2 үл хөдлөх хөрөнгө маань хотын “А” зэрэглэлийн бүсэд оршдог үйлчилгээний төв цэгүүдтэй ойр байрлалтай, зах зээлийн үнэ нь 230.000.000 төгрөг , 150.000.000 төгрөг орчим байхад эдгээр байруудыг маань хэт доогуур үнэлэн үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул дээрх үл хөдлөх хөрөнгөд тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0026 дугаартай шийдвэрээр Г.Цоос 234.588.083 төгрөгийг гаргуулан “Эм Эй Эф” ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үүсгэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа гардуулсан.

Шийдвэр гүйцэтгэгчийн заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Хансвил Их Монгол улс гудамж 103 дугаар байрны 1302 тоот 98 м.кв 3 өрөө, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол Да хүрээ гудамжны 66И байрны 17 тоот 49.81 м.кв талбайтай 2 өрөө орон сууцуудыг тус тус битүүмжлэн, хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 3/12856 дугаартай албан бичгээр үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн саналаа 2017 оны 5 дугаар сарын 03-ны дотор ирүүлэх мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлэхэд төлбөр төлөгч Г.Ц нь ирүүлээгүй бөгөөд төлбөр авагч Эм Эй Эф  ББСБ нь хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт гаргасан тул 2017 оны 5 дугаар 15-ны өдрийн 165 тоот тогтоолоор Лэндс ХХКомпанийг шинжээчээр томилсон.

Хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХКомпани 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр үүргийн гүйцэтгэлийн нэр бүхий барьцааны хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Хансвил Их Монгол улс гудамж 103 дугаар байрны 1302 тоот 98 м.кв З өрөө орон сууцыг 19.100.000 төгрөг, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамжны 66И байрны 17 тоот 49.81 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 94.639.000 төгрөгөөр тус тус үнэлсэн.

Шинжээчийн үнэлгээг төлбөр төлөгч Г.Цт баталгаат шуудангаар 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 3/15117 дугаар албан бичгээр мэдэгдсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

            Нэхэмжлэгч Г.Ц нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” мөн хуулийн 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0026 тоот шийдвэрээр Г.Цоос 233.263.813 төгрөгийг гаргуулан Эм Эй Эф ББСБ ХХК-д олгох, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр хангуулахыг Нийслэлийн шийдвэхр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн байна.

   Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0026 тоот шийдвэр, уг шийдвэрийг албадан биелүүлэх тухай 2017 оны 2 дугаар сарын 16-ний өдрийн 02175 дугаартай захирамж,  2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 0200 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна./х.х-ийн 23-26 -р хуудас/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 179/01, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 179/61 тоот мэдэгдэлүүдээр “... шүүхийн 0026 дугаар шийдвэрийг биелүүлэхийг шаардаж, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 3/15117 тоот  мэдэгдлээр Г.Цт баталгаат шуудангаар хүргүүлж тэмдэглэл үйлджээ. /х.х-ийн 27,54,55 -р хуудас/

2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 179/01 дугаартай Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолууд, 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 179/01 дугаартай Эд хөрөнгийг хураасан тогтоолуудыг хөндлөнгийн гэрч байлцуулан тус тус үйлдэж, тэмдэглэл хөтөлсөн байна. /хх-ийн 28-32, 34-37-р хуудас/ 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтооно гэсэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан шаардлагыг биелүүлэхээр төлбөр төлөгчийг үнийн санал ирүүлэхийг 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 3/12856 албан бичгээр шаардаж тухайн өдөрт нь баталгаат шууданд хийхэд төлбөр төлөгч Г.Ц нь үнийн санал ирүүлээгүй тул төлбөр авагч хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэх хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 17/123 дугаартай албан бичгээр ирүүлжээ./хх-ийн 38,39-р хуудас/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Шинжээч томилох тухай 165 дугаартай тогтоолоор Лэндс ХХК-ийг шинжээчээр томилж 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр үнэлгээний тайлан гарч Шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлсэн байна./хх-ийн 43-53-р хуудас/ /

Хэрэгт цугларсан баримт болох эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан тогтоол, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл болон зохигчдын тайлбар, мэдүүлгээс дүгнэж үзэхэд төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр  Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолуудаар битүүмжилж, 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 179/01 дугаартай Эд хөрөнгийг хураасан тогтоолуудаар хураан авч төлбөрийг яаралтай төлөхийг удаа дараа шаардаж улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох дугаар хаягт байрлах 2 өрөө орорн сууцыг 94.639.00 төгрөгийн 70 хувиар тооцон 66.247.300 төгрөгөөр,  дугаар хаягт байрдах 3 өрөө орон сууцыг 191.100.000 төгрөгийн 70 хувиар тооцон 133.770.000 төгрөгөөр  тус тус анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгдэж төлбөр төлөгч Г.Цт 2017 оны 5 дугаар сарын 22-ны 3/15117 тоот мэдэгдлийг 5 дугаар сарын 23-ны өдөр түүний төлөөлөгчид гардуулан өгч, мөн баталгаат шууданд хийж мэдэгджээ. /хх-ийн 28-32, 34-37, 54, 55-р хуудас/

Төлбөр төлөгч Г.Ц нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах байтал 2017 оны 5 дүгээр сарын 30-ны өдөр буюу 2 хоногийн дараа хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0026 тоот шийдвэрээр Г.Цоос 233.263.813 төгрөгийг гаргуулан Эм Эй Эф ББСБ ХХК-д олгох, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх  албанаас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1.,12 дугаар зүйлийн 12.1, 19, 20, 34 дүгээр зүйлийн 34.1.1., 34.1.2.,  36 дугаар  зүйлийн 36.1.-д  заасан шаардлагатай нийцжээ.

Нэхэмжлэгч Г.Ц нь “...үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ нь байрыг хэт багаар үнэлсэн байна...” гэж маргаж байгаа боловч,  тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

Иймд  хариуцагч Нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0026 тоот шийдвэрээр Г.Цоос 233.263.813 төгрөгийг гаргуулан Эм Эй Эф ББСБ ХХК-д олгох, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад  төлбөр төлөгч болон  бусад этгээдийн  эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар, болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох “үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч Г.Цын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Г.Цын нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч Ц.Баянчимэг нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мэдэж тов дээр гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “... хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх  хэргийн нотлох баримт болон  бусад баримт нотолгоог үндэслэн түүний эзгүйд хянан шийдвэрлэнэ” гэж заасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, шүүх хуралдаанд оролцох үүргээ биелүүлээгүй явдал хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд саад болохгүй гэж үзсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг  удирдлага болгон                                                                                                                                                                                                    ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0026 тоот шийдвэрээр Г.Цоос 233.263.813 төгрөгийг гаргуулан Эм Эй Эф ББСБ ХХК-д олгох, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

              

ДАРГАЛАГЧ                                     Ч.ИЧИНХОРЛОО